“Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)
Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт
Тойм
Өсвөр үеийнхнийг адислахад гаргаж буй хичээл зүтгэлийнх нь төлөө багш нарыг сайшаан магтсаныхаа дараа ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “[Манай суралцагчдад] илүү их зүйл хэрэгтэй байсаар байна. Маш олон семинарын төгсөгч номлолын талбарт гарах шаардлагыг хангаж чаддаггүй. Итгэлтэй суралцагчдын маань маш олон нь ариун сүмийн ёслолуудын адислалыг огт хүлээж авдаггүй. Хэрэв бид өөрчлөгдөхгүй бол эдгээр эмгэнэлт байдлын эзлэх хувь нэмэгдэх болно” хэмээн хэлсэн (“We Must Raise Our Sights” [CES Conference, Aug. 14, 2001], Gospel Library).
Ерөнхийлөгч Айринг энэ мэдэгдлийг хийснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Манай өсвөр үеийнхэн улам хүнд хэцүү саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа бөгөөд энэ нь итгэлийн тал дээр ч бус амьдралынх нь бусад талбарт ч тулгарч байгаа юм. Амьдралд бэлтгэх хичээлийг өнөөгийн өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагыг авч үзэхийн тулд боловсруулсан болно. Энэхүү Амьдралд бэлтгэх хичээл нь суралцагчдад дараах асуудлуудыг шийдвэрлэхдээ Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэх боломжийг олгох юм. Үүнд:
-
Хүнд хэцүү асуулт, амьдралын хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд
-
Өөрийгөө болон гэр бүлээ тэжээж тэтгэхийн тулд бие даах чадвараа хөгжүүлэхэд
-
Бие махбодын болон сэтгэл санааны хувьд илүү эрүүл болоход
-
Хичээл сургуульдаа амжилт гаргахад туслах ур чадваруудыг хөгжүүлэхэд
-
Ирээдүйд боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө гаргахад
-
Номлогчийн болон Сүмийн үйлчлэлд бэлдэхэд
-
Ариун сүмд гэрээнүүд байгуулж, сахихад бэлдэхэд гэх мэт.
Эдгээр хичээл нь Сүнсний удирдамж доор Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй арга замаар, өсвөр үеийнхэнд тулгардаг саад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусална. Амьдралд бэлтгэх хичээл нь Судар судлах хичээлийн хамтаар Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдөхөд суралцагчдад тусалж чадна.
Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт ба зорилго
Энэ сургалтаар Амьдралд бэлтгэх хичээлийг Судар судлах хичээлийн адил И&С-ын зорилгыг биелүүлэхэд зориулан хэрхэн боловсруулсан болохыг судлах боломжтой. Амьдралд бэлтгэх хичээл бүрийг И&С-ын зорилгын “Заах” догол мөр дэх дараах жишгүүдийн дагуу боловсруулсан. Үүнд:
Бид сургалт бүрийг Есүс Христэд, мөн Түүний үлгэр жишээ, зан чанар, гэтэлгэх хүч дээр төвлөрөн явуулдаг. Бид суралцагчдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг бошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар нь суралцахад тусалдаг. Бид суралцагчдад суралцах үүргээ гүйцэтгэхэд тусалдаг. Бид сургалт бүрдээ Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхийг урьдаг.
Амьдралд бэлтгэх хичээл нь И&С-ын зорилгыг биелүүлэхэд тусалдаг
Тодорхойлох
Та хичээлүүдээ, үүн дотор Амьдралд бэлтгэх хичээлийг бэлдэж байхдаа тухайн хичээл ИС-ын зорилгын “Заах” догол мөрийн өгүүлбэр тус бүрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг олж харах нь зүйтэй.
