Семинар
194-р хичээл—Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь: Их Эзэний тусламжтайгаар ахиц дэвшил гаргах


“194-р хичээл—Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь: Их Эзэний тусламжтайгаар ахиц дэвшил гаргах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

194-р хичээл: Ирээдүйн боловсрол, ажил эрхлэлтэд бэлтгэх

Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь

Их Эзэний тусламжтайгаар ахиц дэвшил гаргах

Ур чадвараа хөгжүүлж буй өсвөр үеийнхэн

Биднийг үүргээ биелүүлэх үед Аврагч бидэнд ирээдүйд хүлээх үүрэг хариуцлагадаа бэлтгэхэд, Бурханы хүүхдүүдийн хувьд бүрэн боломж чадавхдаа хүрэхэд туслах ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд тусалж чадна. Энэ хичээл нь ирээдүйн ажил эрхлэлт болон бусад үүрэг хариуцлагад бэлтгэхэд шаардлагатай ур чадвар, чадавхыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлийг “Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь” хичээлийг заасны дараа заах нь илүү үр дүнтэй байх болно. Та тухайн хичээлийг зааж амжаагүй бол уг хичээлийн зарим үйл ажиллагааг энэ хичээлийн нэг хэсэг болгон ашиглах талаар бодож үз.

Зорьсон зүгтээ төвлөр

Та дараах зургийг үзүүлж эсвэл эдгээртэй ижил төстэй зургийг самбарт зурж хичээлээ эхлүүлэхийг бодоорой. Та доорх жишээн дээрх эхний залуу эмэгтэйг дүрслэхдээ эхний зургийг зааж, дараагийн залуу эмэгтэйг дүрслэхдээ хоёр дахь зургийг зааж болно.

Хоёр бүсгүй

Та ур чадвар, чадавхын хувьд эрс тэс ялгаатай хоёр залуу хүнийг таньдаг байсан гэж төсөөл. Эхнийх нь олон гайхалтай авьяастай бол дараагийнхад нь амьдралдаа амжилтад хүрэхэд шаардлагатай авьяас чадвар байхгүй мэт санагддаг байв.

  • Та энэ хүмүүст авьяас, ур чадвар, чадавхтай холбоотой ямар зөвлөгөө, анхааруулга өгөх вэ? Яагаад?

Дараах зургийг харуулаад, юу харж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Тэд зураг дээрх хүснэгтээс сурч болох сүнслэг сургамжуудыг хуваалцаж болно.

ур чадвар, өсөлт хөгжлийн зам

Далын ахлагч Кларк Г.Гилбэртийн хэлсэн үгсийг хуваалцахын өмнө налуу шугам нь өгсөх, уруудах үйл явцыг илэрхийлдэг гэдгийг тайлбарлах нь тустай.

Далын ахлагч Кларк Г.Гилбэрт амьдралын эхлэл цэгийг хаанаас эхлэхээс илүүтэйгээр хаашаа зорьж байгаад анхаарал хандуулахын чухлыг ийн заасан.

10:1

Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл

Бидний нөхцөл байдлаас үл хамааран Их Эзэн биднийг өөрсдийн туйлын боломж бололцоондоо хүрэхэд тусалж чадна хэмээн Ахлагч Гилбэрт заав.

Ахлагч Кларк Г.Гилбэрт

Бидний ирээдүй эхлэх цэгээр маань бус, өсөлтийн налуу шугамаар илүү их тодорхойлогдоно. Бидний хаанаас эхэлснээс үл хамааран, Есүс Христ бидний бурханлаг боломж бололцоог олж хардаг. … Есүс Христ бидэнд өгөгдсөн зүйлээрээ юу хийхийг маань анхаарч үздэг. Дэлхий бидний эхлэх цэг дээр төвлөрч байхад, Бурхан бидний өсөлтийн налуу шугам дээр төвлөрдөг. Их Эзэний тооцооллын хувьд, Тэр бидний налуу шугамыг тэнгэр лүү чиглүүлэхэд бидэнд туслахын тулд бүхнийг хийх болно. (Кларк Г.Гилбэрт, “Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл,” Лиахона, 2021 оны 11-р сар, 20)

  • Та нар ахлагч Гилбэртийн хэлсэн үгээс Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?

  • Авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд тань итгэл найдвар, урам зориг өгч чадах юуг та энэ үгсээс олж мэдсэн бэ?

Энэ хичээл нь ирээдүйд эрхлэх ажил хөдөлмөр, хүлээх үүрэг хариуцлагад бэлтгэхэд туслах ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд чиглэнэ гэдгийг тайлбарла.

Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, хийх ажил хөдөлмөртөө илүү сайн бэлтгэгдэхийн тулд хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвар, чадавхуудынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Тэд эдгээр ур чадвар, чадавхыг тэмдэглэлдээ жагсаан бичиж болно. “Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь” гарчигтай хичээлийн үед хийсэн тэмдэглэлээсээ лавлаж харах нь суралцагчдад тустай байж болно.

Судалж байхдаа та Их Эзэний тусламжтайгаар авьяас, ур чадвар, чадавхаа хэрхэн хөгжүүлж болохыг сайтар ойлгоход нь тэдэнд тусалж чадах Ариун Сүнсний сүнслэг нөлөөнд төвлөрөхийг суралцагчдад уриал.

Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх

Дараах судалгааны үйл ажиллагаанд оролцоход суралцагчдыг урихын өмнө Их Эзэн тэдэнд ур чадвар, чадавхаа хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах талаар хамтдаа хэлэлцэхийг бод.

Судраас үнэнийг олж мэдэх боломжийг олгож суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Та бүлэг нэг бүрд өөр өөр шүлэг өгч, хуваарилсан судартаа үндэслэн нэг үнэн, нэг зарчмыг уншиж ярилцаад, самбар дээр бичихийг тэднээс хүсэж болно.

Дараах шүлгүүдийг уншаад, үнэнүүдийг хайж ол. Эдгээр үнэн нь ур чадвар, чадавхыг хөгжүүлэх хүчин чармайлтад тань хэрхэн тусалж болохыг бодож үз.

Сургаал ба Гэрээнүүд 4:7; 46:8–9; 75:3, 29; 1 Нифай 7:12

Олж мэдсэн үнэнүүдийг хуваалцахад суралцагчдыг урь. Тэд дараахтай төстэй үнэнийг хуваалцаж болох юм.

  • Хэрэв бид Бурханаас тусламж гуйвал Тэр бидний залбиралд хариулах болно (Сургаал ба Гэрээнүүд 4:7-г үзнэ үү).

  • Их Эзэн бидэнд сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхийг зарлигласан бөгөөд ингэснээр бид төдийгүй бусад хүн ашиг тус хүртэх болно (Сургаал ба Гэрээнүүд 46:8–9-ийг үзнэ үү).

  • Их Эзэн бидэнд залхуурахгүй байж харин хүч, чадлаараа хөдөлмөрлөхийг зарлигласан (Сургаал ба Гэрээнүүд 75:3, 29-ийг үзнэ үү).

  • Хэрэв бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлбэл Их Эзэн бүх зүйлийг бидний төлөө Өөрийн хүслийн дагуу болгож чадна (1 Нифай 7:12-ыг үзнэ үү).

  • Эдгээр үнэн нь авьяас, ур чадвар, чадавхыг хөгжүүлэхтэй ямар холбоотой гэж та бодож байна вэ?

  • Та эсвэл таны таньдаг хүмүүс хэзээ эдгээр үнэний аль нэгийг хэрэгжүүлж ур чадвар, чадавхаа хөгжүүлж чадсан бэ?

Суралцагчдыг өмнөх асуултад хариулсны дараа ChurchofJesusChrist.org дээрх “Итгэл ба зорилго” (4:40) видеог хуваалцах талаар бодож үз. Тодорхойлсон үнэнтэйгээ холбоотой жишээг хайж олоход суралцагчдыг урь.

4:39

Faith and the Goal

Teenager Olivia Moultrie talks of being the youngest-ever player in US women’s pro soccer, improving her game, and her life balance with prayer, gospel living, study, and being a daughter of God.

