Хөтөлбөрийн сургалт
Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт


“Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

Зураг
суралцаж буй эмэгтэй

Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт

Есүс Христийн сайн мэдээг заахад үр дүнтэй бэлдэх олон арга зам бий. Энэхүү бэлтгэлд Бурханы үгийг залбирч судлах, зааж буй хүмүүстээ Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд нь хэрхэн туслах нь хамгийн сайн үр дүнд хүргэхийг мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг нь ямагт багтдаг.

Семинарын хөтөлбөр нь хичээлээ бэлдэхэд тань таныг удирдан чиглүүлж, үнэн сургаалыг заахад туслах итгэж болох эх сурвалж юм. Та энэ эх сурвалжийг ашиглахдаа эхлээд сургалтын хөтөлбөрт орсон зүйлсийг өөрийн болгохыг эрэлхийлж, дараа нь сургалтын хөтөлбөрийн санаануудыг хаана нь өөрчлөх хэрэгтэйг ойлгохын тулд суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг болон Ариун Сүнсний удирдамжийг тооцож үзээрэй.

Семинарын хичээлд бэлдэхийн тулд сургалтын хөтөлбөрийг ашиглах талаар Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг бодож үз.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид эхлээд өөрийн болгоод, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, тохируулан өөрчилж чадна. Гэвч биднийг энэхүү уян хатан байдлын тухай ярих үед өөрийн болгохын оронд шууд тохируулан өөрчлөх уруу таталт гарч ирдэг. Үүнийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал юм. Тиймээс эхлээд өөрсдийн болгоод, дараа нь тохируулан өөрчлөх нь зөв арга юм. (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Яагаад хичээлийг тохируулан өөрчлөхөөсөө өмнө сургалтын хөтөлбөр дэх зүйлсийг өөрийн болгох нь чухал гэж та бодож байна вэ?

Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох

Шашны институт, семинарын зорилго бол “өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христэд мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд нь туслах явдал” юм. Энэхүү зорилго нь суралцагчдын хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд туслах талаар ийн тусгасан байдаг. Үүнд:

Бид сургалцах туршлага бүрийг Есүс Христ, Түүний үлгэр жишээ, зан чанар, гэтэлгэх хүч зэрэг дээр төвлөрүүлэн явуулдаг. Бид суралцагчдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг бошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар нь суралцахад тусалдаг. Бид суралцагчдад суралцах үүргээ гүйцэтгэхэд нь тусалдаг. Бид сургалт бүрдээ Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхийг урьдаг.

Ийм суралцах туршлагыг өгөхөд тань туслах зорилгоор семинарын хөтөлбөрийг нарийн нямбай боловсруулан гаргасан. Хичээл бүр (Христэд төвлөрсөн) суралцах туршлагыг Есүс Христ дээр төвлөрүүлж, суралцагчдыг судруудаас болон (сударт суурилсан) бошиглогчдын үгсээс сайн мэдээг суралцахад нь туслан дэмжиж, (суралцагч төвтэй) суралцах туршлагад өөрийн гүйцэтгэх үүргийг биелүүлэх боломжийг тэдэнд олгоход төвлөрдөг. Зорилгын энэ гурван чухал хэсгийг нэгтгэснээр бид Ариун Сүнсийг суралцах үйл явцад үүргээ биелүүлэхийг урьдаг. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага нь “Сүнс бол жинхэнэ багш бөгөөд хөрвөлтийн үнэн эх сурвалж” болохыг онцолдог. Зөвхөн Сүнс оршин байж л Аврагчид гүн гүнзгий хөрвөх явц бодитоор тохиодог.

Зураг
Сүнсээр удирдуулсан суралцах үйл явцын график

Энэхүү бүдүүвч зураг нь Ариун Сүнсийг үүргээ биелүүлэхийг урьдаг, Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй үйл явцыг харуулж байна. Шар нь аль суралцах үйл явц Ариун Сүнсийг илүү ихээр урьдгийг харуулна. Уг бүдүүвч зургийн голд, Сүнс ямар үед суралцах үйл явцыг удирдан чиглүүлж буйг, мөн суралцагчид ямар үед Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж байгааг харуулсан байна. Бид семинарын хөтөлбөрийг өөрийн болгосноор суралцагчдын семинарын ангидаа Сүнсээр удирдуулсан суралцах туршлага олж авах магадлалыг нэмэгдүүлнэ. Танд дараах байдлаар дэмжлэг үзүүлэхийн тулд семинарын хөтөлбөрийг нарийн няхуур хянаж, илүү уялдуулан холбосон болно. Үүнд:

