Семинар
130-р хичээл—Миссуригээс хөөгдсөн нь: Гай зовлон тохиолдсон үедээ Бурханд хандах


“130-р хичээл—Миссуригээс хөөгдсөн нь: Гай зовлон тохиолдсон үедээ Бурханд хандах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Миссуригээс хөөгдсөн нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

130-р хичээл: Сургаал ба Гэрээ 115–120

Миссуригээс хөөгдсөн нь

Гай зовлон тохиолдсон үедээ Бурханд хандах

Гэгээнтнүүдийг Миссуригээс хөөн гаргаж байгаа нь

1838–1839 оны намар болон өвөл Миссури дэх гэгээнтнүүдийн хувьд туйлын хүнд хэцүү үе байв. Сүмийн гишүүд болон Миссуригийн бусад оршин суугчийн хооронд хурцадмал байдал даамжрах үед амбан захирагч Лилбөрн В.Боггс гэгээнтнүүдийг тус мужаас хөөн гаргахыг тушаажээ. Энэ хүнд хэцүү үед олон хүн Бурханд хандаж, Түүний тусламжийг хүлээн авсан юм. Энэ хичээл суралцагчдад хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан үед Бурханд хандах илүү их хүсэлтэй болоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та хаашаа хандах вэ?

Дараах мэдэгдлийг харуулж, нэг суралцагчийг чанга уншихад урих талаар бодож үзээрэй.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) ийн заасан.

Ахлагч Жозэф Б.Вөртлин

Сорилт бэрхшээлд хэрхэн хандаж байгаа нь бид амьдралдаа хэр аз жаргалтай, амжилттай байх гол хүчин зүйл болдог. (Жозэф Б.Вөртлин, “Юу ч тохиолдсон талархалтай бай,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)

  • Энэ мэдэгдэлд зааж байгаа зүйлийг харуулсан ямар ямар жишээг та бодож олж болох вэ?

Суралцагчдыг тулгарч байгаа эсвэл өмнө нь тулгарч байсан хүнд хэцүү нөхцөл байдлынхаа талаар бодоход урь. Дараа нь тэднийг хүнд хэцүү нөхцөл байдалдаа ерөнхийдөө хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг эсвэл хариу үйлдэл үзүүлж байсан талаар бодоход урь. Та хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчаас хэт хувийн биш хариултаа ангийнхандаа хуваалцахыг хүсэж болно.

Суралцагчдыг судалж байхдаа Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулахад урамшуул. Сүнслэг өдөөлтүүд нь тэдэнд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үед нь тэдний хариу үйлдэлд Бурхан хэрхэн нөлөөлж буйг мэдэхэд тусалдаг.

Миссури дэх зовлон бэрхшээл

1839 онд умард Миссурид ойролцоогоор 8000–10000 гэгээнтэн амьдарч байсныг тайлбарла. Нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд тэдний ихэнх нь газар нутаг, гэр орноосоо явахаас өөр аргагүйд хүрчээ. Дараах тойм нь эдгээр нөхцөл байдалд хүргэсэн тухайн нөхцөл байдлыг ойлгоход суралцагчдад тусална. Та хураангуйг харуулах эсвэл хэвлээд, цөөн хэдэн суралцагчид тэдгээрийг ангийнхандаа хуваалцахыг даалгаж болно.

5:14
  1. Гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдөн гарснаасаа хойш таван жилийн дараа тухайн мужийн өөр бүс нутагт шинээр суурьшжээ. Гэгээнтнүүдийн тоо нэмэгдэж байгаа, түүнчлэн гэгээнтнүүд ирээдүйн дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалах болно гэсэн Сүмийн удирдагчдын мэдэгдэлд Миссуригийн олон оршин суугч бухимдаж байв. Хэрэг явдлыг адармаатай болгохын тулд Сүмийн цөөн хэдэн гишүүн Сүмийн дайснуудад заналхийлж эхлэв (Гэгээнтнүүд номын 1:313–315-ыг үзнэ үү).

  2. Гэгээнтнүүд болон Миссуригийн оршин суугчдын хоорондох хурцадмал байдал ширүүсэж, эцэстээ биет мөргөлдөөнд хүргэжээ. Дээрэмчид хэд хэдэн жижиг суурин дахь гэгээнтнүүдийн гэр орон, эд хөрөнгийг сүйтгэсэн тул тэд дүрвэхээс өөр аргагүй болов. 1838 оны 10-р сарын 25-нд Тахир голын тулаан хэмээн нэрлэгддэг мөргөлдөөнд хожмын үеийн гэгээнтэн гурван эрэгтэй, Миссуригийн нэг цагдаа алагджээ (Гэгээнтнүүд номын 323–328, 1:330–334, 335–345-ыг үзнэ үү).

