Семинар
Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа


“Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Хавсралт

Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа

Та Амьдралд бэлтгэх хичээлийн аль нэг ангиллыг зааж дууссаныхаа дараа суралцахуй болон өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд уг ангиллын үнэлэх үйл ажиллагааг дараагийн Суралцахуйгаа үнэлэх хичээлд оруулахыг бодоорой. Суралцагчдынхаа хэрэгцээнд илүү сайн нийцүүлэхийн тулд та эдгээр үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Сүмийн удирдагчдын сургаал

Сүмийн удирдагчдын сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх

Хичээлийн жилийн туршид суралцагчдад Сүмийн удирдагчдын сургаалыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэх олон боломж байсан. Энэ үйл ажиллагааны хувьд та суралцагчдад ангид судалсан тодорхой үгнүүдийг сануулж болно. Боломжтой бол судалсан үгнүүдээсээ нэгийг сонгоод, дахин уншиж, тэмдэглэсэн аливаа тэмдэглэлээ эргэн харахад тэднийг урь. Яриан дахь сургаалууд Есүс Христийн шавь байхын тулд гаргаж буй хичээл зүтгэлд тань хэрхэн тусалсан талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.

Дараах дасгалыг гүйцэтгэхдээ суралцагчдыг хос хосоор нь ажиллуулахыг бодоорой. Тэд бие биетэйгээ ээлжлэн ярилцаж болно. Дараа нь та нэг юм уу хэд хэдэн хосыг ангийнхны өмнө ярилцахад урьж болно.

Та өөрийгөө “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлд хэвлэгдэх Сүмийн удирдагчдын сургаалуудыг судлах тухай нийтлэлд ярилцлага өгч байна гэж төсөөл. Ярилцлага авч байгаа хүн танаас ийн асууна.

  • Та Сүмийн удирдагчдын сургаалуудыг судлах талаар юу мэдэж авсан бэ?

  • Семинарт судалсан үг, нийтлэлүүдийн аль нь танд хамгийн их ач холбогдолтой байсан бэ? Яагаад?

  • Та сүүлийн үед Сүмийн удирдагчдын ямар сургаалыг хэрэгжүүлсэн бэ?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг хийх хүч чадлыг Их Эзэнээс хүлээн авагтун

Энэ үйл ажиллагаа нь “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь” гэсэн ангилалтай холбоотой хичээлүүдээс сурч мэдсэн зүйлээ үнэлж дүгнэхэд суралцагчдад тусална. Эдгээр хичээлийн зарим агуулгыг суралцагчидтай хамт авч үзэх нь тустай байж болно.

Өөрсдөдөө захидал бичихэд урих нь эдгээр хичээлээр юу сурч, юу мэдэрснээ үнэлэхэд суралцагчдад тусална. Дараах заавруудыг ашиглаж эсвэл тохируулан өөрчилж болно.

Яг нэг жилийн дараа таны амьдрал ямар байхыг төсөөл. Тэр үед та юунд хүрсэн байхыг хүсэж байгаагаа мөн тулгарч болох аливаа сорилт бэрхшээлийнхээ талаар бод. Ирээдүйн өөртөө хандан урам хайрласан захидал бич. Дараах асуултууд танд тус болно. Үүнд:

  • Та сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг хийх хүч чадлыг Их Эзэнээс хүлээн авах талаар юу сурч, мэдэрсэн бэ?

  • Цаашид хэрхэн ажиллах талаар тавьсан зорилго танд байгаа юу?

  • Их Эзэн танд сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг үр дүнтэй хийхэд хэрхэн туслах талаар та юу мэдэж авсан бэ?

Бие даах чадварыг хөгжүүлэх

Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх

Өсвөр насны хүүхдийн зураасан дүрсийг самбарт зурахыг нэг суралцагчаас хүсэх талаар бодож үз. Энэ өсвөр насны хүүхдэд нэр өгөөд, түүний зан чанар болон гэр бүлийнх нь нөхцөл байдлын талаар хэд хэдэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд ангийнхныг урь.

Дараа нь уг хүүхдийн амьдралд тулгарах бодит асуудал зохиохыг суралцагчдаас хүс.

Жижиг бүлгүүдэд хуваагдаж, дараах асуултуудын хариултыг ярилцахад суралцагчдыг урь.

  • Аврагчид болон Түүний сургаалд найдах нь тулгарсан сорилт бэрхшээлээ даван туулахад уг өсвөр насны хүүхдэд хэрхэн тус болох вэ?

  • Энэ өсвөр насны хүүхэд тухайн нөхцөл байдалд бие даах чадвараа хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

    Та мөн судраас бие даасан байдлын талаар сурч мэдсэн үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урьж болно.

    Дараах судрын хэсгүүдийн заримыг суралцагчид “Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх нь” хичээлээр судалсан байж магадгүй. Үүнд:

    Дараах асуултуудыг үзүүл. Асуултуудыг тунгаан бодож, бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.

  • Амьдралынхаа (боловсрол, эрүүл мэнд, ажил төрөл эсвэл сүнслэг хүч чадал гэх мэт) өөр өөр талбарт бие даах чадвараа илүү хөгжүүлэхэд танд туслах ямар ур чадвар, хандлагыг та сурч мэдсэн бэ?

  • Ямар арга замаар та илүү бие даах чадвартай болж байна вэ?

  • Бие даах чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд та хэрхэн Бурханаас тусламж хүсэж болох вэ?

Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд

Бие махбод, сэтгэл санааны хувьд илүү эрүүл байх зарчим, ур чадваруудыг хэрэгжүүлэх

Галзуу хулгана эсвэл уул, талыг туулсан зам зурах талаар бодож үз.

  • Яагаад зарим хүн амьдралаа галзуу хулгана эсвэл уул, тал туулсан замтай зүйрлэж болох вэ?

  • Бидний амьдралд ямар үед “өөдлөх,” ямар үед “уруудах” мэдрэмж төрж болох вэ?

    Энэ хичээлийн жилийн турш бүхий л цаг үед сэтгэлийн тэнхээтэй байдаг болохын тулд Их Эзэнд хандахад туслах янз бүрийн хичээл судалсан гэдгийг суралцагчдад сануул.

    Сэтгэлийн тэнхээтэй болоход туслах зарим зарчим эсвэл ур чадварыг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Боломжтой бол тэдгээр зарчим, ур чадварыг заасан судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг дурдаж болно. Суралцагчдын хариултад бодох хэв загвараа сайжруулж, сэтгэлийн дарамт, түгшүүр, уйтгар гуниг, сэтгэл гутрал, төгс байх үзлийг ялан дийлэх арга замууд багтаж болно. Тэд мөн бие махбодын эрүүл мэндээ сайжруулах талаар ярилцаж болох юм.

    Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичихэд суралцагчдыг урь. Үүнд:

  • Таны хувьд чухал эсвэл тустай юуг та сурч мэдсэн бэ?

  • Сэтгэлийн тэнхээтэй болохын тулд та ямар ур чадваруудыг ашиглан Их Эзэнд хандсан бэ?

  • Их Эзэн танд ямар амжилт, адислалуудыг өгснийг та мэдэрсэн бэ? Танд ямар сорилт бэрхшээл тулгарсан хэвээр байна вэ?

  • Их Эзэн таныг “санаа бодол болгондоо [Түүн рүү] хар[ж]” (Сургаал ба Гэрээнүүд 6:36), сэтгэлийн тэнхээтэй болохын тулд юу хийгээсэй гэж хүсэж байж болох вэ?

Хэт хувийн чанартай биш бол хариулт, туршлагаа хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдын хичээл зүтгэлийг магтан сайшааж, Их Эзэн өөрийн цаг хугацаа, арга замаар тэдэнд тусална, тэднийг адисална гэдгийг гэрчлэх арга замуудыг хайж ол. Хэрэв тэд сэтгэлийн дарамт, түгшүүр, сэтгэл гутрал эсвэл сэтгэцийн болон сэтгэл санааны ноцтой асуудлуудтай тулгарч байгаа бол итгэл даасан насанд хүрсэн хүн эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцах хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануул. Хүнд хэцүү үед бусдаас тусламж авах нь сул дорой эсвэл итгэлгүй байгаагийн шинж биш юм.

Ирээдүйн боловсрол, ажил мэргэжилд бэлтгэх

Насан туршдаа материаллаг, сүнслэг байдлын хувьд сурч боловсрохын ач холбогдлыг ойлгох

Дараах эсвэл үүнтэй ижил төстэй жишээг хуваалцах замаар боловсролын ач холбогдлын талаар сурч мэдсэн зүйлээ тайлбарлах боломжийг суралцагчдад олго.

Хичээлээ тараад гэртээ харих замд чиний найз Наоми сургуульд явах дургүй гэдгээ хэлжээ. Түүнд сургуульд явах их хэцүү, ихэнхдээ ямар ч утгагүй мэт санагддаг байна. Тэр хичээл номоо шаргуу давтах юм уу ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцах хүсэлгүй.

