Семинар
193-р хичээл—Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь: Ажил мэргэжил, ирээдүйн бусад үүрэг хариуцлагад бэлтгэх


“193-р хичээл—Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь: Ажил мэргэжил, ирээдүйн бусад үүрэг хариуцлагад бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

193-р хичээл: Ирээдүйн боловсрол, ажил эрхлэлтэд бэлтгэх

Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь

Ажил мэргэжил, ирээдүйн бусад үүрэг хариуцлагад бэлтгэх

Төсөл дээр ажиллаж буй өсвөр үеийнхэн

Өсвөр үеийнхэн ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, ажил эрхлэх боломжуудад бэлтгэх үед энэ нь тэдэнд дутагдаж байгаа болон хөгжүүлэх шаардлагатай давуу тал, чадвар чадавхаа олж илрүүлэхэд нь тустай байж болно. Тэнгэр дэх Эцэг маань Түүний тусламжийг эрэлхийлэхийн зэрэгцээ өөрсдийн давуу болон сул талуудыг олж нээхэд тэднийг удирдан чиглүүлж чадна. Энэхүү хичээл нь өөрийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чадвар чадавхуудыг таньж мэдсэнээр ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, ажил эрхлэх боломжуудад бэлтгэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Жич: “Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь” сэдэвт дараагийн хичээлд энэ хичээлээр тодорхойлсон зарим ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд нь суралцагчдад туслахад чиглэнэ. Хэрэв таны хичээл заах хуваарьт эдгээр хичээлийг хослуулж орохыг шаардвал энэ хоёр хичээлийг хамт заах нь үр дүнтэй байж болно.

Амжилтад хүрэхэд давуу тал, чадвар хэрэгтэй

Доор дурдсанчлан суралцагчдын ирээдүйд хүлээх янз бүрийн үүрэг хариуцлагуудын талаар самбарт бичих талаар бодож үз.

  • Оюутан

  • Дагалдан

  • Эцэг эх

  • Эхнэр/нөхөр

  • Ажилтан

Та ажилтан гэж нэг үүрэг хариуцлага болгон оруулахын оронд ирээдүйд сонирхож байгаа ажил мэргэжлээ хуваалцахад цөөн суралцагчийг урин, тэдгээрийг самбарт бичих байдлаар илүү тодорхой зааж болно.

Суралцагчид жижиг бүлгүүдэд хуваагдан дараах асуултын дагуу ярилцаж болно. Бүлэг бүрд хэлэлцэх ямар нэг үүрэг хариуцлагыг хуваарилж өгөх талаар бодож үз эсвэл бүх үүрэг хариуцлагын талаар хамтдаа ярилцахыг суралцагчдаас хүсэж болно.

  • Эдгээр үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлэхэд ямар ур чадвар, чадавх хэрэг болох вэ?

Ярилцсан зүйлээ хуваалцахад бүлэг тус бүрийг урь. Та бүлгүүдийг самбарт гарч ирэн, тэдний тодорхойлсон зарим ур чадвар, чадавхыг тохирох үүрэг хариуцлагын хажууд бичихэд урьж болно. Суралцагчдад тусламж хэрэгтэй бол тараах материалд жагсаан бичсэн зарим ур чадвараас санал болгохыг бод.

Ярилцаж дууссаны дараа суралцагчдыг хичээлийн үлдсэн хэсэгт бэлтгэх үүднээс дараах зүйлсийг хуваалц.

Ирээдүйд сонирхож байгаа үүрэг хариуцлага, ажил эрхлэх боломжуудынхаа талаар бодож үз. Өнөөдөр судалж байхдаа та эдгээр үүрэг хариуцлагад бэлтгэх давуу тал, ур чадвараа тодорхойлоход туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл. Мөн ирээдүйд илүү сайн бэлтгэгдэхэд тань хэрэгтэй ур чадвар, чадавхаа тодорхойлохыг хичээ.

