Семинар
87-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:50–70: “Есүсээр дамжин төгс болгогдсон”


“87-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:50–70: ‘Есүсээр дамжин төгс болгогдсон,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 76:50–70,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

87-р хичээл: Сургаал ба Гэрээ 76

Сургаал ба Гэрээ 76:50–70

“Есүсээр дамжин төгс болгогдсон”

Тэнгэр ширтэж буй хүн

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын үзсэн алдар суугийн хаант улсуудын талаарх үзэгдлээс бид селестиел хаант улсыг өвлөн авах бүх хүний амьдралд Есүс Христ ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар ойлголтыг олж авдаг. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христээр дамжуулан өргөмжлөлийг хүлээн авч чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Селестиел хаант улсыг олж авах боломжтой юу?

Дараах жишээг хуваалцаад, дагалдах асуултуудыг ярилцах талаар бодож үз. Хичээлийн төгсгөлд суралцагчид энэ жишээний талаар санал бодлоо илүү чөлөөтэй хуваалцах боломжтой болно.

Лук бол Бурханд итгэдэг, зөв шударга амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг залуу эрэгтэй юм. Тэрээр энэ амьдралын дараа Бурхантай хамт амьдрахуйц зохистой байхыг хүсдэг. Гэсэн хэдий ч Лук зарлигуудыг үргэлж дагаж чаддаггүйгээ, төгс төгөлдрөөс хол байгаагаа ухаарчээ. Заримдаа тэрээр сул дорой байдлаасаа болж шантарч, өөрийгөө селестиел хаант улсад тэнцэх боломжгүй гэж боддог.

  • Бусад өсвөр насныхан хэрхэн Луктай адил мэдэрдэг бол?

  • Түүний бодлуудаас аль нь зөв, аль нь буруу вэ? Яагаад?

Суралцагчдыг өөрсдийн мэдрэмжийн эсвэл Бурханы оршихуйд эргэн ирж, өргөмжлөлийн адислалуудыг хүлээн авах боломжтой холбоотой асуултуудын талаар бодоход урь. Өргөмжлөл гэдэг нь селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэгтэй хамт мөнхөд орших гэсэн утгатай гэдгийг та тайлбарлаж болно. Судруудад энэ адислалыг мөнх амьдрал гэж бас дурдсан байдаг.

Суралцагчдыг суралцаж байхдаа Есүс Христээр дамжуулан тэд болон бусад хүн энэ адислалыг хүлээн авч чадна гэсэн илүү их найдварыг мэдрэхэд тусалж болох үнэнүүдийг олж мэдэхэд урамшуул.

Селестиел хаант улсын тухай үзэгдэл

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийн орчуулга дээр сүнслэгээр өдөөгдөн ажиллаж байхдаа гайхалтай үзэгдэл харсан гэдгийг та нар санаж байгаа байх. Энэ үзэгдлийн нэг хэсэг болгон тэд тэнгэр нь өөр өөр зэрэглэл буюу алдар суугийн хаант улсуудтай гэдгийг мэдэж авсан. Энэ хичээлээр бид Иосеф, Сидней хоёр селестиел хаант улс болон үүнийг өвлөн авах хүмүүсийн талаар юу сурсанд анхаарлаа хандуулах болно.

Суралцагчдад үзэгдлийн энэ хэсгийг судлахаар бэлтгэхэд нь туслахын тулд дараах гарчиг бүхий хоёр баганатай хүснэгтийг судлах тэмдэглэлийнхээ нэг нүүрэнд зурахад урь.

Хүмүүс селестиел хаант улсад хэрхэн орох тухай

Селестиел хаант улсад орсон хүмүүсийн хүлээн авах адислал

Сургаал ба Гэрээ 76:50–70-ыг уншаад, сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн хүснэгтийг гүйцээ.

Та тэднийг хамтрагчтайгаа шүлгүүдийг уншиж, хүснэгтийг бөглөхөд урьж болно. Та суралцагчдыг уншсан зүйлийнх нь талаар асуулт байвал асуухад урьж болно.

“Нэмэлт эх сурвалж” дахь зарим эх сурвалж тэдний асуултад хариулахад тусалж магадгүй.

  • Та нарт энэ шүлгүүдээс юу нь чухал санагдсан бэ? Яагаад?

  • Та нар селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн амьдралд үзүүлж буй Есүс Христийн нөлөөг хэрхэн дүрслэх вэ?

    Өмнөх асуулттай холбоотой ярилцлагаас суралцагчид дараах үнэнийг ойлгосон байхад анхаар. Есүс Христээр дамжин бид төгс болж, өргөмжлөлийн адислалуудыг хүлээн авч чадна.

  • Есүс Христээр дамжин төгс болгогдоно гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Бид болон бусад хүн хэзээ нэгэн цагт селестиел хаант улсыг өвлөн авна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд энэ үнэн хэрхэн тусалж чадах вэ?

Есүс Христээр дамжин ирэх найдвар

Цээж зургийн дүрсСуралцагчдад Есүс Христээр дамжин бидэнд ирэх найдварыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг дагалдах тараах материал дээрх үгсийг судлахад урих талаар бодож үз. Өөрсдөд нь чухал санагдсан хэллэгүүдийг тэмдэглэхэд тэднийг урь. Суралцагчдаар ахлагч Ж.Дэвн Корнишийн хэлсэн үгийг уншуулахын оронд ChurchofJesusChrist.org дээрээс “Am I Good Enough?” (3:28) видеог үзүүлж болох юм.

