Семинар
94-р хичээл—Сургаал ба Гэрээ 84:1–41: “Бурханлаг чанарын хүч”


“94-р хичээл—Сургаал ба Гэрээ 84:1–32: ‘Бурханлаг чанарын хүч,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 84:1–32,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

94-р хичээл: Сургаал ба Гэрээ 84

Сургаал ба Гэрээ 84:1–32

“Бурханлаг чанарын хүч”

ёслолууд

Хэсэг ахлагч номлолоосоо гэртээ буцаж ирээд, бошиглогч Иосеф Смиттэй уулзжээ. Хамтдаа залбирч байхдаа бошиглогч санваарын ёслолуудаар дамжин эмэгтэй, эрэгтэй хүмүүст ирэх боломжтой “бурханлаг чанарын хүч” (Сургаал ба Гэрээ 84:20)-ний талаарх ойлголтыг агуулсан илчлэлтийг хүлээн авсан. Энэ хичээл нь суралцагчдад санваарын ёслолуудаар дамжин Есүс Христээс ирдэг бурханлаг чанарын хүчийг хүлээн авахын чухлыг мэдрэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Санваарын ёслолууд

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгийг харуулахыг бод. Суралцагчдыг түүний асуултын талаар ямар бодолтой байгаагаа болон хэрхэн хариулахаа хуваалцахад урь.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хувиар аялахдаа дэлхийн өнцөг булан бүр дэх өсвөр үеийнхэнтэй уулздаг. Тэдний олон нь “Бурхан надад туслах уу? Тэр миний амьдралыг чиглүүлэх болов уу? Би хэрэгтэй байгаа тусламж, заавар, амар амгаланг хэрхэн хүлээж авах вэ?” гэж чин сэтгэлээсээ асуудаг. (Neil L. Andersen, “The Power of Godliness through Priesthood Ordinances and Blessings,” For the Strength of Youth, Aug. 2021, 10)

  • Амьдралд чинь тусламж, удирдамж, амар амгалан хэрэгтэй байсан үеэ эргэн сана. Та нар Бурханы тусламж, удирдамжийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн эсвэл хийх байсан бэ?

Ахлагч Нийл Л.Андэрсэны үгийн үлдсэн хэсгийг уншаад, бидэнд туслахын тулд Бурханы өгсөн нэг зүйлийг олж мэд.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Хайрт залуу найзууд минь, Бурхан та нарт туслах болно. Мөн Тэр та нарыг адислахад бэлэн байгаа. Биднийг хайрладаг Эцэгийн хувьд Тэрээр бидэнд Түүний хүчийг буюу бурханлаг хүчийг амьдралдаа мэдрэхэд туслах ёслолуудыг өгсөн. (Neil L. Andersen, “The Power of Godliness through Priesthood Ordinances and Blessings,” For the Strength of Youth, Aug. 2021, 10)

Суралцагчид ёслолууд тэдний амьдралд хэрхэн тусалж болохыг бодож байгаагүй байж болох юм. Та суралцагчдыг ёслолуудын талаарх бодол, мэдрэмжээ эргэцүүлэн бодоход урьж болно. Үүний тулд та дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүл.

1–5 (1 = бага; 5 = өндөр) оноог ашиглан та нар дараах мэдэгдлүүдэд хэр итгэлтэй байгаагаа хэрхэн үнэлэх вэ?

  • Санваарын ёслолууд гэж юу болохыг би мэднэ.

  • Санваарын ёслолуудаар дамжуулан Бурхан миний амьдралыг аль хэдийн адисалсныг би ойлгож ухаардаг.

  • Би амьдралдаа дараагийн ёслолыг хүлээн авахаар ухамсартайгаар бэлдэж байгаа.

Суралцагчдыг 84-р хэсгийг судлахдаа, Ариун Сүнснээс өгөх мэдрэмжийг хүлээн авахдаа соргог байж мөн санваарын ёслолоор дамжин амьдралд нь ирж болох Бурханы хүчний талаар илүү ихийг мэдэхэд урь.

Ариун сүм ба санваар

Та дараах мэдээллийг суралцагчидтай хэрхэн хуваалцахаа бодож үз.

1832 оны 9-р сард, Нэгдсэн Улсын дорнод хэсэгт сайн мэдээг номлосныхоо дараа номлогчид Огайогийн Көртландад буцаж ирэв. Тэднийг эргэн уулзалдах үеэр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдийн санваарын талаарх ойлголтыг тэлсэн юм. Сургаал ба Гэрээ 84:1–5-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд Шинэ Иерусалим хотыг байгуулахдаа юуг нэн тэргүүнд тавих талаар зааварчилсныг олж мэд.

  • Их Эзэн санваарын талаар илчлэлт өгөхдөө эхлээд ариун сүмийн ач холбогдлын талаар заасан нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Хэрэв суралцагчид энэ тухай дурдаагүй бол та ариун сүмд бидний аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай санваарын ёслолуудыг гүйцэтгэдэг гэдгийг онцолж болно.

