Семинар
150-р хичээл—Газар бүрийн анхдагчид: Бусдын явах замыг бэлтгэх нь


“150-р хичээл—Газар бүрийн анхдагчид: Бусдын явах замыг бэлтгэх нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Газар бүрийн анхдагчид,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

150-р хичээл: Сургаал ба Гэрээ 135–136

Газар бүрийн анхдагчид

Бусдын явах замыг бэлтгэх нь

Гар тэрэг түрж буй анхдагчид

1847-оос 1868 оны хооронд мянга мянган анхдагч Солт Лэйкийн хөндийд гэгээнтнүүдтэй хамт цугларахаар бүхээгтэй болон гар тэргээр аялж ирэхдээ Есүс Христэд итгэх агуу итгэлээ харуулсан юм. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн анхдагчид оршин суугаа газартаа гэгээнтнүүдтэй хамт цугларан, Есүс Христэд итгэх агуу итгэлээ харуулсаар байна. Энэ хичээл бусдад Есүс Христийг дагах замыг нь бэлтгэснээр анхдагч болох хүслийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Анхдагчид

Тэмдэглэл: Өөрийн гадас, тойрог эсвэл улс орон дахь анхдагчдын жишээнүүдийг олоод, тэдний түүхийг хичээлийн нэг хэсэг болгон хуваалцахаар бэлдэх нь үр дүнтэй байж болох юм. Боломжтой бол та тэднийг ангид ирж, өөрсдийн туршлагыг танилцуулахад урьж ч болно.

Анхдагч гэдэг тодорхойлолтыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг харуул. Суралцагчид өөрсдийн таамгийг ангидаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалцаж болно. Та энэ үйл ажиллагааг оршин суугаа газрынхаа хүмүүсийн амьдралд нөлөөлсөн анхдагчдыг хамруулж тохируулан өөрчлөх боломжтой.

Хүмүүсийг гаргасан амжилттай нь тохируул.

Хүмүүс

Гаргасан амжилт

Хүмүүс

1. Йоханнес Гутенберг

Гаргасан амжилт

А. Тайвань дахь анхны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

Хүмүүс

2. Элизабет Жэксон

Гаргасан амжилт

Б. Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй, цацраг идэвхт туяаны чиглэлээр явуулсан судалгааныхаа төлөө шагнуулсан

Хүмүүс

3. Чэнь Лин Шу-лиан

Гаргасан амжилт

В. Хэвлэлийн машин зохион бүтээсэн

Хүмүүс

4. Эдмунд Хиллари, Тензинг Норгай

Гаргасан амжилт

Г. Эверест уулын оргилд хамгийн анх авирч гарсан

Хүмүүс

5. Мари Кюри

Гаргасан амжилт

Д. Солт Лэйкийн хөндий рүү гар тэргээр аялсан

Суралцагчдыг тохируулж дууссаны дараа зөв хариултыг өг (1-В, 2-Д, 3-А, 4-Г, 5-Б).

  • Энэ хүмүүст нийтлэг ямар зүйл байна вэ?

    Тэд бүгд анхдагчид байснаараа нийтлэг юм гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Анхдагчийг өмнө нь явж, бусдын дагаж явах замыг тавьж бэлтгэдэг хүн гэж тодорхойлж болно. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс “I Am a Pioneer” (1:16) видеог үзэж болно.

    2:3
  • Эдгээр анхдагчийн гаргасан амжилтууд хэрхэн бусдын дагаж явах замыг бэлтгэсэн бэ?

Есүс Христийн үлгэр жишээ

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч M.Рассэлл Баллард Есүс Христийн талаар дараах зүйлийг хуваалцжээ.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Бидний Аврагч Есүс Христ бол жинхэнэ замыг бэлдэгч анхдагч юм. Үнэхээр Тэр бол авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх “зам” бөгөөд ингэснээр бид наманчилж, Түүнд итгэх итгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж чадна. (М.Рассэлл Баллард, “Итгэлийн алхмаар Есүс Христийг дага,” Лиахона, 2022 оны 11-р сар, 35)

Энэ мэдэгдлийг задлан шинжлэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг Есүс Христийг анхдагч байсан гэдгийг дүрсэлсэн судруудыг олж тодорхойлоход урь. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та дараах хэсгүүдийг эсвэл сонгосон бусад хэсгээ өгч болно.

