Семинар
147-р хичээл—Сургаал ба Гэрээ 135: Бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэв


“147-р хичээл—Сургаал ба Гэрээ 135: Бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэв,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 135,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

147-р хичээл: Сургаал ба Гэрээ 135–136

Сургаал ба Гэрээ 135

Бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэв

Картейж дахь Иосеф, Хайрум Смит хоёрын хөшөө

Гэгээнтнүүдийг олон жил удирдсаны эцэст бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр Картейж шоронд хоригджээ. 1844 оны 6-р сарын 27-ны өдөр танхайрагчид дайрч, хоёр эрийн амь насыг хөнөөв. Энэ хичээл Иосеф Смитийг Сэргээлтийн, Бурханы бошиглогч гэдгийг гэрчлэх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Их Эзэний бошиглогч хийгээд үзмэрч”

Бошиглогч Иосеф Смит

Иосеф Смитийн зургийг харуулаад, суралцагчдыг түүний талаар юу ч мэдэхгүй хүнтэй ярих гэж байна гэж төсөөлөхөд урих талаар бодож үз. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэний бидний төлөө хийсэн хамгийн чухал гэж боддог дөрөв, таван зүйлийн жагсаалт гаргахыг тэднээс хүс. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан бидэнд адислал өгөөгүй байсан бол та нарын амьдрал хэр өөр байх байсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх та нарын мэдлэг, харилцаанд Иосеф Смит, түүний бошиглолын ажил хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчид энэ хичээлээр Иосеф Смитийн амь насыг бүрэлгэсэн тухай мөн Их Эзэн түүгээр дамжуулан юу хийсэн талаар судлах болно гэдгийг тайлбарла. Тэднийг судалж байх үед Их Эзэн бошиглогчоор дамжуулан тэднийг хэрхэн адисалсныг илүү сайн ойлгохыг эрэлхийлэхэд урь.

Картейж шорон руу явах зам

Сургаал ба Гэрээ 135-ыг судлахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрүүдийг өөрийн үгээр хураангуйл.

Иосеф Смит болон гэгээнтнүүд Иллинойд бараг гурван жилийн турш амар тайван амьдарч байв. 1842 онд тэд дахин эсэргүүцэлтэй тулгарч эхлэв. Сүмийн доторх тэрслүү үзэлтнүүд, Сүмээс гадуурх эсэргүүцэгчид бошиглогчийн эсрэг төдийгүй гэгээнтнүүдийн эсрэг хүчээ нэгтгэв. Иллинойн зарим иргэн гэгээнтнүүдийн улс төрийн нөлөөллөөс айж, дургүйцэж эхэлжээ. Бусад нь Наувугийн эдийн засгийн өсөлтөд атаархаж байлаа. Гэгээнтнүүдийн эсрэг хавчлага нь олон эхнэр авах ёс гэх мэт дэг жаягийг Сүмийн зарим урвагч гишүүд гуйвуулж байснаас болж гарсан буруу ойлголтоос мөн үүдэлтэй байв. 1844 оны зун Сүмийн эсрэг дайсагнал ихээхэн хурцаджээ.

1844 оны 6-р сарын 7-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилсэн байсан Виллям Лоу бусад урван тэрслэгчийн хамт бошиглогч, Сүм хоёрын эсрэг олон нийтийн уур хилэнг хүргэхээр Nauvoo Expositor сонины анхны дугаарыг хэвлэн гаргав. Иосеф Смит болон Науву хотын зөвлөлийн ихэнх нь сониныг нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж үзэн, Nauvoo Expositor сонины хэвлэлийн цехийг устгах захирамж гаргажээ. Энэ захирамж нь Иосеф Смитийн үеийн хуультай нийцэж байсан юм.

