Семинар
Олон янзаар заах санаа


“Олон янзаар заах санаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Олон янзаар заах санаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Хавсралт

Олон янзаар заах санаа

Олон янзаар заах санаа

Энэ материалд хичээлд идэвхтэй оролцоход нь суралцагчдад туслах олон янзын заах арга зам багтсан. Үр дүнтэй ч хэтрүүлэн хэрэглэвэл заах арга барил үр дүнгүй эсвэл уйтгартай болж болно. Зүгээр л олон янз байлгах үүднээс арга барилуудыг сонгох ёсгүй ч хичээл бүрийн үеэр заах арга барилаа хэрхэн өөрчилж болох талаар бодож үзээрэй. Олон янзын заах арга барилыг ашиглах нь илүү олон суралцагчид хүрэхэд тусална. Суралцах туршлагад багтаах үйл ажиллагаануудыг сонгохдоо авч үзэх цөөн хэдэн асуултыг дурдъя.

  • Энэ үйл ажиллагаа Христэд төвлөрсөн, сударт үндэслэсэн, суралцагчид төвлөрсөн туршлагыг өгөхөд тусалж байна уу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалтыг үзнэ үү.

  • Уг үйл ажиллагаа зааж, гэрчлэхэд Ариун Сүнсийг урьдаг уу? Тухайн үйл ажиллагаа Ариун Сүнсэнд үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хүндэтгэлтэй орчинд хэрхэн нөлөөлж болох талаар бод.

  • Уг арга барил Бурханы ариун үгийг хэрхэн төлөөлж байна вэ? Судруудыг болон бошиглогчдын үгсийг эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй байдлаар толилуулах хэрэгтэй.

  • Суралцагч бүрд хүндэтгэлтэй хандах уу? Эв нэгдэл, хайр энэрлийг байнга хөхиүлэн дэмжихийг эрэлхийл. Суралцагчийг эвгүй байдалд оруулж, сэтгэлээр унагаж, ганцаардахад хүргэж болзошгүй үйл ажиллагаануудаас зайлсхий.

  • Энэ үйл ажиллагаанд хичээлийн цагийг зориулах нь ашигтай юу? Семинарт суралцагчидтайгаа хамт цугларах цаг тань үнэ цэнтэй юм. Хэт их цаг зарцуулахгүйгээр үйл ажиллагааг үр дүнтэй явуулах боломжтой.

  • Үйл ажиллагааг бэлтгэхэд хэр их цаг, нөөц бололцоо шаардагдах вэ? Үнэт цаг, нөөц бололцоогоо сайн зохицуулах нь чухал.

Эдгээр санааг хичээлийн туршид олон газар ашиглаж болно. Ихэнх тохиолдолд суралцагчдад хийх гэж байгаа зүйлийг нь тайлбарлаж, хийж үзүүлэх нь илүү амжилттай байхад нь тусална. Хэрэв тустай гэж үзвэл, та үйл ажиллагааг явуулж эхлэхээс өмнө тухайн үйл ажиллагааг сайн ойлгож мөн тодорхой заавар өгч, тайлбарлаж, хийж үзүүлсэн байхад анхаар. Эдгээр үйл ажиллагааг дараах ангилалд хуваана. Үүнд:

  1. Судрын түүхийн үйл явдлыг ойлгож, сайн мэдээний зарчим, сургаалыг тодорхойлохын тулд судраас судлах

  2. Эшлэл, судруудыг ашиглан илүү гүнзгий ойлголт олж авах

  3. Сурч байгаа зүйлээ хуваалцах

  4. Сурч мэдсэн зүйлээ бүтээлч байдлаар илэрхийлэх

Санал хүсэлт эсвэл нэмэлт санаа өгөх бол CES-Manuals@ChurchofJesusChrist.org руу э-мэйлээр ирүүлнэ үү. “Олон янзаар заах санаа” сэдэвт оруул.

1. Судрын түүхийн үйл явдлыг ойлгож, сайн мэдээний зарчим, сургаалыг тодорхойлох

Хичээлд гол төлөв суралцагчдыг зарчим эсвэл сургаалуудыг тодорхойлж чаддаг болтол нь судрын бүлгийн хам сэдэв, түүхийн үйл явдлыг ойлгохын тулд судрын цуврал шүлгийг судлах үйл ажиллагаанууд ордог. Дараах үйл ажиллагаанууд бол суралцагчдад үүнд нь туслах хэдэн арга зам юм.

Уран зургаар тайлбарлах

Түүхийг ярилцахдаа сайн мэдээний уран зургийг ашигла. Сүмийн Mеdia library-аас авсан зургийг үзүүлж, уг зурган дээр дүрсэлсэн шүлгүүдийг судлахад суралцагчдыг урь. Суралцагчдаас ийн асуу.

  • Та юуг өөрчлөх байсан бэ?

  • Уран зургаар юуг тайлбарласан байна вэ (бичвэрт байхгүй)?

  • Судрын ямар шүлгүүдийг төлөөлсөн байна вэ?

Өөр хувилбар: Хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ зургийг бүтнээр нь үзүүлэхийн оронд хэдэн хэсэг болгон хуваа. Хэсгүүдийг нэг нэгээр нь үзүүлээд, бүтэн зурган дээр юу болж байгааг суралцагчдаар таалга. Тэднээс юу харж байгаагаа дүрслэн хэлэхийг мөн харагдахгүй байгаа зүйлийг таамаглахыг хүс.

Өөр хувилбар: Аврагчийн хэдэн зургийг сонгоод, самбарт байрлуул. Суралцагчдыг зургуудын өнгө, үндсэн хэсэг, зохиомжийг ажиглаад; Есүс Христ гэж хэн болох талаар зураг бүр юу зааж байгааг тодорхойлоход урь. Зарчмыг тодорхойлсныхоо дараа дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • Христийн аль зураг таны олсон зарчмыг дүрсэлж байна гэж та нар бодож байна вэ? Яагаад?

  • Есүсийн эдгээр зургийн аль нь энэхүү үнэний ач холбогдлыг мэдрэхэд та нарт тусалдаг вэ?

  • Энэ үнэний талаар бодох үед найз тань Есүс Христийн талаар юуг мэдээсэй гэж та хүсэх вэ?

Зураг дээр харилцан яриа нэмэх

Зураг дээр харилцан яриа нэмэх

Хүүхдүүдэд зориулсан судрын түүхүүд дээрээс зургуудыг хувилж, суралцагчдад тараах материал болгон өг. Суралцагчид баатруудын юу хэлж, бодож байгааг бичих ярианы бөмбөлөг дүрснүүдийг нэм.

Мэдээллийн түүх буюу номын тайлан

Шинэ түүх эсвэл номын тайлан

Суралцагч бүрд судлах судрынх нь нэг хэсгийг өг. Дараа нь мэдээллийн түүх эсвэл номын тайланд (цаас юм уу самбар дээр) тавигдах шаардлагуудыг тэдэнд өг. Үүнд гол дүрүүд, түүхийн үйл явдал, сурч мэдсэн нэг юм уу хоёр зүйл (тэдний шүлгүүдийг эш татах), өсвөр насны хүүхдийн хувьд хэрэгжүүлэх арга зам багтаж болно. Суралцагчдад бэлдсэн зүйлээ өөр суралцагчтай хуваалцах цаг гаргаж өг.

Өөр хувилбар: Жижиг бүлэгт хуваагдаж, суралцагч бүр түүх, номын тайлангийн гол дүрүүд, түүхийн үйл явдал, сургамж, хэрэгжүүлэлт гэх мэт бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг авч болно.

Асуултыг тодорхойлох

Судрын багцыг уншсаны дараа хариулахад тусалж болох асуултуудыг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Энгийн мэдээлэл авах биш, харин өсвөр үеийнхний хувьд утга учиртай, хамаатай асуултуудыг бичихэд суралцагчдыг уриал. Жишээлбэл: Суралцагчид: “Итгэлийн талаар Алма юу гэж хэлсэн бэ? Тэр итгэлийг юу биш гэж хэлсэн бэ?” гэж асуухын оронд “Аврагчийн заасан зүйл үнэн гэдгийг өөрөө мэдэж авахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?” гэж асууж болно. Хэрэв суралцагчдад судлах судрын олон багц байвал тэд асуултуудаа жагсаан бичээд, өөр багцыг судалсан суралцагчтай хуваалцаж болно. Суралцагчид ангийнхныхаа хариултыг хайж олон, тэдгээрийн талаар бодож болно.

