Семинар
209-р хичээл—Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах: Бид Аврагчийн дуу хоолойг Түүний удирдагчдын үгсээр дамжуулан сонсож чадна


“209-р хичээл—Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах: Бид Аврагчийн дуу хоолойг Түүний удирдагчдын үгсээр дамжуулан сонсож чадна,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

209-р хичээл: Сүмийн удирдагчдын зааврууд

Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах

Бид Аврагчийн дуу хоолойг Түүний удирдагчдын үгсээр дамжуулан сонсож чадна

Ерөнхий чуулган

Энэ бол Сүмийн удирдагчдын захиасыг ашиглан жилийн туршид заагдах цуврал хичээлд зориулсан удиртгал хичээл юм. Эдгээр хичээлд “Сүмийн удирдагчдын зааврууд” загварыг ашиглана. Энэ хичээл нь үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн Их Эзэний захиасыг судалж хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөд нь утга учиртай санагдсан Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Энэхүү мэдэгдэл нь Ерөнхий чуулганы захиас, нэвтрүүлгийн яриа, олон нийтийн медиа хэрэгсэл дээрх нийтлэл эсвэл үүнтэй төстэй ямар нэг мэдэгдэл байж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчийн үйлчлэгчид Түүний өгсөн захиасыг хуваалцдаг

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхны одоогийн зургийг үзүүл. Эдгээр удирдагчийн саяхан заасан ямар нэг зүйлийн талаар ярилцахад суралцагчдыг урь. Их Эзэний захиасыг бидэнтэй хуваалцахын тулд Сүмийн удирдагчдын ашигладаг зарим нэг орчин нөхцөлийг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Дараа нь доорх асуултад ангийнхантайгаа хамт хариулах юм уу судлах тэмдэглэл дээрээ хариулж бичихэд суралцагчдыг урь.

  • Хэрэв хэн нэгэн таны амьдралыг ажиглаж байсан бол, Их Эзэний үйлчлэгчдийн үгсэд чухал ач холбогдол өгдөг гэдгийг тань ямар байдлаар олж харах байсан бол?

Сургаал ба Гэрээнүүд 1:37–38-ыг уншаад, Аврагч Өөрийн үйлчлэгчдийн үгсээр дамжуулан юу хийхийг бидэнд зарлигладгийг олж мэд.

  • Энэ хэсгээс юуг санах нь чухал гэж та нар бодож байна вэ?

  • Та нар ямар үнэнийг тодорхойлсон бэ?

    Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан хэлдэг үгсээ хайж олохыг бидэнд зарлигладаг (Сургаал ба Гэрээнүүд 1:37–38).

  • Та сайн мэдээг тогтмол судлах явцдаа хэрхэн Их Эзэний үйлчлэгчдийн үгсийг судлахыг хичээсэн бэ?

2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы төгсгөлд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах урилгыг өгсөн. Сүмийн удирдагчдын захиасыг судлахын ач холбогдлыг ойлгоход нь хэн нэгэнд туслах үг, хэллэгүүдийг олж мэд.

2:3
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Би та бүхнийг энэхүү чуулганы захиасыг ирэх зургаан сарын турш ойр ойрхон, бүр дахин давтан судална уу хэмээн хүсэж байна. Эдгээр захиасыг гэр бүлийн үдшээр болон сайн мэдээг заахдаа мөн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцахдаа төдийгүй, цаашилбал өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй ярихдаа ашиглаж болох арга замыг шамдан эрэлхийл. Энэхүү чуулганаар заасан үнэнийг хайраар хуваалцахад олон хүн хүлээн авах болно. Мөн таныг уг захиаснуудыг санан, чуулганы энэхүү хоёр өдөр мэдэрсэн зүйлсээ тунгаан бодох үед таны дагах хүсэл эрмэлзэл өсөн нэмэгдэнэ. (Рассэлл М.Нэлсон, “Хамтдаа үргэлжлүүлцгээе,” Ерөнхий чуулган, 2018 оны 4-р сар, 147–148)

  • Та нар юу олж мэдсэн бэ?

    Сүмийн удирдагчдын захиасыг судлахын тулд одоо гаргаж буй хүчин чармайлтаа үнэлэхэд суралцагчдыг урь. Тэд Сүмийн удирдагчдын захиасыг хэр их сонсож, судалдаг болон гэр бүлийнхэн нь эдгээр захиасыг хэрхэн судалж болох талаар бодож үзэж болно. Суралцагчид сайн мэдээг судлах үйл явцынхаа нэг хэсэгт Ерөнхий чуулганы захиаснуудад илүү их ач холбогдол өгөх эсэхээ тунгаан бодож болно.

