Семинар
191-р хичээл—Боловсролын ач холбогдол: Боловсрол бидний хөгжил дэвшилд амин чухал


“191-р хичээл—Боловсролын ач холбогдол: Боловсрол бидний хөгжил дэвшилд амин чухал,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Боловсролын ач холбогдол” Сургаал ба Гэрээнүүдийн багшийн гарын авлага

191-р хичээл: Ирээдүйн боловсрол, ажил эрхлэлтэд бэлтгэх

Боловсролын ач холбогдол

Боловсрол бидний хөгжил дэвшилд амин чухал

Өсвөр насныхан төсөл дээр ажиллаж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг амьдралынхаа туршид сурч, боловсроосой гэж хүсдэг. Сурч боловсрох нь бидний дэлхий дээрх амьдралд болон үүрд мөнхийн хөгжил дэвшилд амин чухал юм. Энэ хичээл нь боловсролын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Боловсрол яагаад чухал вэ?

Боловсролын ач холбогдлыг эргэцүүлэн бодоход туслах үүднээс суралцагчидтай дараах жишээг хуваалцахыг бод.

Сургуульд явах дургүй Сара гэдэг оюутан байна гэж төсөөл. Тэрээр сургуульд явахыг цаг үрсэн, хэт их бухимдуулдаг зүйл гэж боддог. Мөн хэзээ ч сайн сурдаггүй байсан учраас түүнд суралцах хүсэл эрмэлзэл бараг байхгүй. Тэр найз нөхөдтэйгөө цаг өнгөрөөж, гэртээ амарч, ажилдаа явах нь дээр гэж үздэг.

Саратай адил санаа зовоосон асуудалтай тулгарч байсан эсэхээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад боловсрол эзэмшихийг биднээс хүсдэгийг олж мэдэхэд энэ хичээл тусална гэдгийг суралцагчдад тайлбарла.

Боловсрол гэдэгт сургууль гэх зэрэг албан ёсны орчинд явагддаг сургалт хамаардаг гэдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болно. Мөн боловсролд гэртээ эсвэл бусад өдөр тутмын үйл ажиллагаа зэрэг албан бус орчинд явагддаг сургалт орж болно.

Судлах тэмдэглэлийнхээ хуудасны дээд хэсэгт “Боловсрол яагаад чухал вэ?” гэж гарчигла. Өнөөдөр судалж байхдаа та өөрийн амьдрал дахь боловсролын үнэ цэнийг ойлгохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс илчлэл эрэлхийл. Санаа бодол, сүнслэг мэдрэмжээ тэмдэглэлийнхээ жагсаалтад нэмж оруул.

Боловсролын ач холбогдлыг судал

Суралцахуйн хийгээд боловсролын ач холбогдлын талаар заасан судрууд, Сүмийн удирдагчдын хэлсэн үгс зэргийг судлах цагийг суралцагчдад гаргаж өг. тараах материалын дүрс зурагСуралцагчид “Боловсролын ач холбогдол” гэсэн гарчигтай тараах материал дахь эх сурвалжуудын заримыг эсвэл бүгдийг нь судалж болно. Олж мэдсэн ойлголтоо судлах тэмдэглэлийнхээ жагсаалт дээр бичихэд тэднийг урамшуул.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, бүлгийн гишүүн бүрд судлах судар болон үг оноож өгөхийг бодоорой. Өөрт оногдсон уншлагаас юу сурснаа бүлгийн бусад гишүүнд тайлбарлахыг суралцагчдаас хүс.

Боловсролын ач холбогдол

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгс боловсрол эзэмшихийг танаас хүсдэг Их Эзэний хүлээлтийг илүү сайн ойлгоход тань туслах болно. Суралцах явцдаа боловсролын ач холбогдлын талаарх үнэнийг олж мэд.

