Семинар
89-р хичээл—Сургаал ба Гэрээ 78: Их Эзэний агуулах


“89-р хичээл—Сургаал ба Гэрээ 78: Их Эзэний агуулах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 78,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

89-р хичээл: Сургаал ба Гэрээ 77–80

Сургаал ба Гэрээ 78

Их Эзэний агуулах

Ньюел К.Витнейн агуулах

Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон, Ньюел К.Витней болон бусад дээд санваартанд Нэгдсэн пүүс нэртэй бүлэг болгон өөрсдийгөө зохион байгуулахыг зааварчилжээ. Пүүс нь Сүмийн эд хөрөнгө, агуулах, хэвлэн нийтлэх ажлыг удирдаж, гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг хангахад туслах нөөцийг олгож байв. Энэ хичээл нь суралцагчдад тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавьснаар Аврагчтай адил болох хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нэгдсэн пүүс

Материаллаг хэрэгцээ үүссэн гэр бүлийн жишээг зохиоход суралцагчдад туслан хичээлийг эхлүүлж болох юм. Жишээндээ уг гэр бүлд тулгарч буй санхүүгийн бэрхшээлийг, тэдэнд буй тодорхой хэрэгцээг оруул. Уг жишээг дараа нь хичээл дээр эргэж харах болно.

Сургаал ба Гэрээ 78-ыг судалснаар Их Эзэн биднээр дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн санаа тавьдаг талаар илүү ихийг сурах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Их Эзэн тэднээр дамжуулан хэнд, хэрхэн тусалж магадгүйг мэдэхийн тулд илчлэлт эрэлхийлэхэд урь.

1832 оны 3-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртландад бүлэг дээд санваартантай уулзав. Энэ цуглаан дээр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 78-д цэдэглэгдсэн илчлэлтийг заавар болгон өгчээ. Үүний дараа Нэгдсэн пүүсийг байгуулсан. Өргөлийн хуульд үндэслэн Нэгдсэн Пүүс Огайо, Миссури дахь Сүмийн эд хөрөнгө, санхүү, хэвлэн нийтлэх ажлыг удирдаж байв. Их Эзэн тус пүүсээр дамжуулан гачигдагсдад туслах агуулахыг байгуулж, Иосеф Смит, Сидней Ригдон, Ньюел К.Витней нарт үүнийг зохион байгуулахаар Миссури (Сион) руу явах заавар өгсөн.

Сургаал ба Гэрээ 78:1–6-г уншаад, Их Эзэн яагаад Өөрийн үйлчлэгчдээс өөрсдийгөө ийн зохион байгуулахыг хүссэнийг олж мэд.

  • Эдгээр шүлэг Өөрийн хүмүүсийг гэсэн Их Эзэний тааллын тухай юу зааж байна вэ?

  • Сионы “зорилгыг урагшлуулахад” ядуусыг халамжлах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгт алдар сууг хэрхэн авчрах вэ?

Их Эзэний агуулах

Ангидаа хайрцаг авчраад, гадна талд нь “Их Эзэний агуулах” гэж бичих талаар бодож үз. Их Эзэний агуулах гэдгийг юу гэж ойлгож байгааг нь суралцагчдаас асуу. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийг уриад, Их Эзэний агуулах танай орон нутагт хэрхэн ажилладаг талаар яриулж болох юм.

Их Эзэний агуулахын талаарх дараах тодорхойлолтыг уншаад, Аврагч тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн тусалдгийг олж мэд.

Материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст туслахад ашигладаг Сүмд байгаа бүх нөөцийг Их Эзэний агуулах гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 82:18–19-ийг үзнэ үү). Үүнд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар гишүүдийн гаргасан цаг зав, авьяас чадвар, өрөвч нинжин сэтгэл, эд материал болон санхүүгийн эх үүсвэрүүд багтдаг.

Их Эзэний агуулах тойрог, гадас бүрд байдаг. Удирдагчид ихэнхдээ тойрог, гадасны гишүүдийн мэдлэг, ур чадвар, үйлчлэл дээр тулгуурлан хувь хүн, гэр бүлүүдийн хэрэгцээнд туслах шийдлийг олдог. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 22.2.1, ChurchofJesusChrist.org).

