“Төгс эзэмших сургаалын сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)
Төгс эзэмших сургаалын сургалт
Төгс эзэмших сургаалын оршил: Тэнгэрээс хариултуудыг эрэлхийлж, хүлээн авах загвар
Мормоны Номд Иаков Шерим гэх хүнтэй ярилцсан талаараа өгүүлдэг. Шерим бол мэдлэгтэй хүн байсан бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан дагуулж, “Христийн сургаалыг устга[хын]” тулд ихээхэн зусардалтыг, мөн ярих ихээхэн хүчийг хэрэглэж чадсан (Иаков 7:2–4-ийг үзнэ үү). Иаков Шерим “над дээр ирэх боломжийг ихэд эрэлхийлж байв. … Тэрээр миний итгэлийг гуйвуулахаар найдаж байв” (Иаков 7:3, 5) гэж тайлбарласан. Цааш нь “би гуйвуулагдаж чадахгүй бөлгөө” (Иаков 7:5) гэж Иаков тэмдэглэн үлдээжээ. Амьдралынхаа турш хичээнгүй байсан Иаковыг ямар ч асуулт, нөхцөл байдал Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр бат боссон сууринаас нь хөдөлгөж чадаагүй юм.
Өнөө үед Сүмийн өсвөр үеийнхэн итгэлээс нь ганхуулах олон хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарч байна. Төгс эзэмших сургаал бол суралцагчид эдгээр саад бэрхшээлд өөрсдийгөө бэлтгэх нэг арга зам юм. Суралцагчид төгс эзэмших сургаалыг өөрийн болгохын хэрээр Есүс Христэд итгэх итгэлээсээ хэзээ ч ганхахгүй бэлтгэгдсэн байна. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч M.Рассэлл Баллард төгс эзэмших сургаалын талаар семинар, институтийн багш нартай дараах зүйлийг хуваалцсан юм.
[Төгс эзэмших сургаал] нь суралцагчдыг Есүс Христэд итгэлтэй болгож, хүчирхэгжүүлж, улмаар сайн мэдээг амьдралдаа дагаж, хэрэгжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөх болно. …
Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөөлнө. Гэхдээ төгс эзэмших сургаал, СБС-ийн бусад бүх сургалтын хөтөлбөрийн амжилтын ихэнх хувь та нарын хичээл зүтгэлээс шалтгаална. (M. Russell Ballard, “The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century” [evening with a General Authority, Feb. 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Сургалтын хөтөлбөр дэх “Төгс эзэмших сургаал”
Төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэхэд нь суралцагчдад туслах зорилгоор багшийн гарын авлагад төгс эзэмших сургаалын хичээлийг үе үе оруулдаг. Дараах график нь төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнг дүрслэн үзүүлсэн болно. Нэмэлт мэдээллийг Сургаалыг судлах үндсэн материал дээрээс үзнэ үү.
Семинарын хөтөлбөр нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэхэд дараах гурван арга замаар тусалдаг. Үүнд:
-
Төгс эзэмших сургаалын болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын оршил хичээл
-
Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийн дагуу, агуулгын хүрээнд заасан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд.
-
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл
Уулчинд эгц хадан хавцлаас доош аюулгүй буухад тоног хэрэгсэл хэрэгтэй байдаг шиг эдгээр хичээл нь суралцагчдад хэцүү асуулт, нөхцөл байдлыг Есүс Христэд итгэх итгэлээр шийдвэрлэх чадвараар тоноглоно.
Төгс эзэмших сургаал болон сүнслэг мэдлэг олж авах хичээлийн оршил
Суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилгыг ойлгоход мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар суралцахад туслах зорилгоор боловсруулсан төгс эзэмших сургаалын таван хичээл бий.
