“143-р хичээл—Сургаал ба Гэрээ 133:1–40: Аврагчтай уулзахад бэлтгэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 133:1–40,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1831 оны 11-р сард Сүмийн удирдагчид сайн мэдээний номлол болон Израилын цугларалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсжээ. Сургаал ба Гэрээ 133 дахь илчлэлтэд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудыг болон Түүний гэгээнтнүүд тэдгээр үйл явдалд хэрхэн бэлтгэж чадахыг тайлбарласан байдаг. Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Аврагчийг эргэн ирэх үед Түүнтэй уулзах талаар та нарт ямар бодол төрж байна вэ?
-
Та нар өөрсдийгөө Түүний эргэн ирэхэд хэр бэлтгэгдсэн гэж бодож байна вэ? (Та нар юунд хамгийн их сэтгэл хөдөлж байна вэ? Тэрхүү өдрийн талаар та нар юунд санаа зовж байна вэ?)
1831 оны 11-р сард Сүмийн олон удирдагч сайн мэдээний номлол болон Израилын цугларалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсжээ. Эдгээр чин сэтгэлийн хүслийн хариуд Есүс Христ дараах илчлэлтийг өгөв. Одоогийн Сургаал ба Гэрээ 133 буюу энэ илчлэлт нь анх Зарлигуудын номд хавсралт болон хэвлэгджээ. Үүнийг “Их Эзэний оршил” гэж нэрлэдэг байсан 1-р хэсгээс хоёр хоногийн дараа хүлээн авсан.
Сургаал ба Гэрээ 133:1–4, 10–11-ийг уншаад, Аврагч дэлхий дээр Өөрийн эргэн ирэх үйл явдлын талаар юу илчилснийг олж мэд.
Хоёр дахь ирэлтэд бэлтгэх
Сургаал ба Гэрээ 133:5–16, 36–40, 62-ыг уншаад, Аврагчийн эргэн ирэх үйл явдалд бэлтгэхэд бидэнд туслах үг, хэллэгийг олж мэд.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэрэв бид Хоёр дахь ирэлт хэзээ болох хугацааг яг мэдэж байсан бол өнөөдөр юу хийх байсан талаараа бодож үзэхэд урьсан.
Хэрэв Түүний ирэх өдөр маргааш байсан бол яах байсан бэ? Хэрэв бид маргааш зуурдаар нас барж эсвэл Их Эзэн гэнэт ирж, бид Түүнтэй уулзах боллоо гэхэд бид өнөөдөр юу хийх байсан бэ? Бид ямар нүглээ наманчлах байсан бэ? Бид ямар зан үйлээ болих байсан бэ? Бид ямар асуудлаа шийдэх байсан бэ? Бид ямар уучлал үзүүлэх байсан бэ? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?
Хэрэв бид тэр үед эдгээрийг хийх юм бол яагаад одоо хийж болохгүй гэж? Амар амгаланг олох боломжтой байхад яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж? (Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9)
Ерөнхийлөгч Өүксийн урилгыг болон өнөөдрийн судалсан зүйлээс Аврагчтай уулзахад илүү сайн бэлтгэхийн тулд хийхээр өдөөгдөж буй зүйлээ судлах тэмдэглэлдээ бич. Дараа нь дараах асуултуудад хариул.
-
Сүнсний та нарыг хийж гүйцэтгэхэд өдөөсөн зүйлд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ?
-
Та нарт тулгарсан саад бэрхшээлийг шийдэхэд ямар үйлдэл тус болох вэ? Та Аврагчид хэрхэн найдаж болох вэ?
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтэд одооноос бэлтгэхийн ач холбогдлын талаар та нарт ямар бодол төрсөн бэ?