Та 6–18-р шүлэгт Их Эзэн Өөрийн санваарыг Адамд хүртээж, энэ нь Мосегийн үе хүртэл үргэлжилсэн талаар дурдсан гэдгийг хуваалцаж болно. Түүнчлэн Есүс Христ Ааронд болон түүний үр удамд санваарыг өгсөн. Өнөөдөр Есүс Христийн сэргээгдсэн Сүмд Түүний санваар хэрэгжсэн хэвээр байгааг та онцолж болно. Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд шаардагдах бүх санваарын эрх мэдэл Есүс Христээс ирдэг.

Ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.

Энэ бол суралцагчдаас ёслол гэж юу болохыг асуух тохиромжтой цаг байж ч магадгүй. Хэрэв тэд үүнийг тайлбарлаж чадахгүй байвал та тэднийг энэ талаар мэдлэг өгөх судрыг судлахад урьж болно. Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун, албан ёсны үйл юм гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Зарим ёслол бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй.

Та баптисм, ариун ёслол, тайтгарал болон удирдамжийн адислал, патриархын адислал, Ариун Сүнсний баталгаа ба бэлэг, ариун сүмийн хишиг, лацдан холболт зэрэг санваарын ёслолуудыг самбарт жагсааж болно.

Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг уншаад, Их Эзэн ёслолын талаар юу заасныг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 84:20–22 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

  • Та нар санваарын ёслолуудын тухай юу олж мэдсэн бэ?

  • Та нар уншсан зүйлийнхээ талаар юуг асуумаар байна вэ?

    Тэдний ойлголт, асуусан асуултаас хамааран та дараах зүйлсийн заримыг эсвэл бүгдийг нь хуваалцаж болно.

  • “Дээд санваар нь сайн мэдээг удирддаг” гэдэг нь бидний аврал, өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг хэрэгжүүлдэг Мелкизедек санваарын эрх мэдлийг хэлж байгаа билээ.

  • “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд юм” [Судруудын удирдамж, “scriptures.ChurchofJesusChrist.org,” scriptures.ChurchofJesusChrist.org].)

  • “Бурханлаг чанарын хүч” гэж энэ амьдралд тусалж мөнх амьдралд бэлтгэхийн тулд Бурханаас ирдэг хүчийг хэлдэг.

Бид санваарын ёслолуудаар дамжуулан амьдралдаа бурханлаг чанарын хүчийг хүлээн авч чадна гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал.

Суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслахын тулд самбарт жагсаасан ёслолуудаас илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж буй нэг ёслолоо сонгоход урь. Уг ёслолын талаар өөрт байгаа хоёроос гурван асуултаа бичих цаг гаргаж өг. Эсвэл та доор жагсаасан гурван асуултыг харуулж, бодоход урьж болно.

  • Хүн уг ёслолыг хүлээн авахад хэрхэн бэлдэж болох вэ?

  • Уг санваарын ёслол энэ амьдралд биднийг дэмжих бурханлаг чанарын хүчийг хүлээн авахад хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

  • Уг ёслолыг хүлээн авах нь биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход хэрхэн тус болох вэ?

Суралцагчдыг сонгосон ёслолынхоо талаар илүү ихийг мэдэж авч, асуултынхаа хариултыг олохын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжаас хайхад урь. Тэд үүнийг бие даан эсвэл ижил ёслолыг сонгосон бусад хүнтэй хамт гүйцэтгэж болно. Ариун сүмийн хишиг (27.2) ба лацдан холболтыг (27.3) судлахаар сонгосон хүмүүс ChurchofJesusChrist.org дахь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагаас хэрэгтэй мэдээллээ олж авч чадна. Мөн тэд өөрсдийн үйлдсэн ёслолууд амьдралд нь бурханлаг чанарын хүчийг мэдрэхэд тусалсан хувийн туршлагаа тунгаан бодож болно.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хувиараа эсвэл бүлгээрээ юу олж мэдсэнээ ангийнхантай хуваалцахад урь.

Ёслолын ач холбогдол

Суралцагчдад санваарын ёслолуудын ач холбогдлын талаар сурсан зүйлээ эргэцүүлэн бодоход туслахын тулд та тэднээс дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд хариулахыг хүс. Тэд асуулт сонгож, хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Та нар бурханлаг чанарын хүч болон санваарын ёслолуудын талаар юу сурсан бэ?

  • Эдгээр ёслолыг гүйцэтгэхээр хичээж мөн хүлээн авах нь та нарыг Есүс Христтэй ойртоход хэрхэн туслах вэ?

  • Та нар хүлээн авсан санваарын ёслолуудаараа дамжуулан Бурханы хүчийг хэзээ мэдэрсэн бэ?

Санваарын ёслолуудаар дамжуулан амьдралдаа хүлээн авсан Бурханы хүчний талаарх бодол, мэдрэмжээ хуваалцахыг бод.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээрээ давтаж болно. “Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” гэдэг нь уг судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.