Семинар
160-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 3-р хэсэг: Гэр бүлийн амьдрал дахь аз жаргал


“160-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 3-р хэсэг: Гэр бүлийн амьдрал дахь аз жаргал,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Гэр бүлийн тунхаг, 3-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

160-р хичээл: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”

Гэр бүлийн тунхаг, 3-р хэсэг

Гэр бүлийн амьдрал дахь аз жаргал

Аз жаргалтай гэр бүл

Тэнгэрлэг Эцэг биднийг гэр бүлээр нь дэлхий рүү илгээсэн нэг шалтгаан нь аз жаргал мэдрэхэд маань туслахын тулд юм. Гэр бүлийн тунхагт Их Эзэн хувь хүн, гэр бүлүүдийн хувьд бид хэрхэн амар амгалан, аз жаргалд хүрэх боломжтойг илчилсэн. Энэ хичээл Есүс Христийн сургаалыг гэр бүлийн харилцаандаа хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шалтгаан ба үр нөлөө

Дараах шалтгаан, үр нөлөөг дутуу бичсэн өгүүлбэрийг самбарт бич. Эхний хоосон зайг “Сайн дүн авах” гэх мэт үг хэллэгээр нөхөж бич. Дараа нь хоёр дахь хоосон зайг “бид гэрийн даалгавраа хийдэг” гэх мэт үг хэллэгээр өгүүлбэрийг гүйцээхэд суралцагчдыг урь. Та энэ үйл явцыг өөр өөр үг хэллэг ашиглан хэд хэдэн удаа давтаж болно.

үед хүрэх магадлал хамгийн өндөр байдаг.”

Гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрийг уншаад, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх сүнслэгээр өдөөгдсөн арга замыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Их Эзэн Есүс Христийн сургаалд суурилсан тохиолдолд гэр бүлийн амьдралд аз жаргалд хүрэх магадлал хамгийн өндөр байдаг гэсэн үнэнийг таньж мэдэхэд нь суралцагчдад тусал. Христийн сургаалын дагуу амьдрах нь гэр бүлийн амьдралд хэрхэн аз жаргал авчирдаг талаар бодоход суралцагчдад туслахын тулд тэднээс дараахтай адил асуултуудыг тунгаан бодохыг хүс.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр ямар арга замаар та нарын гэр бүлийн аз жаргалыг нэмэгдүүлж чадна гэж та нар бодож байна вэ?

  • Тэдний сургаалын дагуу амьдрах гэсэн та нарын хичээл зүтгэл энэ аз жаргалд хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Энэ хичээлийн төгсгөлд тэднийг гэр бүлийнх нь аз жаргалыг нэмэгдүүлэх Аврагчийн сургаалын дагуу үйлдэхэд урих болно гэдгийг суралцагчдад мэдэгд. Хичээлийн үлдсэн хугацаанд аль зарчим дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстойг мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа бодол, мэдрэмжид анхаарлаа хандуулахад суралцагчдыг урамшуул.

Есүс Христийн сургаал

Есүс Христийн зургийг самбар дээр тавь. 7-р догол мөрийг дахин уншаад, энэ удаад гэр бүлийн аз жаргалыг нэмэгдүүлэх сургаал бүрийг цохон тэмдэглэхийг суралцагчдаас хүс. Олж мэдсэн зүйлээ самбар дээр Есүс Христийн зургийн эргэн тойронд бичихэд суралцагчдыг урь. Дараа нь дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд суралцагчдыг жижиг бүлгүүд эсвэл хос болго.

  1. 7-р догол мөр-өөс олсон Есүс Христийн сургаалыг сонго.

  2. Уг сургаалыг илүү сайн ойлгоход бидэнд туслах судрыг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг ол.

  3. Энэхүү сургаалыг дагах нь гэр бүлийн аз жаргалыг хэрхэн нэмэгдүүлж болохыг дүрслэн хэл.

    Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та Судруудын удирдамжийг ашиглах эсвэл Gospel Library аппликэйшнаас хайхад тэднийг урьж болно. Дараах нь 7-р догол мөр дэх сургаалтай холбоотой суралцагчдын олж болох зарим судар юм. 3 Нифай 18:15–16, 21 (залбирал); Моронай 7:45–48 (хайр); Сургаал ба Гэрээнүүд 58:42–43 (наманчлал); Сургаал ба Гэрээнүүд 64:9–11 (уучлал).

    7-р догол мөр дэх зарчмуудын талаарх Сүмийн удирдагчдын заавруудыг олж мэдэхийн тулд боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрээс “Happiness in Family Life”-ийг хайхад суралцагчдыг урь.