Иохан 13:15; 14:2–6; 2 Нифай 31:5–12; Мозая 16:7 зэрэг шүлгүүдээс заримыг нь унш. Есүс Христийг анхдагч гэж үзэж болох арга замуудыг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Аврагчийн та нарт зам бэлтгэж өгөхийн тулд хийсэн үйлдлүүд нь хэрхэн та нарын амьдралд адислал болсон бэ?

    Аврагч бол гагцхүү Тэр л гүйцэтгэж чадах анхдагч нь юм гэдгийг илтгэх олон арга зам байдгийг суралцагчдад тайлбарла. Гэсэн хэдий ч бидэнд Түүний “дуурайлыг… дагаж, [Түүний] үйлдсэн лугаа адил үйлдэж” (Иохан 13:15), бусдын хувьд анхдагч болох зарим арга зам бий. Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ дараахыг гарчиг болгон бичихэд урь. “Аврагчийн нэгэн адил би ч бас бусдад дагах замыг нь итгэлтэйгээр үзүүлж, анхдагч болж чадна.”

    Дараах асуултуудыг харуулаад, суралцагчдыг судлах тэмдэглэл дээрх гарчгийнхаа доор хариулж бичихэд урь. Үүнд:

  • Та нар бусдад дагахыг хүсэм жишээг үлдээж байгаа гэж та нарт санагдаж байна уу?

  • Анхдагч байхын юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөж байна вэ? Юу нь тавгүйтүүлж байна вэ?

  • Бусдын хувьд анхдагч болоход тань Есүс Христ хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Энэ хичээлийн үлдсэн бүх хугацаанд, бусдын дагах Христтэй адил анхдагч болох хүслээ нэмэгдүүлэхийн тулд Ариун Сүнсний нөлөөг урь.

Гар тэрэгтэй анхдагчид

Өрнөд рүү аялсан аян болон Сургаал ба Гэрээ 136-ийн талаар сурсан, санаж байгаа зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Өрнөд рүү аялсан анхны гэгээнтнүүдийн анхдагч болохыг хүссэн нэг арга замыг харуулахын тулд Сургаал ба Гэрээ 136:6–7-г эргэн хар.

Гар тэрэгний зургийг харуулаад, дараах мэдээллийг тоймлон хэлж өг.

Гар тэрэг

Олон хамтлагийг Солт Лэйк Сити рүү ихэвчлэн үхэр хөллөсөн тэргээр аялсны дараа Бригам Янг гэгээнтнүүдийг гар тэрэг ашиглахад урамшуулав. Анхдагчид өөрсдөө гар тэргээ түрснээр илүү хямд, илүү хурдан аялах боломжтой болжээ. Цагаачлагч 350 гаруй хамтлагийн ердөө 10 нь гар тэргээр аялсан юм. Хэдийгээр гар тэргээр аялсан хамтлагуудын ихэнх нь ямар ч асуудалгүй аялж байсан ч 1856 оны өвлийн шуурганы улмаас Вилли, Мартин нарын гар тэрэгний хамтлагууд замдаа гацахад хүрэв. Өлсгөлөн, эрс тэс цаг агаарын улмаас олон хүн амиа алджээ. Юта дахь Сүмийн гишүүд аврах хүчин чармайлт гарган, аялагчдыг шаардлагатай хэрэгслээр хангаж, аяллаа дуусгахад нь тусалснаар 1200 гаруй хүний амийг аварсан юм (Church History Topics, “Handcart Companies,” ChurchofJesusChrist.org/study/history/topics-г үзнэ үү).

Дараахтай адил гар тэрэгтэй анхдагчийн түүх эсвэл гэрчлэлийг хуваалц. Өөрсдийн амьдралд анхдагчийн үлгэр жишээг хэрэгжүүлж болох арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк дараах гар тэрэгтэй анхдагчийн цэдгийг хуваалцсан.

2:3
Ахлагч Квинтин Л.Күк

Мартин гар тэрэгний хамтлагийн хамт Платте голыг хамгийн сүүлд гатлан туулсны дараа нөхөр Аарон нь нас барсан тухай Элизабет Жексоны түүх дурдатгал сэтгэлийг минь хөдөлгөсөн. Тэрээр:

“Би ийм хэцүү нөхцөл байдлын дор гурвын гурван хүүхэдтэй бэлэвсрэн хоцорсон тэрхүү үед өөрийн доторх мэдрэмжээ дүрслэн хэлэх гэж оролдож үзлээ. … … сайн мэдээний төлөөх миний зовлон зүдүүр миний сайн сайхны төлөө намайг ариусгах болно гэдэгт би итгэдэг. …

Би Тэрээр … бэлэвсэн нэгэнд нөхөр нь болох, эцэггүй нэгэнд эцэг нь болохыг амласан Их Эзэнд хүсэлт тавьсан. Миний хүссэнээр тэр надад туслахаар ирсэн” гэж бичсэн байдаг.