Зохиогчтой ярилцах

Суралцагчдыг өөрсдөө судрын түүхийн зохиогч бөгөөд бичсэн зүйлийнх нь талаар тэднээс хэн нэгэн ярилцлага авч байна гэж төсөөлөн бодохыг хүс. Суралцагчид судрын түүхийг уншаад, ярилцлага авагч болон зохиогчийн үүргийг ээлжлэн гүйцэтгэж болно. Ярилцлага авагч дараах байдлаар асууж болно. Үүнд:

  • Уншигчдыг эдгээр шүлгийн аль бүрэлдэхүүн хэсгийг алгасалгүй олж хараасай гэж та хүсэж байна вэ?

  • Таны гол санаа эсвэл гол санаанууд юу байсан бэ?

  • Уншигчид үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлээсэй гэж та найдаж байна вэ?

Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдний хариултыг ашиглан, тодоор бичсэн үнэнийг хэл.

Тохируулах

Судрын хэд хэдэн эшлэлийг нэг баганад, тохирох үнэнүүдийг өөр баганад хоорондоо таарахгүйгээр хольж тавь. Суралцагчид судалж мөн тохируулж болно.

Хамгийн чухал үнэн

Хамгийн чухал үнэн

Суралцагчдыг тодорхойлж болох олон үнэн бүхий судрын бүлгийг судалж байх үеэр та эхлээд тэднээр бие даан судлуулж болно. Хүн бүр тухайн багц дахь гурав эсвэл дөрвөн чухал үнэн эсвэл санаа юу болохыг шийдэн, бичиж болох юм. Дараа нь суралцагчид хоёр хоёроороо хуваагдаж, тодорхойлсон үнэнүүдээ харьцуулж болно. Хос бүр хамгийн чухал гэж бодож байгаа хоёр үнэнээ олж тогтоон, бичиж тэмдэглэнэ. Жич: Санаанууд нь анх гаргасан дөрвөөсөө өөр байж болно. Дараа нь хос бүр өөр хостой нэгдэж, дөрвүүлээ нэг бүлэг болж ажиллана. Дөрвөн суралцагч хамтарч өөрсдийн санааг хуваалцан, харьцуулаад, бичвэр дэх хамгийн чухал үнэнийг тодорхойлно.

Цаг хугацааны хүснэгтийн зураг

Цаг хугацааны хүснэгтийн зураг

Суралцагчдын судлах судрын түүхийг дүрсэлсэн хэдэн зураг үзүүл. Суралцагчдын унших шүлгүүдийг мөн үзүүл. Зургуудыг зөв дэс дараалалд оруулахад хүүхдүүдийг урь.

Гол утга санааны схем гаргах

Гол утга санааны схем гаргах

Судрын түүхүүдэд заасан сургаал, зарчмуудыг гол утга санааны бүтцийн схемээр тодорхойлоход нь суралцагчдад тусал. Гол утга санааны бүтцийн өөр өөр бүрэлдэхүүн хэсгийг олж тогтоо. Үүнд:

  1. Эхлэл эсвэл эхний нөхцөл байдал (хэн, юу, хаана, хэзээ гэх мэт)

  2. Зангилаа эсвэл хурцдаж буй зөрчил, үйл явц. Түүхэд гарч буй хүмүүсийн амьдралд нөлөөлөх өөрчлөлтүүдийг тодорхойлох.

  3. Өрнөл. Энэ нь уг түүхийн гол үйл явдал юм. Үүнд ихэвчлэн тухайн хүн саад бэрхшээлийг даван туулж, ухааран ойлгосон цаг мөч зэрэг томоохон өөрчлөлтүүд ордог.

  4. Туйл. Өрнөл хэсэг дээр үйл явдлын дараах үр дагавар.

  5. Тайлал. Энэ нь тухайн хүмүүс уг туршлагынхаа үр дүнд олж авсан шинэ ойлголтыг дүрсэлнэ.

Гол утга санааны бүрэлдэхүүн хэсэг бүрд зориулан судрын эшлэлүүдийг бич. Суралцагчдыг бүрэлдэхүүн хэсэг бүрд зориулсан судрын шүлгүүдийг уншихад эсвэл уншиж байгаа зүйлийнхээ зургийг зурж, гол үйл явдлуудын жагсаалтыг бичихэд урь. Суралцагчдыг сүүлчийн алхмыг дуусгасны дараа уг түүхийг бүхэлд нь хараад, сурч мэдсэн үнэний мэдэгдлээ бичихэд урь.

Эвлүүлдэг зураг

Эвлүүлдэг зураг

Судрын багцыг төлөөлөх зургаар энгийн эвлүүлдэг тоглоом хий. Хэсэг бүрийн ар талд судрын эшлэлүүдийг бич. Суралцагчдыг бүлэг болгоод, тус бүрд нь эвлүүлдэг тоглоомын нэг нэг хэсгийг өгч болно. Суралцагчид эшлэлүүдийг судлаад, шүлгүүдээ нэгтгэн дүгнэхэд бэлдэнэ. Бүлгүүд товч дүгнэлтээ ангийнхантайгаа хуваалцаж байхдаа, уг хэсгүүдийг самбарт нааж зургийг бүтэн болгоно.

Уншигчийн театр

Олон харилцан яриатай түүхийн хувьд судрын шүлгүүдийг зохиолын бичвэр хэлбэрт оруулан, хүн нэг бүрд өөр өөрийн хэсгийг хурдан олох боломжтой болго. Өгүүлэгч харилцан яриа биш шүлгүүдийг уншина. Та судрын шүлгүүдийг хувилж аваад, хэсэг бүрийг өөр өөр өнгийн тодруулагчаар тэмдэглэж болно. Жич: Бурхан тэргүүтэний гишүүдийг ямар ч үед дээд зэргийн бишрэл хүндэтгэлтэй толилуулах ёстой гэдгийг санаарай. Хэрэв Бурхан тэргүүтэний гишүүн, түүний дотор Есүс Христ энэ үйл ажиллагаагаар авч үзэх судрын түүхэд орсон байвал өгүүлэгчээр Түүний үгийг уншуулж болно.

Судраас унших

Ангид судраас унших хэд хэдэн арга бий. Тухайлбал: Арга бүрийг өөр өөр зорилгоор ашиглана. Унших арга барилыг сонгохдоо ангийнхаа хэрэгцээ шаардлагыг бодож үз.

  • Чимээгүй унших: Суралцагчид дотроо чимээгүй уншиж болно. Энэ нь судруудаа эргэцүүлэн бодож, өөр өөрсдийн хурдаар унших боломжийг олгодог.

  • Хосоороо эсвэл бүлгээрээ унших: Энэ нь илүү олон суралцагчид оролцож, чанга унших гэж сандрахгүй байх боломж олгодог.

  • Багш унших эсвэл аудио бичлэг тавих: Багш текстийг унших юм уу аудио бичлэг тавиад, суралцагчдыг дагаж уншихад урьж болно.

  • Чанга унших: Ангийнхныг шүлгүүдийг бүгд хамтдаа уншихад урьж болно. Хэд хэдэн суралцагч сайн дураараа ангийнхандаа чанга уншиж өгч болно эсвэл тэднийг эртнээс уншихад урьж, бэлтгэх цаг гарган өгч болно. Олны өмнө уншихад эвгүй байвал “уншихгүй байж” болно гэдгийг суралцагчдад анхааруул.

Судар ухах

Судрын хэсэг шүлгийн талаар хэд хэдэн асуултыг тусад нь цаасан дээр бэлд. Суралцагчдыг самбарын өмнө дуудаж, нэг асуулт өг. Ширээн дээрээ буцаж очоод, хариултаа олоход тэднийг урь. Хариултаа олсон бол самбарын өмнө дахин гарч ирээд, дараагийн хариулах асуултыг авна. Үүнийг мөн жижиг бүлгүүдэд хуваагдан гүйцэтгэж болно.

