Семинар
96-р хичээл—Сургаал ба Гэрээ 84:49–102: “Бүх дэлхийд хүн болгонд”


“96-р хичээл—Сургаал ба Гэрээ 84:49–102: ‘Бүх дэлхийд хүн болгонд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 84:49–102,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

96-р хичээл: Сургаал ба Гэрээ 84

Сургаал ба Гэрээ 84:49–102

“Бүх дэлхийд хүн болгонд”

дэлхийн бүх хүн

1832 оны намар Жаред Картер, Стефен Бурнетт нарын номлогчид Есүс Христийн сайн мэдээг номлож байгаад Огайогийн Көртландад буцаж ирэв. Энэ бол ахлагчид Нэгдсэн Улсын дорнод мужуудад Их Эзэнд үйлчилсэн тайлан мэдээгээ авчирсан баярт үе байлаа. Удалгүй олон хүн үргэлжлүүлэн үйлчлэх нэмэлт дуудлага хүлээн авах гэж байв. Өнөө үед бид ч гэсэн Их Эзэний сайн мэдээг хуваалцсанаар Түүнд үйлчилж чадна. Энэ хичээл нь суралцагчдад дэлхийн хүн бүртэй сайн мэдээг хуваалцах Христийнхтэй адил хүслийг мэдрэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дэлхий бүхэлдээ

Дэлхийн газрын зураг

Бурханы хэчнээн хүүхэд дэлхий дээр байгааг болон Түүний сайн мэдээ тэдэнд хэрэгтэйг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та дэлхийн газрын зургийг үзүүлснээр хичээлээ эхлүүлж болно. Суралцагчдаас нэг минутын дотор санаанд орсон аль болох олон орныг нэрлэхийг хүсэх юм уу газрын зураг дээр хэд хэдэн улсыг заахад тэднийг урьж болно. Тэд улсынхаа эсвэл дэлхийн нийт хүн амыг судалж болох юм.

Дэлхий даяарх Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай яриа руу шилж. Та дараах асуултуудыг тавьж болно.

  • Дэлхийн аль улсуудад номлогчид үйлчилж байгаа вэ? Тэд хаана байхгүй вэ?

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх гишүүдийн тоог дэлхийн нийт хүн амтай харьцуулахад хэд вэ? Амьдардаг нутаг дэвсгэрийнхээ хүн амыг тэндхийн Сүмийн гишүүдийн тоотой харьцуулахад ямар вэ?

Сүмийн талаарх статистикийн асуултуудад хариулахын тулд newsroom.ChurchofJesusChrist.org дахь “Facts and Statistics” хуудсыг үзнэ үү.

Та номлолд үйлчлэхийг сонгосноор хийж чадах сайн үйлийн талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүсэж болно. Дараах мэдэгдлийг уншаад, суралцагчдыг өөрсдийн бодол, мэдрэмжийг хуваалцахад урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй. Хүн бүр “бүх оюун ухааныг [давах]” [Филиппой 4:7] найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй. (Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 7)

Суралцагчдаас дараах асуултад өөрсдийн бодлоор хариулж бичихийг хүс.

Бурхан дэлхий даяарх бүх хүүхдийнхээ талаар ямар бодолтой байдгийг тунгаан бод. Есүс Христ, Түүний сэргээгдсэн Сүмийн талаар мэдэхгүй байгаа олон хүн юуг алдаж байна вэ? Та бусдын амьдралд өөрчлөлт авчирч чадах ямар адислалуудыг мэдэрч байсан эсвэл мэддэг вэ?

Дэлхийн нөхцөл байдал

1832 оны 9-р сар бол номлогчид Көртландад буцаж ирээд Америкийн зүүн мужуудад хийсэн номлолын ажлынхаа талаар тайлагнасан баяр хөөртэй үе байсан. Энэ үеэр Иосеф Смит Их Эзэнээс удирдамж хүлээн авав. Эдгээр удирдамжийн зарим нь дэлхийн нөхцөл байдал, хэрэгцээний талаар байлаа.

