Семинар
161-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 10: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх


“161-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 10: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 10,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

161-р хичээл: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”

Төгс эзэмших сургаалын дадлага 10

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Суралцагчид хичээлд оролцож байгаа нь

Төгс эзэмших сургаал нь Есүс Христ, Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл амьдралдаа чухал ач холбогдолтой төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хуваалцах боломжийг олгож, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Хуваалц

Энэ жил сурсан зүйлсээ товч дүгнэж, амьдралд нь нөлөөлсөн төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хуваалцахад бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд самбар дээр миний дуртай нэг … гэдэг гүйцэд бус хэллэгийг бичих талаар бодож үз.

Та энэ өгүүлбэрийг Сүмийн түүхэн дэх хүмүүс, энэ жил бидний сурсан түүхүүд эсвэл ангийнхнаас сурсан зүйлс зэрэг хэд хэдэн арга замаар дуусгаж болно. Энэ өгүүлбэрийг дуусгах арга зам бүрдээ суралцагчдад хариултаа болон яагаад сонгосон талаараа хамтрагчтайгаа товчхон хуваалцах боломжийг олго.

Эцэст нь төгс эзэмших сургаалын хэсгүүд-ээр өгүүлбэрийг гүйцээж бич. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтыг эргэж харах цагийг суралцагчдад гаргаж өг. Сонгосон хэсэг болон энэ нь өөрийнх нь хувьд ямар утгатай талаар хамтрагчтайгаа хуваалцахад тэднийг урь. Дараах дадлагын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хангалттай цаг үлдээхээ мартуузай.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх

Дараах цэдгийг танилцуулахаасаа өмнө Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр дэх зарчмуудыг товчхон давтах боломжийг суралцагчдад олгох нь тустай байж болно. (Санал болгож буй давтлагын үйл ажиллагаанууд нь энэ гарын авлагын хавсралт дахь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа”-нд багтсан.)

Жич: Энэ хичээл дээр санал болгосон сэдэв нь олон суралцагчийн хувьд маш эмзэг, хувийн шинжтэй байж болно. Ангийнхныг дараах түүхийг ярилцаж байх үед тэдэнд Бурхан бүх хүүхдээ хайрладгийг нь болон биднийг бүх хүнд хүндэтгэл, хайраар хандаасай гэж хүсдэгийг нь сануул.

Хэрэв та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх дадлагыг өөр жишээн дээр хийх нь суралцагчдад дээр гэж үзвэл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийн “Өөр жишээ” хэсгийг үзнэ үү.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд маш хүнд сорилттой тулгарсан нэгэн залуу эрэгтэйн тухай өгүүлжээ. Та энэ залуу эрэгтэйн нөхцөл байдлын талаар уншихдаа, түүнд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх нь яагаад чухал болохыг тунгаан бод.

Ахлагч Жэффри Р.Холланд

Номлолын талбарт гарахдаа зохистой байсан боловч ижил хүйстэндээ татагдах асуудал, үүнээс болж амссан зүйлийнхээ улмаас өөрөө саналаараа гэртээ эрт харьсан нэгэн залуугийн тухай ярья. Тэр залуу зохистой хэвээр байсан ч итгэл үнэмшилдээ тун их эргэлзэж байсан бөгөөд түүний сэтгэл санааны дарамт улам ихсэж, сүнсний шаналал нь улам газар авчээ. Түүний сэтгэл санаа тогтворгүй болж, тэрээр гомдол, эргэлзээ, уур уцаар, ганцаардал дунд байлаа. (Жэффри Р.Холланд, “Эхийгээ болгоогтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35)

Та суралцагчдад үүнтэй төстэй нөхцөл байдалтай холбоотой ойлголт, мэдрэмжээ боловсруулах боломжийг олгосноор энэ хичээлийн ач холбогдлыг олж харахад бэлтгэхэд нь тэдэнд тусалж чадна. Та дараахтай адил өдөөлтүүдийг үзүүлэн, бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

  • Энэ залуу эрэгтэйд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай эсвэл Сүмийн талаар ямар асуулт эсвэл санаа зовниж байгаа зүйл байж болох вэ?

  • Эдгээр асуулт эсвэл санаа зовнил нь түүний Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүсийн хувьд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ? Найз нөхөд, гэр бүлийнхэн нь мөн эдгээр зарчмыг хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ?

Энэ хичээл суралцагчдад байж болох бүх асуултад хариулж чадахгүй гэдгийг бүү мартаарай. Бурхан бүх хариултыг хараахан илчлээгүй байгаа. Энэ хичээл асуулт, санаа зовнилтой тулгарсан үедээ сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлснээр Есүс Христийн илүү итгэлтэй шавь болоход суралцагчдад туслах зорилготой.

Энэ залуу эрэгтэй, түүний найз нөхдөд эсвэл гэр бүлд нь хамгийн тустай гэж үзсэн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар сурч мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад суралцагчдыг урь. Энэ ярилцлагад хангалттай цаг гарга.

Ярилцсаны дараа үлдэж буй боломжит хугацаанаас хамааран та эдгээр зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд хичээлийн үлдсэн материалаас сонгож болно.