Судлах судар:

Сургаал ба Гэрээнүүд 88:77–80, 118; 130:18–19

Сүмийн удирдагчдын зааврууд:

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Боловсрол бол таны олж эзэмших зүйл юм. Хэн ч таны өмнөөс үүнийг эзэмшиж чадахгүй. Та нар хаана ч байлаа гэсэн суралцах маш их хүсэлтэй бай. Хожмын үеийн гэгээнтэн бидний хувьд боловсрол олж авах нь зөвхөн онцгой эрх биш юм, энэ бол шашны үүрэг хариуцлага билээ. “Бурханы алдар суу бол оюун билиг юм” (Сургаал ба Гэрээнүүд 93:36). Үнэндээ, бидний боловсрол бол үүрд мөнхөд үргэлжлэх зүйл билээ. …

Иймэрхүү алсын хараатай ойлголт нь суралцах талаар сайн сонголт хийхэд тань туслах болно.

Ах, эгч нар аа, зорилгодоо—тэр бүү хэл мөрөөдөлдөө хүрэхээр хичээхээсээ бүү ай! Аливаа зүйлийг хамгийн сайн, бүрэн гүйцэд хийж сурахад амар дөт зам гэж байдаггүй. Боловсролтой болох нь бусад хүнд туслахыг хүсэх болон тэдэнд туслах боломжтой байх хоёрыг ялгаатай болгодог юм. (Рассэлл М.Нэлсон, “Та нар юуг сонгох вэ?Ensign, 2015 оны 1-р сар, 32)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн.

Ахлагч Дэвид А.Бэднар

Бид энэ дэлхийд мөнх амьдралд бэлдэхээр, хэрхэн суралцах талаар судлахаар, зуурдын амьдралд чухал болон мөнх амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлсийн талаар судлахаар мөн бусдад мэргэн ухаан хийгээд үнэний талаар сурч мэдэхэд нь туслахаар ирсэн болно (Сургаал ба Гэрээнүүд 97:1-ийг үзнэ үү). Бид хэн бэ, хаанаас ирсэн бэ, яагаад дэлхий дээр оршин байгаа вэ гэдгийг ойлгосноор бидний хүн нэг бүрд хэрхэн суралцах мөн суралцахуйн үнэ цэнийг ойлгох асар их үүрэг хариуцлага оногддог. (Дэвид А.Бэднар, “Learning to Love Learning,” Ensign, 2010 оны 2-р сар, 27)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон ийн хуваалцсан.

Камилл Н.Жонсон эгч

Бид боломжоороо аль болох боловсрол олж авч, сургалтад хамрагдсанаар бэлтгэлтэй байж чадна. Энэ нь дэлхийд болон Сүмд үйлчлэхэд бэлэн байхын тулд юм. Мөн хань ижлийнхээ ухаалаг зөвлөгч, хамтрагч болоход бэлэн байхын тулд, биднээс үлгэрлэдэг хүүхэд, залуучуудад үр нөлөөтэй багш болоход бэлтгэлтэй байхын тулд юм. Ихийг сурах тусам бид сайн сайхны төлөө илүү их нөлөө үзүүлж чадна.” (Камилл Н.Жонсон, “Seek Learning by Study and by Faith” [BYU–Pathway Дэлхий даяарх онцгой цугларалт, 2021 оны 10-р сарын 19], byupathway.org).

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч:

Тэнгэрлэг Эцэг охид, хөвгүүдээ үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. Танд суралцахыг эрэлхийлж, суралцахад дурлах материаллаг, сүнслэг шалтгаан аль аль нь бий. Боловсрол бол зөвхөн мөнгө олох тухай асуудал биш. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг юм. …

Оюун ухаанаа тэлж, ур чадвараа сайжруулах боломжийг эрэлхийл. Энэ боломж нь сургууль, мэргэжил сургалтын төвөөс авч болох албан ёсны боловсролоос гадна өөрийн найдвартай гэж үзсэн боловсролын албан бус эх үүсвэрүүд байж болно. Хичээл зүтгэлдээ Их Эзэнийг оролцуулснаар Тэр таныг удирдах болно. Амьдарч буй эх дэлхийнхээ талаар суралцахдаа дэлхийг бүтээсэн Есүс Христийн талаар түүнчлэн суралц. Түүний амьдрал, сургаалаас суралц. Институт, семинар, сайн мэдээнээс суралцах хувийн сургалтаа насан туршид суралцах үйл явцынхаа нэг хэсэг болго. (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 31)

