“148-р хичээл—Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь: Сүмийг удирдуулахаар Их Эзэн сонгосон,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иосеф Смитийн цаг үед амьдарч байсан Сүмийн гишүүд бошиглогч нас барахыг хэзээ ч үзээгүй байв. Иосеф, Хайрум хоёрын амь насыг бүрэлгэсэн нь зөвхөн сэтгэл санааны хувьд хүнд хэцүү үе байснаас гадна Сүмийг хэн удирдахыг эргэлзээтэй, тодорхойгүй болгожээ. Гэсэн хэдий ч Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчийн удирдлаган доор үргэлжлүүлэх арга замыг бэлдсэн байлаа. Энэ хичээл бошиглогч нас барсан ч Их Эзэн Өөрийн ажлыг үргэлжлүүлэн удирддаг гэдэгт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та нарт саяхан гэр бүлийн хамт Сүмд нэгдсэн Габриэл гэдэг найз байдаг гэж төсөөл. Нэг өдөр семинараа тарсны дараа тэр та нараас Сүмийн удирдлагын талаар хэдэн зүйл асуув. Тэрээр Сүмийн ерөнхийлөгч нас барахад юу тохиолддог, шинэ бошиглогчийг хэрхэн сонгодог талаар сонирхож байна. Тэр ч байтугай бид хэрхэн зөв хүн нь бошиглогч болсон гэдэгт итгэлтэй байж чадах вэ гэдгийг мэдэхийг хүсэж байв.
-
Та нар 1-ийг хамгийн бага, 5-ыг хамгийн их гэж үзэн 1-ээс 5 хүртэлх оноогоор дүгнэвэл, Габриэлын асуултад хариулах ур чадвартаа хэр итгэлтэй байна вэ?
-
Сүмийн удирдлагын өөрчлөлт хэрхэн явагддагийг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Иосеф Смитийн байр суурийг хэн эзлэх вэ?
Иосеф Смитийн амийг бүрэлгэсэн цаг үед Сүмийн гишүүд бошиглогч нас барахыг хэзээ ч үзээгүй байв. Иосефыг үхэхэд асар их гашуудсанаас гадна зарим нь Сүм цаашид хэрхэн урагшлахыг ч мэдэхгүй байлаа. Төлөөлөгчдийн ихэнх нь Иосеф, Хайрум хоёрын үхлийн талаар сонсох үедээ Америкийн Нэгдсэн Улсын зүүн хэсэгт номлолд үйлчилж байжээ. Энэхүү гунигт мэдээг дуулаад тэд болон бусад номлогч Науву руу буцаж эхлэв.
Сүмийн ерөнхийлөгч байхгүй болоход цөөн хэдэн хүн Сүмийн удирдлагад юу болох ёстой талаар өөр өөр шаардлага тавив.
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх түүнд Иосефыг хэн ч залгамжлах боломжгүй гэж үзэгдэл хэлсэн гэв. Тэрээр өөрийгөө Сүмийн “хамгаалагч” байхыг санал болгожээ.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Сүмийг удирдах Аврагчийн эрх мэдлийг Иосеф Смит Арван хоёрын чуулгад олгосон гэв.
Иосефыг нас барахаас дөрвөн сарын өмнө баптисм хүртсэн нэгэн гишүүн өөрийг нь Иосефын залгамжлагчаар томилсон гэх Иосеф Смитийн гарын үсэгтэй захиаг үзүүлжээ.
Их Эзэний тогтоосон загвар