Есүс Христээр дамжуулан ирдэг бидний нөөц бололцоо

Зарим хүн өөрийгөө бусдын адил ур чадвар, чадавхтай гэж боддоггүй учраас өөрт байгаа ур чадвар, чадавхын талаар бодохыг хүсэхэд өөртөө сэтгэл дундуур болдог гэдгийг тайлбарла. Судруудад бидэнд ийм мэдрэмж төрөх үед тусалж чадах мөнхийн үнэнүүдийг заадаг.

Дараах хэд хэдэн судрын хэсгийг судлаад, Есүс Христээр дамжуулан өөрсдийн чадвар чадамжийг олж нээх ур чадвараа таньж мэдэхэд бидэнд туслах мөнхийн үнэнийг хайж ол.

1 Самуел 16:7; Филиппой 4:13; Иаков 4:7; Алма 26:12; Сургаал ба Гэрээнүүд 18:10

  • Амжилтад хүрэхэд ур чадвар, чадавх нь дутдаг гэсэн бодолтой хүнд тус болох ямар үнэнийг та олж мэдсэн бэ?

Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг онцолж болно. Үүнд: Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв (1 Самуел 16:7-г үзнэ үү); Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна (Филиппой 4:13; Алма 26:12-ыг үзнэ үү); Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун (Сургаал ба Гэрээнүүд 18:10-ыг үзнэ үү).

  • Биднийг ур чадвартаа сэтгэл дундуур байх үед эдгээр үнэн бидэнд хэрхэн туслах вэ?

Өөрийн давуу тал, чадавхыг нээх нь

Түүний дүр төрхөөр бүтээгдсэн Бурханы хүүхдүүдийн хувьд бидний хүн нэг бүр өөр өөр давуу тал, чадавхтай гэдгийг суралцагчдад сануул. Бурханы адисалсан давуу тал, чадавхыг ойлгож, таньж мэдэхэд бэрхшээлтэй байгаа суралцагчид байж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд адисалсан авьяас, давуу тал, чадавхыг таньж мэдэх зарим арга замыг ийн хуваалцсан.

Ахлагч Роналд А.Расбанд

Бурханаас бидэнд өгсөн авьяас нь бидний эрэлхийлж буй ашиг сонирхолд хамгийн түрүүнд илэрдэг. Та өөрийгөө ямар авьяас билигтэй билээ гэж гайхаж байвал хийх дуртай зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Сүнслэг, хөгжимлөг, тайзны урлагийн, эрдэм шинжилгээний, спортын гэх мэт амьдралын олон талаас нь тунгааж хийх дуртай бүх зүйлийг багтаа. Ойлголт, түлхэц авахын тулд патриархын адислалаа судалж, тунгаан бод. Гэр бүлийнхэн, итгэлтэй анд найз, багш нартайгаа мөн удирдагчидтайгаа зөвлөлдөөрэй. Учир нь бидний өөрсдөөсөө олж харж чадахгүй байгаа зүйлсийг ихэнхдээ бусад хүн олж харж чаддаг юм шүү. (Роналд А.Расбанд, “Parables of Jesus: The Parable of the Talents,” Ensign, 2003 оны 8-р сар, 34)

  • Өөрт байгаа авьяас, давуу тал, чадавхыг мэдэх нь ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, эрхлэх ажил хөдөлмөрийн талаар бодоход танд хэрхэн туслах вэ?

Өөрт байгаа болон ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, эрхлэх ажил хөдөлмөрт өөрийгөө илүү сайн бэлдэхийн тулд хөгжүүлэх шаардлагатай давуу тал, чадавхыг олж нээх цагийг суралцагчдад гаргаж өг. Үүнийг хийхэд суралцагчдад хэрхэн тусалж болох дараах санаанууд байна. Суралцагчдыг эдгээр үйл ажиллагааг гүйцэтгэж байх үед нь Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж эрэлхийлэхэд урь. Ингэснээр тэд өөрсдийгөө Түүний хардгийн адилаар харж чадна.