Авьяасаа хөгжүүлэх ба ашиглах

Хичээлийн энэ хэсэг ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, хийх ажил хөдөлмөрт бэлтгэхэд тусалж чадах авьяас, ур чадвар, чадавхыг хөгжүүлэх хувийн төлөвлөгөөн дээр ажиллах боломжийг суралцагчдад олгоход чиглэнэ. Суралцагчдыг өсөж хөгжих, суралцах арга замыг эрэлхийлэхдээ Сүнсэнд найдахад уриал. Та зарим авьяас төрөлхийн байдаг бол зарим нь хувь хүний ​​хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд төрөн гардаг гэдгийг суралцагчдад сануулах талаар бодож болно.

Төлөвлөгөөн дээрээ ажиллах цагийг суралцагчдад гаргаж өгөхөөс өмнө ChurchofJesusChrist.org дээрх “Өчүүхэн бөгөөд энгийн” (3:31) видеог үзүүлэх талаар бодож үз. Та зорилгодоо хүрэхийн тулд дагаж мөрдөх энгийн алхмуудын жишээг олж харахад нь суралцагчдад туслах зорилгоор энэ видеог ашиглаж болно.

3:31

Small and Simple

To bridge the gap of divine discontent between where you are and where you want to be, work on improving by small and simple means over time, not all at once in a burst of energy.

тараах материалын дүрс зураг“Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх” гарчигтай материалыг тарааж өг. Тараах материалтай ажиллах хугацааг суралцагчдад олгохоосоо өмнө ангиараа нэг жишээн дээр хамтдаа ажиллах талаар бодож үз. Анхаарлаа төвлөрүүлэх ур чадвар эсвэл чадавхыг эргэцүүлэн бодоод, дараа нь тэрхүү ур чадвар, чадавхыг хөгжүүлэх алхам бүрийг гүйцэтгэх арга замуудыг хамтдаа хэлэлцэхэд ангийн гишүүдийг урь.

Суралцагчдыг төлөвлөгөөгөө бие даан боловсруулах үед “Өөрийн авьяас, чадвар чадавхыг нээх” гарчигтай хичээлээр ямар ур чадвар, чадавхыг хөгжүүлэхийг хүсэж байгаа гэж шийдсэнийг нь тэдэнд сануулах нь тустай байж болно.

Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх

Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, хийх ажил хөдөлмөрт бэлтгэх ур чадвар, чадавхыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад тань туслах дараах алхмуудыг ашигла.

  1. Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, хийх ажил хөдөлмөрт бэлтгэхийн тулд хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвар эсвэл чадавхын жагсаалтыг гарга.

  2. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход энэ ур чадвар, чадавх танд хэрхэн туслах вэ?

  3. Энэ ур чадвар, чадавхыг хөгжүүлэх тодорхой зорилго тавь. Энэ зорилгод хүрэхийн тулд хийх хоёр эсвэл гурван тодорхой алхам, үйлдлийг жагсаан бич.

  4. Та зорилгодоо хүрэхийн тулд ямар дадал зуршлуудыг өөрчлөх вэ? Багаас эхэл. Өдөр бүр өөрчлөх эсвэл бий болгох нэгээс хоёр дадлыг жагсаан бич. Эдгээр нь хэт нүсэр байх албагүй.

  5. Та төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Бурханы тусламжийг хэрхэн эрэлхийлэх вэ? Хэрэгжүүлэх арга замыг тайлбарласан судрын хэсгийг олж болно. Жишээ нь: Сургаалт үгс 3:5–6; 2 Нифай 32:3; Ифер 12:27; Сургаал ба Гэрээнүүд 4:7.

Хуваалцах хүсэлтэй суралцагчдыг төлөвлөгөөнийхөө зарим хэсгийг нэг нэгэнтэйгээ, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ хуваалцахад урь. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, санал бодлоо өөр хоорондоо хуваалцах боломжийг олго. Та суралцагчдын санал бодлыг чиглүүлэх зорилгоор дараахтай ижил төстэй сануулгыг үзүүлж болно.

  • Надад таалагддаг таны төлөвлөгөөний нэг хэсэг бол …

  • Зорилгодоо хүрэхэд минь тусалсан зүйл бол …

  • Амжилтад хүрэхэд тань туслах өөр нэг санаа бол …

Өөртөө гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь суралцагчдыг урамшуул. Ирээдүйдээ бэлтгэх ур чадвар, чадавхаа хөгжүүлэхээр чармайхад нь тэдэнд туслах Их Эзэний чадавх, хүслийг гэрчил.