  • Сургаалын үнэн зөв байлгах

  • Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн зорилгыг тусгах

  • Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь Христийн адил заах зарчмуудыг хэрэгжүүлэхдээ аль алийг нь орхигдуулахгүй байх

  • Суралцах үйл явцад сурч байгаа зүйлээ хуваалцах, мөн харуулах боломжийг суралцагчдад олгох гэх мэт.

  • Олон төрлийн заах арга барил ашигла.

Хичээл бэлдэж байх явцад олон чухал зүйлийг авч үзвэл зохино. Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох нь юуг хэрхэн заах чиглэлийг танд өгнө. Энэ нь мөн сургаалын бат бөх сууриас хазаахгүй байхад тусална.

Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох зарим арга замыг доор өгөв. Үүнд:

  • Хичээлийн зорилгыг анхааралтай унш. Энэ нь тойм материалд мөн хичээл бүрийн удиртгал хэсгийн сүүлийн өгүүлбэрт бий. Бүх агуулга, үйл ажиллагаа зэрэг нь энэ зорилго болон сургалтын зорилтот үр дүнтэй нийцдэг.

  • Хичээлийг бүрэн унш. Суралцагчдын унших сонгож авсан судар, тодруулсан үнэн, эшлэл, үйл ажиллагаа зэрэг нь хэрхэн хичээлийн зорилготой нийцэж, Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй туршлагыг өгөхийг бодож үз. Хичээлийн төгсгөлд хийх, суралцагчдад хичээлийн зорилгыг тайлбарлан үзүүлэх боломж олгох суралцах үйл ажиллагаанд сайн анхаарал хандуул.

  • Та өөрийгөө суралцагчдын оронд тавьж, асуултад хариулж, үйл ажиллагааг хийж үз. Энэ нь танд Сүнсээр суралцах боломж олгож, ангидаа сэнхэрсэн буюу урам зориг дүүрэн орж, суралцагчдадаа мөн адил туршлага өгөхөд илүү сайн бэлтгэгдсэн байхад тусална.

  • Хичээлийн хөтөлбөр дэх бүх төрлийн хичээлийг таны хувьд шинэ байсан ч ойлгон, заахыг эрэлхийл. (Судар судлах, Төгс эзэмших сургаалын дадлага, Суралцахуйгаа үнэлэх, Амьдралд бэлтгэх гэх зэрэг өөр өөр төрлийн хичээл байна.) Эдгээр суралцах туршлага бүр суралцагчдын Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг өөрийн гэсэн өвөрмөц арга замаар гүнзгийрүүлдэг.

Ялангуяа Амьдралд бэлтгэх хичээлийн хувьд сургалтын хөтөлбөрт байгаа зүйлийг өөрийн болгох нь нэн чухал байж болох юм. Эдгээр хичээл нь суралцагчдын амьдралд хамаатай хэд хэдэн чухал сэдэв дээр төвлөрдөг. Тэдгээрийг Сүмийн өөр өөр хэлтсийн мөн бусад сэдвийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. Зарим багш Амьдралд бэлтгэх хичээлийн тодорхой нэг сэдвийг заахад өөрийгөө бэлэн биш гэж бодож байхад зарим сэдвээр өргөн мэдлэгтэй байж болох юм. Аль ч тохиолдолд багш нар тухайн сэдвийг тохируулан өөрчлөхийн өмнө өөрийн болгох нь зүйтэй. (Алварэз ах, Сато эгч хоёрын доорх жишээг үзнэ үү.)

Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох жишээ

Алварэз ах бол Амьдралд бэлтгэх хичээлийн зарим сэдвийг заахад өөрийгөө бэлэн биш гэж үзэж байгаа багш юм.