-
Сүнслэг сууриа бэхжүүлэх нь: Төгс эзэмших сургаалын оршил Суралцагчдад төгс эзэмших сургаал гэж юу болох мөн төгс эзэмших сургаалыг эзэмшихэд туслах ямар хичээл орох талаарх ерөнхий ойлголтыг өгнө. Хэрэв олон оюутан семинарт шинээр элсэж байгаа бол хичээлийн жилийн эхэнд эсвэл жилийн дунд үед заах нь хамгийн үр дүнтэй юм.
-
Асуултууддаа хувийн илчлэл хүлээн авахыг эрэлхийлэх нь: Сүнслэг мэдлэг олж авах нь, 1-р хэсэг Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн Бурханаас удирдамж, илчлэл хүлээн авч болохыг ойлгоход суралцагчдад тусал. Хичээлийн жилийн эхэнд заах нь хамгийн тохиромжтой.
-
Хариултаа олохын тулд итгэлээр үйлдэх: Сүнслэг мэдлэг олж авах нь, 2-р хэсэг Асуултынхаа хариултыг эрэлхийлэхдээ хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болохыг ойлгоход суралцагчдад тусал. Хичээлийн жилийн эхэнд заах нь хамгийн тохиромжтой.
-
Сайн мэдээний сэдэв болон асуултуудыг мөнхийн талаас нь судлах: Сүнслэг мэдлэг олж авах нь, 3-р хэсэг Суралцагчдад ойлголт болон асуултуудыг мөнхийн талаас нь судлахдаа тэдгээрийг Есүс Христийн адилаар харахад нь тусал. Хичээлийн жилийн эхэнд заах нь хамгийн тохиромжтой.
-
Хариултаа олоход туслахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад хандах: Сүнслэг мэдлэг олж авах нь, 4-р хэсэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар өгсөн эх сурвалжуудаас үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусал. Хичээлийн жилийн эхэнд заах нь хамгийн тохиромжтой.
Агуулгын хүрээнд төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг заах
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг агуулсан судрын хэсгүүдээс хичээл заахдаа тухайн судрын хэсгийг онцлох арга замыг хай. Судрын хэсгийг агуулгынх нь хүрээнд зааж, зааж буй сургаалд нь төвлөр. Та төгс эзэмших сургаалын судрын хэсэг байгаа газарт энэ шигтгээ зураг байгааг олж харна. Судрын хэсгээ дараа нь олохын тулд хэсэг бүрийг тэмдэглэхийг суралцагчдыг урамшуулж болох юм.
2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал нь анги бүрд зориулсан төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийг агуулдаг. Семинар хичээллэх үеэр хичээл хуваарилах удирдамжид төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг агуулгаар нь авч үзэх хичээлүүд бүгд орохгүй учир суралцагчдад судрын 24 хэсгийг бүхэлд нь эргэн харахад нь туслах боломжийг гаргахад анхаар.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хичээл дээр үзэхдээ суралцагчдад тухайн сургаалыг мэдэж, ойлгоход нь туслах үүднээс төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заах сургаалыг судлахад хангалттай цаг гарга. Төгс эзэмших сургаалын судрын хэсэг орсон хичээл бүрд суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг тухайн хичээлийн хүрээнд цээжлэхэд туслах, мөн дараагийн хичээл дээр дахин давтах зөвлөмж багтсан байдаг. Суралцагчид судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхийн тулд тогтмол дадлага хийх хэрэгтэй. “Төгс эзэмших сургаалыг давтахад туслах санаанууд”-д та хэрхэн суралцагчдад эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тус болох зөвлөмж багтсан байдаг. Үүнийг семинарын багшийн гарын авлагын хавсралт хэсгээс харах боломжтой.
