Семинар
159-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 2-р хэсэг: “Үр хүүхэд бол Их Эзэний өв юм”


“159-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 2-р хэсэг: ‘Үр хүүхэд бол Их Эзэний өв юм,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Гэр бүлийн тунхаг, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

159-р хичээл: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”

Гэр бүлийн тунхаг, 2-р хэсэг

“Үр хүүхэд бол Их Эзэний өв юм”

Инээмсэглэж буй хүүхдүүд

Их Эзэний бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үр хүүхдийн ач холбогдлыг тунхаглажээ. Эхнэр, нөхрүүд хүүхдүүдийг дэлхийд авчирч, тэднийг хайр, зөв шударга байдалд өсгөснөөр Бурханы төлөвлөгөөнд оролцож чадна. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үр хүүхэдтэй болох, тэднийг асарч халамжлахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэр бүлийн тунхгийн тэнгэрлэг удирдамж

Дараах жишээг эсвэл суралцагчдынхаа хэрэгцээнд хамгийн сайн нийцэх төстэй жишээг хуваалцсанаар хичээлээ эхлүүл. Жишээг танилцуулсны дараа та асуултыг авч хэлэлцүүлэхээр тэднийг хоёр хоёроор нь хуваарилж болно.

Кристэн хоёр найзынхаа хамт ирээдүйнхээ талаар болон амьдралаас юу хүсэж байгаагаа ярилцаж байна. Гэр бүлийн сэдэв рүү орох үед Кристэн том болоод гэрлэж, хүүхэдтэй болно гэдэгт баяртай байдаг талаараа ярилаа. Түүний нэг найз: “Би гэрлэмээр байгаа ч энэ солиотой дэлхийд хүүхэд өсгөх гэж оролдоно гэж ёстой байхгүй шүү” гэж хэлжээ. Нөгөө найз нь: “Хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болоход би дургүйцэхгүй ч гэрлэхийг хүсэхгүй байна” гэв. Кристэн найзуудынхаа санаа бодлыг сонссоныхоо дараа хүүхэдтэй болох талаарх түүний бодол яагаад тийм өөр юм бол гэж боджээ.

  • Кристэний найзууд яагаад тэгж боддог болсон байж болох вэ?

    Зарим хариултаа хуваалцахыг хэд хэдэн хос суралцагчаас хүс. Та мөн үр хүүхдийн талаар болон эцэг эх байх талаар тэдэнд тулгамдаж буй нэмэлт санаа зовоосон зүйл юм уу асуултуудаа хуваалцахад тэднийг урьж болно. Суралцагчдад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хуулбарыг тарааж өг. Хамтрагч бүрийг 4–6-р догол мөрийг судалж, үр хүүхдийн тухай болон эцэг эх байх талаарх Их Эзэний сургаалыг тунхагласан үг, хэллэгийг олж мэдэхэд урь. Судлах явцдаа утга учиртай үг эсвэл хэллэгүүдийг цохон тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Хэрэв шаардлагатай бол, “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” гэдэг нь үр хүүхэдтэй болохыг, “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч” гэдэг нь бэлгийн харьцааг хэлж байгааг онцлон хэл. Дараахтай адил асуултуудыг тавь.

  • Та нар үр хүүхдийн талаар болон эцэг эх байх талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  • Их Эзэн яагаад эхнэр, нөхрүүдийг боломжтой бол үр хүүхэдтэй болоосой гэж хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Гэрлэсэн хосууд үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх ямар ямар шалтгаан байдаг вэ?

Цааш үргэлжлүүлэхийн өмнө та үр хүүхдийн талаар болон эцэг эх байх талаарх Их Эзэний сургаалын тухай өөрсдийн бодол, мэдрэмжийг бичин тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үр хүүхэдтэй болох, тэднийг асарч халамжлахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Ойлголт авахын тулд бусад тэнгэрлэг эх сурвалжийг эрж хайх

Гэр бүлийн тунхгаас үнэний тухай дараах гурван мэдэгдлийг үзүүл. Суралцагчид нэмэлт ойлголт авахын тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг хайх дадлага хийхэд эдгээр мэдэгдлийг ашиглах болно гэдгийг тайлбарла. Та суралцагчдыг өөр өөр үнэнийг судлах гурван гишүүнтэй бүлгүүд болгон зохион байгуулж болно. Суралцагчид өөрсдийн мэдэгдлийг бүтээлч байдлаар сонгож болно. Жишээ нь: Бүлэг бүрийн хамгийн залуу эсвэл хамгийн өндөр суралцагч аль үнэнийг судлахаа эхлээд сонгож болно.