Үйл явдлыг дүрслэн харуулах

Анги танхимаа тухайн өдөр судраас унших түүхийг дүрслэн харуулж болохоор засаж чимэглэ. Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд 121-ийг унших бол сандлуудыг Либерти шоронгийн өрөөний хэмжээгээр байрлуулж болно. Энэ арга нь сурч байгаа зүйлээ дүрслэн харахад суралцагчдад тусална. Сургаал ба Гэрээнүүд 136-ийн хувьд, суралцагчдыг анхдагчдын баг болгож мөн тэднийг төлөөлөх ахмадыг сонгож болно.

Зогсох тэмдэг

Дараах тодоор бичсэн үнэнийг суралцагчдад өг. Тэдэнд хэд хэдэн шүлгийг аажуухан уншиж өгөөд, уг үнэнийг заахад тусалдаг ямар нэг зүйлийг олж сонссон бол гараа өргөхийг эсвэл “Зогс” гэж хэлэхийг тэднээс хүс. Дараа нь олж сонссон зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчийн товч дүгнэлт

Хичээл эхлэхээс өмнө нэг юм уу түүнээс олон суралцагчид ангийнхандаа зориулан товч дүгнэлт гаргах судрын хам сэдэв эсвэл агуулгыг өг. Тэдгээрийг хичээл орохоос нэг өдрийн өмнө хэвлэн өгч эсвэл ангид орж ирэхэд нь суралцагчдад тарааж өгч болно. Тэднийг хичээл дээр тохиромжтой цагт дуудах үед товч дүгнэлтээ хуваалцахад бэлэн байхад урь.

Судрыг өөрийн ойлгосноор орчуулах

Судрын багцыг уншсаных нь дараа та тэдэнд нэг шүлгийг сонгон өөрсдийн үгээр орчуулах эсвэл мөр бүрийг өөрсдийн үгээр бичих боломжийг олго. Хүнд хэцүү үг, хэллэгүүдийг ойлгохын тулд бусад судар, судар судлах хэрэгслүүдийг ашиглах дадлага хийх эсвэл тодорхойлолтыг нь олоход тэдэнд тусал.

Үнэн үү, худал уу?

Судрын багц дахь чухал мэдээллийн тухай үнэн эсвэл худал янз бүрийн мэдэгдэл бич. Суралцагчдыг эхлээд уг мэдэгдэлтэй санал нийлж эсвэл нийлэхгүй байгаагаа илэрхийлэхэд урь. Судрын багцыг судалж байхдаа уг мэдэгдлийг дэмжих эсвэл үгүйсгэх нотолгоог олоход тэднийг урь. Дараа нь суралцагчид судрын хэсгүүдийг уншиж байхдаа буруу мэдэгдлийг зөв болгон бичиж болно.

Зураг ашиглах

Өөрсдөд нь чухал нэг зургаа сонгоход суралцагчдыг урь. Энэ нь тэдний утсан дээрх зураг байж болно аль эсвэл тэд гэрээсээ зураг авчирч болно. Дараах зүйлсийн талаар хуваалцахад тэднийг урь.

  • Гэрэл зургийг авахын өмнөх нөхцөл байдлын тайлбар.

  • Гэрэл зургийн гол санаа эсвэл зорилго.

  • Тэдний хувьд чухал хоёр нарийн ширийн мэдээлэл.

Суралцагчдыг хуваалцсаны дараа тухайн хичээлийн судрын багцыг уншаад, уг судрын багцтай холбоотой дээрх гурван зүйлийг бэлтгэж болно.

Төсөөлөн бодох

Суралцагчдыг судалсан бичвэрийнхээ түүх эсвэл хэсгийг төсөөлөн бодоход урь. Суралцагчид нүдээ аниад, багшийн дүрсэлсэн дүр зургийг төсөөлөн бодоход анхаарлаа төвлөрүүлж болно. Жишээлбэл: Та суралцагчдыг өөрсдийгөө тэжээлийн тэвш дотор хэвтэж буй Христ хүүг ол хэмээх тэнгэр элчийн урилгыг хүлээн авч дагасан хоньчид гэж төсөөлөн бодоход урьж болно. Дараа нь “Мариа бяцхан Христийг тэвэрч байхад нь та малын саравч дотор орлоо. Тэнд та хэнийг харж байна вэ? Та ямар амьтад байна гэж төсөөлж байна вэ? Таны бодож байгаагаар, Мариа таныг ирэхэд хэрхэн хүлээн авах байсан бэ?” Нөхцөл байдлыг төсөөлөн бодоход туслах асуултуудыг суралцагчдад үргэлжлүүлэн тавь.

Үгэн үүл

Үгэн үүл

Судрын хэсэг дэх чухал гэж үзсэн үг, хэллэгээ тодорхойлоход суралцагчдыг урь. Тодорхойлсон хамгийн түгээмэл эсвэл чухал үг хэллэгээрээ үгэн үүл үүсгэ. Үгийн хэмжээ нь ач холбогдлынх нь түвшинг илэрхийлж болно.

2. Эшлэл, судруудын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх

Хичээлд ихэвчлэн жишиг бүтээлээс авсан судрын хэдэн хэсэг багтсан байх ба энэ нь судалж байгаа зарчим, сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална. Түүнчлэн Сүмийн удирдагчдын үгээс эш татсан хичээлүүд байгаа. Дараах үйл ажиллагаанууд нь суралцагчдад олон янзын судар, эшлэлүүдийг судалж, үнэнийг өөрсдөө олж мэдэхэд нь тусалж болох цөөн хэдэн арга зам юм.

Судлах өртөөнүүдийг тогтоох

Судлах өртөөнүүдийг тогтоох

Анги даяар судлах өртөөнүүдийг тогтоо. Өртөө бүрийн хана эсвэл ширээн дээр зааврууд тавьж болно. Эдгээр зааварт унших судар эсвэл эшлэлүүд, асуулт болон хийж гүйцэтгэх бусад үйл ажиллагаа орж болно. Суралцагчид жижиг бүлгүүд болж, өртөө бүр лүү ээлжлэн очиж, тэндээс сурсан зүйлээ ярилцаж болно. Тэд бас үүнийг ганцаарчлан хийж мөн өөрсдийн тааваар хөдлөн гүйцэтгэж болно. Та өртөө болгон дээр бүлэг бүрд эсвэл суралцагч бүрд хариултуудаа бичихэд нь зориулан том цаас тавьж өгч болно. Тэд бусдын бичсэн зүйлийг уншиж, эргэцүүлэн бодож болох юм.

Өөрийн зүүлт тайлбарыг бүтээх

Суралцагчдыг судалж байгаа судрууддаа зүүлт тайлбар нэмэхэд урь. Тэдгээрийг судалж байгаа судрын хэсгүүд болон бусад судар, Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийн хооронд холбоос бий болгох замаар нэмж болно. Суралцагчид холбогдох эшлэлүүдийг захад нь бичиж эсвэл Gospel Library дахь холбох үйлдлийг ашиглаж болох юм. Тэд уг сэдвийн талаар илүү их ойлголт өгөхийн тулд аль болох олон нэмэлт эшлэлийг хуваалцаж болно. Өөр хувилбар: Суралцагчид хичээлийнхээ янз бүрийн судар, эшлэлүүдийг Gospel Library дахь Tags үйлдлийг ашиглан холбож болно.

Тодорхойлох

Суралцагчид ойлгоход хэцүү үг эсвэл ойлголтыг тодорхойлно. Судрууд болон судар судлах арга хэрэгсэл (Topical Guide, Судруудын удирдамж, Topics and Questions) гэх зэрэг нэр томьёоны талаар илүү ихийг мэдэхэд туслах эх сурвалжуудыг харахыг тэднээс хүс. Нэр томьёо эсвэл хэллэгийг өөрсдийн үгээр тодорхойлох боломж олго.