Загвар
Дараах нь 2025 оны Амьдралд бэлтгэх хичээлээс сонгон авсан хоёр хэсэг болно. Эхнийх нь “Эрүүлээр сэтгэж бодох хандлагыг хөгжүүлэх нь” гэсэн гарчигтай Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийн хичээл юм. Удаах нь “Давуу тал, ур чадвараа олж нээх нь” гэсэн гарчигтай Сургуульдаа амжилт гаргахад зориулсан хичээл юм. Өөр өөр сэдэв дээр төвлөрөх эдгээр суралцах үйл ажиллагааг хэрхэн И&С-ын зорилгод хүрэхэд зориулан боловсруулсан болохыг олж харна уу.
186-р хичээл: Эрүүлээр сэтгэж бодох хандлагыг хөгжүүлэх нь
Христэд төвлөрсөн: Суралцах үйл явцыг Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслах энэхүү хичээлийн жишээнүүдээс авч үзье. Уг жишээнүүдэд суралцагчид хэрхэн Аврагчийн тусламжийг эрэлхийлэн, Түүний үлгэр жишээ, сургаалаас суралцахыг хүсэж байгааг анзаарна уу.
-
Та суралцагчдадаа буруу эсвэл эрүүл бус бодлыг засахдаа Аврагчаас тусламж хүсэх дадлага хийнэ гэдгийг хэлж болох юм.
-
Санаа бодолдоо Аврагч руу харна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Зарим жишээнд дараах зүйлс орж болно. Үүнд: Бидэнд тулгарсан нөхцөл байдалд Аврагч хэрхэх байсныг тунгаан бодох, Түүний сургаал тухайн нөхцөл байдалд хэрхэн тусгалаа олох байсныг олж мэдэх, мөн Түүний хайрыг дурсан санах.)
Сударт суурилсан: Суралцагчдад судруудаас болон бошиглогчдын үгсээс суралцахад туслах энэхүү хичээлийн жишээнүүдээс авч үзье. Суралцагчдад судруудыг судлах боломжийг олгосон бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үг тэдэнд тухайн судрыг ойлгоход тусална гэдгийг анзаарна уу.
-
Сургаал ба Гэрээ 6:36-г уншаад, Их Эзэн биднийг юу хийхэд урьж байгааг олж мэд.
-
Энэ судрын талаар ярьж байхдаа ерөнхийлөгч Нэлсон: “Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Харин ийнхүү үйлдсэн үед бидний эргэлзээ, айдас арилдаг юм” хэмээн заасан (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25).
Суралцагч төвтэй: Суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд туслах энэхүү хичээлийн жишээнүүдээс авч үзье. Суралцах үйл явцад идэвхтэй оролцоход урамшуулахын тулд суралцагчдыг өөрсдийн хэрэгцээг олж харахад урьж байгааг анзаарна уу. Мөн суралцагчдыг өөрсдийн өвөрмөц бодол, санааг хуваалцахыг урьсан байгаа.
-
Суралцагчдыг өөрсдийн бодох хандлагадаа хэр их анхаарал хандуулдгаа, мөн тэдгээр хандлага нь тус болдог эсвэл зөв байдаг талаар тунгаан бодохыг урь.
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс танд юу нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Сүнсээр удирдуулсан: Суралцах үйл явцын үеэр энэхүү хичээл нь хэрхэн Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхийг урьдаг арга замын зарим жишээг авч үзье. Багш нарыг ухамсартайгаар Ариун Сүнснээс удирдамж, тусламж эрэлхийлэхэд суралцагчдыг урихыг урамшуулдаг. Энэ төрлийн урилга нь суралцагчдад суралцах үйл явцдаа Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авахад тусалдаг.
-
Ялангуяа хүнд хэцүү нөхцөл байдалд ороход ямар бодол төрдөг хандлагаа илүү сайн ойлгохын тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж заавар хүлээн авахыг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.
Хичээл 193: Давуу тал, чадвараа олж нээх нь
Христэд төвлөрсөн: Суралцах үйл явцыг Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Энэ хичээл дэх тодруулсан үнэнүүд хэрхэн Аврагчтай холбогдож, Түүнд хандан тусламж хүсэхэд суралцагчдыг урьж байгааг анзаарна уу. Түүнчлэн суралцагчдад бурханлаг мөн чанарыг нь болон тэдэнд байгаа давуу тал, ур чадвар нь Бурханы хайр, нигүүлслийн илрэл гэдгийг сануулдаг.