  • “Бурханы хүүхдүүддээ өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн зарлиг хүчин төгөлдөр байгаа.”

  • “Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой.”

  • “Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх … нандин үүрэгтэй.”

    Өөрсдийн авсан үнэний мэдэгдлийн талаар нэмэлт мэдээлэл олж авахын тулд Судруудын удирдамж эсвэл Gospel Library аппликэйшн гэх мэт эх сурвалжуудыг ашиглахад суралцагчдыг урамшуул. Хэрэв тэдэнд удирдамж хэрэгтэй бол “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болох,” “үр удмаа үлдээх хүч” эсвэл “зөв шударга эцэг эх” гэх мэт хайх нэр томьёонуудыг санал болго. Сүмийн удирдагчдын мэдэгдэл, судрын хэсгүүд эсвэл Сүмийн сэтгүүлээс өөрсдийн ойлголтыг гүнзгийрүүлэх нийтлэлүүдийг олж мэдэхэд тэднийг урь.

    Суралцагчдыг бэлтгэж дуусах үед, сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урамшуул. Дараах асуултуудаас заримыг нь тавь.

  • Та нар эдгээр үнэний мэдэгдлийн талаар чухал гэж үзсэн юуг сурч мэдсэн бэ?

  • Өнөөгийн дэлхийд эдгээр үнэний дагуу амьдрахын тулд яагаад Есүс Христэд итгэх хэрэгтэй вэ?

  • Эдгээр үнэний дагуу амьдрах нь илүү их хайр луу хөтөлж болох, харин эдгээр үнэнийг үл тоомсорлох нь зовлон шаналал эсвэл харамсал гашуудал руу хөтөлж болох ямар жишээг та нар харсан бэ?

  • Эдгээр үнэний дагуу ирээдүйд итгэлтэй амьдрахад бэлтгэхийн тулд та нар одооноос юу хийж болох вэ?

Үр хүүхдийн тухай мөнхийн сургаал

Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх үр хүүхдийн ач холбогдлын талаар гэрчилж, дараах мэдэгдлийг хуваалц.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Бурханы төлөвлөгөөн дэх хүүхдүүдийн ач холбогдлын талаар тайлбарласан юм.

14:47
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

… мөнхийн сургаал нь үр хүүхдүүдийн талаар онцлог үзэл санааг заадаг. Энэхүү үзэл санаагаар дамжуулан, бид үр хүүхэдтэй болох, тэднийг өсгөн хүмүүжүүлэх нь тэнгэрлэг төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнд оролцох хүч чадал өгөгдсөн хүмүүсийн хувьд энэ нь баяр баясгалант, ариун нандин үүрэг хэмээн үздэг. Тиймээс бидэнд Бурханы төлөвлөгөөний дагуу хүүхдүүдийн хөгжил дэвшил, аз жаргалын хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлдэг зарчим, дадал зуршлыг зааж мөн хамгаалахыг зарлигласан. (Даллин Х.Өүкс, “Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр,” Лиахона, 2022 оны 5-р сар, 102)

  • Хүүхэд танай гэр бүлийг эсвэл таньдаг бусад хүнийг тань адисалж байхыг та нар ямар байдлаар харсан бэ?

  • Энэ ертөнцөд хүүхдүүдийг авчирч, тэднийг хайраар өсгөн хүмүүжүүлэх нь тэнгэрлэг эцэг эхтэйгээ илүү адил болоход та нарт хэрхэн туслах вэ?

Дараах өдөөлтүүдийг дагаж, өнөөдөр сурсан зүйлийнхээ талаарх ойлголтоо чимээгүй дотроо үнэлэхэд суралцагчдыг урь.

Дараах мэдэгдлүүдийн талаарх ойлголтоо судлах тэмдэглэлдээ маш их санал нийлнэ, санал нийлнэ эсвэл зарим талаар санал нийлнэ, итгэлгүй байна гэж хариулж үнэлнэ үү. Хариулт бүр дээр яагаад ингэж сонгосноо товч бич.

  • Бурханы өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээх зарлиг яагаад өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгааг би ойлгож байна.

  • Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч яагаад зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстойг би ойлгож байна.

  • Эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх ёстой байдгийг би ойлгож байна.

Хэрэв суралцагчдад үр хүүхдийн талаар эсвэл ариун явдлын хуулийн тухай Их Эзэний сургаалын талаар нэмэлт асуулт байгаа эсвэл санаа зовниж байвал эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчдаас нэмж тодруулан асуухад тэднийг урамшуулан дэмж.

Төгсгөлд нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон үр хүүхэдтэй болох, тэднийг асарч халамжлахын ач холбогдлын талаар сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд цөөн суралцагчийг урь.