  3. Уг мөргөлдөөнд 50-60 миссуричууд амь үрэгдсэн гэх хэт дэвэргэсэн мэдээллийг Миссури мужийн амбан захирагч Лилбөрн В.Боггс хүлээн авчээ. Иосеф Смитийн эсрэг худал мэдүүлэг өгсөн Сүмийн удирдагч асан хилэгнэсэн хүмүүсээс тангараг өгсөн мэдүүлгийг амбан захирагч мөн хүлээн авсан. 1838 оны 10-р сарын 27-нд амбан захирагч Боггс “Мормончуудыг дайсан гэж үзэн, үгүй хийх эсвэл мужаас хөөн гаргах ёстой” (Гэгээнтнүүд номын 1:345–346-г үзнэ үү) гэж тунхаглан, гүйцэтгэх тушаал гаргав.

  4. Амбан захирагч Боггсын тушаал гарсны дараа Миссуригийн цагдаагийн бие бүрэлдэхүүний гишүүд бошиглогч Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчилжээ. Дээрэмчид Фар Вестийн жижиг хот болон хожмын үеийн гэгээнтнүүдийн бусад суурин руу дайрчээ (Гэгээнтнүүд номын 1:347–358, 359–367-г үзнэ үү).

    • Хэрэв та энэ үед Сүмийн гишүүн байсан бол өөрт төрсөн мэдрэмж эсвэл асуултуудаа хэрхэн дүрслэх байсан бол?

    • Та хэрхэн үйлдэхийг хүсэх байсан бэ?

Эдгээр хүнд хэцүү үед олон гэгээнтэн Бурханд итгэлээ харуулсан.

тараах материалын шигтгээ зурагДараах түүх нь Сүмийн нэгэн гишүүн өөрт нь гай зовлон тохиолдох үед Бурханд хандахыг хэрхэн сонгосон тухай жишээг олж харахад нь суралцагчдад тусална. “Хооны тээрэм дэх Аманда Смитийн түүх” гэсэн гарчигтай тараах материалыг тарааж өгөх талаар бодож үз.

Та нар энэхүү түүхийг ангиараа хамтдаа судалж, цөөн суралцагч түүхийн өөр өөр хэсгийг ээлжлэн чангаар уншиж болно. Суралцагчид мөн жижиг бүлгээр тус түүхийг судалж болно.

Хооны тээрэм дэх Аманда Смитийн түүх

Талбай дахь анхдагч охин

1838 оны 10-р сарын 30-нд Миссуригийн дээрэмчид Хооны тээрэм гэгддэг хожмын үеийн гэгээнтнүүдийн суурин руу дайрчээ. Хоргодох газар хайж хүмүүсээ хамгаалахаар төмрийн дархны газарт орсон эрэгтэйчүүд, хөвгүүд рүү дээрэмчид буудав. Энэ халдлагаар арван долоон хожмын үеийн гэгээнтэн амь үрэгдэж, арав гаруй хүн шархаджээ.

Шархадсан хүмүүсийн дунд зургаан настай Алма Смит байсан бөгөөд тэрээр буудуулсныхаа дараа түнхний үе нь бүхэлдээ бяцарч үгүй болсон байна. Алмагийн ээж Аманда Барнс Смит хүүгээ хайж олоод сэтгэл зовнижээ. Мөн тэрээр уг халдлагад өртөн, амь үрэгдсэн нөхөр, 10 настай хүүгийнхээ төлөө эмгэнэн гашуудаж байв.

Түүнд туслах хэн ч байхгүй байсан тул Аманда үлдсэн хүүхдүүдээ цуглуулж, чиглүүлэхийг хүсэн залбирлаа. “Өө, Тэнгэрлэг Эцэг минь, Та шархадсан хөөрхийлөлтэй хүүг минь харж, миний туршлагагүй байдлыг мэдэж байгаа. Тэнгэрлэг Эцэг минь, юу хийхийг минь заан чиглүүлж өгөөч” гэж тэр залбирав.