-
Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг онцолж болох юм: Их Эзэн хүний гаднах төрхийг хардаггүй, зүрхийг нь хардаг (1 Самуел 16:7-г үзнэ үү). Биднийг хүчирхэгжүүлэгч Есүс Христээр бид бүгдийг хийж чадна (Филиппой 4:13; Алма 26:12-ыг үзнэ үү). Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү).
-
Өөрийнх нь дүр төрхөөр бүтээгдсэн Бурханы хүүхдүүдийн хувьд бидний хүн нэг бүр өөр өөрийн гэсэн давуу тал, ур чадвараар адислагдсан гэдгийг суралцагчдад сануулна уу. Бурханы өөрсдийг нь адисалсан давуу тал, ур чадварыг олж харахгүй байгаа суралцагчид байж болно.
Сударт суурилсан: Суралцагчдад судруудаас болон бошиглогчдын үгсээс суралцахад туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Суралцагчдын судлах судрууд нь Есүс Христэд тусламж хүсэн хандахад тэднийг чиглүүлэх зорилгоор зориуд сонгож авсан байгааг анзаарна уу. Ингэснээр суралцагчдад Бурханы өгсөн зарим бэлгүүдээ хэрхэн олж нээх талаар өгсөн төлөөлөгчийн зөвлөгөөнөөс суралцах боломж олгогдоно.
-
Есүс Христээр дамжуулан өөрсдийн чадавхад хүрэх чадалтай гэдгээ олж харахад бидэнд туслах мөнхийн үнэнүүдийг олж мэдэхээр дараах судрын хэсгүүдийг судал. 1 Самуел 16:7; Филиппой 4:13; Иаков 4:7; Алма 26:12; Сургаал ба Гэрээ 18:10
-
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг адислан өгсөн авьяас, давуу тал, ур чадваруудаа олж харж болох зарим арга замыг ийн хуваалцсан. “Эхлээд бидний сонирхдог зүйлсээс Бурханы бидэнд өгсөн авьяас чадвар илэрдэг. Хэрэв та би ямар авьяас чадвартай юм бэ гэж бодож байвал хийх дуртай зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Сүнслэг байдал, дуу хөгжим, урлаг уран сайхан, эрдэм боловсрол, спорт гэх мэт амьдралын өөр өөр хүрээнд хийх дуртай бүхий л зүйлээ оруул. Ойлголт, сүнслэг өдөөлт авахын тулд патриархын адислалаа судалж, тунгаан бод. Гэр бүлийн гишүүд, итгэдэг найз нөхөд, багш нар, удирдагчидтайгаа зөвлөлд. Бидний өөрсдөөсөө олж хардаггүй зүйлсийг хүмүүс ихэнхдээ олоод харчихсан байдаг” (Ronald A. Rasband, “Parables of Jesus: The Parable of the Talents,” Ensign, Aug. 2003, 34).
Суралцагч төвтэй: Суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд нь туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Эдгээр үйл ажиллагаа нь хэрхэн суралцагчдад өөрсдийн туршлага, нөхцөл байдлын талаар бодоход тусалдгийг анзаарна уу. Эдгээр нь одоогийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд чиглэсэн суралцах үйл явцад зүрх сэтгэл, оюун бодлоо хандуулах сэдлийг суралцагчдад төрүүлэхэд туслах зорилготой. Суралцагчид бас тулгарч буй бодит саад бэрхшээлийн талаар мөн судар дахь үнэнүүд хэрхэн тэдэнд тусалж болох талаар бодох боломжтой.
