Семинар
Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг авч үзэх санаа


“Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг авч үзэх санаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Хавсралт

Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг авч үзэх санаа

Төгс эзэмших сургаалыг давтах хичээл бүрээр суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг авч үзэх боломж олгох нь тус болж болох юм. Энэ нь эдгээр зарчмыг ангид болон бодит амьдрал дахь нөхцөл байдалд илүү сайн хэрэгжүүлэхэд тэдэнд тусална.

Дараах жишээнүүд нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад нь суралцагчдадаа туслах арга замуудын зарим жишээ юм.

Зарчмуудыг цээжээр хэлэх. Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг цээжээр хэлж чадах эсэхийг суралцагчдаас асуу. Суралцагчид судлах тэмдэглэлдээ зарчмуудыг дор бүрнээ бичиж эсвэл ангийн өөр өөр гишүүн зарчмуудыг чангаар хэлж болно. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэд 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 4-р догол мөрийг эш татаж болно. Та мөн хоосон зайг нөхөх үйл ажиллагааг явуулах эсвэл өөр өөр зарчмуудын үг бүрийн эхний үсгийг хэлж өгөх зэргээр сэжүүр гаргаж өгч болно.

Өгүүлбэрүүдийг зөв зарчимтай тохируулах. Самбарт сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг бич. Дараа нь Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрнөөс янз бүрийн өгүүлбэр, үг хэллэгийг унших юм уу үзүүл. Тухайн өгүүлбэр сүнслэг мэдлэг олж авах аль зарчимтай хамаатай талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Утгыг тайлбарлах. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өөрсдийн үгээр тайлбарлахад өөр өөр суралцагчийг урь. Үүнийг өөр өөр зарчмын талаар олон суралцагчаас асуух эсвэл суралцагчдыг гурав гурваар нь бүлэгт хуваарилж, суралцагч бүрд нэг зарчим оноох замаар явуулж болно. Шаардлагатай бол тайлбарлахыг тэднээс хүсэхийн өмнө тэдгээр зарчмыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрнөөс давтаж болно.

10 буюу түүнээс бага үгээр товчлон бичих. Сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг 10 ба түүнээс бага үгээр тоймлоход суралцагчдыг урь. Хэд хэдэн суралцагчийг дүгнэлтээ хуваалцаад, яагаад тэдгээр үгийг сонгосноо тайлбарлахад урь.

Зураг зурах эсвэл дүрс зураг бүтээх. Сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрд зориулж бэлгэдэл, зураг эсвэл дүрс зураг бүтээхэд суралцагчдыг урь. Тэдний бүтээл зарчмуудаар заагддаг зүйлсийг төлөөлөх ёстой. Суралцагчдыг дууссаныхаа дараа бүтээлээ бусдадаа үзүүлж, яагаад тухайн зүйлсийг бүтээлдээ оруулах болсноо тайлбарлахад урь.

Жишээг ярилцах явцдаа давтах. Бодит жишээг хуваалцсаныхаа дараа Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг судлахад суралцагчдыг урь. Суралцагчид тэдгээр догол мөрөөс уг жишээн дээрх хүнд (1) итгэлээр үйлдэх, (2) утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах, (3) тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголтыг эрэлхийлэхэд туслах сургаалуудыг хайж, хуваалцаж болно.

Туршлага хуваалцах. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан олж авсан туршлагаасаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болох юм. Эдгээр зарчим өөрсдийнх асуулт, нөхцөл байдалд хэрхэн тусалсан талаар эсвэл бусдад туслахын тулд зарчмуудыг хэрхэн ашиглаж чадсан талаар тайлбарлаж болно.

Нэг үг хэллэгийг сонгох. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын аль нэг дээр төвлөрөхийг суралцагч бүрд даалга. Оноосон хэсгийнхээ догол мөр бүрээс уг догол мөрөнд заасан зүйлийг хамгийн сайн төлөөлж байгаа нэг үг хэллэгийг сонгох цагийг тэдэнд гаргаж өг. Дараа нь анги дотуур тойрон явж, өөрсөдтэй нь адил зарчмыг авсан нэгнийг олоод, сонгосон үг хэллэгээ харьцуулахад суралцагчдыг урь. Суралцагчид дараа нь нөгөө хоёр зарчмыг авсан суралцагчдыг олж, тэдний сонгосон үг хэллэгийг хуваалцаж болно.

Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг давтах санаа

Жилийн турш суралцагчдын судалж байгаа төгс эзэмших сургаалын хэсгүүдийг тогтмол давтах цаг гарга. Энэ нь суралцагчдын тань судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг санах чадварыг нэмэгдүүлэхэд тусална. Мөн энэ нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг илүү сайн ойлгож, тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тэдэнд тусална. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба судрын түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтыг 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалаас авна уу.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олон арга замаар давтахад нь суралцагчдадаа туслахын тулд ашиглаж болох эсвэл тохируулан өөрчилж болох зарим үйл ажиллагааг доор өгөв.