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл
Төгс эзэмших сургаалын дадлага хичээлийг ойролцоогоор 4-өөс 6 долоо хоног бүр хуваарьт тогтмол оруулна. Уг хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэх боломжийг олгодог. Төгс эзэмших сургаалын дадлага хичээл бүр хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-
Төгс эзэмших сургаалыг давтах
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалыг давтах
Төгс эзэмших сургаалыг давтах хэсэгт суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглан сургаалыг ойлгож, тайлбарлах, төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олох, түлхүүр үг хэллэгүүдийг цээжилж, заасан сургаалуудыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийнэ. Хэдийгээр эдгээр давтлага нь чухал бөгөөд суралцагчийн суралцах үйл явцын салшгүй хэсэг байх ёстой ч хичээлийн ихэнх цагийг Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх хэсэгт зориулах цагийг үр дүнтэй зохицуулах нь зүйтэй.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх хэсэг нь Төгс эзэмших сургаалын дадлага хичээлийн ихэнх цагийг эзэлж байх ёстой. Энэхүү хэсэг нь Есүс Христийн сайн мэдээний сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгодог.
Дадлага бүр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэж харах боломжийг олгосноор эхэлдэг. Хэдийгээр ганц хоёрхон суралцагч зарчмуудыг сайн мэддэг байсан ч бусад нь үүнд илүү их цаг зарцуулж, дадлага хийх хэрэгтэй байж болохыг санана уу. Бүх суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг итгэлтэйгээр ашигладаг болоход нь туслахын тулд чадах бүхнээ хий. “Сүнслэг мэдлэг олж авах зарчмыг давтах санаанууд”-д эдгээр зарчмыг хэрхэн давтах зөвлөмжүүд багтдаг. Энэ нь семинарын багшийн гарын авлагын хавсралтад байгаа.
Дараа нь суралцагчдад үнэн сургаалыг зөв ойлгоход нь туслах асуулт эсвэл нөхцөл байдлыг дүрсэлсэн жишээг үзүүл. Асуултад хариулах эсвэл нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд суралцагчид саяхан үзсэн сүнслэг мэдлэг олж авах зарчим, төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан сургаал, бусад судрыг эсвэл Сүмийн удирдагчдын сургаалыг ашиглан дадлага хийж болно.
Суралцагчдад дадлага хийх боломж өгөх нь төгс эзэмших сургаалаар амжилт гаргахад нэн чухал. Бие хамгаалах урлагаар хичээллэдэг хүн булчингийн санамжийг суулгахын тулд маш их дасгал сургуулилт хийх шаардлагатай байдаг. Энэ нь тэднийг янз бүрийн цохилтоос хамгаалахад бэлддэг. Үүний адил суралцагчид төгс эзэмших сургаалаар маш их дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Суралцагчид тогтмол дадлага хийснээр саад бэрхшээлд итгэлээр хариулах үйлдэл нь тэдний хувьд энгийн бөгөөд далд ухамсарт нь сууж өгсөн байдаг.
Хэрэгжүүлэх дадлагын жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх дараах хоёр видеоны нэгийг эсвэл хоёуланг нь үзнэ үү. Үзэхдээ багш нар сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг гурвууланг нь ашиглан дадлага хийхэд нь суралцагчдад хэрхэн тусалж байгааг ажигла.
Та суралцагчдын хэрэгцээг илүү сайн хангахын тулд шаардлагатай жишээ, санал болгож буй асуултууд эсвэл бусад сургалтын үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно. Мөн та суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх дарааллыг өөрчилж болно. Аливаа өөрчлөлт нь сүнслэг мэдлэг олж авах зарчим, сургаалыг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгож байхад анхаар. Хэрэв жишээг өөрчлөх бол үндсэн асуулт, асуудлыг хэвээр нь үлдээхийг хичээ. Жишээ бүрийн хамгийн чухал хэсэг болох асуулт, асуудлуудыг семинарын дөрвөн жилийн турш нарийн боловсруулан гаргасан.
Хэрэгжүүлэх дадлагад зохих өөрчлөлтүүдийг оруулах талаар санаа авах бол ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонуудын нэгийг эсвэл хэд хэдийг үзнэ үү.