Ойр орчмын газрын зарим оршин суугч гэгээнтнүүдийн эсрэг босож мөн хэвлэлийн цехийг устгахыг эсэргүүцэв. Иллинойн захирагч Томас Форд Иосеф Смитийг болон бусад Сүмийн удирдагчийг Картейж гэх жижиг хот рүү очин нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг зөвлөжээ. Захирагч Форд тэднийг сайн дураараа ирвэл бүрэн хамгаалалтад авч, шударгаар шүүх болно гэж амласан байв. Ийн амласан байсан ч бошиглогч хэрэв явах юм бол алагдах болно гэдэгтээ итгэлтэй байв (Сургаал ба Гэрээ 135:4-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч 1844 оны 6-р сарын 24-нд Иосеф, Хайрум Смит хоёр бусад цөөн хэдэн хүний хамт гэгээнтнүүдийг танхайрагч этгээдүүдийн хүчирхийллээс хамгаалах үүднээс Наувугаас Картейж руу явсан юм.

Иосеф, Хайрум хоёрыг шоронд хэд хоносны дараа танхайрагчид дайрав.

Амь насыг бүрэлгэв

Суралцагчдыг дараах судрын хэсгийг уншихаас өмнө тэднээс Иосеф, Хайрум Смит хоёрын амь насыг бүрэлгэсэн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс.

Амь насыг нь бүрэлгэсэн явдлаас хойш гурван сар хүрэхгүй хугацааны дараа хэвлэгдсэн Сургаал ба Гэрээ 135-д тухайн үеийн болсон үйл явдлыг дүрсэлжээ. Сургаал ба Гэрээ 135:1–2-ыг уншаад, амь насыг нь бүрэлгэсэн үйл явдлын талаарх дэлгэрэнгүй зүйлсийг болон хэн гэрчилснийг олж мэд. (Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сургаал ба Гэрээ 135:4–7-г уншина уу.)

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Хэрэв та нар энэ аймшигт үйл явдлын гэрч байсан бол юу бодож, юу мэдрэх байсан бэ?

Болсон үйл явдлыг төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд “Joseph Smith—Prophet of the Restoration” (цагийн код 0:00-ээс 3:06 хүртэл) эсвэл “Joseph Smith: The Prophet of the Restoration” (цагийн код 55:50-аас 59:51 хүртэл) видеог үзүүл.

13:9
62:4

Шаардлагатай бол ахлагч Жон Тэйлор (1808–1887) амь насыг нь бүрэлгэсэн үйл явдлыг нүдээр үзсэн гэрч нарын нэг байсныг тайлбарла. Тэрээр яваандаа тухайн өдөр авсан бэртлээсээ эдгэрч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гурав дахь ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм.

Сургаал ба Гэрээ 135:3-ыг уншаад, Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан биднийг адисалсан зарим арга замыг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зурагСургаал ба Гэрээ 135:3 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

  • Ямар үнэн та нарын хувьд утга учиртай вэ? Яагаад?

Суралцагчдыг 3-р шүлгээс утга учиртай үнэнүүдийг самбарт жагсааж бичээд, тэдгээр үнэний талаарх өөрсдийн бодлыг хуваалцахад урь.

Суралцагчид өөр өөр үгээр илэрхийлж болох ч тэдний олж тодорхойлж болох нэг үнэн бол Иосеф Смит зөвхөн Есүс Христийг эс тооцвол, дэлхийн авралын төлөө бусад бүх хүнээс илүү ихийг хийсэн гэсэн үнэн юм. Үүнтэй адил үнэнийг самбар дээр бич. Зөвхөн бүх хүн төрөлхтний Аврагч Есүс Христээр дамжуулан аврагдах боломжтой гэдгийг тодорхойлж өгөх нь чухал байж магадгүй. Гэсэн хэдий ч Есүс Христ энэ эрин үеийн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Цагаатгалынхаа адислалуудыг түгээхийн тулд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ажилласан.

Суралцагчдыг өөрсдийнх нь амьдралд энэ үнэн ямар ач холбогдолтой талаар цаг гарган тунгаан бодоход урь.

Иосеф Смитийн мөнх бус амьдрал 1844 оны 6-р сарын 27-нд төгссөн ч түүний ажил, гэрчлэл, нөлөө Тэнгэрлэг Эцэгийн олон сая хүүхдэд Есүс Христэд ирж авралын адислалуудыг хүлээн авахад тусалсан юм.

“Түүний номлол ба ажлууд”

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитийг ашиглан Өөрсөдтэй нь илүү их ойртоход бидэнд хэрхэн тусалсныг илүү сайн танихад нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараах гурван алхмыг хийхэд урь. Зарим жишээг налуу үсгээр бичсэн болно.