Тэр Сүмийн хөрвөгч бөгөөд бүрэн цагийн номлолд үйлчлээгүй. Тэрээр өөрийгөө номлолд үйлчлээгүй учир номлогчийн бэлтгэлийн талаар заах ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд Амьдралд бэлтгэх хичээлийн Номлогчийг бэлтгэх гэсэн сэдвийг алгасах талаар бодсон аж. Гэсэн ч тэр тухайн хичээлийг судалж эхэлснээр сайн мэдээг хуваалцахын төгс үлгэр жишээ бол Христ юм гэдэг дээр төвлөрсөн байгааг мөн өөрийн туршлагад тулгуурлах хэрэггүй болохыг олж мэдэв. Тэдгээрт Их Эзэний номлогчийн хувиар үйлчлэхэд өөрсдийгөө бэлдэхэд суралцагчдад нь туслах гүн ойлголт өгөх судар, сонирхолтой үйл ажиллагаанууд орсон байв. Өөрийн гэсэн туршлага өөрт нь байхгүй ч сургалтын хөтөлбөрийн хичээлүүд суралцагчдад нь гайхалтай туршлага олж авахад тусална гэдгийг ухааран ойлгожээ.

Сато эгч бол Амьдралд бэлтгэх хичээлийн зарим сэдвээр өргөн мэдлэгтэй багш юм.

Тэр Амьдралд бэлтгэх хичээлийн санхүүгээ зохицуулах сэдвээр заахаар бэлдэж байв. Тэрээр санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн бөгөөд семинарын ангийнхандаа өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцахыг сэтгэл догдлон хүлээж байлаа. Сургалтын хөтөлбөрийг залбиран судалснаар Сато эгч сургалтын материал нь энгийн бөгөөд Есүс Христэд болон судруудад онцлон анхаарсан байгааг анзаарчээ. Тухайн хичээлийг сургалтын хөтөлбөрт байгаагаар нь заах нь суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, амьдралынх нь энэ цаг мөчид зохицсон санхүүгийн суурь зарчмуудыг заахад тусална гэж шийдсэн аж. Сато эгч санхүүгийн ахисан түвшний зарчмуудыг заахын оронд сургалтын хөтөлбөрөөс хазайхгүй байхаар шийджээ.

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөх

Семинарын багшийн хувьд та суралцагчдадаа Есүс Христэд ирэхэд нь туслах онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Суралцагчидтайгаа тогтмол харилцаатай байснаар та тэднийг илүү сайн таньж мэдэн, хайрлах болно. Суралцагчдаа таньж мэдэн, хайрлах нь сургалтын хөтөлбөртөө хэзээ, хэрхэн өөрчлөлт оруулах, Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авах зэрэг таны чадварыг нэмэгдүүлнэ. Хичээлийн хөтөлбөрийг ашиглан хичээлээ бэлдэхдээ залбирлаар эхэл. Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан суралцагчдын тань хэрэгцээ, чадварт илүү сайн тохирсон өөрчлөлтийг хичээлийн агуулгадаа оруулахыг мэдүүлнэ.

Дараах шалтгаанаар хичээлийг тохируулан өөрчилнө. Үүнд:

  • Суралцагчдын одоо байгаа асуудал, асуултад нь туслах (Жөүнс ахын жишээг үзнэ үү.)

  • Хичээлийн аль нэг хэсгийг суралцагчдынхаа хэрэгцээ, чадвар, соёл, боломжит эх сурвалж зэрэгт тулгуурлан тааруулах (Дүбэй эгч, Рэйэс ах Родригэз эгч нарын жишээг үзнэ үү.)

  • Сүмийн удирдагчдын сүүлд хийсэн мэдэгдэл, өгсөн удирдамж заавар эсвэл эх сурвалжийг ашиглах (Шмит эгчийн жишээг үзнэ үү.)

  • Тухайн хичээлийн хэсгийг илүү үр дүнтэй заах арга замыг хайж олох Жишээлбэл: Суралцагчдын бодол санаа, зүрх сэтгэлийг суралцахад бэлтгэх эсвэл судрын түүхийг харуулсан видеог үзүүлэхийн оронд уг түүхийг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих байдлаар үзүүлэн хичээлийг өөрчлөх гэх зэрэг байж болно. (Ли ахын жишээг үзнэ үү.)

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөхийн өмнө дараахтай ижил асуултуудыг өөрөөсөө асуу. Үүнд:

  • Миний оруулсан өөрчлөлт Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй суралцах туршлагыг олгох уу?

  • Миний оруулсан өөрчлөлт Ариун Сүнсний удирдамж, мөн Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь Христийн адил заах зарчмуудтай нийцэж байна уу?