Аманда залбирч дуусмагц үнсийг устай холь хэмээн зааварчлах дуу хоолойг сонсжээ. Тэр Алмагийн шархыг тус уусмалаар цэвэр болтол угаав. Дараа нь Аманда хайлаас модноос үндсийг нь авч нунтаг болгон нүдэх санаа орж ирэхийг мэдэрчээ. Тэр Алмагийн шарханд нунтгийг түрхээд, даавуугаар боолоо.

“Одоо чи ингээд хэвт, хөдөлж болохгүй шүү, тэгвэл Их Эзэн чамд шинэ түнх өгөх болно” гэж тэр хүүдээ хэлэв.

Алмагийн шархнаас болоод Аманда болон түүний гэр бүлийнхэн халдлагын дараа шилжин нүүх боломжгүй болов. Хэдэн долоо хоног өнгөрөхөд дээрэмчид түүнд болон үлдсэн бусад гэгээнтэнд явах эцсийн хугацаа тогтоож өглөө. Эцсийн хугацаа дөхөх тусам Амандагийн айдас нэмэгдэж байв. Тэр эрдэнэ шишийн ишний бухал дотор нуугдаж, сонсогдохгүйгээр чанга залбирч байлаа. Дараа нь тэр эдгээр үгийг давтан хэлэх дуу хоолойг сонсов.

  • Авралын төлөө Есүст итгэж найдсан

  • Аль ч хүнийг Би дайсных нь гарт орхихгүй.

  • Там итгэлийг нь сулруулахыг оролдсон ч

  • Би хэзээ ч орхихгүй, түүнийг орхихгүй!

Бат бөх суурь” (Дуулал, ду.41) дууллын эдгээр үг Амандад хүч чадал, эр зоригийг мэдрэхэд туслав.

Удалгүй гадаа байсан Аманда хүүхдүүдийнхээ байшин дотроос хашхирахыг сонслоо. Тэр байшин руу яаран гүйж очоод Алмаг өрөөн дотуур тойрон гүйж байхыг харав. “Би зүгээр боллоо, ээж ээ, би зүгээр боллоо!” хэмээн Алма орилов. Аманда хүүхдүүдтэйгээ хамт удалгүй Хооны тээрмийг орхин явжээ.

(Гэгээнтнүүд номын 1:347–350, 353–355, 378–379-өөс эш татаж, хураангуйлав)

  • Энэ түүхийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Энэхүү түүхийг уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та юу сурсан эсвэл мэдэрсэн бэ?

Суралцагчдыг өмнөх асуултын хариултаа хуваалцах үед тэднийг сорилтод байхад нь тусалж болох сурч мэдсэн үнэнээ хуваалцахад урих талаар бодож үзээрэй. Бид гай зовлон тохиолдсон үедээ Бурханд хандсанаар Түүний зааварчилгаа, тайтгарал, хүч чадлыг мэдэрч чадна гэсэн нэг үнэнийг суралцагчид тодорхойлж болох юм.

Бат бөх суурь” (Дуулал, ду.85) дууллыг ангиараа хамтдаа дуулах эсвэл сонсох талаар бодож үз. Аманда Смитийг хүчирхэгжүүлсэн үгсийг 7-р бадгаас олж болно.

Бурханд хандахад тусалдаг судрууд

Бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд хандах хүслийг тань нэмэгдүүлэх судруудыг хайж олоход цаг гарга. Та дараах хэсгүүдийн заримыг юм уу бүгдийг нь судалж эсвэл өөр хэсгүүдийг олж болно.

  • Судалсан шүлгүүдээсээ утга учиртай ямар зүйлийг олж авсан бэ? Яагаад?

  • Хүнд хэцүү нөхцөл байдалд Бурханд хандсан үед Тэр таныг эсвэл таны таньдаг бусад хүнийг хэзээ адисалсан бэ?

Өмнөх асуултын талаарх хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгож өөрийнхөө амьдралд тохиолдсон жишээнээс хуваалцахыг бод.

Амьдралынхаа тухай бод

Сурсан, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд судлах тэмдэглэлдээ доорх асуултуудын дор хаяж нэгд нь хариулахад тэднийг урь.

  • Дараагийн удаа хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах үед таныг хүчирхэгжүүлж чадах юуг та өнөөдөр сурч, мэдэрсэн бэ?

  • Өнөөдөр судалж байхдаа та юу хийхээр өдөөгдсөн бэ?

Хүсэлтэй цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урих талаар бодож үз. Ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчилж, хүлээн авсан ямар нэг өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуул.