Хөтөлбөрийн сургалт
Үнэлгээний сургалт


“Үнэлгээний сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

Семинарын анги

Үнэлгээний сургалт

Оршил

Үнэлгээ бол суралцахуйн чухал хэсэг юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар онолын мэдлэгт шалгалтын гүйцэтгэдэг үүргийг тайлбарлахдаа үнэлгээний ач холбогдлыг ийн онцолсон.

Ахлагч Дэвид А.Бэднар

Үе үе өгдөг шалгалт нь сурч мэдэхэд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Үр дүнтэй шалгалт нь тодорхой сэдвийн талаарх бидний бодитой мэдлэгийг мэдвэл зохих зүйлтэй харьцуулахад тусалдаг ба энэ нь бидний сурах, хөгжих байдлыг үнэлэх жишгийг тогтоодог (Дэвид А.Бэднар, “Үүгээр бид тэднийг нотлох болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Семинарын үнэлгээ нь онолын мэдлэгийн шалгалттай ижил үүрэг гүйцэтгэдэг. Үнэлгээ нь суралцагчдад өөрсдийн сүнслэг мэдлэг, ойлголт, үнэнч байдлаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт харуулахад тусалдаг. Ийм явцын үнэлгээ нь суралцагчдад юу сурч мэдэж, хэрхэн өсөн хөгжиж байгаагаа илүү сайн ойлгоход тусална.

Суралцаж, өсөн хөгжиж байгаагаа олж харах тухай зураг

Суралцаж, өсөн хөгжиж байгаагаа олж харах нь суралцагчдад сэтгэл ханамж, урам зоригийг мэдрүүлдэг. Энэ нь гүйлтийн тамирчин цаг хэмжигчээ харах эсвэл жаахан хүүхэд өндрөө хэмжихтэй адил юм. Ихэнхдээ суралцагчид суралцах үйл явцаа тогтмол үнэлэх боломжгүйгээр хэрхэн өсөн хөгжиж байгаагаа мэдэхгүй өнгөрдөг. Тэр ч бүү хэл ямар ч ахиц гаргаагүй эсвэл бүр муудсанаа олж харах боломж нь суралцах үйл явцад үнэ цэнтэй. Тогтмол үнэлгээ явуулах нь суралцагчдын амьдралд хувийн илчлэлийг урин авчирч, ирээдүйд өсөж хөгжин, суралцах төлөвлөгөөгөө гаргахад тусална. Семинарын хөтөлбөр дэх үнэлгээний зарим үйл ажиллагааны жишээнд Суралцахуйгаа үнэлэх хичээл, төгс эзэмших сургаалын дасгал зэрэг багтдаг. Энэхүү сургалт нь Суралцахуйгаа үнэлэх хичээлийн үнэлгээний үйл ажиллагаан дээр төвлөрнө.

Суралцахуйгаа үнэлэх хичээл

Семинарын хөтөлбөрт Суралцахуйгаа үнэлэх хичээл орсон байгааг харж болно. Эдгээр хичээл нь ойролцоогоор 4-өөс 6 долоо хоног тутам орохоор төлөвлөгдсөн ба суралцагчдад хичээлийн сургалтын зорилтот үр дүнгээ үнэлэх боломж олгодог. Эдгээр хичээлийн сургалтын зорилтот үр дүн нь суралцагчдад дараах байдлаар тусална. Үүнд:

  • Сурч мэдсэн сургаалаа тайлбарлах

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээтэй холбоотой бодол санаа, хандлага, хүсэл эрмэлзлээ эргэцүүлэн бодох

  • Сурч мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх, Есүс Христийн илүү сайн шавь болохын тулд дээр нь ажиллаж байгаа төлөвлөгөө, тавьсан зорилгуудаа эргэж харах гэх мэт.