  • Өөрчлөлт нь зохиогчийн сүнслэгээр өдөөгдсөн зорилгыг тусгаж байна уу?

  • Өөрчлөлт нь хөрвүүлэх зарчмууд дээр төвлөрч байна уу?

  • Миний оруулсан өөрчлөлт суралцагчдад заах дараагийн хичээл, үнэлгээний туршлагад нь хэрхэн нөлөөлж болохыг би ойлгож байгаа юу?

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчилсөн жишээнүүд

Жөүнс ах—Хойшлуулшгүй, цаг алдахгүй шийдвэл зохих асуудал дээр үндэслэн хичээлдээ өөрчлөлт оруулах.

Жөүнс ах ирэх даваа гараг орох Судар судлах хичээлдээ ерөнхий чуулган болох амралтын өдрүүдээс өмнө, баасан гарагт хичээнгүйлэн бэлджээ. Өөрийнх нь заадаг бүсэд шинэ ариун сүм баригдана хэмээн бошиглогчийн зарлахыг сонсох нь түүнд гайхалтай байв. Суралцагчид нь ангидаа ирэхдээ ариун сүмийн тухай сэтгэл нь хөдлөн ярина мөн олон хүн энэ талаар асууна гэдгийг тэр мэдэж байв.

Жөүнс ах даваа гарагт Судар судлах хичээлийн оронд сургалтын хөтөлбөр дэх Амьдралд бэлтгэх хэсгийн Ариун сүмийн бэлтгэл гэсэн хичээлийг заа гэсэн Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэн хичээл хуваарилах удирдамждаа өөрчлөлт оруулав.

Рэйэс ах—Суралцагчдынхаа чадварт үндэслэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах

Судалж байх үедээ Рэйэс ах хичээл нь ихэвчлэн суралцагчид хоорондоо хэлэлцэх хэлэлцүүлэг хэлбэрээр явагдахыг анзаарчээ. Рэйэс ах суралцагчид ихэнхдээ чимээгүй суудаг бөгөөд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдоггүйг олж харсан байв. Гэхдээ тэд тэмдэглэл дээрээ бичих үнэхээр дуртай байлаа. Хэлэлцүүлэг хийхийн оронд тэр хөтөлбөрийн хоёр асуултыг самбар дээр бичээд, суралцагчдыг хариултаа бичихэд урихаар шийдэв. Тэрээр бичсэн зүйлээ хуваалцахыг хүссэн суралцагчдад боломж олгохоор төлөвлөжээ.

Родригэз эгч—Нутгийн соёлд тулгуурлан хичээлдээ өөрчлөлт оруулах

Родригэз эгч Есүсийн ээж Мариагийн тухай дурдсан судрын эшлэлүүд орсон хичээлийг заахаар бэлдэж байгаа аж. Түүний амьдардаг газрынхан Мариаг ихэд хүндэлдэг ба энэ талаарх итгэл үнэмшил нь биднийхээс өөр байв. Тэр тусмаа Есүс Христийн эх учраас Мариаг олон хүн бишрэн шүтдэг аж. Родригэз эгч сургалтын хөтөлбөрөөс хичээлийг судалж байхдаа судрууд, мөн Сүмийн удирдагчид Мариагийн талаар юу заасныг ойлгоход нь суралцагчдад туслах тохиромжтой хэсгийг хайв. Тиймээс тэр сургалтын хөтөлбөрт багтсан хичээлээс гадна дараах хоёр асуултыг нэмж, хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийджээ.

Алма 7:10 нь Мариагийн тухай юуг ойлгоход бидэнд тусалдаг вэ? Бид Мариаг болон судрууд дахь бусад итгэлтэй шавь нарыг хүндэлж, хайрладаг ч яагаад зөвхөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширдгийг ойлгоход Алма 7:11–13 хэрхэн тусалж байна вэ?

Дүбэй эгч—Байгаа эх сурвалжууд дээр тулгуурлан хичээлээ тохируулан өөрчлөх

Дүбэй эгч хичээлээ бэлдэж байхдаа урилгуудын нэг нь өвөг дээдсээ FamilySearch.org дээрээс эрж хайхад суралцагчдыг урьсан байхыг анзаарчээ. Ихэнх суралцагч нь интернэт ашиглах боломжгүй гэдгийг тэр мэдэж байв. Тэр уг урилгыг суралцагчид гэр бүлийн хүснэгтээ бөглөж эхлэн, гэр бүлийнхээ бусад гишүүний нэрсийг хэрхэн судалж олж болох талаар тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхтэй ярилцах урилга болгон ухаалгаар өөрчилжээ.