  • Одоо байгаа хүсэл сонирхлоо бичихэд суралцагчдыг урь. Бичсэн хүсэл сонирхолдоо нийцсэн ажил хөдөлмөр эрхлэх боломжуудын талаар бодож үзэхэд тэднийг урь. Суралцагчдын хүсэл сонирхолд нийцэхүйц, ажил хөдөлмөр эрхлэх зарим боломжийг санал болгохыг бод.

  • Патриархын адислал хүлээн авсан суралцагчдаас үүнийг уншихыг хүсээд, өөрсдийнхөө талаар юуг ойлгоход тусалж байгааг олж мэдэхэд урь.

  • Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, бие биеэсээ анзаарсан давуу тал, чадвар чадавхуудынхаа талаар ярилцахад урь. Та мөн хичээл эхлэхээс өмнө эцэг эх, санваарын удирдагчидтай холбогдож, суралцагчдынхаа зарим чадварыг харуулсан тэмдэглэл бичихийг тэднээс хүсэж болно.

  • тараах материалын дүрс зураг“Ур чадвар, чадавхаа үнэлэх үнэлгээ” гарчигтай материалыг тарааж өгөөд, сурагчдад бөглөж дуусгах хугацаа гаргаж өг. Энэ үнэлгээнд ажил олгогчдын зүгээс ажилчдаас шаарддаг ур чадварын жагсаалтыг багтаасан гэдгийг тайлбарла.

Ур чадвар, чадавхаа үнэлэх үнэлгээ

Дараах өгүүлбэр тус бүрээр өөрийн итгэлтэй байдлын түвшнийг 1 (итгэлгүй)-ээс 5 (маш итгэлтэй) хүртэлх оноогоор үнэл.

  1. Би бусадтай амжилттай харилцан ойлголцож чаддаг.

  2. Би өөрийгөө зоригжуулдаг.

  3. Би шаргуу, хөдөлмөрч.

  4. Би бэрхшээлтэй нөхцөл байдлыг эргэцүүлэн дүгнэж, шийдвэрлэх арга замыг олж чаддаг.

  5. Би шинэ зүйлд суралцаж, туршиж үзэхэд бэлэн байдаг.

  6. Би үнэнч байж, итгэл дааж чаддаг.

  7. Би бусадтай хамтран ажиллахдаа сайн.

  8. Хүмүүс даалгаж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдэгт надад итгэдэг.

  9. Би цаг заваа зөв зохицуулж, үр дүнтэй ашиглаж чаддаг.

  10. Би цагийг ягштал баримталдаг.

Өмнөх эргэцүүлэн бодох даалгаврыг гүйцэтгэх хангалттай цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа дараахтай адил асуултуудыг тавьж, зарим ойлголтоосоо хуваалцахад тэднийг урь.

  • Та өөрийнхөө талаар юу ойлгож авсан бэ?

  • Таны олж мэдсэн зүйл ирээдүйд илүү сайн бэлтгэгдэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?

Өнөөдрийн хичээлээр өөрийнхөө талаар юу сурч мэдсэнээ нэгтгэн дүгнэж, сэргээн санахад нь суралцагчдад туслах зорилгоор дараах дутуу өгүүлбэрүүдийг үзүүлж, хариултаа судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.

  • Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тусалж чадах миний нэг давуу тал, чадавх бол …

  • Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлагад илүү сайн бэлтгэгдэхийн тулд миний хөгжүүлэхийг хүсэж буй нэг ур чадвар, чадавх бол …

Дараагийн (“Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь”) хичээлээр хоёр дахь зааварт тодорхойлсон ур чадвар, чадамжийг хэрхэн хөгжүүлэх талаар бодох боломжийг олгох болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Та эдгээр ур чадвар эсвэл чадавхыг хэрхэн хөгжүүлэх арга замуудын талаар яг одооноос бодож эхлэхэд тэднийг урьж болно. Тэднийг өсөж хөгжиж, ахиц дэвшил гаргахад туслах Их Эзэний чадавх, хүсэл эрмэлзлийг гэрчил.