Зургаар тэмдэглэл хөтлөх

Зургаар тэмдэглэл хөтлөх

Суралцагчдыг судалж байх үед тэдэнд олж мэдсэн зүйлээ бичиж болох бодлын бөмбөлөг дүрснүүдтэй цаас өг.

Мэргэжилтнүүд

Мэргэжилтнүүд

Суралцагчдыг жижиг бүлгүүд болгон зохион байгуулаад, бүлэг тус бүрд судлах нэг сэдвийг оноож өг. Бүлгүүдэд сэдвээ судлах цаг, эх сурвалжуудыг өг. Энэ нь бүлгийн гишүүн бүрд бүлгийнхээ сэдвээр мэргэжилтэн болох боломжийг олгоно. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг шинэ бүлэгт оруул. Ингэснээр бүлэг бүрд өөр өөр сэдвийн “мэргэжилтэн” орно. Суралцагчид дараа нь тухайн сэдвийн талаар сурч мэдсэнээ хуваалцана.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимолтой холбох

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын нэг хэсгийг сонгоод, судрын багцаас олж мэдсэн үнэнийг нь бататгах мэдэгдлийг олоход суралцагчдыг урь.

Шат шатаар

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ судрын нэг мөр эсвэл нэг өгүүлбэрийг өөрөөр дахин бичихэд урь. Тэд мөр, өгүүлбэр бүрийн хооронд зай үлдээх ёстой. Суралцагчид уг мөр эсвэл өгүүлбэрийн үг бүрийг анхааралтай судалж, эргэцүүлэн бодож болно. Тэд мөн өөр холбогдох судрын эшлэл, Gospel Library дахь бусад мэдээллийг олж болно. Дараа нь судрын хэсгийн дараагийн мөрийг авч, мөн адил үйлд. Үүний нэг жишээг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 2021 оны 2-р сарын дугаарын 32-р хуудсан дахь “Бүү ай” өгүүллээс олж болно.

Оюуны зураглал

Оюуны зураглал

Суралцагчдыг дээрхтэй адил оюуны зураглалыг судлах тэмдэглэлдээ зурахад урь. Тэд тодорхойлсон зарчим эсвэл сургаалаа голд нь байх хайрцагт бичиж болно. Дараа нь тэднийг ойлголтыг нь баяжуулах нэмэлт судар, эшлэлүүдийг олж мэдэхэд урь. Тэд тухайн сэдвийн талаарх ойлголтоо гаднах хайрцгуудад нэмж болно. Суралцагчдыг үргэлжлүүлэн хайрцаг нэмж, сурч байгаа зүйлстэйгээ холбон оюуны зураглалаа тэлэхэд урь.

Давхардсан санаа

Давхардсан санаа

Суралцагчдыг зарим талаараа төстэй, зарим талаараа өөр хоёр эсвэл түүнээс олон сэдвийг хичээлээс сонгоход урь. Дээрхтэй төстэй бүдүүвч зургийг зур. Тэнд суралцагчид энэ хоёр сэдэв юугаараа адил мөн юугаараа өөр болохыг бичиж болно. Үүнийг түүх дээр гардаг хоёр хүнээр (жишээлбэл: Лемен, Нифай хоёр) эсвэл хоёр сэдвээр (жишээлбэл: Алгасал баяр ба ариун ёслол) гүйцэтгэж болно.

Ойлголтоо хуваалцах

Суралцагчдад судрын багцын хувилсан хуудсыг өгөөд, дээр нь нэрээ бичихийг тэднээс хүс. Багцыг уншаад, судалж байхдаа олж авсан ойлголтоо бичих нэгээс хоёр минутыг тэдэнд өг.

Жишээлбэл: Суралцагчид зүүлт тайлбарыг тэмдэглэн, бошиглолын эшлэлүүдийг хуваалцаж, чухал үг хэллэгүүдийн доогуур зурж, онцгой үгсийг дугуйлж, зарчмуудыг бичиж, өөрсдийн гэрчлэл, бусад ойлголтоо хуудасны захад бичин хуваалцаж болно.

Цаг дууссаны дараа цаасаа өөр суралцагчид дамжуулж, уг суралцагч өөрийн ойлголтыг бичнэ. Хэдэн удаа дамжуулсны дараа цаасыг анх авсан суралцагчид буцааж өгөхийг тэднээс хүс. Өөр хувилбар: Цаас бүрд судрын багцын оронд тухайн багцтай холбоотой хэрэгжүүлэх асуулт байна. Хэд хэдэн суралцагч асуултуудад судруудыг ашиглан хариулж, уг сэдвийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

Эшлэлийг санамсаргүй байдлаар сонгох

Уг хичээл дэх үнэнийг заасан хэдэн эшлэлийг малгай юм уу цүнхэнд хий. Хүссэн суралцагч нэг эшлэлийг малгайнаас аваад, энэ нь тэдний сурч байгаа үнэнтэй хэрхэн холбоотой мөн тэдний хувьд ямар утга учиртай болохыг хуваалцахад урь. Тэдэнд унших, хуваалцахад бэлтгэх цаг гаргаж өгөхөд анхаар. Өөр хувилбар: Суралцагчид хуваалцаж дууссаныхаа дараа эшлэлүүдээ сольж, өөр эшлэлээ хуваалцах шинэ хамтрагчийг олно.

Судрын хаалт

Судрын хаалт

Судрын 16 эшлэлийг сонгоод, эшлэл бүрийг хаалтын гадна багана дахь 16 мөр дээр бич. Суралцагчдыг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хувааж, хаалт бүрд хосолсон судруудыг уншиж, өнөөгийн өсвөр үеийнхний хувьд аль эшлэл хамгийн утга учиртайг олж тогтооход урь. Судрын сонгосон хэсэг нь дараагийн хаалт руу шилжинэ. Суралцагчид судрын хос хэсэг бүрийг ярилцсаар хамгийн их утга учиртай гэж үзсэн нэг судрыг тодорхойлон, яагаад гэдгийг ярилцана. Суралцагчид тэдгээр судраа ангийнхантайгаа хуваалцаж болно.

Суралцагчийн сонгосон судлах үйл ажиллагаа

Судлах зургаан үйл ажиллагааны жагсаалт гарга. Суралцагчдыг судрын багцаас үнэнийг тодорхойлсны дараа санамсаргүй байдлаар суралцагчид аль үйл ажиллагааг гүйцээхийг сонго (шоо, карт татах, хуудас цаас сонгох, санамсаргүй дугаар үүсгэгч).

Үйл ажиллагаануудын жишээг өгье.

  1. Үнэнийг зааж, үзүүлж байсан Есүсийн амьдралын түүхийг хуваалц.

  2. Үнэний талаарх төгс эзэмших сургаалын судрын хэсэг эсвэл судрын өөр нэг хэсгийг ол.

  3. Үнэний дагуу амьдарч байсан хүний талаарх судрын түүхийн нэг жишээг ол.

  4. Үнэнийг заасан Сүмийн удирдагчийн нэг мэдэгдлийг ол.

  5. Үнэнийг мэдсэнээр адислагдсан хүний хувийн туршлагыг хуваалц.

  6. Үнэний дагуу амьдрахын тулд бидний хийж болох ямар нэг зүйлийн өөрийн жишээг сонго. Хуваалцах жишээг тань заасан судрын хэсгийг ол.

Суудал солин судлах

Суудал солин судлах

Ширээ эсвэл сандал бүр дээр “Судрын хэсэг, эшлэлийг унших,” “Хичээлийн асуултад хариулах” зэрэг заавар бүхий карт тавь. Суралцагчид суудлаа ээлжлэн тойрог маягаар сольж, тухайн картан дээрх зааврыг дагаж болно.