Элизабет өөртэй нь адил зүйлсийг давж туулсан хүмүүст зориулж энэ түүхийг бичсэн гэж хэлсэн ба үр удам нь Бурханы хаант улсын төлөө бүгдийг золиосолж, зовоход бэлэн байгаасай гэсэн найдвар тээн бичжээ. (Квинтин Л.Күк, “ХҮГ эмэгтэйчүүд гайхалтай юм!,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  • Элизабет Их Эзэний талаар юу гэрчилсэн бэ?

  • Тэрээр түүний үлгэр жишээнээс бусад хүн юу сурна гэж найдсан бэ?

Элизабет хэрхэн Аврагчаас хүч чадал хүлээн авч чадсан бэ гэдгийг дүрсэлсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эсвэл бусад судрыг тодорхойлоход суралцагчдыг урь. Зарим жишээ нь Матай 11:28–30; Алма 7:11–13; эсвэл Сургаал ба Гэрээ 6:36 байж болно.

Бусдын хувьд анхдагч болох бидний хүсэлд эдгээр судар хэрхэн тусалж чадахыг асуу.

Анхдагчдын үлгэр жишээ

Гэгээнтнүүдийг Солт Лэйкийн хөндийд цуглуулахыг шаардахаа больсон гэдгийг тайлбарла. Тэднийг оршин суугаа газартаа Сионы гадсанд цугларч, бусдад Есүс Христийг дагах замыг бэлтгэхэд урьдаг. Дэлхий даяарх анхдагчдын үлгэр жишээ бидэнд Есүс Христийг дагаж, хаана ч байсан анхдагч болоход тусална.

тараах материалын шигтгээ зурагДараах үйл ажиллагаанд зориулж суралцагчдад ChurchofJesusChrist.org дээрх Global Histories-ээс зохиосон түүхүүдийг агуулсан “Дэлхийн даяарх анхдагчид” тараах материалыг өг.

Эсвэл та FamilySearch.org дээрээс өвөг дээдсийнхээ түүхийг уншихад эсвэл хэрэв тэд суралцагчийн бэлтгэл дээрх үйл ажиллагааг гүйцэтгэсэн бол тодорхойлсон хүмүүсийнхээ талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урьж болно. Тэд мөн Gospel Library аппликэйшны Church History хэсгийн Global Histories-ээс улс орныхоо анхдагчдын тухай уншиж болно.

Дараах үйл ажиллагааг гүйцэтгээд, дэлхий даяарх анхдагчдын үлгэр жишээ хэрхэн та нарын анхдагч болох хичээл зүтгэлд тусалж чадахыг олж мэд.

  1. Нэг эсвэл өөр олон анхдагчийн түүхийг унш.

  2. Тэд хэрхэн анхдагч байсныг тодорхойл.

  3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэдэнд тусалсан арга замыг олж мэд.

  4. Тэдний Христийнхтэй адил үлгэр жишээ та нарыг бусдын хувьд анхдагч болоход хэрхэн бурханлагаар нөлөөлж болохыг судлах тэмдэглэл дээрээ бич.

Дэлхий даяарх анхдагчид

Америкийн Самоа

“Бурхан тийм гэж хэлсэн”

Лева ‘аиа Левао эрүүл мэндийн ноцтой асуудалтай амьдарч байв. 2015 онд түүний нүдэн дээр хатиг гарчээ. Номлогчид түүнд санваарын адислал өгсний дараа хатиг нь эдгэсэн юм. Тэд түүнтэй хамт Мормоны Номыг уншиж эхлэв.

Арлын жижиг нийгмийн зарим хүн Леваог шинэ шашныг анхааран авч үзэж байгааг хараад, сэтгэл дундуур байлаа. Тэд түүний хичээл зүтгэлийг шоолж, доромжлов. Гэсэн хэдий ч тэр тууштай байж, удалгүй баптисм хүртжээ. Нөхөр Туй болон гурван хүүхэд нь удалгүй түүнийг дагаж итгэсэн бөгөөд Левао дараа нь салбартаа Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэв. Түүний өөрийгөө бусдын төлөө зориулах үлгэр жишээнээс урам зориг авсан бусад хүн түүнийг Олосега дахь Сүмийн зүрх гэж нэрлэжээ.