Цаг гарган нэг эсвэл хэд хэдэн Суралцахуйгаа үнэлэх хичээлийг судалж, ойлголт авах нь тус болж болох юм. Ганц, хоёр хичээлийг судлахдаа хичээл бүр ерөнхийдөө бусад хичээл шиг суралцагч бүрд хамгийн сүүлд хувиараа, гэр бүлтэйгээ хамт мөн Сүмийн цуглаан дээр, семинарын ангидаа судраас сурч мэдсэн аливаа зүйлээ хуваалцах боломжийг олгодог. Дараа нь Суралцахуйгаа үнэлэх хичээлийн үнэлгээний үйл ажиллагаа бүрийг хар. Нэн ялангуяа үнэлгээний үйл ажиллагаа бүр хэрхэн дараах шинжүүдийг агуулж байгаад анхаар. Тухайлбал:

  • Хичээлийн сургалтын зорилтот үр дүнг дурдсан гарчгаар эхэлсэн

  • Сургалтын хөтөлбөрийн өмнөх хичээлүүдийн суралцах туршлагуудыг дурдсан

  • Сурч мэдсэнээ харуулах ямар нэг зүйл хийх боломжийг суралцагчдад олгосон гэх мэт.

Сургалтын зорилтот үр дүнг тодорхой мэдэх тухай зураг

Суралцагчдад суралцах үйл ажиллагааны зорилтот үр дүнгээ тодорхой ойлгож, сурсан мэдсэнээ харуулах боломжийг олгох үед тэдний сурч мэдэх явц хурдасдаг гэдгийг санах нь чухал юм. Зүйрлэл ашиглах нь үүнийг харуулахад тусалж болох юм. Хэрэв залуу хүн нум сумаар харваж сурч байвал түүнд тод харагдах бай, түүнчлэн сумаа хэрхэн татах, нумаа хэрхэн барьж, сумаа тавих зэрэг сургуулилт хэрэгтэй. Харин түүнд сум харвах боломж огтхон ч олгохгүй бол тэр сум харваж сурсан эсэхээ мэдэхгүй өнгөрнө. Сум тавьж байж л тэр байгаа оносон эсэхээ тодорхой мэдэж авна. Сайн мэдээнээс суралцах үйл явц нь үүнтэй адил юм. Суралцагчдад заавар, тусламжаас гадна сурч мэдсэн зүйлээ харуулах боломж бас хэрэгтэй. Сурсан мэдсэн зүйлээ хэрхэн харуулж байгаа нь зорилтот үр дүнтэй нь шууд холбоотой байх ёстой. Хөтөлбөр дэх суралцах үйл явц бүрийг үүнд зориулан боловсруулсан бөгөөд энэ нь Суралцахуйгаа үнэлэх хичээлд илүү тодорхой илэрдэг. Эдгээр хичээл тус бүрийн сургалтын зорилтот үр дүн юу байх талаар суралцагчидтай хуваалц.

Багш нар болон ангийнхан нь суралцагчдад суралцах зүйлсээ илүү тодорхой олж харахад туслах эх сурвалж нь болж чадна. Багшийн хувьд та тэдэнд гаргаж буй ахиц эсвэл гаргаж чадахгүй байгаа зүйлийнх нь талаар санал бодлоо хэлж болно. Та хамтаараа хэлэлцэж эсвэл өөрийн амьдралынхаа туршлагаас хуваалцаж болно. Суралцагчид танд эсвэл ангийнхандаа зорилго, төлөвлөгөөгөө тайлагнах ёстой гэсэн хүлээлт байх ёсгүйг сана. Тэдний зорилго, төлөвлөгөөний зарим хэсэг нь илүү хувийн шинж чанартай байж магадгүй. Гэхдээ суралцагчид өөрийн зорилго, төлөвлөгөөг тантай чөлөөтэй хуваалцмаар санагдах үе гарч магад. Хэзээ тохиромжтой болохыг суралцагчидтай хамтран зөвлөлд. Зарим тохиолдолд суралцагчдыг эцэг эх, бишоп, салбарын ерөнхийлөгчтэйгөө ярихыг зөвлөж болно.

Суралцахуйгаа үнэлэх хичээлийн зарим үйл ажиллагааг бодол санаа, туршлагаа ангийнхантайгаа хуваалцахад зориулан боловсруулсан байхад зарим үйл ажиллагаа нь илүү хувийн шинж чанартай байдаг. Жишээлбэл: Суралцагчдыг сургаалыг тайлбарлах үеэр тэдэнд хамтдаа тайлбарлах эсвэл жүжигчлэн үзүүлэх дадлага хийх боломж олгох нь тохиромжтой байж магад. Суралцагчид өөрсдийн мэдрэмж, зан хандлага, хүсэл эрмэлзлээ үнэлэх бол энэ үйл ажиллагаа өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоход илүү тохиромжтой байж болох юм.