Сэдвийн сүлжээ

судлах 7 өртөөг орлуулах дүрс

Суралцагчдыг үүнтэй адил голдоо тодруулсан үнэн юм уу сэдэв бүхий бүдүүвч зургийг зурахад урь. Дараа нь суралцагчид гаднах тойрог руу зураас татаж, холбогдох судар, үнэн эсвэл үндсэн сэдвийн бүрэлдэхүүн хэсгээр гарчиглана. Жишээлбэл: Суралцагчид хаан Бенжамины “Бурханд итгэ” гэсэн урилгыг “Мозая 4:9–10” гэсэн эшлэлтэй хамт голд байх дугуйн дотор бичиж болно. Дараа нь хаан Бенжамин Бурханы талаар юунд итгэхэд биднийг урьсан болохыг гаднах хүрээнд нь жагсаан бичиж болох юм.

Видеог түр зогсоох

Сайн мэдээний зарчмыг харуулсан эсвэл заасан видеог ашигла. Сонирхол төрүүлэх эсвэл үзэж байгаа видеондоо дүн шинжилгээ хийхэд нь суралцагчдад туслахын тулд өөр өөр цаг үед түр зогсоо. Та дараахтай адил асуултуудыг суралцагчдад тавьж болно.

  • “Та ийм нөхцөл байдалд орсон байсан бол ямар бодол, мэдрэмж төрж эсвэл ямар ямар асуулт гарч ирэх байсан бэ?”

  • “Өнөөдөр тус болох ямар судруудыг та судалсан бэ?”

  • “Энэ хүн өнөөдөр бидний судалсан үнэний талаар юу ойлгож чадна гэж та найдаж байна вэ?”

  • “Та өнөөдрийн энэ түүх дээр үндэслээд өөрийгөө хаана нь байна гэж харж байна вэ?”

3. Сурч байгаа зүйлээ хуваалцах

Хичээлийн туршид суралцагчдыг бодол санаа, ойлголтоо хуваалцахад урьдаг. Суралцагчид жижиг бүлэгтээ болон ангийнхандаа тайлбарлан, хуваалцаж, гэрчилж байхдаа ихэвчлэн Ариун Сүнсээр удирдуулж, илэрхийлж байгаа зүйлсийнхээ талаар илүү гүн гүнзгий гэрчлэлтэй болоход хөтлөгддөг. Түүнчлэн суралцагчдын хэлсэн үг, илэрхийлсэн зүйлс сонсож буй хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд Ариун Сүнсний хүчээр ихээхэн нөлөөлж болох юм. Энэ нь чухал хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас суралцагчдад хуваалцах нь хэцүү байж болох талтай. Хуваалцмааргүй байвал “хуваалцахгүй байх” боломжийг суралцагчдад гаргаж өгөхөд анхаар. Дараах санаанууд нь сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдад тусална.

Судрын хэсэгт дүн шинжилгээ хийх

8:12

Судрын нэг шүлгийг том цаасны голд бич (эсвэл та уг шүлгийг самбарт үзүүлж болно). Энэ нь суралцагч бүрд харагдахуйц том байхад анхаар. Суралцагчид судрын шүлгийн талаар аль болох олон зүйлийг асуухад хэдэн минут зарцуулж болно. Дараа нь тэдэнд асуултынхаа хариултыг Gospel Library-аас хайх хэдэн минутыг гаргаж өг. Эсвэл судрыг цаасан дээр хэвлэж өгч мөн суралцагчид уг үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж болно.

Санааны самбар

Санааны самбар

Суралцагчид сайн мэдээний үнэнийг амьдралд хэрэгжүүлэх арга замуудын талаарх санаануудаа жижиг цаасан дээр бичиж самбарт нааж болно. Жишээлбэл: Сайн мэдээний зарчмыг хэрэгжүүлэх арга замуудын талаарх санаагаа бичихийг суралцагчдаас хүсэж болно. Санааны самбарт тухайн сэдэвтэй холбоотой ямар нэгэн том дүрс зураг байж болно. Жишээлбэл: Хэрэв амьдралын модыг судалж байвал суралцагчид уг жимсийг идэх арга замуудыг жагсаан бичиж, самбар дээрх модны мөчрүүд дээр тавьж болно. Суралцагчдад бусдын бичсэн зүйлсийг харах цаг гаргаж өг.

Сонсогчдоо таньж мэдэх

Зорилтот сонсогчдоо сонгон, сурч байгаа зүйлээ сонсогчдодоо ойлгомжтой арга замаар хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчид энэ үйл ажиллагааг хамтрагчтайгаа эсвэл бүлэгтэйгээ гүйцэтгэж болно. Суралцагчдад олон сонголт өгч, ямар сонсогчдод заахаа сонгох боломжийг олгох нь үр дүнтэй байж болох юм. Сонгож болох зарим санааг өгье. Үүнд:

  • Номлолд тань байгаа өөр шашинтай найз

  • Хүүхдийн хэсгийн хүүхдүүд

  • Сургуулийн найз

  • Танай гэр бүлийн гишүүн

Харилцан яриагаа үргэлжлүүлэх

харилцан яриагаа үргэлжлүүлэх

Ангиараа ярилцахаасаа өмнө суралцагчдыг бие биеэ анхааралтай сонсоход урамшуулан дэмжих нь тустай. Дараах санаануудыг хэлэлцүүлгийн өмнө суралцагчдад өгч болно. Энэ нь тэдэнд бие биеэ анхааралтай сонсож, олон суралцагчийг татан оролцуулсан сэнхрүүлэх хэлэлцүүлэг өрнүүлэхэд тусалж болох юм. Та суралцагчдад тэдгээр санааг үзүүлэх юм уу тараах материал болгон өгч болно.

Нэмэх—Ангийн тань хүүхдийн хэлсэн үгийн юу нь танд таалагдсаныг хуваалцаж, дараа нь өөрийн бодол санааг нэм.

  • “Энэ надад … санагдуулж байна.”

  • “Би санал нийлж байна, учир нь …”

  • “(Тийм. Үүний өөр нэгэн жишээ бол …”

  • “… нь ёстой сайхан санаа байна!”

Нэгтгэн дүгнэх—Ангийнхаа хүүхдийн хэлсэн үгийг өөрийн үгээр хэлэн, өөрийн санааг нэмж илэрхийл.

  • “Чамайг … гэж хэллээ гэж ойлголоо”

  • “Тэгэхээр, хэрэв би чамайг зөв ойлгосон бол …

  • “… гэж хэлсэн чинь надад таалагдлаа.”

Лавлах—Хэлсэн зүйлийнх нь талаар тухайн суралцагчаас асуу.

  • “Чи тэр талаар илүү дэлгэрэнгүй ярих уу?”

  • “Би …-ийг зөв ойлгож уу?”

  • “Би чиний санааг ойлголоо. Харин … тухай юу гэж бодож байна?”

  • “Чи … тухай бодож үзсэн үү?”

Цаас дамжуулах

Цаас дамжуулах

Унших судар, эшлэлүүд болон хариулах асуултууд оруулсан хэд хэдэн зааврыг цаасан дээр бич. Суралцагчдад хариултуудаа бичих хангалттай зай гаргаж өгөхөд анхаар. Суралцагч бүрд нэг хувийг өгөөд, дээр нь өөрийнхөө нэрийг бичихийг тэднээс хүс. Суралцагчид эхний асуултад хариулна. Дараа нь тэд цаасаа нугалж хариултаа далдална. Тэд цаасаа өөр суралцагчид дамжуулан өгөхөд тэр дараагийн асуулт эсвэл өгүүлбэрт хариулна. Суралцагч бүр цаасаа нугалж, хариултаа далдлан, дараагийн суралцагч руу дамжуулна. Дамжуулан явуулсны эцэст цаас эхний суралцагчид ирэх ба тэр ангийнхныхаа бичсэн зүйлийг уншина.

Хуваалцахад бэлтгэх

Суралцагчдыг хариулаасай гэж хүсэж байгаа нэг чухал асуултаа хуваалц. Асуултад хариулахад урихынхаа өмнө хэдэн минутыг тэдэнд өгөхөд анхаар. Жишээ нь: Та ийн хэлж болно. “Хэдэн минутын дараа би та нараас _____________-ын талаар бодол санаагаа хуваалцахыг хүсэх болно. Дараах судрын хэсгийг судлахдаа хуваалцах зүйлийнхээ талаар сайн бодоорой. Суралцагчдыг эхлээд хамтрагчтайгаа эсвэл бүлэгтэйгээ хуваалцахад урьж болно.