Сургаал ба Гэрээ 84:49–53-ыг уншаад, Их Эзэн ямар үг, хэллэгийг ашиглан дэлхий дээрх хүмүүст юу тохиолдож буйг дүрсэлснийг хайж ол.

Суралцагчдыг олсон үг, хэллэгүүдээ мөн тэдгээр нь ямар утгатай талаар бодлоо хуваалцахад урь. Тэд нүгэл, боолчлол гэсэн сэдвүүдийг онцолж магадгүй юм. Эдгээр нөхцөл байдлаас болж хүмүүс харанхуйд ёолж байсныг тэд анзаарч магадгүй. Энэ нь тэд цөхөрсөн, гунигтай, зовлонтой байна гэсэн үг юм. Суралцагчид нүгэл нь өвдөлт, уй гашууг авчирч, боолчлолд хүргэдэг гэдгийг хэрхэн анзаарсан тухайгаа хуваалцаж болно. Суралцагчдад хэн нэгний хувийн нууцыг үл хүндэтгэсэн мэдээллийг хуваалцахгүй байхыг анхааруул.

Их Эзэн Өөрийнх нь Сүмийн гишүүд хүртэл тэр үед тодорхой хэмжээнд харанхуйд, буруушаагдаж байсныг онцолсон.

Сургаал ба Гэрээ 84:54–57-г уншаад, Сүмийн гишүүд яагаад харанхуйд, буруушаагдаж байсныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Бид эдгээр шүлгээс Мормоны Ном болон Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн ач холбогдлын талаар юу сурч болох вэ?

Хүмүүс нүгэл, харанхуйд зовж шаналж байгааг хараад Есүс Христ болон Түүний шавь нарт ямар мэдрэмж төрдгийг ойлгоход суралцагчдад тусал. Тэд дараах хэсгүүдээс нэг юм уу хоёрыг ганцаарчлан эсвэл жижиг бүлгээрээ судалж болно.

  • Нүгэл болон харанхуйд байгаа хүмүүсийн талаар Аврагч юу мэдэрдгийг ойлгоход ямар үгс та нарт тусалсан бэ? Нүгэл, харанхуйн дунд тэмцэх ямархуу байхыг бод.

  • Их Эзэний мэдрэмжийг ойлгох нь хэрхэн тустай байж болох вэ?

  • Мормоны Ном хэн нэгэнд сүнслэг харанхуйг даван туулахад хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Аврагчийн дуу хоолой

Сургаал ба Гэрээ 84:60–62-ыг уншаад, Есүс Христ эдгээр хүнд юу хий гэж илчилснийг олж мэд. 60-р шүлэг дэх “эдгээр зүйлүүд” ба 61-р шүлэг дэх “тэдгээр зүйлүүд” нь Их Эзэний 84-р хэсэгт илчилсэн Мормоны Номыг санах гэх мэт зүйлийг хэлж буй гэдгийг мэдэх нь суралцагчдад тустай.

  • Есүс тэдэнд юу хийхийг зааварласан бэ?

  • Түүний удирдамжийг дагаснаар тэд ямар адислалуудыг хүлээн авах вэ?

Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Тэд Есүс Христ биднээс дэлхий даяарх Бурханы бүх хүүхэдтэй Мормоны Номыг мөн гэрчлэлээ хуваалцахыг хүсдэг гэсэн үнэнийг тодорхойлж магадгүй юм.

Есүс Христ яагаад биднээс Түүний сайн мэдээг бүх хүнтэй хуваалцахыг хүсдэгийг ойлгоход нь тэдэнд тусал. Та Их Эзэний хүн бүрд өгөхийг хүсдэг адислалуудыг олж мэдэхэд нь суралцагчдад тусалснаар эхэлж болно. Дараах үйл ажиллагаа нь Сургаал ба Гэрээ 84-ийг хамтрагчтайгаа илүү сайн судлах зугаатай арга зам байж болох юм.