3:32

Есүс Христээр дамжин ирэх найдвар

Төгс төгөлдөр болохын тулд Есүс Христийн тусламж яагаад надад хэрэгтэй байна вэ?

Далын ахлагч Ж.Дэвн Корниш ийн хуваалцсан.

Ахлагч Ж.Дэвн Корниш

Манай гишүүд ихэвчлэн “Би хангалттай сайн хүн мөн үү?” эсвэл “Би үнэхээр селестиел хаант улсад орж чадах уу?” гэж асуудаг. Мэдээж, “хангалттай сайн байна” гэж байдаггүй. Бидний хэн ч авралаа “олж авч” эсвэл “хүртэж” хэзээ ч чадахгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар бид Их Эзэний өмнө хүлээн авагдах эсэхэд гайхах нь хэвийн үзэгдэл юм. …

Би шууд бөгөөд тодорхой хэлье. “Би хангалттай сайн байна уу?” эсвэл “Би хаант улсад орж чадах уу?” гэдэг асуултуудын хариулт нь “Тийм ээ! Та хангалттай сайн хүн болох болно” мөн “Тийм ээ, та өөрийгөө зөвтгөх юм уу Бурханы эсрэг бослого гаргахгүйгээр үргэлжлүүлэн наманчилбал хаант улсад орох болно” гэсэн хариулт юм. Тэнгэрийн Бурхан бол биднийг тоглоомоос хасахын тулд ямар нэгэн шалтаг хайж буй зүрх сэтгэлгүй шүүгч биш юм. Тэр бол бүх хүүхэд нь гэртээ эргэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ Өөртэй нь хамт үүрд амьдраасай хэмээн юу юунаас илүү хүсэж тэмүүлдэг, төгс хайраар дүүрэн бидний Эцэг билээ. Тэрээр үнэхээр биднийг мөхөөхгүй, харин мөнх амьтай болгохын төлөө Төрсөн Ганц Хүүгээ өгсөн! Энэхүү мөнхийн үнэнд итгэж, эндээс итгэл найдвар, тайтгарлыг авна уу. Тэнгэрлэг Эцэг маань биднийг Өөр лүү нь буцаж ирнэ гэж хүлээдэг юм шүү! Энэ бол Түүний ажил бөгөөд алдар суу бөлгөө. (Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–20)

Би “Есүсээр дамжин төгс болгогдох”-ын тулд юу хийж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Кэрол Ф.Макконки эгч ийн заасан.

Кэрол Ф.Макконки эгч

Бидний ариун байх итгэл найдвар Христэд мөн Түүний нигүүлсэл, ач ивээлд төвлөрдөг. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж [Моронай 10:32–33-ыг үзнэ үү], чин сэтгэлээсээ наманчлах үед цэвэр ариун, толбогүй болох боломжтой. Бид нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулах баптисм хүртдэг. Биднийг зүрх сэтгэлээ нээж, Ариун Сүнсийг хүлээн авах үед бодгаль маань ариусдаг юм. Долоо хоног бүр бид ариун ёслолоос хүртдэг. Бид Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд зөв шударга байх чин хүсэлтэй байж, наманчлалын сүнсээр өөрсдөдөө Христийн нэрийг авч, Түүнийг дурсан санаж, зарлигуудыг нь дагахад бэлэн хэмээн гэрээ байгуулдаг. Бид Эцэг, Хүү, Ариун Сүнстэй нэг болохыг үргэлжлүүлэн хичээх явцдаа Тэдний бурханлаг зан чанараас хүртэгчид болдог [2 Петр 1:4-ийг үзнэ үү]. (Кэрол Ф.Макконки, “Ариун байдлын гоо үзэсгэлэн,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 127–128)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийн заасан.

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Бурхан биднийг хэзээ нэгэн цагт ямар хүн байснаас маань илүүтэй, одоо ямар хүн байгаа мөн ямар хүн болж байгааг анхаардаг. Тэр бидний хичээл зүтгэлийг л анхаардаг. (Дэйл Г.Рэнланд, “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43)

Суралцагчдад судлах цаг олгосны дараа тэднийг юу сурч, мэдэрсэн тухайгаа ярилцахад урь. Үүнийг хийх нэг арга бол хичээлийн эхэнд энэ жишээг сануулах явдал юм. Та тэднийг Лукт хандан, селестиел хаант улсад орж чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд туслах хариу бичихэд урьж болно. Хариундаа Сургаал ба Гэрээ 76 дахь сургаал, түүнчлэн судалсан нэг юм уу хэд хэдэн үгээс сурсан ямар нэг зүйлийг оруулахад тэднийг урь. Суралцагчид хариултаа хамтрагчтайгаа хуваалцаж эсвэл нэгтгэн дүгнэж болно. Эсвэл хуваалцах хүсэлтэй суралцагчид хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болох юм.

Ойлгож мэдсэн зүйлээ эргэцүүл

Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодох цагийг суралцагчдадаа олгоод хичээлээ дуусга. Дараах асуултуудыг үзүүлж, суралцагчдад хариултаа судлах тэмдэглэлдээ бичих цаг гаргаж өгч болох юм.

  • Та нар өнөөдөр Есүс Христээр дамжуулан найдвар төрүүлэх юуг сурч, мэдэрсэн бэ?

  • Та нарын сурсан эсвэл мэдэрсэн зүйл өдөр тутмын чинь амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?