    Хангалттай хугацаа өнгөрсний дараа, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад бүлгүүдийг урь. Бүлгүүдийг хуваалцаж байх үед Есүс Христийн сургаалыг ойлгоход тусалсан судрын эшлэлийг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийн нэг хэсгийг самбар дээр бичихийг тэднээс хүс.

    Дараа нь та Есүс Христийн сургаалууд гэр бүлүүдэд хэрхэн нөлөөлж болох талаар тунгаан бодож, ярилцахад нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултуудыг ашиглаж болно.

    • Самбар дээрх Христийн сургаалуудаас аль нь та нарын гэр бүлээсээ мэдрэх аз жаргалд нөлөөлсөн бэ?

    • Та нар эдгээр сургаалаас алиныг нь гэр бүл дотроо түлхүү анхаармаар байна вэ? Яагаад? Та нар үүнийг гэр бүлдээ хэрхэн гүйцэлдүүлж болох вэ?

    • Та нар эдгээрээс алиныг нь ирээдүйн гэр бүл дотроо анхаармаар байна вэ? Яагаад?

    • Санал зөрөлдөөн, хэрүүл маргаан, хурцадмал харилцаанаас болж шаналж байгаа гэр бүлд Аврагчийн сургаалуудын аль нь тусалж чадах вэ?

Суралцагчдыг өмнөх асуултыг ярилцаж байх үед та тэдний судалсан догол мөр дэх “итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл” гэсэн зарчмуудыг тэдэнд зааж өгч болно. Аврагчийн уучлах, эдгээх, хувь хүмүүсийн болон гэр бүлийн харилцааг сайжруулах хүсэл эрмэлзлийг гэрчил. Бидний наманчилж, бусдыг уучлах гэсэн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл бидний амьдрал, харилцаанд Түүний эдгээгч нөлөөг урьж чадна.

Аз жаргалыг нэмэгдүүлэх нь

Аврагчийн сургаалуудаас аль нэгийг нь гэр бүлдээ хэрэгжүүлэхэд суралцагчдыг урихаасаа өмнө Түүний сургаалуудыг гэр бүлийн янз бүрийн нөхцөлд хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үзэхэд нь тэдэнд тусал. Ангийн тань суралцагчидтай холбоотой байж болох гэр бүлийн хэд хэдэн өөр нөхцөл байдлыг самбар дээр бич. Үүнд дараах зүйлс орж болно.

  1. Гэр бүлийн бүх гишүүн Сүмд идэвхтэй оролцдог.

  2. Гэр бүлийнх нь зарим нь гишүүн.

  3. Эцэг эх нь салсан.

  4. Ганц бие эцэг/эхтэй гэр бүл.

Самбар дээрх гэр бүлийн нөхцөл байдал бүрд зориулж дараах асуултуудын хариултыг хуваалцахыг суралцагчдаас хүс.

  • Ийм нөхцөл байдалд байгаа өсвөр насны хүүхдэд та нар гэр бүлийн тунхгийн 7-р догол мөр-өөс ямар тодорхой зарчмыг санал болгох вэ?

  • Ийм нөхцөлд байгаа өсвөр насны хүүхэд та нарын сонгосон зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Дараа нь дараах мэдэгдлийг үзүүл.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заажээ.

Ахлагч Дэвид А.Бэднар

Таны гэр бүлд ямар ч муу зүйл тохиолдсон бай, Их Эзэн Есүс Христ бол эдгэрэлт, шинэчлэлт, сэргээлтийн эх сурвалж гэдгийг би гэрчилж байна. …

Та нар хэдийгээр Лиахона сэтгүүлийн нүүрэн дээр гардаг шиг гэр бүлд төрж өсөөгүй ч Их Эзэний тусламжтайгаар мөнхийн гэр бүлийг үүсгэж чадна. Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг үргэлж санаж яваарай. (Дэвид А.Бэднар, “Гагнагч холбоос” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2017 оны 9-р сарын 10], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ахлагч Бэднарын мэдэгдлээс юу нь та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?

Гэр бүлийнхээ аз жаргалыг сайжруулахын тулд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж өдөөгдсөн Есүсийн сургаалуудын нэгийг гэр бүлийн тунхгаас сонгоход суралцагчдыг урь. Тэдэнд судлах тэмдэглэл дээрээ уг сургаалын эхлэх, үргэлжлүүлэх эсвэл сайжруулах төлөвлөгөөг тунгаан бодож, бичих цаг гаргаж өг. Хэрэв цаг гарвал зарим суралцагчийг юу хийхээр сүнсээр өдөөгдсөнөө хуваалцахад урь.

Есүс Христийн сургаалын дагуу амьдрахыг хичээж байгаа хүмүүсийн гэр бүлд аз жаргалыг нэмэгдүүлэх Түүний хүчний талаар гэрчлэлээ хуваалц.