Суралцагчдад ийм асуудалд хариулах боломж олго. Үүнийг дараах зааврыг хуваалцах замаар гүйцэтгэж болно. Суралцагчид уг зааврыг ганцаараа эсвэл жижиг бүлэг болон дагаж гүйцэтгэж болно.

Боловсролын ач холбогдлыг ойлгоход нь Наомид туслах хариултыг зохио. Хариултдаа дараахын заримыг эсвэл бүгдийг оруулах талаар бодож үз. Үүнд:

  1. Судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдэл

  2. Тэнгэрлэг Эцэг яагаад Өөрийн хүүхдүүдийг материаллаг болон сүнслэг байдлын хувьд мэдлэгтэй болохыг үргэлж эрэлхийлээсэй гэж хүсдэг талаарх тайлбар

  3. Хувийн туршлага эсвэл гэрчлэл хуваалцах

Суралцагчдыг хариултаа зохиож дууссаны дараа, хариултаа бусадтай хуваалцах боломжийг тэдэнд олго.

Ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргах

Суралцагчдад ирээдүйн боловсрол, ажил мэргэжилтэй нь мөн насанд хүрэхдээ хүлээх бусад үүрэг хариуцлагатай нь холбоотой төлөвлөгөө гаргах боломж олгосон. Гаргасан төлөвлөгөөгөө эргэн харахад тэднийг урь.

Шаардлагатай гэж мэдэрсэн аливаа өөрчлөлтийг оруулах боломжийг олгож болно. Тэд мөн тэдгээр төлөвлөгөө хэрхэн одоогийн сонголтод нь нөлөөлж байгаа талаар бодож үзэж болно. Дараа нь дараах асуултуудыг хамтрагчтайгаа ярилцахад тэднийг урь.

  • Та ирээдүйд олж авах боловсролоо хэрхэн төлөвлөж байна вэ?

  • Та ирээдүйд болон насанд хүрэхдээ ямар ажил мэргэжилтэй болж, ямар үүрэг хариуцлага хүлээнэ гэж төлөвлөж байна вэ?

  • Та төлөвлөгөөндөө Их Эзэнийг хэрхэн оролцуулах вэ?

Сургуульдаа амжилттай суралцах

Сургуульдаа амжилттай суралцахад туслах ур чадвараа ашиглах

Сургуульдаа илүү амжилттай суралцахад туслах зарим үнэн, ур чадварыг санахад нь суралцагчдад туслахын тулд суралцагчийг төлөөлүүлж зураасан хүн зурах талаар бодож үз. Энэ суралцагч сургуульдаа сайн суралцаж чадахгүй байгааг тайлбарла.

  • Таны судалсан ямар үнэн болон ур чадварууд сургуульдаа сайн сурч чадахгүй байгаа хүнд тус болж болох вэ?

Шаардлагатай гэж үзвэл, та суралцагчдыг Их Эзэнийг боловсролдоо татан оролцуулах, үнэнч шударгаар боловсрол эзэмших, шалгалт болон хэцүү төслүүдэд бэлтгэх, сорилт бэрхшээлийг өсөлт хөгжилд хүргэх алхам гэж харах талаар сурсан зүйлээсээ юу санаж байгаагаа хуваалцахад урьж болно. Шаардлагатай бол тэдгээр хичээлийн санаа болон судруудыг эргэж хар. Жишээлбэл: Та бошиглогч Иосеф Смит өөрийн суралцахуйд хэрхэн Их Эзэнийг оролцуулсан (Иосеф Смит—Түүх 1:10–18-ыг үзнэ үү) эсвэл Нифай хэрхэн сорилт бэрхшээлээ өсөлт хөгжилд хүргэх алхам гэж харж байсан (1 Нифай 16:18–23, 30–32-ыг үзнэ үү) талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Дараа нь эдгээр санааг хэрхэн амьдралд хэрэгжүүлснээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Та дараахтай адил асуултуудыг үзүүлээд, судлах тэмдэглэлдээ хариултаа бичихэд суралцагчдыг урьж болно:

  • Сургуульдаа илүү амжилттай суралцахад тань тусалсан ямар үнэнүүдийг та амьдралдаа хэрэгжүүлсэн эсвэл ямар ур чадваруудыг ашигласан бэ?

  • Эдгээр нь ямар өөрчлөлтийг танд авчирсан бэ?