Төгс эзэмших сургаалыг үр дүнтэй заах ур чадвар
Дараах сургалтууд нь төгс эзэмших сургаалыг өөрийн болгоход туслах ур чадваруудыг суралцагчдад заадаг. Эдгээр ур чадварыг бага багаар эзэмших нь үр дүнтэй байж болно.
Ур чадвар: Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааны зорилгыг тайлбарла.
Тодорхойлох
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааг хийх шалтгааныг суралцагчидтай хуваалцах эсвэл суралцагчдаар хуваалцуулах нь тэдэнд үүнд оролцох сэдэл төрүүлж болох юм. Энэ нь мөн Ариун Сүнсэнд үйл ажиллагааны ач холбогдлын талаар заах боломжийг олгодог. Ангиараа юу хийхээ хуваалцсаны дараа та тухайн үйл ажиллагааг яагаад хийж байгаагаа хуваалц эсвэл суралцагчдаас уг үйл ажиллагааг яагаад хийж байгаа нэг юм уу хоёр шалтгааныг хуваалцахыг хүс.
Загвар
“Суралцагчид аа, дараагийн хэдэн минутад бид Лук 2:10–12-оос мэдэж авсан Есүс Христ бол дэлхийн Аврагч гэсэн сургаалыг тайлбарлана. Үүнийг хийж буй нэг шалтгаан бол бидний таньдаг хэн нэгэн Есүс Христ яагаад бидэнд чухал болохыг асуух үед итгэлтэй хариулахад бидэнд туслах явдал юм.”
Үүнийг хэрхэн хийх жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонуудаас нэг эсвэл хэд хэдийг үзнэ үү.
Дадлага хийх
Дараах санаануудын нэгийг сонгож, өгүүлбэрийг гүйцээ.
“Төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг түлхүүр үгтэй нь хамт цээжлэхэд туслах үйл ажиллагаа хийцгээе. Энэ эшлэлийг цээжлэх нэг шалтгаан бол …”
“Дараах хэдэн минутад бид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтана. Эдгээр зарчмыг мэдэх нь бидэнд …-д тусална”
“Бид сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг ашиглан дадлага хийх болно. Эдгээр зарчмыг ашигласнаар … чадна”
Дүгнэлт хийх
-
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааг хийх шалтгааныг тайлбарлан дадлага хийснээр та юу сурч мэдэж байна вэ?
Хэрэгжүүлэх
Суралцагчдаар төгс эзэмших сургаалын үйл ажиллагааг хийлгэхээр бэлдэхдээ энэ нь суралцагчдад үнэ цэнтэй байж болох дор хаяж нэг шалтгааныг бич.
Ур чадвар: Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад урь.
Тодорхойлох
Ангийнхантайгаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг тогтмол давтах үед Ариун Сүнс тэдэнд хэрэгтэй цагтаа тэдгээрийг санаж, ашиглахад тусална. Та жишээг хуваалцахаас өмнө эсвэл тэднийг жишээнүүд дээр ажиллаж байхад нь эдгээр зарчмыг давтахад суралцагчдыг урьж болно. Эдгээр урилгад суралцагчдад дор хаяж нэг зарчмыг давтах боломж, тухайн зарчмыг хэр удаан давтах заавар, юу сурч мэдсэнээ хуваалцах боломж зэрэг нь багтана. Ийнхүү хийснээр суралцагчид хэрэгжүүлэх хэсгийн хүрээнд зарчмуудыг илүү сайн ашиглах боломжтой болох юм. Семинарын багшийн гарын авлагын хавсралт дахь “Сүнслэг мэдлэг олж авах зарчмыг давтах санаанууд” хэсгээс үүнийг хэрхэн хийх санаануудыг харна уу.
Загвар
“Өнөөдөр бид 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-аас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг үзэх болно. Бид гурав гурваараа бүлэг болон хуваагдана. Бүлгийн суралцагч бүр өөр өөр зарчмыг авч үзнэ.