Ангийнхны дунд санал асуулга явуулах

Суралцагчдад жижигхэн цаас өгч, санал асуулга явуул. Суралцагчид нэрээ бичилгүй хариулж, цаасаа хайрцаг эсвэл малгайн дотор хийж болно. Жишээлбэл: Та жишээн дээрх зарчим, асуулт эсвэл хэн нэгний гаргаж болох шийдвэрийн талаарх бодол санааг мэдэж болно. Эсвэл суралцагчид ухаалаг утас ашиглах боломжтой бол та үнэгүй, ашиглахад хялбар санал асуулгын аппликэйшныг ашиглаж болно. Суралцагчдад судлах даалгавар, санал асуулгын холбоосыг өгөөд, утсаа ашиглан хариулахад урь. Та хариултуудыг харж, ангид үзүүлж болно. Энэ үйл ажиллагааг явуулахад туслах олон үнэгүй санал асуулгын аппликэйшн бий.

Хариулахад туслах үг хэллэг

Суралцагчдаа ангийн хэлэлцүүлэгт хуваалцдаг, оролцдог болгоход хөхиүлэн дэмжиж сургахын тулд хариулахад туслах үг хэллэгийг ашигла.

Энэ нь ангид хүүхдүүд ярихгүй эсвэл юуг, хэрхэн хуваалцахаа мэдэхгүй байхад тусалдаг хэрэгсэл юм. Хуваалцах зүйлсээ хэрхэн илэрхийлэх талаар суралцагчдад туслах доорх хэллэгүүдийг үзүүл. Судрын нэг багцыг судлахад мөн хариулахад туслах нэг эсвэл хэд хэдэн үг хэллэгийг ашиглан хуваалцахад тэднийг урь. Хэлэлцүүлгийг өөрөө хөтлөн явуул эсвэл өөр суралцагчаар хөтлүүл.

  • Миний дуртай шүлэг бол…

  • Гүн ойлголт өгсөн үг хэллэг бол…

  • Үүнээс авах сургамж бол…

  • Миний олсон зарчим бол…

  • Сонирхолтой, ойлгомжгүй санагдсан үг бол…

  • Өсвөр үеийнхэн үүнээс мэдвэл зохих зүйл бол…

  • Үнэнээс үнэн гэдгийг нь мэдэх зүйл бол…

  • Миний сайн мэдэхгүй байгаа нэг зүйл бол…

  • Өнөөдөр үүний дагуу хийх ёстой гэж бодож байгаа нэг зүйл бол…

  • Аврагчийн тухай олж мэдсэн нэг зүйл маань бол…

Оролцогчийн карт

Тавьсан асуултуудад тань хариулахдаа суралцагчид үзүүлэх картуудыг тарааж өг. Суралцагчид хариултаа илэрхийлж эсвэл бодол санаагаа хуваалцаж, ярилцахад бэлэн гэдгээ картаа ашиглан мэдэгдэж болно. Жишээлбэл:

  • “Үнэн” бол ногоон, “Худал” бол улаан

  • Нэг талд нь “Бодож байна,” нөгөө талд нь “Хуваалцахад бэлэн”

  • Самбарт жагсаасан өөр өөр сонголтыг төлөөлсөн тоо эсвэл үсэг бүхий карт. Бүх суралцагч хариултынхаа дугаар эсвэл үсгийг харуулснаар та тэдний хариултыг харж, хариулах суралцагчийг сонгож болно.

  • Өөр өөр талдаа олон хариулттай карт (доорх жишээг үзнэ үү). Суралцагчдыг хариулахад урихад тэдний байрлал дээд талын голд байна. Дараа нь та эсвэл нэг суралцагч суралцагчдыг үзүүлсэн байрлал дээр нь тулгуурлан дуудаж болно.

Оролцооны карт

Жишээг эхлэх хэсэг

Суралцагчдад бүрэн бус жишээг өгөөд, уг жишээг илүү чухал, ач холбогдолтой болгохын тулд нарийн ширийн мэдээлэл нэмэхэд тэднийг урь. Жишээ нь та: “Амьдралдаа саад бэрхшээлтэй тулгарч байгаа Жюли гэдэг таны насны охины тухай жишээ зохиоё. Ямар саад бэрхшээл түүнд тулгарч байж болох вэ?” гэх мэтээр хэлж болох юм. Суралцагчдыг хуваалцаж байхад Жюлийг эсвэл таны сонгосон өөр нэртэй хүнийг бодит хүн болгох нарийн ширийн мэдээлэл санал болгохыг тэднээс хүс. Түүнчлэн та Жюлид байж болох гол асуулт зэрэг хэлэлцүүлэгт нөлөөлөх чухал мэдээллүүдийг нэмж болно.

Үүнээс гадна, та суралцагчдаар жишээг зохиолгуулж, цаасан дээр бичүүлж болно. Та тэдгээр жишээг хооронд нь солилцуулж, сурч мэдсэн зүйлээ ашиглан хариулахад суралцагчдыг урь.

Жишээний бичвэрийн хэлхээс

Ганц мессежээр эхэлсэн жишээ зохио, гэхдээ уг мессежийг бичих болсон нөхцөл байдлыг суралцагчдад хэлэх хэрэггүй. Та суралцагч бүрд дараахтай адил хоосон бичвэрийн загвар өгөөд, бичвэрийн хэлхээсийн талаар харилцан яриа үүсгэхэд тэднийг урьж болно.

Жишээний бичвэрийн хэлхээс

Хурдан нөхөрлөх

Хурдан нөхөрлөх

Суралцагчдыг бие биетэйгээ чөлөөтэй хуваалцдаг болгохын тулд эхлээд ангийнхантайгаа танилцахад нь тусал. Энэ үйл ажиллагаа нь суралцагчдад бие биетэйгээ танилцахаас гадна судрын талаар ямар нэгэн зүйл хуваалцахад тусална. Өөд өөдөөсөө харсан 2 эгнээ суудлуудтай байхаар зохион байгуулж, суралцагчдыг хамтрагчид болго. Дараа нь суралцагчдыг тухайн судрын хэсгийг тэмдэглээд, уг хэсгийн талаар таны бэлтгэсэн асуултад хариулахад урь. Өөд өөдөөсөө харсан хос бүрийг бие биеэ илүү сайн мэдэж авахад туслах таны бэлдсэн нөхөрлөлийн талаарх асуултад хариулахад урь. Суралцагчдыг хамтрагчаа солиод, үйл явцыг хэд хэдэн удаа давтаж, давтах болгондоо өөр өөр асуулт, судрын хэсгийг ашиглахад урь. Суралцагчдыг хүн бүртэй хамтрагч болгон тойруулж ажиллуулахын тулд булангийн сандалд сууж байгаа суралцагч байраа солихгүй.

Цаас наах самбар

Цаас наах самбар

Суралцагчдын хариулах хэдэн асуултыг эсвэл санаа бодлоо хуваалцах судрын шүлгүүдийг самбарт тавь. Суралцагч бүр наадаг цаасан дээр нэрээ бичээд, хариулахад бэлэн асуулт эсвэл шүлэг бүрийнхээ хажууд тавина.

Өөр хувилбар: Өнгө нь суралцагчдын юу хуваалцахыг хүсэж байгааг, өөрөөр хэлбэл ойлголт, асуулт, холбогдох эшлэл гэх мэтийг илэрхийлж болно.

Зураг авах

Суралцагчдыг зарчим эсвэл сургаалыг заахад тусалж болох ангид байгаа ямар нэгэн зүйлийг эсвэл утсан дээрх зургаа сонгоход урь. Тухайн эд зүйлс эсвэл зургаа ашиглан хэрхэн хэн нэгэнд сурч мэдсэн зүйлээ зааж болох талаар хуваалцахад тэднийг урь.

Хуваалцахаасаа өмнө бичих

Суралцагчдыг чанга хариулахад урихаасаа өмнө чухал асуултуудын хариултаа судлах тэмдэглэлдээ бичих цаг гаргаж өг.