Хэрэв суралцагчдыг бүлгүүдэд хуваасан бол тэднийг олж мэдсэн зүйлээ бүлгийн гишүүдтэйгээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцахаас өмнө, шинжлэн дүгнэх ур чадварыг эзэмших нь амьдралд хэрэгтэй чухал ур чадвар болохыг тэдэнд тайлбарлаж өг. Шинжлэн дүгнэх гэдэг нь санаануудыг хооронд нь холбож, тэдгээрийг үнэлэх чадвар юм. Бүлгийн хэлэлцүүлгийн үеэр шинжлэн дүгнэх сэтгэлгээг дадлагажуулахад туслах дараах зааврыг суралцагчдад үзүүл.

  1. Судалсан судар болон мэдэгдлээс сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэ.

  2. Суралцагчдыг бүх товч дүгнэлтийг хуваалцсаны дараа дараах асуултын дагуу ярилц.

  3. Та судалсан мэдэгдэл, судруудаас ямар нийтлэг зүйлсийг олж харж байна вэ?

  4. Таны судалсан судрууд эсвэл мэдэгдлүүд бие биеэсээ юугаараа ялгаатай байсан бэ?

  5. Нэг эшлэл юм уу нэг судар танд өөр нэг эшлэл юм уу өөр нэг судар дахь ямар нэг зүйлийн талаар ойлголт өгч байна уу?

Боловсролын ач холбогдлын тухай үнэн

Судалж, ярилцсаны үндсэн дээр олж мэдсэн үнэнүүдээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Та хичээлийн эхэнд тавьсан “Боловсрол яагаад чухал вэ?” гэсэн асуултыг самбарт бичиж, уг асуултын хүрээнд сурч мэдсэн үнэнээ бичихийг суралцагчдаас хүсэж болно. Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг хуваалцаж болох юм.

  • Боловсрол нь биднийг Бурханы хаант улсад үйлчлэхэд бэлтгэгдэхэд тусалдаг (Сургаал ба Гэрээнүүд 88:77–80-ыг үзнэ үү).

  • Их Эзэн бидэнд суралцахыг эрэлхийлэх зарлигийг өгдөг (Сургаал ба Гэрээнүүд 88:118-ыг үзнэ үү).

  • Энэ амьдралд бидний хуримтлуулсан мэдлэг, оюун билиг Амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно (Сургаал ба Гэрээнүүд 130:18–19-ийг үзнэ үү).

  • Боловсрол нь биднийг дэлхийн сайн сайхны төлөө илүү сайнаар нөлөөлөхөд бэлтгэж чадна (Камилл Н.Жонсон, “Seek Learning by Study and by Faith,” [BYU–Pathway Дэлхий даяарх онцгой цуглаан, 2021 оны 10-р сарын 19], byupathway.org).

Дараах асуултуудыг тавих замаар суралцагчдын олж мэдсэн үнэний талаарх ойлголтуудыг ярилцах талаар бодож үз.

  • Таны тодорхойлсон үнэнүүдийн аль нь танд хамгийн их утга учиртай санагдсан бэ? Яагаад?

  • Боловсрол таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

  • Боловсрол эзэмших адислалыг та өөрийнхөө болон бусдын амьдралаас хэрхэн олж харсан бэ?

Үүнийг өөрийн үгээр тайлбарла

Хичээлийн эхэнд дурдсан Сарагийн тухай жишээг сурагчдад сануул. Дараах зааврыг хуваалцсаны дараа судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэх хугацааг суралцагчдад гаргаж өг.

Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсээ ашиглан Сарад боловсролын ач холбогдлыг ойлгуулахад тустай хуваалцаж болох хариултыг бодож бич. Хариултдаа судар эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн үгсээс авсан дор хаяж нэг эшлэлийг багтаа. Та мөн өөрийн гэрчлэлийг багтааж эсвэл өөрт тохиолдсон туршлагыг тайлбарлаж болно.

Хариултаа хамтрагчтайгаа хуваалцах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үз. Цөөн суралцагч хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

Сурч мэдсэн зүйлээ болон юуг санахыг хүсэж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урих замаар хичээлээ дуусгахыг бод. Тэд бодол санаа, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж болно. Боловсролын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.