-
Ирээдүйн үүрэг хариуцлага, сонирхож буй ажил мэргэжлийнхээ тухай бод. Түүнчлэн ирээдүйд илүү сайн бэлтгэгдэхэд танд туслах, хөгжүүлэх хэрэгтэй ур чадвараа олж тодорхойлохыг хичээ.
-
Эдгээр үнэн хэрхэн бидэнд өөрсдийн чадварт сэтгэл хангалуун бус байх үед тусалж болох вэ?
Сүнсээр удирдуулсан: Суралцах үйл явцын үеэр энэхүү хичээл нь хэрхэн Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урьдаг арга замын талаарх зарим жишээг авч үзье. Одоогийн хэрэгцээгээ болон амьдралд илүү сайн бэлтгэгдэхэд шаардагдах дараагийн алхмуудаа илүү сайн олж харахын тулд Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд суралцагчдыг урьж байгааг анзаарна уу.
-
Өнөөдөр судалж байхдаа тэдгээр үүрэг хариуцлагад тань таныг бэлтгэж болох аль хэдийн байгаа давуу тал, ур чадвараа тодорхойлоход туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл.
Дадлага хийх
Орон нутгийнхаа хичээл хуваарилах удирдамж дээр үндэслэн удахгүй заах Амьдралд бэлтгэх хичээлээ тодорхойл. Тухайн хичээлтэй танилцан дараах асуултуудын хариултыг ол. Тухайлбал:
-
Суралцах үйл явц нь хэрхэн Есүс Христэд төвлөрсөн байна вэ?
-
Уг хичээл хэрхэн суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг бошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар нь суралцахад тусалж байна вэ?
-
Уг хичээл хэрхэн суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд тусалж байна вэ?
-
Уг хичээл хэрхэн суралцах үйл явцад Ариун Сүнсийг урьж авчран үүргээ гүйцэтгэхэд нь тусалж байна вэ?
Хичээлийн хуваарийн талаар тодорхой мэдээлэл өг
Суралцагчдын хувьд нэг өдөр нь Судар судлах хичээл, дараах өдөр нь Амьдралд бэлтгэх хичээл орох нь хооронд нь хольж хутгах байдал үүсгэж магад. Тухайн долоо хоногийн турш юу судлах талаар ерөнхий ойлголт өгөх нь тэдэнд суралцахад илүү бэлтгэлтэй байхад тусална. Дараах ур чадварууд нь ийм ойлголтыг өгөх арга замуудын зарим нь юм. Хэрэв суралцагчид тань хоёр өөр төрлийн хичээлийг өөр хооронд нь хольж хутгаж байгааг анзаарвал та доорх зөвлөгөөнүүдийг эсвэл өөрийн бодож олсон санааг хэрэгжүүлж болох юм. Энэ сургалт танд дараах байдлаар тусална. Үүнд:
-
Тухайн долоо хоногт юу заахаа, мөн яагаад заах талаар тодорхой мэдээлэл өг.
-
Тухайн долоо хоногийн яг хэзээ нь хичээл эсвэл сэдэв нь Судар судлах хичээлээс Амьдралд бэлтгэх хичээл рүү шилжих талаар тодорхой мэдээлэл өг.
Тухайн долоо хоногт юу судлах, мөн яагаад суралцах талаар тодорхой мэдээлэл өг.
Тодорхойлох
Долоо хоног бүрийн эхэнд та тухайн долоо хоногийн өдөр бүр судлахаар төлөвлөсөн хичээл, сэдвүүдийг суралцагчдад танилцуулж болно. Суралцагчид тухайн долоо хоногийн хөтөлбөр, хичээлийн зорилгыг ойлгосон үед суралцах үйл явцад илүү бэлтгэлтэй оролцох боломж бүрдэнэ. Долоо хоногийн турш юу заахаа хуваалцах нэг арга зам бол тухайн долоо хоногийн хичээл бүрийн гарчгийг суралцах зүйлсийн товч тоймын хамт суралцагчдад үзүүлэх байж болох юм.
