“92-р хичээл: Сургаал ба Гэрээ 82:8–24: ‘Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 82:8–24,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Аврагч Нэгдсэн пүүсийн гишүүдийг Түүний Сүмийн ажил хэргийг удирдах гэрээнд хамтдаа холбогдоход урьсан. Тэрээр тэдэнд зарлигуудыг өгч, дуулгавартай байвал адислахаа амласан. Есүс Христийн зарлигуудыг дагахаар гэрээ байгуулах үед Тэр биднийг адисална гэж амласан. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээнүүдээ хэрхэн сахих талаар ойлгоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
“Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг”
Сургаал ба Гэрээ 82-т Их Эзэн өмнөх илчлэлтээр өгсөн удирдамжаа давтан хэлсэн (Сургаал ба Гэрээ 78-ыг үзнэ үү). Энэ бол Сүмийн үйл ажиллагааны материаллаг талыг зохицуулах зорилгоор Нэгдсэн пүүсийг үүсгэн байгуулж, Сионыг байгуулах удирдамж байв.
Сургаал ба Гэрээ 82:8–10-ыг уншаад, Их Эзэн зарлигуудынхаа тухай юу заасныг олж мэд.
Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанарын талаар юу зааж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, тэрээр гэрээнүүдийн талаар юу заасныг олж мэд.
Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүрмөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй. …
Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ байгуулахаас өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулсан тул Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг. (Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 2)
Гэрээгээ сахих нь адислалуудыг авчирдаг
Их Эзэн Нэгдсэн пүүсийн удирдагчдад өгсөн удирдамж дундаа Иосеф Смит, Оливер Каудери, Эдвард Партриж болон бусад хүн Сүмийн материаллаг ажил хэргийг удирдахын тулд “гэрээгээр хамтдаа холбогдох” (Сургаал ба Гэрээ 82:11) ёстой хэмээн зааварчилсан. Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд бид Есүс Христийг дагаснаар тодорхой зүйлийг хийхээр гэрээ байгуулдаг.
Сургаал ба Гэрээ 82:12–19-ийг уншаад, Их Эзэн Нэгдсэн пүүсийн гишүүдээс юу хийхээр гэрээлэхийг хүссэнийг жагсаан бич.
Мозая 18:8–10, Сургаал ба Гэрээ 20:77-г уншаад, Их Эзэн өнөөдөр биднээс юу хийхээр гэрээлэхийг хүсэж буйг жагсаан бич.
-
Эдгээр жагсаалтаас юу нь та нарт онцгой санагдаж байна вэ?
-
Энэ хоёр гэрээний үүргүүд юугаараа төстэй байна вэ?
-
Гэрээнүүдээ сахих нь биднийг Аврагчтай адил болоход хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 82:24-ийг уншаад, байгуулсан гэрээгээ сахидаг хүмүүст Их Эзэн юу амладгийг олж мэд.