Семинар
145-р хичээл—Сургаал ба Гэрээ 134: Засгийн газруудын тухай тунхаг


“145-р хичээл—Сургаал ба Гэрээ 134: Засгийн газруудын тухай тунхаг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 134,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

145-р хичээл: Сургаал ба Гэрээ 133–134

Сургаал ба Гэрээ 134

Засгийн газруудын тухай тунхаг

Сүмийн барилгын өмнө зогсож буй эгч нар

Сүмийн итгэл үнэмшлийн талаарх хавчлага, буруушаалтын хариуд Сүмийн удирдагчид засгийн газар болон шашны талаарх Сүмийн байр суурийг тодорхойлохоор баримт бичиг гаргажээ. Энэ хичээл нь шашны эрх чөлөөний ач холбогдлыг болон амьдарч буй газрынхаа засгийн газрын хуулиудыг дагаж мөрдөхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ерөнхийлөгч Нэлсоны хаантай холбоотой туршлага

Хичээлээ эхлүүлэхдээ дараах догол мөрийг хураангуйлж, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны доорх мэдэгдлийг унш. Эсвэл та “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” видеог цагийн код 0:00-ээс 3:16 хүртэл үзүүлж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

2:3

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 1986 онд Ганагийн Акра дахь нэгэн их сургууль дээр зочин илтгэгч болсон байна. Ерөнхийлөгч Нэлсоныг үгээ хэлсний дараа нэгэн овгийн хаан түүн рүү дөхөж очин, Есүс Христийн талаар асуув. Ерөнхийлөгч Нэлсон 3 Нифай дээрх ойлголтуудыг хуваалцсан нь хаанд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

3 Нифай дахь Аврагчийн үгийн хүчийг мэдэрснийхээ дараа хаан: “Хэрэв би Сүмд хөрвөгдөж бас нэгдвэл бүхэл бүтэн омгоо дагуулж авчирна” гэж зарласан гэдэг. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

Ерөнхийлөгч Нэлсоны дараах хариултыг хуваалцахаасаа өмнө, хэрвээ тэд энэ хааны хүмүүсийн дунд номлогчоор үйлчилж байхдаа ингэж хэлэхийг нь сонссон бол ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг суралцагчдаас асуухын тулд түр зогс.

Ерөнхийлөгч Нэлсон: “Өө, хаан минь, ийм байдлаар явагддаггүй юм …” гэж хариулжээ (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56).

  • Та нар ерөнхийлөгч Нэлсоны хариултыг тайлбарлахад тус болох Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар юу мэдэх вэ?

  • Хэдийгээр хаан сайн санааны үүднээс ингэж хэлсэн байж болох ч Аврагчийн сайн мэдээнд хөрвөгдөх нь хувь хүний сонголт байх нь яагаад зайлшгүй шаардлагатай вэ?

Хэрэв суралцагчид ерөнхийлөгч Нэлсоныг хаанд өөр юу хэлсэн бол гэж сонирхож байвал түүний юу заасныг хуваалц. “Хөрвөлт бол хувь хүний асуудал. … Хувь хүн бүр Есүс Христийн сайн мэдээний гэрч, гэрчлэлийг хүлээн авдаг” (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 61).

Өнөөдрийн хичээлийн үеэр, өөрсдийн хүслээр Есүс Христийг дагахыг сонгох эрх чөлөөтэй байх нь тэдэнд яагаад чухал талаарх Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Мөн тэднийг нутгийн хуулиудыг дагаж мөрдөх, тэднээс өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг хүндлэхийн ач холбогдлыг бодож үзэхэд урь. Үргэлжлүүлэхээсээ өмнө та суралцагчдад эдгээр санаанаас нэг юм уу хэд хэдийнх нь талаар бодол санаагаа бичих цагийг гарган өгч болно.

Засгийн газрын болон шашны ач холбогдол

1830 онд Сүмийн гишүүд шашны нэрээр засгийн газрын хуулийг үл тоомсорлодог гэсэн буруу ойлголтоос болж хавчлагад өртөж байв. Шашин шүтэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхийн сацуу газрын хуулиудыг дагаж мөрдөх гэгээнтнүүдийн үүрэг амлалтыг тодруулахад туслахын тулд Сүмийн удирдагчид одоогийн Сургаал ба Гэрээ 134 дэх итгэл үнэмшлийн тунхгийг бичсэн юм.

Энэ хэсгийн агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг хоёр хоёроор нь хуваарил. Хамтрагч бүрд дараах хоёр үнэний аль нэгд анхаарлаа хандуулахыг даалгаж болно.

  1. Бид амьдарч буй газрынхаа засгийн газрын хуулиудыг дагаж мөрдөхөд итгэдэг (Сургаал ба Гэрээ 134:1, 3, 5–6-г үзнэ үү).

  2. Бид шашны болон ухамсрын эрх чөлөөнд итгэдэг (Сургаал ба Гэрээ 134:2, 4–5, 7-г үзнэ үү).

Хамтрагч бүр үнэнтэйгээ холбоотой шүлгүүдийг уншиж, уг үнэнийг дэмжих эсвэл тодруулах үг, хэллэгийг олж мэдэж болно. Дараа нь тэд олж мэдсэн зүйлээ бие биедээ зааж өгч болно.

Суралцагчдыг хамтрагчтайгаа хуваалцаж дууссаны дараа хэд хэдэн сайн дурын хүнийг дараах асуултуудад хариулахад урь. Үүнд:

  • Та нарын уншсан зүйлээс юу нь хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Эдгээр шүлгийг уншсаны дараа хүмүүст ямар асуулт гарч ирж болох вэ?

тараах материалын шигтгээ зурагАсуултынхаа хариултыг олж, энэ хичээлийн үнэнийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлсийг хий:

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүр эхний тараах материалыг судалж, ярилцаж болно. Дараа нь суралцагчид хоёр дахь тараах материалыг судалж, ярилцахаар шинэ бүлгүүдэд дахин хуваарилагдаж болох юм.

Өөрөөр, бүлгийн хагас нь нэг тараах материалыг, нөгөө хагас нь нөгөө тараах материалыг судалж болно. Бүлгүүд дараа нь өөр тараах материал судалсан нөгөө бүлэгтэйгээ сурсан зүйлээ хуваалцаж болно.

Бид амьдарч буй газрынхаа засгийн газрын хуулиудыг дагаж мөрдөхөд итгэдэг

Дараах жишээг унш.

Далиа засгийн газар нь сүмийн байрнаас гадуур сайн мэдээг хуваалцахыг зөвшөөрдөггүй газарт номлолоор үйлчилж байв. Хэрэв Есүс Христийн сайн мэдээний талаар нээлттэй ярьж чадвал хүлээж авах хүмүүс хотод байгаа гэдгийг мэдэж байгаа учраас тэр бухимдаж байв. Тэрээр гудамжинд хүмүүст Аврагчийн тухай заахын тулд тэдэнтэй нууцаар ярилцах тухай бодож байлаа.

  • Та нар энэ нөхцөл байдалд хэрхэн хариулах вэ?

Дараах материалуудыг уншаад, эдгээр нь Тэнгэрлэг Эцэг Далиагаас юу хийгээсэй гэж хүсэх байсныг ойлгоход хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Засгийн газар болон шашны хооронд гарч болзошгүй зөрчилдөөнд Аврагч хэрхэн хариулсныг харахын тулд Матай 22:15–22-ыг болон Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг унш.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бүх итгэгч тэнгэрлэг хуулийг дээдэлдэг ч иргэний хууль ч бас Бурханаас тогтоогдсон гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Их Эзэн Есүс Христ: “Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг” (Матай 22:21) гэж чиглүүлжээ. Тиймээс бид аль болох хуулийн хоёр тогтолцоог хоёуланг нь дагаж мөрдөх ёстой гэж заасан. Илэрхий зөрчилдөөн гарах үед бид тэднийг зохицуулахыг эрэлхийлэх ёстой. Тэд үнэхээр эвлэршгүй байх аваас бид санаа нэгтэйгээр бусад хүнтэй нэгдэж, иргэний хуулийг тэнгэрлэг хуультай нийцүүлэн өөрчлөхийг хичээвэл зохино. Ямар ч тохиолдолд бид шийдвэр гаргахдаа долоо хэмжиж, нэг огтлох ёстой. Хамгийн ховор тохиолдлуудад л нэгийг нь орхиж, нөгөөг нь дэмжинэ. (Dallin H. Oaks, “The Boundary between Church and State” [address given at the Second Annual Sacramento Court/Clergy Conference, Oct. 20, 2015], newsroom.ChurchofJesusChrist.org)

Дараах асуултуудад хариул.

  • Та нар үйлчилж буй газрынхаа хуулийг хүндлэх ёстой гэдгийг ойлгоход нь Далиад тусалж болох юуг сурсан бэ?

  • Та нар яагаад амьдарч буй газрынхаа хуулийг дагаж мөрдөх нь Есүс Христийн сайн мэдээний нэг зарчим гэж бодож байна вэ?

Бид шашны болон ухамсрын эрх чөлөөнд итгэдэг

Дараах асуултуудад хариул.

  • Та хэзээ өөрөөсөө өөр итгэл үнэмшилтэй хүнтэй шашин болон сүнслэг итгэл үнэмшлийн талаар ярилцсан бэ?

  • Тэд таны итгэл үнэмшилд хэрхэн хандсан бэ? Та тэдний итгэл үнэмшилд хэрхэн хандсан бэ?

Дараах жишээг эргэцүүлэн бод.

Лиам бол сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн гишүүн юм. Түүний багийн нэг гишүүн Заин тоглолт бүрийн өмнө хувийн шашны зан үйл үйлддэг. Заин багийнхан дотроо ганцаараа энэ шашныг шүтдэг. Багийн бусад гишүүн Заины юу хийдгийг анзаараад, энэ тал дээр түүнд хүндрэл учруулж эхлэв. Лиам эргэн тойрных нь хүмүүс Заины шашныг заримдаа сөрөг байдлаар хардаг гэдгийг мэддэг.

Дараах материалуудыг судалж, тэдгээрийг Лиамын нөхцөл байдалд болон та нараас өөр итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцах харилцаандаа хэрхэн ашиглаж болохыг бодож үзээрэй.

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.

Бошиглогч Иосеф Смит

Хэрэв би аль нэг “Мормоны” төлөө амь насаа зориулахад бэлэн байдаг нь харуулагдсан бол, пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүн эрхээ хамгаалахын төлөө амь насаа зориулахад бас бэлэн; хожмын үеийн гэгээнтнүүдийн эрхийг улан доороо дэвсэлж байгаа шиг, … нэрд гараагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахад хүчин мөхөс аливаа бусад шашны эрхийг улан доороо дэвсэлж байгааг эсэргүүцэн, миний бие амь насаа өргөхөд бэлэн байна гэдгийг Тэнгэрийн өмнө зоригтой тунхаглаж байна.

Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүн төрөлхтний иргэний болон шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 390)

  • Тулгараад байгаа тухайн нөхцөл байдалд хариулахад туслах юуг та Лиамтай хуваалцаж чадах вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг өөр итгэл үнэмшилтэй хүмүүст хэрхэн хандаасай гэж хүсдэг талаар та юу сурч мэдсэн бэ?

Бүлгүүдийг тараах хоёр материалыг судалж дууссаны дараа, сурсан зүйлийнхээ талаар ярилцах эсвэл судалсан зүйлийнхээ талаар асуулт тавих боломжийг тэдэнд олго.

Суралцагчдад хоёр үнэний талаар юу сурсныг цаашид ярилцах нь тустай гэж санагдаж байвал дараах асуултуудыг ашигла.

  • Хүн хэрхэн өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө бат зогсохын зэрэгцээ бусдын өөр итгэл үнэмшлийг хүндэлж чадах вэ?

  • Хуулиудыг дагаж мөрдөх нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг дагах бидний чадварыг нэмэгдүүлэх вэ?

  • Та амьдарч байгаа газрынхаа хуулийн хүрээнд шашны эрх чөлөөг дэмжих ямар арга замыг тохиромжтой гэж бодож байна вэ?

    Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулахад урьснаар хичээлийг дуусгаж болно. Цөөн суралцагч бичсэн зүйлээсээ хуваалцаж болно.

  • Тэнгэрлэг Эцэг өнөөдрийн сурсан зүйлээр тань та нараар юу хийлгэхийг хүсэж байна гэж та бодож байна вэ?