Семинар
97-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 6: Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах


“97-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 6: Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 6,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

97-р хичээл: Сургаал ба Гэрээ 84

Төгс эзэмших сургаалын дадлага 6

Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах

Судар дээрээ тэмдэглэж буй өсвөр насны хүүхэд

Төгс эзэмших сургаал нь Есүс Христ болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан үнэнийг ойлгоход болон сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Ойлгох

Сургаал ба Гэрээний үлдсэн хэсгүүд дэх төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг мэддэг болоход нь суралцагчдад туслахын тулд эдгээр хэсгийг судар дээрээ өвөрмөц байдлаар тэмдэглэхэд нь зориулан хэдэн хором гаргаж өгөх талаар бодож үз. Төгс эзэмших сургаалын судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-аас олж авах боломжтой.

Дараа нь та суралцагчдыг эдгээр судрын хэсэгт заасан сургаалуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд жижиг бүлгүүдэд хуваагдаж дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд урьж болно. Судруудыг тэмдэглэж, энэ үйл ажиллагааг гүйцэтгэхэд нийтдээ 10-аас 15 минут л зарцуулахад анхаар. Ингэснээр хичээлийн дараагийн хэсэгт сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаар дадлага хийх хангалттай хугацаа суралцагчдад үлдэх юм.

Өсвөр насныханд өдөр тутмын амьдралд нь тохиолддог нийтлэг бэрхшээлүүдийн жагсаалтыг гарга.

Эдгээр нөхцөл байдалд тусалж болох Сургаал ба Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хайж ол. Сонгосон хэсгүүдээ уншаад, дараах асуултуудын хариултыг ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэ.

  • Та нар энэ шүлгүүдэд юу зааж байгааг өөрийнхөө үгээр хэрхэн тайлбарлах вэ?

  • Эдгээр шүлэг дэх Есүс Христийн сургаал та нарын жагсаасан нийтлэг бэрхшээлийг даван туулахад өсвөр насныханд хэрхэн тусалж чадах вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх

Дараах нөхцөл байдлыг танилцуулахын өмнө сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон давтах нь суралцагчдад тустай байж болох юм. (Санал болгож буй давтлагын үйл ажиллагааг энэ гарын авлагын хавсралт дахь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа”-нд оруулсан.)

Давтах нэг арга бол зарчим бүрийг самбарт, доор нь бичих зай үлдээн бие даасан гарчиг болгон жагсаах явдал юм. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын 5–12-р догол мөр дэх сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийг судлахад ойролцоогоор тэнцүү тооны суралцагчдыг урь. Дараа нь гурван суралцагчийг сайн дураараа самбарт гарахад урь. Судалсан догол мөрүүдээсээ олж авсан чухал үг хэллэг эсвэл ойлголтоо харгалзах гарчгийн доор бичихийг тэднээс хүс. Эдгээр үг хэллэг эсвэл ойлголтыг дараа нь хичээлд ашиглана.

Дараах жишээг уншаад, сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн тус болж болох талаар бод.

Крис эргэлзэж байлаа. Хүнтэй гэрлэсэн түүний нэг эгч саяхан түүнд Сүмийг орхисон гэдгээ, цаашид гишүүн байх хүсэлгүй байгаагаа хэлжээ. Нэг хэсэг сайн мэдээнд итгэлтэй байсан ч Сүмд тогтмол явахаа больсон гэр бүлийн гишүүн болон найз нөхөд Крист бий. Тэд гайхалтай сайн хүмүүс бөгөөд амьдрал нь аз жаргалтай, амжилттай яваа хүмүүс шиг санагддаг. Крис үргэлж Сүмд идэвхтэй байна гэж төлөвлөсөн ч амьдралынхаа туршид ийн үлдэх нь үнэхээр чухал эсэх талаар эргэлзэж эхлэв.

Хэрэв боломжтой бол суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах өөр зарчмыг судалсан суралцагчидтай гурав гурваараа бүлэг болоход урь. Самбар дахь үг хэллэг эсвэл ойлголт тус бүр Крист хэрхэн тусалж болох тухай ярилцахыг бүлгүүдээс хүс.

Цагтаа тааруулан та суралцагчдыг сайн дураараа самбар дээрх зарчим бүрийн доор өөр үг хэллэг, ойлголт бичихэд урин, өмнөх үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаж болно. Улам баяжуулахын тулд ээлж бүр дээр суралцагчид өөр өөр бүлэгт орж, самбар дээрх шинэ үг хэллэг эсвэл ойлголтын талаар ярилцаж болно.

Энэ үйл ажиллагааны төгсгөлд тэд дахин нэг удаа шинэ бүлэгт орж дараах зүйлсийг ярилцаж болох юм.

  • Сүмд итгэлтэй үлддэг хүмүүст Есүс Христ юу санал болгодгийг ойлгоход нь Крист Сургаал ба Гэрээний аль төгс эзэмших сургаалын судрын хэсэг хамгийн сайн тусалж чадах вэ?

  • Бусад судраас аль төгс эзэмших сургаалын судрын хэсэг түүнд мөн тусалж чадах вэ?

Суралцагчдыг бүлгээрээ эрж хайн, ярилцаж дууссаны дараа аль хэсэг хамгийн тустайг мөн яагаад гэж бодож байгаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Олон бүлгийг хуваалцуулахаар урамшуул. (Суралцагчдын сонгож болох зарим судрын хэсэг: Сургаал ба Гэрээ 1:30; 84:20–22; Хиламан 5:12; Иошуа 24:15; Исаиа 58:13–14; Лук 22:19–20; Ефес 2:19–20.)

Та суралцагчдаас судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд нь хариулж бичихийг хүссэнээр хичээлээ дуусгаж болно.

Мөнхийн талаас нь авч үзвэл, Тэнгэрлэг Эцэг намайг Есүс Христэд итгэлтэй байж, Түүний Сүмд идэвхтэй үлдэхийг хүсдэг учир нь .

Есүс Христэд итгэлтэй байж, Түүний Сүмд идэвхтэй үлдэхэд тусалдаг судрын хэсэг бол .

Есүс Христэд итгэлтэй байж, Түүний Сүмд идэвхтэй үлдэхийн тулд миний хийж чадах нэг зүйл бол .