4. Сурч мэдсэн зүйлээ дүрслэх

Хичээлүүд нь ихэвчлэн сурч мэдсэн зүйлийг нь дүрсэлсэн ямар нэг зүйл хийхэд суралцагчдыг урьдаг. Үүнд бүтээлч байдлаар хандаж болно. Дараах үйл ажиллагаанууд ийн үйлдэхэд суралцагчдад туслах хэдэн арга зам юм. Үүнд:

Үгийн эхний үсгээр эхэлсэн шүлэг

Нэр, байршил эсвэл сургаалын үсгүүдийг ашиглан, ангид сурсан зүйлээ илэрхийлсэн шүлэг зохио. Жишээлбэл: Суралцагч итгэл гэдэг үгийн үсгийг ашиглан дараах байдлаар шүлэг бичиж болно.

И – Их Эзэн Есүс Христийн үлгэр жишээг дагах

Т – Түүнчлэн Ариун Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх

Г – Гарч буй асуулт, асуудлуудаа залбиралдаа оруулах

Э – Эцэгийн бошиглогчид итгэх

Л – Лавтайя өгнө хэмээн Түүний амласан адислалуудыг хүлээн авна гэж найдах.

Аппликэйшн бүтээх

Аппликэйшн бүтээх

Суралцагчид цаасан дээр өөрсдийн аппликэйшны загварыг гаргана. Уг аппликэйшн нь судалсан судруудад заасан үнэнийг танилцуулж болох ба хэн нэгэнд үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагаа, зураг, судар, эшлэлүүдийг багтаасан байж болно.

Хиасмус буюу эсрэг параллелизм

Хиасмус гэдэг нь өгүүлбэр, догол мөр эсвэл бичвэрийн хоёр дахь хэсэг нь эхний хэсгийнхээ эсрэг дарааллаар ордог ярианы хэлбэр юм. Үндсэн захиас нь дунд нь байдаг (Алма 36-г жишээ болгон үзнэ үү). Суралцагчдыг судалж байгаа зүйлээрээ хиасмус зохиоход урь. Суралцагчид тодоор бичсэн үнэнийг голд нь байрлуулаад, дээр, доор нь үүнийг дэмжсэн судар, бошиглолын мэдэгдэлтэй мөрүүдийг нэмнэ. Энэ нь дараахтай адил харагдаж болох юм.

А – Суралцагчид үнэний тухай эсвэл түүнтэй холбоотой туршлагынхаа талаар юу гэж боддог

Б – Суралцагчид уг үнэний талаар юу ойлгосон

C – сайн мэдээний үнэн буюу зарчим

C – сайн мэдээний үнэн буюу зарчим

Б – Үнэний тухай нэмэлт ойлголт

А – Суралцагчдын үнэнтэй холбоотой нэмэлт туршлага мөн энэ талаар ямар бодолтой байгаа

Зурган өгүүллэг судлах

Зурган өгүүллэг судлах

Суралцагчдад зурган өгүүллэгийн хоосон загварыг өг эсвэл цаасан дээр загварыг нь гарга. Суралцагчид судрын багцыг уншаад, уг багцын түүхийн үйл явдлыг дүрсэлсэн зурган өгүүллэг зохионо. Хамгийн сүүлийн хайрцгийг ашиглан тухайн түүхээс сурч мэдэх хамгийн үнэ цэнтэй, үнэн гэж бодож байгаа зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэд зурган өгүүллэгээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эсвэл тэд энэ үйл ажиллагааг ашиглан орчин үед тухайн үнэн эсвэл зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа харуулж болно.

Хичээлийн тойм гаргах

Хичээлийн тойм гаргах

Суралцагчдад зориулан богино хичээл, үг, захиас эсвэл судрын хэсгийг хуваалцахад бэлтгэхдээ ашиглаж болох тойм гарга. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэх тоймын хоосон загварыг суралцагчдад өгч болно. Та тэдэнд хайрцаг бүрд өөр өөр мэдээлэл оруулахыг зааварлаж болох юм. Жишээлбэл: Суралцагчид эхний хайрцагт гарчиг, дараагийнхад түлхүүр шүлгүүдийн товч хураангуй, гурван урт хайрцагт жишээ эсвэл хувийн түүхүүд, сүүлчийн хайрцагт гэрчлэл зэргийг бичиж болно.

Товхимол бүтээх

Товхимол бүтээх

Суралцагч бүрд цаас өгч, гурав хуваан нугалахыг хүс. Суралцагчид тодорхойлсон зарчим эсвэл сургаалыг нь тусгасан нүүр хуудас бүтээж болно. Тэд сурч байгаа зүйлээрээ дэд гарчиг, нарийн ширийн мэдээлэл оруулж, дараа дараагийн хуудсыг бүтээж болно. Та тэднийг товхимлынхоо арын хэсэгт зай үлдээж, хичээлийн үеэр тавих зорилго, төлөвлөгөөгөө бичихэд урьж болно.

Ангиллаар будах

Судрын багцын хуудсыг хэвлээд, судруудыг тэмдэглэх өнгийн харандаанууд өг. “Амлагдсан адислал,” “Итгэлийн үйлдэл,” “Зарлиг” зэрэг ангиллуудыг тодорхойл. Ангилал бүрд өөр өөр өнгө оноож болно. Шүлгүүдийг судлаад, олсон ангиллынхаа өнгөөр тэмдэглэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас юу тэмдэглэж авч, юу сурч мэдсэнээ хуваалцахад урь.

Төлөвлөгөөгөө үнэлж дүгнэх

Төлөвлөгөөгөө үнэлж дүгнэх

Та төлөвлөгөөгөө үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах график зохион байгуулагчийг ашиглаж болно. Суралцагчид графикийн хэсэг бүрийн асуултуудад хариулна.

Урсгалын диаграмм

Суралцагчид хичээл дэх өөр шийдвэр эсвэл ойлголтуудын хоорондох уялдаа холбоог харуулсан диаграмм гаргаж болно. Жишээлбэл: Та Есүс Христэд итгэж, найдах нь юунд хүргэдгийг харуулахын тулд дараахтай адил диаграммыг ашиглаж болно.

Урсгалын диаграмм

Гараараа барьж босгох

Суралцагчдад судалсан зүйлийг нь дүрсэлсэн ямар нэг зүйлийг бүтээхэд хэрэглэх шоо эсвэл баримлын шавар гэх мэт материал өг. Жишээлбэл: Суралцагчид ахмад Моронайн хүмүүстээ барихыг тушаасан бэхлэлтийг шоо ашиглан дүрсэлж болно (Aлма 48:7–9-ийг үзнэ үү). Суралцагчид шоо бүрийг сүнслэг байдлын хувьд бэлтгэх Сатаны дайралтыг сөрөн зогсоход туслах арга замуудаар нэрлэж болно.

Зургийн эвлүүлэг

Зургийн эвлүүлэг

Суралцагчид тухайн үнэнтэй холбоотой зургийг гар утаснаасаа эсвэл Gospel Library-аас олж болно. Тэд дижитал эвлүүлэг бүтээж, ангидаа хуваалцаж болно.

Мэдэх – бодох – сурах

Суралцагчид цаасыг гурван баганад хуваана. Эхний баганад тэд тухайн сэдвээр аль хэдийн мэддэг зүйлээ бичнэ. Дараагийнхад нь мэдэхийг хүсэж байгаа зүйлээ бичнэ. Гурав дахь баганыг суралцагчид сурч мэдсэн зүйлээрээ хичээлийн туршид болон дараа нь дүүргэсэн байна. Хичээлийн үеэр тэднийг судлахад нь тусалсан эсвэл үзэл бодолд нь нөлөөлсөн зүйлээ тодорхойлоход урьж болох юм.

Ирээдүйн өөртөө зориулсан захидал

Суралцагчид тодорхой цаг үед (номлолд байхад, гэрлэхдээ, анхны хүүхдээ төрүүлэхэд) нээж унших захидал бичиж болно. Өөр нэгэн хувилбар бол суралцагчдаар ирээдүйн гэр бүлийнхэндээ зориулан захидал бичүүлж болно. Эсвэл тэд семинарт суух ирээдүйн суралцагчдад захидал бичиж, өөрсдийн сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсийг тайлбарлаж болно.