Ариун Сүнсний нөхөрлөлийн тухай зураг

Хамгийн чухал нь та эдгээр хичээлийг заахдаа суралцагчдыг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэр дэх Эцэгээсээ удирдамж, тусламж эрэлхийлэхийг уриарай. Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очих зам дээрээ хэрхэн суралцаж, өсөн хөгжиж байгаагаа тодорхой харахад нь туслах Ариун Сүнснээс өөр сайн хамтрагч байхгүй. Суралцагчдад Есүс Христийн шавийн хувьд суралцаж, өсөн хөгжиж байгаагаа үнэлэхдээ Ариун Сүнснээс тусламж эрэлхийлэх боломжийг байнга олго.

Үнэлгээгээ өгөөд хичээлийн кредит авах

Суралцагчид семинарын төгсөлтийн кредит авахын тулд хичээлийн жилийн хагас бүрийн дундуур Суралцахуйгаа үнэлэх хичээлд дор хаяж нэг удаа суусан байх хэрэгтэй.

Хэрэв суралцагч хичээлийн улирлын турш Суралцахуйгаа үнэлэх хичээлд огт суугаагүй бол та түүнд семинарын багшийн гарын авлагын хавсралт дахь зохих Суралцахуйгаа үнэлэх хичээлийг өгөх хэрэгтэй. Хичээлийн улирлын нэгдүгээр хагасын даалгаврыг нь нөхүүлэх зорилгоор “Суралцахуйгаа үнэлэх, 1-р хэсэг”-ийг суралцагчдад өгч болно. Хичээлийн улирлын хоёрдугаар хагасын даалгаврыг нөхүүлэх зорилгоор “Суралцахуйгаа үнэлэх, 2-р хэсэг”-ийг суралцагчдад өгч болно. Суралцагчдыг үнэлгээний үйл ажиллагаа бүрд өгсөн хариултаа тэмдэглэн авахад урь. Мөн тэднийг хэт хувийн биш бол хариултуудаа эцэг эх, ах, эгч, дүү, Сүмийн удирдагчтайгаа хуваалцахыг урамшуул. Суралцагчдад ийн хуваалцах боломж олгох нь Ариун Сүнсэнд тэдэнд сайн мэдээний үнэний тухай заах боломж олгож, Христэд төвлөрсөн шавь байх замдаа ахин алхам хийхэд урих юм. Тэднийг хариултаа танд буцаан өгөх үед хэрэв хэт хувийн чанартай биш бол та мөн нэг юм уу хоёр хариултаа хуваалцахад тэднийг урьж болно.

Суралцахуйгаа үнэлэх хичээлээ тохируулан өөрчлөх

Заримдаа Суралцахуйгаа үнэлэх хичээлийг тохируулан өөрчлөх хэрэг гарч болно. Хичээлийн хуваарийн улмаас суралцагчид Суралцахуйгаа үнэлэх хичээлд дурдсан хичээлийг судлаагүй байж болох юм. Мөн Суралцахуйгаа үнэлэх хичээлд авч үзээгүй ч суралцагчдын хувьд нэн чухал үнэн ороогүй байж болно. Эдгээр тохиолдолд та тухайн сэдвийн талаарх ойлголт, ахиц дэвшлээ үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд Суралцахуйгаа үнэлэх хичээлийн үйл ажиллагааны аль нэгийг өөрийн зохиосон нэг үйл ажиллагаагаар солихоор шийдэж болно.

Дараах алхмууд нь танд үнэлгээний үйл ажиллагааг үр дүнтэй болгон тохируулан өөрчлөхөд эсвэл зохиоход тусална.

  • 1-р алхам: Үнэлгээ хийхийг хүсэж буй хичээлийнхээ зорилгыг тодорхойлохоос эхэл.

    Хичээлийн зорилго бүрийг тухайн хичээлийн удиртгал догол мөрийн сүүлийн өгүүлбэрт мөн тухайн долоо хоногийн тойм материалд оруулсан байгаа.