Шмит эгч—Сүмийн удирдагчдын сүүлийн үеийн мэдэгдлийг ашиглахаар болгон хичээлээ өөрчлөх

Хичээлээ бэлдэх үеэр тэр дараагийн өдөр нь заах хичээлээ уншиж байлаа. Хичээлд орсон Сүмийн нэг удирдагчийн мэдэгдлийг уншиж байхдаа тэр ижил утгатай өөрийн саяхан уншсан нэгэн мэдэгдлийг санав. Тэр хувиараа суралцахдаа уг захиасыг судалсан байсан тул тод санаж байжээ. Тиймээс тэр хөтөлбөр дэх мэдэгдлийн оронд сүүлийн үеийн мэдэгдлийг хичээлдээ ашиглахаар шийдэв.

Ли ах—Зорилгод илүү үр дүнтэй хүрэхийн тулд суралцах үйл ажиллагааг тохируулан өөрчлөх

Ли ах хөтөлбөрөөс хичээл заахаар бэлдэж байхдаа ангид хөл бөмбөгийн бөмбөг авчрах зөвлөмжийг уншжээ. Уг үзүүлэн хичээлийн зорилго нь суралцагчид хөл бөмбөгийн түүхийг илүү сайн мэдэх нь үүний үнэ цэнийг олж харахад өөрсдөд нь тусална гэдгийг ойлгов.

Суралцагчдыг энэ зорилгоо хамгийн үр дүнтэй биелүүлээсэй гэж хүссэн учраас тэр тэдэнд хамгийн тохирохуйц, ангидаа авчирч болох зүйлийн талаар нэг хормын турш тунгаан боджээ. Ингээд тэрээр энгийн нэг хүзүүний зүүлт авч ирээд хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийдэв. Суралцагчдыг хүзүүний зүүлтийг хэр үнэ цэнтэй гэж бодож байгаагаа хуваалцсаны дараа, тэрээр зүүлтийг хэн хийсэн талаар болон зүүлтийн түүхийг мэдэх нь яагаад үүнийг бусдаас хавьгүй үнэ цэнтэй болгодгийг хуваалцахаар болов.

Өөрийн болгох, тохируулан өөрчлөх зөвлөмж

Сургалтын хөтөлбөр дэх аль ч материалыг тохируулан өөрчилж болох ч дараах бүдүүвч зураг хичээлийн зарим хэсгийг бусад хэсэгтэй харьцуулахад хэрхэн тохируулан өөрчлөхөд илүү тохиромжтой болохыг харуулсан болно.

Жишээлбэл: Хичээлийн зорилго, бүлэг судрын хам сэдэв, тодруулсан үнэн зэргийг өөрчлөхийн оронд хичээл хэрхэн эхлэх, тодруулсан үнэний талаарх ямар жишээг багш хуваалцаж болохыг өөрчлөх нь илүү тохиромжтой. Ихэнх тохиолдолд зүүн гар талд байрлах зүйлсийг өөрийн болгож, гар талд байрлах зүйлсийг тохируулан өөрчлөх боломжтой. Эдгээр нь зөвхөн зөвлөмж гэдгийг санаарай. Багш нар баруун гар талд байгаа бүх зүйлийг тохируулан өөрчлөх шаардлагагүйн адил зүүн гар талд байгаа бүх зүйлийг өөрийн болгох шаардлагагүй юм.

Зураг
Багш сургалтын хөтөлбөрийн графикийг хэрхэн өөрчилж болох вэ?

Дүгнэлт

Тэнгэрлэг Эцэг үгсийг нь залбиран судалж, Өөрийнх нь хөвгүүд охидыг адислахаар хичээлээ бэлдэх явцад тань Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлэх болно. Тэрээр танд сургалтын хөтөлбөрт тусгасан зүйлсийг хэрхэн өөрийн болгож, суралцагчдадаа илүү сайн туслахын тулд хэзээ тохируулан өөрчлөхийг мэдэхэд тусалж чадна.

Хэвлэх