Цээжлэх

Цээжлэх карт. Цаасны нэг талд судрын эшлэл, нөгөө талд судрын түлхүүр үг хэллэг бүхий цээжлэх карт хийхэд суралцагчдыг урь. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын олон хэсгийн картыг нэг цаасан дээр бүтээгээд, дараа нь цээжлэх картуудыг хайчлан авч болно. Дараа нь тэд судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг бие дааж эсвэл хамтрагчтайгаа хамтран цээжлэх дадлага хийж болно. Цээжлэх карт ашигласан эдгээр давтлагыг жилийн турш үе үе явуулж болно.

Төгс эзэмших сургаалын аппликэйшн. Төгс эзэмших сургаалыг судлах аппликэйшн дээрх цээжлэх үйл ажиллагаануудыг ашигла. Боломжтой бол та зөөврийн төхөөрөмжөө проектор эсвэл зурагттай холбоод, уг аппликэйшны агуулгыг үзүүлснээр суралцагчид цээжлэх үйл ажиллагааг ангиараа гүйцэтгэх боломжтой болно. Та мөн зөөврийн төхөөрөмжтэй суралцагчдыг уг аппликэйшныг ангид эсвэл ангиас гадуур ашиглах байдлаар цээжлэх үйл ажиллагаанд цаг заваа зориулахад урьж болно.

Ангийн уншлага. Судрын эшлэлийг хэлсний дараа ангийнхан судрын түлхүүр үг хэллэгийг нэгэн зэрэг давтан хэлж болно. Та мөн судрын түлхүүр үг хэллэгийг хэлээд, холбогдох судрын эшлэлийг нэгэн зэрэг давтан хэлэхэд ангийнхныг урьж болно.

Холбогдох зургууд. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн сургаалтай холбоотой зургийг эсвэл зурсан зургуудыг ол. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлагын явцад тэдгээр зургийг суралцагчдад үзүүл. Түүнчлэн судрын хэсгийг цээжлэхэд туслах зургийг олох юм уу өөрсдөө бүтээхэд суралцагчдыг урьж болно. Хэрэв бүх суралцагч өгөгдсөн судрын хэсгүүдийг цээжлэхэд ангийн нэг ижил зургуудыг ашигласан бол та дараа дараачийн хичээл дээр тэдгээр зургийг үе үе барин харуулж, тухайн үг хэллэг, эшлэлүүдийг санаж байгаа эсэхийг нь шалгаж болно.

Зөв дараалалд оруулах. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг буруу дараалалд оруулан үзүүлээд, зөв дараалалд оруулахыг суралцагчдаас хүс.

Эхний үсгийг үзүүлэх. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг бүрийн зөвхөн эхний үсгийг үзүүлээд, эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв хэлэх гэж оролдоход суралцагчдыг урь. Суралцагчдын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэх чадвар сайжрахын хэрээр эхний үсгүүдийг бага багаар арилга.

Хоосон зайг нөхөх. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зарим үггүйгээр үзүүл. Хоосон зайг бөглөхдөө эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр нөхөн хэлэхэд суралцагчдыг урь. Суралцагчдын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэх чадвар сайжрахын хэрээр үгсийг бага багаар арилга.

Тохируулах. Судрын хэд хэдэн эшлэл, түлхүүр үг хэллэгийг хоёр баганад хуваан харуул. Эхний баганад судрын эшлэлүүдийг дэс дарааллаар нь жагсаан бич. Хоёр дахь баганад судрын түлхүүр үг хэллэгүүдийг замбараагүй жагсаан бич. Дараа нь судрын эшлэлийг судрын зөв түлхүүр үг хэллэгтэй тааруулахад суралцагчдыг урь.

Ойлгож, тайлбарлах

Холбогдох эшлэл. Төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй холбоотой хэд хэдэн холбогдох эшлэлийг олоход суралцагчдыг урь. Дараа нь ангийнхандаа сурч мэдсэн зүйлийнхээ талаар, тэр дундаа судалсан нэмэлт судрууд нь төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй хэрхэн холбогддогийг зааж болно. Та тэдний олсон зарим холбогдох эшлэлийг өөр судрын ном дээрх төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс авахыг санал болгож болно.

Есүс Христтэй холбогдох. Судлах төгс эзэмших сургаалын судрын хэсгийг суралцагчдад оноож өгөөд, уг хэсэг Есүс Христтэй өөр ямар ямар арга замаар холбогддог талаар бодохыг тэднээс хүс. Тэд авсан судрын хэсэг нь Есүс Христ, Түүний сургаал эсвэл авралын төлөвлөгөөний талаар юуг илүү сайн ойлгоход тусалдаг талаар бодож, ярилцаж болно. Тэд бас Аврагч уг судрын хэсэг дэх үнэнийг хэрхэн заасан эсвэл үлгэрлэн үзүүлсэн жишээнүүдийг хайж олж болно.

