Семинар
128-р хичээл—Сургаал ба Гэрээ 115: “Миний Сүм ийн нэрлэгдэх ёстой”


“128-р хичээл—Сургаал ба Гэрээ 115: ‘Миний Сүм ийн нэрлэгдэх ёстой,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 115,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

128-р хичээл: Сургаал ба Гэрээ 115–120

Сургаал ба Гэрээ 115

“Миний Сүм ийн нэрлэгдэх ёстой”

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орчуулга

Миссуригийн Жаксон гүнлэгт хавчлагаас зугтахын тулд мянга мянган гэгээнтэн хойд зүгт 50 бээр (80 км)-ийн зайд цугларч, Фар Вест хэмээх шинэ суурин байгуулжээ. Фар Вест сууринд бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэд Их Эзэн Сүмээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэх ёстой гэдгийг илчилсэн. Энэ хичээл Аврагчийн Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Буруу нэрээр дуудах

Хичээл эхлэхээс өмнө цөөн суралцагчтай ярилцахыг бод. Таныг хичээлээ зааж эхлэхээс өмнө ангийн бусад суралцагчийн өмнө таныг буруу нэрээр дуудахыг тэднээс хүс. Ингэх нь зөв нэрээр дуудахын ач холбогдлыг эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах хөгжилтэй арга байж болох юм.

  • Таныг буруу нэрээр дуудаж байсан ямар туршлага танд байдаг вэ? Иймэрхүү зүйл тохиолдоход танд ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Зарим тохиолдолд хүмүүс Сүмийн талаар ярихдаа буруу нэр ашигладаг ямар жишээ байдаг вэ?

Сүмийн зөв нэрийг ашиглах нь яагаад чухал болох шалтгаануудын талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Та санал бодлоо хуваалцахад цөөн суралцагчийг урьж болно. Дараа нь Аврагчийн Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлыг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг өнөөдрийн хичээлээс хайж олоход тэднийг урамшуулан дэмж.

Есүс Христ Сүмийнхээ нэрийг тунхагласан

Сүмийн дайснуудын хавчлага мөрдлөгийг туулсны дараа бошиглогч Иосеф Смит 1838 оны 1-р сард Огайогийн Көртландаас явсан гэдгийг тайлбарла. Тэрээр гэр бүлийнхээ хамт Миссури дэх гэгээнтнүүдийн байгуулсан Фар Вест хэмээх шинэ суурин руу нүүжээ. Шилжин суурьшсаныхаа дараахан бошиглогч Их Эзэн Фар Вестэд Сүм байгуулах талаар удирдамж өгсөн илчлэлтийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 115:1–4-ийг уншиж, Аврагч Фар Вест дэх Сүмийн удирдагчдад юу заасныг олж мэд.

  • Есүс Христ Сүмийнхээ нэрийн талаар юу гэж заасан бэ?

    Шаардлагатай бол Есүс Христ Сүмийнхээ нэрийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн тунхаглав гэснийг тодорхойлоход нь суралцагчдад тусал. Сургаал ба Гэрээ 115:4-т цэдэглэгдсэн Христийн Сүмийн нэрийг олж тэмдэглэхэд суралцагчдыг урь.

  • Энэ нэр Сүмийн талаар танд юу зааж байна вэ?

  • Есүс Христ яагаад биднийг Сүмийнх нь нэрийг зөвөөр дуудаасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Өмнөх асуулттай холбоотой хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон суралцагчдыг 3 Нифай 27:7–8-ыг уншихад урих нь тустай байж болно. Та суралцагчдыг Сургаал ба Гэрээ 115:4-ийг эдгээр шүлэгтэй холбоход эсвэл холбогдох эшлэл болгоход урьж болно.

Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдол

Боломжтой бол Рассэлл М.Нэлсоны “Сүмийн зөв нэр” хэмээх захиасыг судлах хугацааг суралцагчдад гаргаж өг (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87). Цахимаар орж үзэх боломжгүй суралцагчдад зориулан хуулбар хувиудыг хэвлэ.

Судалж байх үедээ Аврагчийн Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлыг ойлгоход тустай сургаалуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчид уг чуулганы үгийг бүхэлд нь тус тусдаа судалж болно эсвэл та жижиг бүлгүүдэд суралцагчдыг хуваарилж, бүлэг тус бүрд оноож өгч болно.

Олж мэдсэн зүйлээ ярилцахад нь суралцагчдад туслах зорилгоор “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт Сүмийн зөв нэрийг ашиглах нь яагаад чухал байдаг талаар та нар юу олж мэдсэн бэ?”, “Ерөнхийлөгч Нэлсоны захиаснаас аль хэсэг нь та нарын анхаарлыг хамгийн ихээр татсан бэ? Яагаад?” зэрэг асуултуудыг тавих талаар бодож үзээрэй.