Мийм хийх

Мийм хийх

Суралцагч бүр судалж буй зүйлээсээ зарчмаа олж тодорхойлон, зарчмыг илэрхийлсэн анхаарал татсан үг хэллэгийг зохионо. Мөн уг зарчмыг дүрсэлсэн зураг зурахыг тэднээс хүс. Тэднийг зурагтаа судрын эшлэл оруулсан байхад анхаар. Миймээ хуваалцаж, тайлбарлахыг тэднээс хүс. Та сүүлд гарсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн зарим жишээг үзүүлж болно.

“Явж мөн хийх” төлөвлөгөө гаргах

Явж мөн хий
Замын зураглал

Суралцагчид хичээлийн явцад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ дагуу үр дүнтэй, зөв шударга үйлдэх төлөвлөгөө гаргаж болно. Үүний тулд та тэднээс юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлж, төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх тодорхой алхмуудаа гаргахыг хүсэж болох юм. Ингэхийн тулд тулгарч болох саад бэрхшээлүүдээ, мөн тэдгээр саад бэрхшээлийг даван туулах тодорхой алхмуудаа тодорхойлж болно. Суралцагчдыг төлөвлөгөөгөө гаргахдаа үүнийгээ жижиг алхмуудад хуваахад урамшуулан дэмж. Өдөр бүр хийдэг зүйлсээ бага багаар өөрчлөх нь илүү олон удаа амжилт гаргахад нь тусалдаг.

“Шийдвэрийн мод” төлөвлөгөө гаргах

Шийдвэрийн мод

Суралцагчид өөр өөр шийдвэрийн ашиг тус, хор уршгийг жагсаан бичих замаар сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхэд туслах шийдвэрийн модыг ашиглаж болно. Тэд сайн мэдээний зарчмын тухай нэг асуултаар эхлээд, ашиг тус, хор уршгийг жагсааж бичсэнийхээ дараа уг шийдвэрийг гаргах сонголтоо дүгнэн үнэлж болох юм. Төлөвлөгөөн дэх асуулт, шийдвэр бүрд тусад нь мод үүсгэ.

Жишээлбэл: Судар судлах төлөвлөгөө гарга.

Асуултууд:

  1. Би хэзээ судар судлах вэ? (Шийдвэр гаргах нэг мод хий.)

  2. Би хаана судар судлах вэ? (Өөр шийдвэрийн мод хий.)

  3. Би хэр удаан судар судлах вэ? (Гурав дахь шийдвэрийн модыг хий.)

Үйл явцын төгсгөлд гурван шийдвэр хамтдаа хүрэх тодорхой алхмууд бүхий төлөвлөгөө юм уу зорилго болно.

Дууллын шинэ бадаг

Суралцагчид хичээл дээр судалсан үнэний тухай нэг дууллыг сонгож болно. Сурсан зүйл дээрээ суурилан дууллын шинэ бадаг зохиоход тэднийг урь. Ангийнхан үзүүлж толилуулах, дуулах хэдэн шинэ шүлгийг сонгож болно.

Төсөлд суурилсан суралцахуй

Суралцагчид дараа дараагийн хичээл/долоо хоногт агуулгыг нэмэх олон хичээлт төсөл боловсруулж болно. Энэ нь шүлэг, дуулал, видео, уран зургийн төсөл эсвэл дараа дараагийн хичээл дээр бүтээх бүтээлч зохиомж байж болно.

Төгсгөлийг өөрчлөн бичих

Суралцагчдыг судрын түүхэд эсвэл өөрийн хуваалцах түүхэд гардаг хүн илүү сайн байгаагаар/өөр шийдвэр гаргаж байгаагаар өөрчилж бичихэд урь.

Жор

Жор

Суралцагчид сурч мэдсэн зүйлээ ашиглан жор зохионо. Та эхлээд орц, хэмжээ, заавар бүхий жорын жишээг тэдэнд үзүүлж болно. Дараа нь сурч байгаа зүйлээ уг загварын дагуу эмхлэн цэгцлэхэд суралцагчдад тусал. Тэд жороо “Хэрхэн хүчирхэг номлогч байх вэ?” эсвэл “Судар судлах үйл явцаа илүү үр дүнтэй болгох арга зам” гэж нэрлээд, дараа нь судар, эшлэлүүдийг ашиглан нэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь юу болох талаар өөрсдийн бодлыг оруулж болно. Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд 76-д суралцагчид селестиел хүн болох орц, хэмжээ, зааврыг жагсаан бичиж болно. Жороо зохиохдоо бүтээлч байхад тэднийг урамшуул. Тэд жорын эцсийн бүтээгдэхүүнийг дүрсэлсэн зураг зурж болно.

Жүжигчлэн үзүүлэх

Суралцагчид жишээг жүжигчлэн үзүүлнэ. Ийн жүжигчлэн үзүүлэх олон арга зам бий. Та суралцагчдыг самбарын өмнө сайн дураараа гарч ирэн жишээг жүжигчлэн үзүүлэхэд урьж болно. Тэд мөн хос хосоороо эсвэл жижиг бүлгүүд болон үзүүлж болно. Эсвэл асуух юмтай байгаа хүний дүрд орж тоглон, асуулт юм уу асуудлын шийдлийг ангийнхнаар олуулж болно.

Богино хэмжээний видео

Богино видео бүтээх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урь. Тэд видеоны зохиолын эхийг зохиож, хичээлээс сурсан зүйлээ хэрхэн тайлбарлах, үзүүлэхээ шийдэж болно. Боломжтой бол суралцагчид видео бүтээж, ангидаа үзүүлж болно.

Сошиал медиагаар мэдээлэл хүргэх

Сошиал медиагаар мэдээлэл хүргэх

Суралцагчдыг ангид ярилцсан зарчмуудтай холбоотой хувийн итгэл үнэмшил эсвэл туршлагаасаа хуваалцсан мэдээллийг сошиал медиа дээр тавихад урь. Энэ нь онлайн дээр тавьсан мэдээлэл эсвэл судлах тэмдэглэлдээ бичсэн ямар нэгэн зүйл байж болно. Эсвэл ангид судалсан зүйлтэйгээ холбоотой асуултыг тавихад авсан мэдлэгээ ашиглан хариултаа цогцлоон гаргаж байна гэж бод. Эсвэл суралцагчид саяхан сошиал медиагаар өгсөн Сүмийн удирдагчийн мэдээллийг судлаад, хариу эсвэл урам хайрласан үг бичиж болно. Сошиал медиагаар утга учиртай мэдээлэл өгөхөд суралцагчдад туслах нийтлэлийг уншихыг хүсвэл “Social Media: Power to Change Lives” өгүүллийг 2022 оны 4-р сарын For the Strength of Youth сэтгүүлээс үзнэ үү.

Үзүүлэн

Үзүүлэн

Суралцагчдыг бүлгүүдэд хуваагаад судар, эшлэл, судлах бусад эх сурвалжийг ашиглан зурагт хуудас, ханын үзүүлэн хийхэд урь. Тэдний зурагт хуудас эсвэл үзүүлэнд түлхүүр шүлэг, судрын түүхээс хариултыг нь авч болох асуулт, мөнхийн үнэн, зураг гэх мэт зүйлс орсон байж болно. Суралцагчид ээлжлэн тойрч, бусад бүлгийн бүтээлийг үзэж болно.

Сүмийн сэтгүүлд нийтлэл бичих

Суралцагчид судалж мэдсэн зүйлээ мөн энэ нь дэлхий даяарх өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох талаар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Найз, Лиахона зэрэг сэтгүүлд нийтлэл бичиж байгаагаар төсөөлж болно. Та жишээ болгон нэг нийтлэл үзүүлж болох юм. Суралцагчдыг зураг, хүснэгт, мэдээллийн график нэмж оруулахад урамшуулан дэмж.