  • Та ямар арга замаар Сүмийн удирдагчдын заавруудыг сайн мэдээг судлах үйл явцдаа тусгадаг вэ?

  • Их Эзэн энэхүү хичээл зүтгэлийг тань хэрхэн адисалсан бэ?

Гүнзгийрүүлэн судлах

Хичээлийн дараагийн хэсэг нь “Сүмийн удирдагчдын зааврууд” загвараас авсан санаануудаа ашиглан Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлах дадлага хийх боломжийг суралцагчдад олгох зорилготой. Энэ нь дараа дараагийн хичээлүүд дээр Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлахад суралцагчдыг бэлтгэж өгнө.

Дараах санаануудыг уг загварын “Захиасыг судлах” болон “Ойлголтыг гүнзгийрүүлэх” хэсгээс авсан болно. Та уг загвараас өөр бусад санааг сонгох эсвэл өөрөө ижил төстэй сонголтуудыг зохиож болно.

Их Эзэний нэг үйлчлэгчийн захиасыг судлах дадлага хийхэд туслах дараах санаанаас аль нэгийг сонго.

  • Судлах тэмдэглэлийнхээ цаасны голд Есүс Христ гэсэн үгийг бич. Захиасыг судлах явцдаа Есүс Христийн онцлог шинж, зан чанар болон үүргийн тухай заадаг үг, хэллэгүүдийг хайж ол. Есүс Христийн талаар сурсан, мэдэрсэн зүйлсээ мөн энэ нь Түүнийг дагахад танд хэрхэн тусалж болох талаар тэмдэглэлдээ бич.

  • Захиас дээрх (эсвэл төгсгөлийн тайлбарт) эш татсан судруудыг ол. Шүлгүүдийг уншаад, эдгээр нь танд уг сэдвийн талаар юу зааж байгаа эсвэл юуг ойлгоход тусалж байгааг тэмдэглэ. Та Gospel Library дээрээ уг шүлэг болон захиасны хооронд холбоос үүсгэх юм уу судрууд дээрээ тэмдэглэл үйлдэж болно.

  • Захиаснаас олж мэдсэн зүйлсээ ашиглан сануулга болж чадах эсвэл хэн нэгэнд урам зориг төрүүлэх зураг, зурагт хуудас, мийм хийх, олон нийтийн медиа хэрэгсэл дээр нийтлэл тавих эсвэл үүнтэй төстэй ямар нэг зүйлийг хий. Хийсэн зүйлээ хуваалцаж, захиасыг тайлбарлаад, энэ нь бусдыг хэрхэн адисалж эсвэл бусдад урам зориг төрүүлж чадах эсэхийг хуваалцахад бэлтгэ.

Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлах дадлага хийхэд нь суралцагчдад туслахын тулд Ерөнхий чуулган, Лиахона эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүд дээрх нийтлэл эсвэл Сүмийн онцгой цугларалт болон нэвтрүүлгээс авсан захиасыг хэсэгчлэн эсвэл бүтнээр нь өг. Дээр сонгосон санаагаа ашиглан судлах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг.

Та анги дотуур тойрон алхаад, суралцагчдыг дадлага хийх явцад нь тусалж, урамшуулан дэмжиж болно. Үйл ажиллагааны дараа та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, сонгосон санаа, дадлага хийсэн ур чадвар, судлах явцад төрсөн бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг тэднээс хүсэж болно.

Цаг гарвал та тухайн захиас эсвэл хэлсэн үгийг ашиглан загвараас өөр нэг ур чадварыг эзэмших дадлага хийхэд суралцагчдыг урьж болно.

Их Эзэний үйлчлэгчдийн үгсийг судлахын ач холбогдол

Дараах асуултаас нэгийг сонгоод, ярилцах юм уу эсвэл хариултыг нь судлах тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь.

  • Үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн Аврагчийн үгсийн ач холбогдлыг мэдрэхэд туслах юуг та өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

  • Та Их Эзэний үйлчлэгчдийн захиасыг судлах явцдаа ямар зүйлийг санаж байхыг хүсэж байна вэ?

  • Сайн мэдээг судлах тогтмол үйл явцынхаа нэг хэсэг болгон Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлах нь танд ямар ашиг тустай вэ?

Сайн мэдээг судлах тогтмол үйл явцынхаа нэг хэсэг болгон Их Эзэний үйлчлэгчдийн захиаснуудыг хэрхэн судлах талаар төлөвлөхөд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Та Их Эзэний удирдагчдын захиасыг судалснаар Түүний дуу хоолойг сонсож байсан үеийнхээ туршлагыг хуваалцаж болох юм.