Суралцагчид уг чуулганы үгийг шууд судлах боломжгүй байвал дараах мэдэгдлийг ашиглахыг бод.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлын талаар ийн ярьсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй юм. Аврагч Өөрийнх нь Сүм ямар нэрээр нэрлэгдэх ёстойг тодорхой хэлэхдээ, тэр ч бүү хэл тунхаглалаа “миний сүм ийн … нэрлэгдэх ёстой” хэмээн эхэлснээр үүнд нухацтай хандаж байв. …

Хүндэт ах, эгч нар минь, Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл мөн энэ нь Түүний Сүм болохоор Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно гэдгийг би амлая. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс болгонд хүргэж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэхэд туслах Бурханы тухай мэдлэгтэй мөн хүчтэй байх болно. (Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84, 86)

  • Есүс Христийн Сүмийн зөв нэрийг ашиглах үед ерөнхийлөгч Нэлсон бидэнд ямар ямар адислал амласан бэ?

“Босч мөн урагш гэрэлтүүл”

Сургаал ба Гэрээ 115:5–6-г уншаад, Их Эзэн Сүмээрээ дамжуулан дэлхий даяарх хүмүүсийг хэрхэн адислахыг хүсдэгийг олж мэд.

Их Эзэний урилгыг ойлгоход суралцагчдад туслах үүднээс чухал үг, хэллэгт дүн шинжилгээ хийхэд цаг гаргаж өгөхийг бодоорой. Жишээлбэл: Та “босч мөн урагш гэрэлтүүл” (5-р шүлэг) хэллэгийг зурах юм уу үйл хөдлөлөөр үзүүлэхийг суралцагчдаас хүсэж болно. Энэ үйл ажиллагаа нь 5-р шүлэгт цэдэглэгдсэн жишиг гэдэг үг нь “зорилго буюу үзэл санаанд хүмүүс нэгдэн цугларч хүрээлдэг … далбаа” буюу туг гэсэн утгатай үг гэдгийг ойлгоход суралцагчдад тусалж болох юм (Судруудын удирдамж, “Туг”.)

  • Их Эзэний Сүмийн зөв нэрийг ашиглах нь 5–6-р шүлэгт цэдэглэгдсэн Их Эзэний урилгыг хүндэтгэхэд бидэнд хэрхэн туслах вэ?

  • Та эсвэл таны гэр бүлийн гишүүн Аврагчийн Сүмийн зөв нэрийг ашигласнаар хэрхэн бусдад гэрэл нь байх боломжтой вэ?

Өмнөх асуултын талаар ярилцахдаа ахлагч Нийл Л.Андэрсэны тоймлосон дараах туршлагыг хуваалцахыг бодож үз.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн дэлхий даяарх хүмүүст тохиолдсон олон туршлагаас нэгийг нь ийн хуваалцсан юм.

13:36
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Сүмийн нэрийг зоригтой зарладаг хожмын үеийн гэгээнтнүүд мянга мянгаараа байна. Биднийг өөрсдийн хийх ажлыг хийх үед бусад хүн ч бас дагах болно. Тахитигийн дараах түүхэд би дуртай.

Арван настай Ириура Жийн ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагах зорилго тавьжээ.

“Хичээл дээр тэднийг амралтын өдрийнхөө тухай ярилцахад, … Ириура … сүмийн талаар ярив.

Түүний багш Вэйтэ Пифао ‘Аан, чи мормон уу?’ гэж хэлэв.

Ириураг ‘Үгүй ээ. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн!’ гэж зоригтойгоор хэлэхэд,

багш нь: ‘Тийм, Чи мормон юм байна’ гэв.

Ириура: ‘Үгүй ээ, багш аа. Би бол Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн’ гэж дахин хэлэв.

Хатагтай Пифао Ириурагийн хэлсэнд гайхасхийж, түүнийг яагаад сүмийнхээ урт нэрийг хэрэглэнэ гэж зөрүүдэлснийг сонирхжээ. [Тэр эмэгтэй Сүмийн талаар илүү ихийг мэдэхээр шийдэв.]

Ириура ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг сонсож дагасан учраас л [хожим Сүмийн эгч болсон] Ваитэ Пифао баптисм хүртсэн юм [тэр талархлаа илэрхийлсэн шүү].” (Нийл Л.Андэрсэн, “Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй,” Лиахона, 2021 оны 11-р сар, 119)

сургалтын материалын шигтгээ зурагНээж илрүүлэхэд урьсан асуултуудыг тавь. Үнэнийг нээж олоход суралцагчдад туслах асуулт тавих дадлага хийлгэхэд тус болох Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заах гарын авлагын “Суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь туслах, тодорхой хариулт руу хөтлөхгүй, мэдээлэл авах асуултуудыг тавих” гарчигтай сургалтын материалыг үзнэ үү.

  • Энэ туршлагаас юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Та өнөөдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн ойлгоход туслах юуг сурч, мэдэрсэн бэ?

Ярилцсан үнэнийхээ талаар гэрчил. Бусадтай харилцахдаа Сүмийн зөв нэрийг ашиглах Их Эзэний зарлигийг дагахад суралцагчдыг урамшуул.