төгс эзэмших сургалтын шигтгээ зураг Суралцагчдыг хуваалцахад урих: Бусдыг хуваалцахад урих талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сүнсээр заа номын “Ихэнхдээ гэрчлэлээ хэлж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урь” гарчигтай сургалтыг үзнэ үү. “Мэдрэмж, туршлага, гэрчлэлээ үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслах сануулах үгсийг зохиох” ур чадвараар дадлага хий.

  1. Судлах тэмдэглэлийнхээ цаасны голд “Иосеф Смитээр дамжуулан хийсэн Их Эзэний ажил” гэж бич.

  2. Энэ үг хэллэгийг тойруулан, Иосеф Смитээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын заасан эсвэл хийсэн 4-5 зүйлийг бич эсвэл зур. Боломжтой бол тал бүрд нэг судрын эшлэл оруул. Жишээ: “Анхны үзэгдэл” (Иосеф Смит—Түүх 1:17–19).

  3. Та нарын бичиж жагсаасан зүйл бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их ойртоход хэрхэн тусалдаг талаар бодол, мэдрэмжээ оруул. Жишээ: Иосеф Смитээр дамжуулан би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар илүү ихийг ойлгосон. Би Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудад хариулах болно гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол тусдаа хоёр хүн гэдгийг мэднэ.

Хэрэв суралцагчдад юу бичих эсвэл зурах талаар нэмэлт жишээ бодоход тусламж хэрэгтэй бол тэд дараах сэдвүүд болон шүлгүүдийг давтан харж болно. Үүнд: Санваар (Сургаал ба Гэрээ 13:1); Мормоны Ном (Сургаал ба Гэрээ 17:5–6; 135:3); номлогчийн ажил (Сургаал ба Гэрээ 4; 110:11); лацдан холбох хүч (Сургаал ба Гэрээ 110:13–16).

Суралцагчдыг тунгаан бодож, бичиж байх хооронд та “Тэр хүнийг магтъя” (Дуулал, ду. 18) дууг тоглуулж болно. Энэ дууллыг Виллям В.Фелпс бошиглогчийг нас барсны дараа түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор бичсэн гэдгийг тайлбарла.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан тэднийг хэрхэн адисалсан талаар аль болох олон суралцагчийг бодлоо хуваалцахад уриад, самбарт жагсаалт гарга. Суралцагчдыг сэдвийн дагуу өөрсдийн бодол, мэдрэмжийг хуваалцаж байх хооронд “Яг иймэрхүү адислалын талаар бодсон өөр хүн байна уу? Бидний ярилцаж буй сэдвээр өөр санаа бодлоо хэлэх хүн байна уу?” эсвэл “Энэ адислал байгаагүй бол та нарын амьдрал хэр өөр байх байсан бэ?” гэх мэтчилэн асуу. Суралцагчдыг олон адислалын талаар хуваалцахад урь. Та ч бас өөрийнхөө бодол, мэдрэмжийг хуваалцахыг бодоорой.

Дуусгахдаа та мөн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг хуваалцаж болно. Ерөнхийлөгч Баллард бол Хайрум Смитийн жичинцэр юм.

2:3
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Сүмийг үндэслэн байгуулж, та бидэнд өнөөдөр олон адислалаас хүртэж, энэ бүх илчлэгдсэн үнэнийг өгөхийн тулд Иосеф, Хайрум хоёрын болон өөр олон итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүдийн төлсөн төлөөсийг бид ямагт санаж байх ёстой. Тэдний итгэлийг хэзээ ч мартах ёсгүй! (М.Рассэлл Баллард, “Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү?,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11)

  • Хэрэв хэн нэгэн хүн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн тэднийг хэрхэн адисалсныг илүү сайн ойлгохыг хүсвэл та тэдэнд юу хийхийг зөвлөх байсан бэ?

Цээжил

Та Сургаал ба Гэрээ 135:3-ын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлээр тэдгээрийг давтаж болно. “Иосеф Смит Бурханы бэлэг хийгээд хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчран” гэдэг нь энэ хэсгийн судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.