  • Эдгээрийн дараа таны Их Эзэнтэй харилцах харилцаа эсвэл Түүний тусламжийг хүлээн авах арга зам хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Суралцагчдад хариултаа бичих хангалттай хугацаа гаргаж өгсний дараа хүсвэл ангийнхантайгаа сайн дураараа бодол санаа, туршлагаа хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Ангийнхныг анхааралтай сонсож, амжилттай эзэмшиж чадсан ур чадваруудыг туршиж үзэхэд тэднийг урамшуулан дэмж.

Номлогчийг бэлтгэх

Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх

Хайрлах, хуваалцах, урих” хичээлээр та өөрийгөө өнгөлөн далдалсан амьтны зургийг үзүүлсэн байх. Зургийг дахин үзүүлээд, уг хичээлд ашигласан дараах мэдэгдлийг суралцагчдад сануулахыг бод.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.

Ахлагч Квинтин Л.Күк

Энэхүү номлогчийн ажлын нэг чухал хэсэг бол гишүүд чиглүүлэгч гэрлийн жишээ болж амьдрах явдал юм. Бид нуугдаж болохгүй. (Квинтин Л.Күк, “Гэртээ аюулгүй цуглах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар, 23)

  • Есүс Христийн номлогч гэрэлт цамхаг адил үлгэр жишээ үзүүлэх гэдэг нь хэн нэгний хувьд юу гэсэн үг байж болох вэ? Түүний номлогчийн хувьд өнгөлөн далдлах гэдэг нь ямар утга илэрхийлж болох вэ?

Суралцагчид 199-р хичээл: “Сайн мэдээг Христийнхтэй адил хайраар хуваалцах нь” дээр сайн мэдээг хуваалцах талаар ямар бодолтой байгаагаа тэмдэглэсэн байж болно. Та тэднийг бичсэн зүйлээ эргэн харахад урьж болно. Эсвэл та сайн мэдээг хуваалцах талаар одоо юу бодож, юу мэдэрч байгаагаа бичихэд тэднийг урьж болно. Тэднийг тунгаан бодож, бичих үед та сайн мэдээг хуваалцаж байгаа хүмүүст өгсөн Их Эзэний зарим амлалтыг санахын тулд 201-р хичээл: “Номлолд үйлчлэхийг сонгох нь”-ийн дараах судрын хэсгүүдээс нэг эсвэл хэд хэдэн хэсгийг дахин судлахыг тэдэнд зөвлөж болно.

Хангалттай хугацаа өгсний дараа, тэмдэглэсэн зүйлээ мөн Их Эзэний номлогчоор үйлчлэх хүсэлд нь юу нөлөөлсөн талаар хуваалцахад зарим суралцагчийг урь.

Ариун сүмийн бэлтгэл

Ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх

Суралцагчдад ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүслээ үнэлж дүгнэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглах талаар бодож үз. Суралцагчид тэмдэглэлдээ бичиж эсвэл жижиг бүлэг дотроо ярилцаж болно.

  1. Ариун сүмийн зургийг үзүүлээд, ариун сүм хэрхэн танд Есүс Христийг сануулдаг талаар хуваалц. Хэрэв шаардлагатай гэж үзвэл, та temples.ChurchofJesusChrist.org дахь media gallery-аас зураг авч болно. Тэнгэрлэг Эцэгтэй Түүний ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахих талаар өөрийн бодол, мэдрэмжийг хуваалц.

  2. Ариун сүмд бэлтгэх хичээлүүдийн аль нэгээс та амьдралынхаа туршид ариун сүмд шүтэн бишрэхийн ач холбогдлын тухай мэдэж авсан. Их Эзэнийг Өөрийнх нь ариун сүмд шүтэн бишрэхийн ач холбогдлын талаар та ирээдүйн өөртөө захидал бичсэн байж болно. Ариун сүмд Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүсэл эрмэлзэлд тань нөлөөлсөн сүүлийн үед сурч мэдэж эсвэл мэдэрсэн зүйл юу вэ? Хэрэв тийм бол захидалдаа үүнийгээ нэмж эсвэл өөртөө шинэ зурвас бич.

  3. Ариун сүмд Их Эзэнтэй гэрээ байгуулах тухай, түүний дотор өргөлийн хуулийн талаар сурч мэдсэн зүйлсээ тунгаан бод. Дараах асуултуудад хариул:

  • Их Эзэний өргөлийн хуулийн зарчмуудыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэхийн тулд та юу хийсэн бэ?

  • Ариун сүмд Их Эзэнтэй тухайн хуулийн дагуу амьдрах гэрээ байгуулахад энэ таныг хэрхэн бэлтгэсэн бэ?