Өмнөд Солонгос

“Би дахиж хэзээ ч жинхэнээсээ даарахгүй”

Чэй Донг Сулл бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс цуглааныхаа гишүүдийг хамгаалах үүрэгтэй гэж боддог байсан пресбитериан шашны санваартан байв. Гэсэн хэдий ч тэрээр номлогчидтой уулзаж эхлэн, өөрийг нь зовоож байсан сургаалын асуудлуудыг тодорхой болгож байв. Тэрээр өөрийнх нь шинэ итгэл үнэмшил түүнээс ажил мэргэжлээ өөрчлөхийг шаардаж, тухайн үед Солонгосын пресбитериан сүмийн дарга байсан аавтайгаа харилцах харилцаанд нь аюул учруулах болно гэдгийг мэдэж байсан.

Донг Сулл Хан мөрөнд баптисм хүртэхийг сонгосон юм. “Би баптисм хүртэхдээ аль болох Есүс Христтэй адил туршлагатай байхыг хүссэн” гэж тэр тайлбарлав. 1981 оны 9-р сарын 5-ны манан будан татсан өглөө Хан мөрний ус хүйтэн байсан ч тэрээр уснаас гарч ирчхээд, дотроо мэдэрсэн дулааныг дүрслэн ийн ярьжээ. “Одоо би Бурханы жинхэнэ Сүмд харьяалагддаг боллоо. Би дахиж хэзээ ч жинхэнээсээ даарахгүй” гэж тэр хэлэв. Хоёр долоо хоногийн дараа түүний эхнэр, хоёр хүү баптисм хүртсэн ба энэ удаад баптисм дулаахан цуглааны байранд болов. Сүмд нэгдэх нь Донг Суллын болон түүний гэр бүлийн амьдралыг амар хялбар болгоогүй ч шинэ адислалуудыг авах боломжтой болгосон юм. “Баптисм хүртсэний дараах хавчлага, зовлон зүдгүүрийг үгээр хэлэмгүй. Бид [Сүмд нэгдэх] үйл явцын дунд ихийг алдсан ч мөрөөдөж байснаасаа ч илүү их зүйлийг олж авч чадсан” гэж Донг Сулл хэлжээ.

Кот-д’ Ивуар

“Амьдрал, аз жаргалын хаалга”

Эцэг эх нь хоёулаа нас барахад Лиди Зэбо Бахи гэртээ үлдсэн сүүлчийн хүүхэд болов. Энэ аймшигт үхэл хагацал түүнийг ноцтой сэтгэлийн хямралд хүргэжээ. Ач дүү Фаэт Надэгэ нь түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй танилцуулав.

Анх удаа сүмд явахдаа Лиди Халамжийн нийгэмлэгийн болон Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын эгч нараас маш их хайр мэдэрчээ. Тэрээр сэтгэлийн хямралд орсон үедээ ном уншихаа болиод байсан ч Мормоны Номыг судалж байхдаа дахин анхаарлаа төвлөрүүлж чадсан аж. Тэр 1995 оны 11-р сард баптисм хүртсэн.

Баптисм хүртээд удаагүй байхдаа тэрээр Халамжийн нийгэмлэгт болон Залуу эмэгтэйчүүдийн байгууллагад үйлчилж, өөрт нь үзүүлсэн хайрыг эргүүлэн өгөх боломж түүнд олдсон юм. Мөн тэрээр салбарын номлогчоор үйлчилж, өөрийнхөө саяхан олж мэдсэн нөхөрлөл, амар амгаланг олж мэдэхэд бусдыг урьж байв. Лиди: “Эдгээр бүх дуудлага намайг хүчирхэгжүүлж, сүнслэг болоод оюун санааны байдлын хувьд ахиц дэвшил гаргахад минь тусалсан” гэж хэлжээ.

Лиди Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Киншаса номлолд үйлчилсэн хамгийн анхны номлогч эгч нарын нэг болсон юм.

Суралцагчдыг судалж дуусах үед, сурч мэдсэн зүйлийг нь хуваалцуулахаар жижиг бүлгүүдэд хуваарил.

Анхдагч болох хүслийг нь нэмэгдүүлэхэд тусалсан, өнөөдөр сурч мэдсэн эсвэл судалсан зүйлээ бичихэд суралцагчдыг урь. Түүнчлэн тэд Аврагчийн үлгэр жишээг дагаж, бусдын хувьд анхдагч болохыг хүсэж болох арга замуудыг мөн яагаад гэдгээ бичиж болно.