“Гурваас дөрвөн минутын турш уншаад, хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарсан хэн нэгэнд уг зарчим тусалж болох нэг арга замыг хуваалцахаар бэлд.”
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдадаа туслах арга замын жишээг ChurchofJesusChrist.org дээр байх “Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах бүх гурван зарчмыг давтах боломжийг олгох” гэсэн видеог үзнэ үү.
Дадлага хийх
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдыг урих өөр өөр арга замыг бич.
Дүгнэлт хийх
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдыг урих талаар та юу мэдэж авч байна вэ?
Хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын дараагийн дадлага хичээлийг бэлдэж байхдаа Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдыг хэрхэн урихаа төлөвлө.
Ур чадвар: Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь хэрхэн бодит амьдралд тусалж болохыг үгээр илэрхийлэхэд суралцагчдад туслах асуултуудыг асуу.
Тодорхойлох
Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтсаныхаа дараа, тэдэнтэй жишээг хуваалцан, тэднийг эхлээд бүлэгтээ, дараа нь ангийнхантайгаа тухайн жишээнд ямар зарчмууд тусална гэж үзэж байгаагаа өөрийн үгээр хуваалцахад урь. Энэ нь суралцагчдад эдгээр зарчмыг амьдралдаа итгэлтэйгээр ашигладаг болгоход нь тусална.
Загвар
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтаж, жишээнүүдийг танилцуулсны дараа та дараахтай адил асуултуудыг асууж болно. Үүнд:
-
“Сүнслэг мэдлэг олж авах аль зарчим энэ жишээнд тохирно гэж та бодож байна вэ? Яагаад?”
-
“Энэ жишээнд дурдсантай адил асуулт гарч ирэхэд тухайн зарчим хэрхэн танд тус болох вэ?”
Жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org доорх хоёр видеоны нэгийг эсвэл хоёуланг нь үзнэ үү.
Дадлага хийх
Сүнслэг мэдлэг олж авах зарчим нь дараах жишээнд гарах найздаа хариулахад хэрхэн туслах талаар өөрийн үгээр илэрхийлэхэд туслах хэдэн асуултыг бич.
Шашин шүтдэггүй нэг найз тань цэцэрлэгт хүрээлэнд хэсэг хүнтэй ярилцаж буй номлогчдыг харжээ. Найз тань танаас “Танай сүмийн номлогчид яагаад гадуур явж, Есүсийн талаар номлодог юм бэ? Та нар итгэл үнэмшлээ бусад хүнд хүчээр тулгаж байгаа юм шиг санагдаж байна. Та нар яагаад тэднийг байгаагаар нь аз жаргалтай байлгаж болдоггүй юм бэ?” гэж асуув.
Дүгнэлт хийх
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглахаа үгээр тайлбарлах нь суралцагчдад яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь хэрхэн суралцагчдын амьдралд нөлөөлнө гэж бодож байна?
Хэрэгжүүлэх
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчим хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарахад нь хэрхэн тэдэнд болон бусдад тусалж болохыг үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслахын тулд та юу хийж чадах вэ?
Дүгнэлт
Семинарын төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэхээр тогтмол ажилласны эцэст суралцагчид тань асуулт эсвэл асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж чаддаг болсныг төсөөл. Сүнслэг мэдлэг олж авах, сургаалын зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд эхэндээ багшийн хувьд танаас илүү их тусламж, дэмжлэг суралцагчдад хэрэгтэй болно. Суралцагчдад сургаалыг төгс эзэмшин, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг итгэлтэйгээр ашигладаг болж сурахад цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ суралцагчдад тогтмол дадлага хийх боломж гаргаж өгөхийн хэрээр энэ нь тэдэнд дадал болж сууна. Энэ нь суралцагчдадаа Есүс Христийн хадан дээр сууриа босгож, Түүнд болон Түүний сургаалд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд туслах нэг арга зам юм.