Загвар
Ангийнхан, би энэ долоо хоногт үзэх хичээлийг тэсэн ядан хүлээж байна. [Багш бүдүүвч зураг бүхий графикийг дэлгэцэн дээр үзүүлнэ]
Даваа |
Сургаал ба Гэрээ 3 |
---|---|
Мягмар |
Сургаал ба Гэрээ 4 |
Лхагва |
Сургаал ба Гэрээ 5 |
Пүрэв |
Суралцахуйгаа үнэлэх хичээл |
Баасан |
Стресс, сэтгэлийн түгшүүрээ хянаж удирдах |
Энэ долоо хоногийн даваагаас лхагва гарагт бод Сургаал ба Гэрээ 3–5-ыг судална. Бошиглогч Иосеф Смит маш хүнд сорилт бэрхшээлтэй тулгарч байсан тул энэ нь түүний хувьд хэцүү цаг үе байв. Эдгээр хэсгээс бид Есүс Христэд хандаж, хэцүү цаг үед тууштай зогсоход бидэнд туслах Бурханы илчилсэн чухал үнэнүүдийг суралцана. Пүрэв гарагт та нар Суралцахуйгаа үнэлэх хичээл дээр суралцаж буй зүйлсээ эргэцүүлэн бодох боломжтой. Баасан гарагт бид хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламж, хүч чадлаар стресс, сэтгэлийн түгшүүрээ хянаж зохицуулж болох талаар ярилцана.
Дадлага хийх
Дараа долоо хоногийнхоо хичээл хуваарилах удирдамж болон хичээлийнхээ тоймыг хар. Тухайн долоо хоногийн турш юу заах талаарх мэдээллээ тодорхой өгөхийн тулд хийж болох зүйлсээ бич.
Тухайн долоо хоногийн яг хэзээ нь хичээл эсвэл сэдэв Судар судлах хичээлээс Амьдралд бэлтгэх хичээл рүү шилжих талаар тодорхой мэдээлэл өг
Тодорхойлох
Судар судлах хичээлээс Амьдралд бэлтгэх хичээл рүү шилжихдээ та тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилгыг суралцагчдадаа хэлж болно. Тухайн хичээл эсвэл агуулга нь хэрхэн өмнөх хичээлтэй төстэй эсвэл өөр болохыг хуваалцах нь тустай байж болох юм. Үүнийг байнга хийх шаардлагагүй ч заримдаа суралцагчдын хувьд хичээлийн зорилго, чиглэлийг ойлгох нь тустай.
Загвар
Та доорх хэсгээс Судар судлах, Амьдралд бэлтгэх хичээлүүд нь хоорондоо илүү нийцсэн ба нийцэхгүй байх загварыг харах болно.
-
Энэ долоо хоногт бид бошиглогч Иосеф Смитэд тулгарсан маш хүнд нөхцөл байдлын талаар суралцсан. Та нар тэдгээрийг санаж байна уу? [Суралцагчид хариулна] Одоо бид Сургаал ба Гэрээн дэх эдгээр үйл явдлын талаар судлахаа болиод, хүнд нөхцөл байдалтай тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүч чадал авахад тань туслах судруудыг болон Сүмийн удирдагчдын үгсийг судалцгаая.
-
Сургаал ба Гэрээн дэх эдгээр үйл явдлыг судлахдаа бид хэрхэн хүнд нөхцөлд байдалд орох үедээ Их Эзэнээс хүч чадал авч болох тухай суралцлаа. Харин одоо бид Их Эзэний ариун сүмд орж, Түүнийг бишрэн шүтэхүйц зохистой болж, тэр хэвээр үлдэхийн тулд хэрхэн Түүнээс хүч чадал хүлээн авч болох талаар суралцах хэсэг рүү орцгооё.
Дадлага хийх
Энэ долоо хоногийн хичээл хуваарилах удирдамжийг харна уу. Өдөр бүр юун дээр хичээл төвлөрөх талаар тодорхой мэдээлэл өгөх арга замаа бич.