Доорх зааврыг үзүүлж, суралцагчдад тэдгээрийг дагахад тусал. 2-р алхмын хувьд та тэдэнд зориулсан тодорхой даалгавруудыг урьдчилан сонгож болно.

  1. Хичээлийн үлдсэн хугацаанд “номлолын хамтрагчаар” хамтрах хэн нэгнийг сонго.

  2. Үйлчлэхийг хүсдэг номлолоо сонго. (Хэрэв та нарын сонгосон номлолд хүмүүс өөр хэлээр ярьдаг бол хамтрагчтайгаа уг хэлээр хэрхэн мэндлэхийг хэр хурдан сурч чадахаа үз.)

  3. Сургаал ба Гэрээ 84:64–73-ыг уншаад, Есүс Христийн Өөрийг нь болон сайн мэдээг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүнд өгөхийг хүсдэг адислалуудын жагсаалтыг гарга.

  4. Таны жагсаасан адислал бүр нь харанхуйн болон нүглийн хүлээсийг ялан гарахад хэн нэгэнд хэрхэн тусалж болохыг ярилц.

Есүс Христийг дагаснаар ирдэг агуу адислалуудыг хуваалцах боломжийг суралцагчдад олго. Та дараахтай адил асуултыг тавихаас гадна “A Change of Heart” (4:39) видеог үзүүлж болно.

4:39
  • Хэрэв та нарт Есүс Христийг дагадаггүй, мэддэггүй хүнтэй Түүний талаар хуваалцах боломж гарсан бол юу хуваалцах байсан бэ?

Аврагчийн найз нөхөд

Яагаад ийм олон залуу эмэгтэй, эрэгтэй Их Эзэний дуудлагыг хүсэлтэйгээр хүлээн авч, үйлчлэлийн эсвэл сургаалын номлогч болсныг тунгаан бодоход цаг гарга.

Суралцагчдыг бодож байх зуур та тэднээс Их Эзэнд үйлчлэх дуудлагыг саяхан хүлээн авсан хэн нэгнийг мэддэг эсэхээ хуваалцахыг хүсэж болно. Боломжтой бол та гэр бүл, найз нөхдөдөө номлолын дуудлагаа уншиж өгч буй хэн нэгний нийгмийн сүлжээнд тавьсан нийтлэлийг хуваалцаж болно. Их Эзэнд үйлчлэхийг хүсдэг хүмүүст ирдэг баяр баясгаланг олж харахад нь суралцагчдад тусал.

  • Номлогч болоод Их Эзэнд үйлчлэхэд хэцүү бэрх эсвэл айдас төрүүлэм ямар зүйлс тулгарч болох вэ?

Суралцагчдыг “номлолын хамтрагч”-тайгаа дараах шүлгийг уншихад урих талаар бодож үз. Сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсдэг хүмүүст өөртөө итгэх итгэлийг өгөх Аврагчийн хоёр юм уу гурван сургаалыг сонгоход тэднийг урь. Дараа нь хамтралууд сурсан зүйлээ ангийн бусад хамтралтай хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 84:77–88-ыг уншаад, Их Эзэнд үйлчлэх дуудлагыг хүлээж авахдаа сандарч магадгүй хүмүүст урам зориг өгөх Түүний үгсийг олж мэд.

Та мөн Сүмийн удирдагчдын хэлсэн урмын үгсийг хуваалцаж болно. (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү.)

  • Аврагчийн эдгээр үгээс аль нь та нарт онцгой санагдсан бэ?

  • Өнөөдөр сурсан зүйлээсээ дүгнэвэл, Есүс Христ яагаад Түүний сайн мэдээг номлодог хүмүүсийг найзаа хэмээн үздэг гэж та нар бодож байна вэ? (77-р шүлгийг үзнэ үү).

  • Их Эзэн дэлхий дээрх хүн нэг бүрийн талаар ямар бодолтой байдгийг илүү сайн ойлгоход туслах юуг та өнөөдөр сурсан бэ? Ариун Сүнс та нарыг сурсан зүйл дээрээ үндэслэн ямар үйлдэл хийхэд урамшуулж байна вэ?