Энгийн тайлбар. Төгс эзэмших сургаалын янз бүрийн судрын хэсэгт заасан сургаалыг мэдэхгүй хэн нэгэнд тайлбарлаж өгөхөөр бэлтгэхэд суралцагчдыг урь. Тэд тэдгээр сургаалыг хүүхдэд эсвэл Сүмийн гишүүн бус хүнд тайлбарлаж байна гэж төсөөлөн бодож болно. Тайлбараа судлах тэмдэглэлдээ бичээд, дараа нь ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь.

Шат шатаар. Суралцагчдад Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн судрын хэсгүүдийн чухал үг хэллэгийг задлан шинжилсэн “Шат шатаар” хуудасны зарим жишээг үзүүл. Энэ хуудасны нэг жишээ бол “Line upon Line: A Watchman” юм (For the Strength of Youth, Oct. 2022, 32). Өөрсдийн гэсэн Шат шатаар хуудсыг зохиоход суралцагчдыг урь. Төгс эзэмших сургаалын судрын хэсгээс хэд хэдэн түлхүүр үг сонгоод, холбогдох судар, Сүмийн удирдагчдын хэлсэн үг, тэдгээр түлхүүр үгсийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах тодорхойлолтыг оруулахыг тэднээс хүс.

Aсуулт тавих. Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонгоход суралцагчдыг урь. Судрын хэсгийг уншаад, уг судрын хэсгийн талаар өөрт байгаа хоёр юм уу гурван асуултыг жагсаан бичихэд тэднийг урь. Тэдгээр асуулт нь илүү сайн ойлгохыг хүсэж байгаа үг, хэллэгтэй нь эсвэл яагаад энэ судрын хэсгийг ойлгох нь чухал байгаатай холбоотой байж болно. Асуултуудаа жагсаан бичсэний дараа, хариултаа олохын тулд Gospel Library аппликэйшн, Судруудын удирдамж эсвэл бусад судлах хэрэгслийг ашиглахад суралцагчдыг урь. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Үзүүлэн. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан зүйлийг дүрслэн харуулахад туслах зураг, эвлүүлдэг зураг, мийм, үгэн урлал, үгэн зураг эсвэл өөр үзүүлэн бүтээж болно. Тэд дараа нь өөрсдийн бүтээлийг бусдад үзүүлээд, энэ нь тэдний анхаарч ажилласан төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй хэрхэн холбогдож байгааг тайлбарлаж болно.

Хэрэгжүүлэх

Жишээ. Өсвөр насны хүүхдүүдэд тулгарч болзошгүй нөхцөл байдал, саад бэрхшээл, сүнслэг асуулттай холбоотой янз бүрийн жишээг хуваалц. Тухайн жишээнд хамаатай байж болох төгс эзэмших сургаалын нэг юм уу хэд хэдэн судрын хэсгийг хуваалцаад, тэдгээрийг хэрхэн тусална гэж бодож байгаагаа тайлбарлахад суралцагчдыг урь.

Туршлагаа хуваалцах. Суралцагчид хамгийн сүүлд амьдралдаа хэрэгжүүлсэн эсвэл илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг хүсэж буй төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийнхээ аль нэгийг сонгож болно. Тэдгээр сургаал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Хувийн нөхцөл байдлаа бодож судрын хэсгүүдийг судлах. Тулгарч буй нөхцөл байдал, асуулт эсвэл шийдвэрийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Тэдний нөхцөл байдалд туслах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олж, тус болсон зүйлээ хуваалцахад тэднийг урь.

Өсвөр насны хүүхдэд туслах. Өсвөр насны хүүхдийг дүрсэлсэн зураасан зураг зураад, түүний нэр, нас, гэр бүлийн байдал болон тулгарч буй аливаа асуулт, асуудал, бэрхшээлийг бичихэд суралцагчдыг урь. Дараа нь энэ өсвөр насны хүүхдэд тус болно гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг тодорхойлж болно. Тэд сонгосон судрын хэсгийнхээ сургаалыг тайлбарлаж, тухайн өсвөр насны хүүхдийн хийж болох үйлдлүүдийг санал болгож болох юм.

Онцгой цугларалтад бэлтгэх эсвэл хэлэх үгээ бэлдэх. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглан онцгой цугларалт дээр өгөх захиас эсвэл хэлэх богино үг бэлтгэх боломжийг суралцагчдад олго. Та улирлын туршид хичээлийн эхэнд, онцгой цугларалт дээр хэлэх захиас эсвэл хэлэх үгээ толилуулах хуваарийг суралцагч бүрд зориулан гаргах талаар бодож үз. Агуулгыг нэгтгэн дүгнэж, судрын хэсгүүдэд заасан үнэнүүдийг тайлбарлахаар бэлтгэхэд нь тусал. Сонгосон судрын хэсгүүд дэх үнэнүүдийг амьдралд хэрэгжүүлж байсан утга учир бүхий туршлага эсвэл жишээнүүдээ хуваалцан, судрын хэсгүүдэд заасан үнэнийг гэрчлэхэд суралцагчдыг урь.