Энэ залуу юу хийсэн бэ?

Ангийн гишүүдээс хамтрагчаа олохыг хүсээд, хамтрагч бүрд ахлагч Холландын ярьсан түүхийн үлдсэн хэсгийг хувилж өгөх талаар бодож үз. Энэ залуу эрэгтэй болон бусад хүн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснийг нотлох нотолгооны доогуур зурж тэмдэглэхэд тэднийг урь.

Дараа нь хамтрагчдыг ярилцуулахын тулд доорх асуултуудыг үзүүл.

Ахлагч Жэффри Р.Холланд

Номлолын болон гадасны ерөнхийлөгч, бишоп нь түүнд туслахын тулд судалж, уйлж, адислал өгөхөд олон цаг зарцуулдаг байсан. … [Ээж нь] Бурханы хүч болон Түүний Сүмийн талаарх, хамгийн гол нь хүүг нь хайрлах Бурханы хайрын хүч чадлын талаарх гэрчлэлээ хүүтэйгээ хуваалцжээ. Мөн тэрээр хүүгээ мохошгүй, дуусашгүй хайраар хайрлана гэдгээ гэрчилжээ.

Энэ [залуу эрэгтэйн] бэлгийн чиг хандлага ямар нэгэн байдлаар гайхамшигтайгаар өөрчлөгдөөгүй бөгөөд хэн ч өөрчлөгдөнө гэж бодоогүй. Гэвч түүний зүрх сэтгэл бага багаар өөрчлөгдсөн.

Тэр сүмд ирж эхэлсэн. Тэр хүсэлтэйгээр мөн зохистойгоор ариун ёслолоос хүртэх сонголт хийсэн. Тэр дахин ариун сүмийн эрхийн бичиг авч мөн өглөөний семинарын багшийн дуудлага хүлээн авч, гайхалтай сайн багш болсон. Өнөөдөр, таван жилийн дараа тэр өөрийн хүсэлтээр, Сүмийн нэлээн дэмжлэгтэйгээр Их Эзэний төлөөх үйлчлэлээ дуусгахаар номлолын талбарт эргэн ирсэн. Энэ залуугийн гаргасан эр зориг, үнэнч байдал, зүтгэлийг … бодохдоо би маш их нулимс дуслуулсан. (Жэффри Р.Холланд, “Эхийгээ болгоогтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35)

  • Уг залуугийн сонголтууд Есүс Христэд итгэх итгэлийг нь хэрхэн харуулж байна вэ? Түүний сонголт Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Түүний ээж Бурхан өөрийг нь хайрладаг гэдгийг гэрчлэхээр сонгосон нь яагаад ач холбогдолтой гэж та бодож байна вэ?

  • Тэрээр Бурханы томилсон эх сурвалжид хандсан гэдгийн нотолгоо юу вэ? Түүний сонгосон эх сурвалжууд Есүс Христэд итгэх итгэлд нь хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Тэр залуу өөрийнхөө зарим асуулт, санаа зовнилын хариултыг олж чадаагүй гэж бодъё. Та түүний хувьд санаж байхад тустай Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөөний талаар юу мэдэх вэ?

Хоосон зайг нөхөх

Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа доорх гүйцэд биш гурван мэдэгдлийг самбар дээр бичих талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-аас дараах мэдэгдлүүдийн аль нэгийг сонгоод, үүнийг санаж байгаа зүйлээрээ гүйцээхийг хичээ. Дараа нь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг ашиглан хариултаа шалга.

  1. “Бид асуултынхаа хариуг тэр даруй олж чадаагүй үедээ …”

  2. “Бид Ариун Сүнсний тусламжийг … тулд эрэлхийлдэг.”

  3. “Найдваргүй эх сурвалжийг таньж, зайлсхийж сурснаар … чадна.”

Таны сонгосон мэдэгдэл дэх зарчмууд яагаад залуу эрэгтэйн болон түүний найз нөхөд, гэр бүлийнхний хувьд чухал талаар бод.

Суралцагчдыг өрөөн дотуур тойрон явж, өөр хоорондоо бодол сэтгэгдлээ хуваалцахад урь. Та тэднийг 1, 2, 3-р сонголтыг тус бүрд нь сонгосон дор хаяж нэг хүнтэй санал бодлоо хуваалцах хүртэл шинэ хамтрагчаа үргэлжлүүлэн олоход урамшуулан дэмжиж болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалж

Дараах асуултуудыг үзүүлэх талаар бод. Дараа нь суралцагчдыг чанга дуугаар хариулахад урихаасаа өмнө судар, мэдэгдлүүдийг хайх хангалттай цагийг тэдэнд гаргаж өг.

Хэрэв шаардлагатай бол та суралцагчдад “Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон эх сурвалжуудыг өгч болно.

  • Сургаал ба Гэрээнүүдийн (эсвэл судрын бусад ном) ямар төгс эзэмших сургаалын хэсгүүд энэ залуу эрэгтэйд тусалж чадна гэж та бодож байна вэ?

  • Сүмийн удирдагчдын ямар мэдэгдэл түүнд эсвэл хайртай хүмүүст нь судлахад туслах вэ?