Анхааруулга
Амьдралд бэлтгэх хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн өөрсдөд нь мөнх бус амьдралын саад бэрхшээлийг даван гарахад туслах талаар суралцах боломжийг семинарын суралцагчдад олгодог. Та эдгээр хичээлийг заахдаа дараах зүйлсэд анхаарна уу. Үүнд:
Суралцах үйл явц бүр Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй байх ёстой.
Семинарт суралцах үйл явц бүр Шашны институт, семинарын зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалж байх ёстой. Энэ нь тэдгээр нь үргэлж Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй, мөн Сүнсээр удирдуулсан байх ёстой гэсэн үг юм. Амьдралд бэлтгэх хичээлийн хувьд тэнцвэр алдагдах гээд байдаг. Жишээлбэл: Багш аль нэг сэдэв дээр арвин туршлагатай бөгөөд суралцах үйл явцыг суралцагч төвтэй болох тал дээр хэт анхаарч, суралцагчдын хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх олон ур чадвар, арга барилыг онцлохоор шийдэж болох юм. Гэвч ийн заах явцдаа багш суралцагчдыг Христтэй холбох, тэдэнд судрууд, бошиглогчдын үгсээс заах хэрэгтэй гэдгээ амархан орхигдуулж болох юм.
Судлахад туслах жишээ: Жөүнс эгч санхүү төлөвлөлтийн өргөн мэдлэг туршлагатай хүн юм. Тэр суралцагч төвтэй арга барилаар санхүү төлөвлөлтийн олон ур чадварыг суралцагчдадаа заахаар шийдсэн байв.
Жөүнс эгчийн хичээлд хандах энэхүү хандлага нь ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?
Сургалтын хөтөлбөрт дурдсаны дагуу Амьдралд бэлтгэх хичээлийн тоог тэнцвэртэй байлга
Багш нарт хичээлийн үеэр илүү их эсвэл арай бага цаг зарцуулмаар байгаа хичээлийн төрөл эсвэл сэдэв байж болох юм. Сүмийн бусад хэлтсийн гээд олон хүн ангилал бүр дэх хичээлийн тоог хамтдаа зөвлөлдөн тогтоосон гэдгийг санах нь зүйтэй. Багшид сонирхолгүй мэт санагдаж болох сэдэв нь зарим суралцагчийн хувьд маш үнэ цэнтэй байж магад. Зарим хичээлд сургалтын хөтөлбөрт тусгаснаас илүү их цаг зарцуулах нь бусад чухал сургалтын зорилтот үр дүнд ач холбогдол бага өгөхөд хүргэж мэднэ. “Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт” нь ерөнхийдөө таны хичээл хуваарилах удирдамжид Судар судлах хичээл нь Амьдралд бэлтгэх хичээлээс олон байхыг зөвлөдөг. Амьдралд бэлтгэх ангилал бүрийн хичээлийн тоо нь мөн зөвлөсөн хязгаарыг илтгэдэг. Маш цөөн тохиолдлыг эс тооцвол дараах удирдамжийг мөрд. Үүнд:
Судлахад туслах жишээ: Хэндрикс ах сүүлийн үед өсвөр үеийнхнийг номлолд бэлтгэх тал дээр бодит ажил семинарын хүрээнд хийгдэж байгаад баяртай байв. Номлолын бэлтгэлийн талаар тавхан хичээлийг заахын оронд тэр хоёр долоо хоногийг эдгээр хичээлийг заахад зарцуулахын зэрэгцээ өөрийн боловсруулсан хичээлээ заах болжээ.
Номлогчийн бэлтгэлийн хичээлд хандах Хэндрикс ахын энэхүү хандлага ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?