Өсвөр үеийнхэн Их Эзэний агуулахад хэрхэн хувь нэмрээ оруулж болох тодорхой арга замуудын талаар ярилц (тухайлбал: цаг зав, авьяас чадвар, өрөвч нинжин сэтгэл, эд материал, санхүүгийн эх үүсвэр). Суралцагчдад жижиг цаас өг. Их Эзэний агуулахад хувь нэмрээ оруулж болох дор хаяж нэг тодорхой зүйл бичээд, цаасаа хайрцагт хийхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг хайрцгаас бичсэн зүйлсийг гаргахад уриад, ангийнхны зохиосон жишээн дээрх гэр бүлд ямар тодорхой тусламж үзүүлбэл дэмжлэг болох талаар ярилцах ярилцлагыг удирдан явуул. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давт.

Дараах мэдэгдэл нь суралцагчид дор бүрнээ тунгаан бодоход зориулагдсан.

Тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавихын тулд цаг зав, авьяас чадвар, нөөц бололцоогоо зориулах хэр их хүсэлтэй байгаагаа бод (маш их хүсэлтэй, дунд зэрэг хүсэлтэй, хүсэлгүй).

Суралцагчдыг тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавих хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлж, Их Эзэний агуулахад хувь нэмрээ оруулах арга замуудыг мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг удирдамж эрэлхийлэхэд урамшуул.

Сургаал ба Гэрээ 78:7–8, 14–15-ыг уншаад, Их Эзэний амласан адислалуудыг олж мэд.

  • Эдгээр адислал та нарт болон таньдаг хүмүүст чинь хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Их Эзэн тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавигчдад юу амласан бэ?

    Суралцагчдад дараахтай адил үнэнийг олж тогтооход тусал. Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах нь бидэнд селестиел хаант улсад орохоор бэлтгэхэд тусалдаг.

    Уг зарчмыг ойлгоход нь туслахын тулд Матай 25:31–40-ийг ашиглаж болно.

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь селестиел хаант улсыг өвлөн авахад маань хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

  • Аврагч хэрхэн тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах жишээг үзүүлсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлаж, халамжлах хүслээ хэрхэн нэмэгдүүлж Аврагчтай адилхан болох вэ?

Бидний хийж чадах зүйл

Сургаал ба Гэрээ 78:17–22-ыг уншаад, Аврагчийг дагахад бидэнд туслах түлхүүр үг эсвэл хэллэгийг олж мэд.

Суралцагчдыг ярилцлагад оролцуулахын тулд та дараах асуултуудыг үзүүлж, хариултаа дотроо тунгаах бодох боломжийг тэдэнд олгож болно. Та хэн нэгнээс жилийн аль нэг сарыг сонгохыг хүсэх замаар тэдний дундаас хариулах суралцагчдыг санамсаргүй сонгож болно. Тухайн сард төрсөн хуваалцах хүсэлтэй суралцагчид хариулах асуултаа сонгох боломжтой боловч оролцохыг нь албадах ёсгүй.

сургалтын материалын шигтгээ зураг Суралцах туршлагад хувь нэмрээ оруулахад нь бүх суралцагчид тусал. Энэ талаар илүү дэлгэрэнгүй сурах бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Заадаг хүмүүсээ хайрла дахь “Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. Суралцагчдыг сэтгэгдлээ хэлэхээс өмнө эсвэл сэтгэгдлээ хэлэхээр гараа өргөх үед үнэлдэг гэдгээ ойлгуулах замаар уг ур чадвараар дадлага хийлгэхийг бод.

  • Ямар үг эсвэл хэллэг та нарт хамгийн чухал санагдсан бэ? Яагаад?

  • Тусламж хэрэгтэй хүмүүст санаа тавих Аврагчийн зарлигийг дуулгавартай дагахад туслах юуг та нар олж мэдсэн бэ?

  • Биднийг Өөртэй нь адил болоосой гэсэн Аврагчийн хүслийг харуулсан юуг та нар олж мэдсэн бэ?

Суралцагчдад өөр нэг жижиг цаас өг. Тэдэнд тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах тухай хүлээн авсан өдөөлтүүд эсвэл Их Эзэний агуулахад хувь нэмрээ оруулах тодорхой арга замуудыг таньж мэдэх цаг гаргаж өг. Тэднийг төрсөн сэтгэгдлээ бичихэд урь. Дараа нь тэд туслах хүсэлтэй байгаагаа харуулах илэрхийлэл болгон Их Эзэний агуулахыг төлөөлсөн хайрцагт цаасаа хийж эсвэл санамж болгон цаасаа гэртээ авч харьж болно.