  • 2-р алхам: Суралцагчид тухайн хичээлийн зорилготой холбоотой гаргасан ахиц, сурч мэдсэн зүйлээ үнэлэхийн тулд юу хийж болох талаар бодож үз. Жишээ нь дараах зүйлс орж болно. Үүнд:

    • Ойлголт: Суралцагчид сургаалын санааг зааж, амаар эсвэл бичгээр тайлбарлаж болно. Үүнийг жишээнд хариулах эсвэл тэмдэглэлдээ бичих гэх мэт олон арга замаар хийж болно.

    • Мэдрэмж, хандлага, хүсэл эрмэлзэл: Суралцагчдыг өмнөх хичээл дээр нь тэмдэглэлдээ бичих, судалгаанд оролцох зэрэг арга замаар мэдрэмж, хандлага, хүсэл эрмэлзлээ үнэлэхэд урьсан байж болох юм. Хэрэв тийм бол суралцагчдыг уг үйл ажиллагаанд дахин оролцохыг урьж болно. Дараа нь тэд өмнөх хариултаа Суралцахуйгаа үнэлэх хичээлийн үеэр өгсөн хариулттай харьцуулж болно.

    • Хэрэгжилт: Суралцагчид хичээлээр юу хийх өдөөлт төрснөө эсвэл гаргасан төлөвлөгөөгөө эргэн харах боломжтой. Дараа нь тэд төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлснээ эргэцүүлэн бодож болно. Хэт хувийн шинж чанартай биш бол хэдэн суралцагч туршлагаасаа хуваалцаж болох юм. Тэд бас FamilySearch Family Tree аппликэйшныг эсвэл судар судлах ур чадвараа ашиглан хийсэн зүйлсээ үзүүлсэн ч болно.

Үйл ажиллагааг утга учиртай, сонирхолтой хийх арга зам олохыг хичээ. Мөн суралцагчдад гаргасан ахицаа эргэцүүлэн бодож, үнэлэх хангалттай цаг гаргаж өгөөрэй. Үйл ажиллагаанууд нь суралцагчдад өөрийн ахиц дэвшлийг бусдынхтай харьцуулахад хүргэхгүй, харин өөрсдийн туршлагыг үнэлэхэд туслах ёстой. Зарим суралцагч одоогийн ахиц дэвшилдээ сэтгэл дундуур байж магад. Эдгээр үнэлгээний дүнг эцсийн гэж хэзээ ч хүлээн авах ёсгүйг ойлгоход нь тэдэнд тусал. Харин суралцагчдыг үргэлж суралцах эсвэл өсөж хөгжих дараагийн алхам нь юу гэдгийг, мөн тусламж хүсэн Их Эзэнд хэрхэн хандах талаар бодохыг урамшуулан дэмж.

Анхаар: Семинарын багш нар суралцагчдын саяхан судалсан Амьдралд бэлтгэх хичээлд хамаарах үнэлгээний үйл ажиллагааг оролцуулан дараагийн Суралцахуйгаа үнэлэх хичээлийг баяжуулах боломжтой. Мөн тэд тэдгээр үйл ажиллагааг Суралцахуйгаа үнэлэх хичээлд нэмж эсвэл одоогийн үнэлгээг орлуулж болно. Та семинарын багшийн гарын авлагын хавсралтаас Амьдралд бэлтгэх хичээлийн ангилал бүрд зориулсан үнэлгээний санаануудыг харж болно.

Дүгнэлт

Шилэн сав болон галын дүрслэл

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд багш нарт хандан “Суралцагч бол дүүргэх ёстой сав биш; суралцагч бол ноцоох ёстой гал гэдгийг санагтун” хэмээн уриалсан (“Angels and Astonishment,” Church Educational System training broadcast, June 12, 2019). Семинарын суралцагчдын үнэлгээний үйл ажиллагааны нэг хэсэг болсон боломжууд нь суралцагчдад суралцах сэдэл өгдөг чухал арга зам юм. Тэдгээр нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх суралцагчдын хүсэл эрмэлзлийг өдөөхөд тусалдаг. Суралцагчдад сургаалыг тайлбарлах, мэдрэмж, хандлага, хүсэл эрмэлзлээ эргэцүүлэн бодох, ажиллаж буй төлөвлөгөө эсвэл зорилгоо эргэн харах боломжийг олгох нь Тэнгэрлэг Эцэгтэй, мөн Есүс Христтэй илүү адилхан болохын тулд гаргаж буй хичээл зүтгэлээ сайтар бодож байж хийхэд нь тусална.