Өөрийн туршлагаас үл хамаарч сургалтын хөтөлбөрийг ашигла
Хичээлийн тоог заасны адил хичээл бүрийн зорилгыг мөн л Сүмийн бусад хэлтсийн гээд олон хүн хамтран тодорхойлсон. Эдгээр хэлтсийн өгсөн санал ихэнхдээ Сүмийн Харилцаа хамаарал судалгааны хэлтсээс явуулсан судалгаанд дээр тулгуурласан байдаг. И&С-ын сургалтын хөтөлбөрийн бүх хичээлд ханддагийн адил Сүмийн Харилцаа хамаарал судалгааны хэлтсийн зүгээс Амьдралд бэлтгэх хичээлүүд нь сургаалын хувьд үнэн зөв, тохиромжтой эсэхийг нарийн няхуур хянан шалгасан болно. Уг хичээлийг тухайн сэдвийг цогцсоор нь бус, энгийн түвшинд заах зорилгоор боловсруулсан. Хэрэв та тухайн сэдвээр зааж байсан туршлагатай бол чухал чухал санааг дурдаагүй өнгөрсөн байхыг анзаарч болох юм. Хичээлд ороогүй зүйлсийг нэмэхээс болгоомжил. Өгөгдсөн сэдвээр зааж байсан туршлага тань их бага байхаас үл хамааран өөрийн заах хичээлд сургалтын хөтөлбөрийг үндсэн хэрэглэгдэхүүнээ болгон ашигла. Юуг тохируулан өөрчлөхөө шийдэхээсээ өмнө хичээлийг өөрийн болго. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Семинарын хөтөлбөрийн сургалт дахь Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт хэсгийг үзнэ үү.
Судлахад туслах жишээ: Бэнсон эгч бол тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн нийгмийн ажилтан юм. Одоогоор түүний, донтолттой үйлчлүүлэгчдэд туслах нэгэн шинэ арга барил нь ихээхэн амжилттай яваа аж. Тэр сэтгэл санааны эрүүл мэндийн хичээлийн оронд тэрхүү шинэ арга барилтай нь холбоотой ур чадваруудаа суралцагчдадаа заахаар шийджээ.
Сэтгэл санааны эрүүл мэндийн хичээлд хандаж буй Бэнсон эгчийн хандлага ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?
Багшийн хувьд хүлээсэн үүргээ бүү март
Амьдралд бэлтгэх хичээлийг заахдаа та семинарын багшийн хувьд хүлээсэн үүргээ сана. Суралцагчид тулгарч буй хүнд хэцүү нөхцөл байдлаа тантай хуваалцаж болох юм. Таны үүрэг бол хэрэгтэй тусламжаа авахад нь туслах эцэг эх, санваарын удирдагч руу нь тэднийг чиглүүлэх явдал юм. Хүчирхийлэлтэй холбоотой байж болох нөхцөл байдалд үзүүлэх тусламжийн талаар Институт, Семинарын онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний удирдамж дахь “Хүчирхийлэл” хэсгийг үзнэ үү.
Судлахад туслах жишээ: Хичээлийн дараа олон суралцагч үлдэж байгааг Бэнсон эгч анзаарчээ. Тэд амьдралынхаа маш хувийн шинж чанартай зүйлсээ түүнтэй хуваалцахыг хүсэв. Тэр хичээл дуусаж, анги нь тарсны дараа тэдэнтэй нэг бүрчлэн ажлынхаа өрөөнд уулздаг.
Бэнсон эгчийн суралцагчидтайгаа харилцах энэхүү харилцаа нь ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?
Дүгнэлт
Семинарын дөрвөн жилийн турш Аврагчийн сургаалыг өөр өөр орчин, нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах олон боломжийг суралцагчдад олгоно. Суралцах үйл явцад Судар судлах хичээл дээр Амьдралд бэлтгэх хичээлийг нэмж оруулах нь Аврагчийн хүч чадал, сургаал, сайн мэдээнд тулгуурлан амьдралын саад бэрхшээлтэй нүүр тулахад бүхэл бүтэн нэг үеийг сайтар бэлтгэх юм. Тэд өөрсдийгөө, гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд илүү сайн бэлдэхэд бэлтгэгдсэн байна.