Семинар
196-р хичээл—Бидний боловсролдоо хандах үнэнч шударга байдал: “Шударга байхад бид итгэдэг”


“196-р хичээл—Бидний боловсролдоо хандах үнэнч шударга байдал: ‘Шударга байхад бид итгэдэг,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Бидний боловсролдоо хандах үнэнч шударга байдал,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

196-р хичээл: Хичээл номдоо амжилттай суралцах

Бидний боловсролдоо хандах үнэнч шударга байдал

“Шударга байхад бид итгэдэг”

Даалгавраа хийж буй өсвөр насны хүүхэд

Бид Есүс Христийн чадварлаг, итгэл хүлээсэн шавь болохоор хичээх үедээ зүрх сэтгэлдээ үнэнч шударга байх нь чухал юм. Энэ хичээл нь боловсролдоо илүү үнэнч шударга хандахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үнэнч шударга байхыг сонгох

Сургууль дээр хэн нэгний үнэнч шударга байдлыг сорьж болох жишээ, нөхцөл байдлын талаар хуваалцахад суралцагчдыг урь. Шаардлагатай тохиолдолд дараах жишээнүүдээс хуваалц.

  1. Та чухал шалгалт өгөх гэж байна. Ангийн нэг суралцагч багшийн ширээн дээрх шалгалтын хариултыг хараад, утсаараа зургийг нь авав. Тэр танд болон бусад хэд хэдэн суралцагчид зургийн хуулбарыг илгээв.

  2. Хичээл дээр тань эсээ бичих шаардлагатай байсан боловч танд бичих цаг гараагүй. Эсээ бичих онлайн программыг ашиглаж болно гэж нэг найз тань санал болгов. Эсвэл та интернэтээс янз бүрийн нийтлэлийн хэсгүүдийг хуулбарлаад, өөрөө бичсэн мэт болгохын тулд өөрийн хэдэн өгүүлбэрийг нэмж болно. Таны найз өмнө нь эдгээр зүйлийг хийж байсан бас багш огт анзаараагүй гэж хэлэв.

    • Юу эдгээр үйлдлийг сайхан санаа гэж бодогдоход хүргэж болох вэ?

    • Танд ийм нөхцөлд юу хийх ёстойгоо мэдэхэд юу туслах вэ?

Энэ хичээл нь боловсролдоо үнэнч шударга хандахын ач холбогдолд төвлөрөх болно гэдгийг тайлбарла. Үнэнч шударга байдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Ахлагч Жозэф Б.Вөртлиний дараах мэдэгдэл тус болохуйц эх сурвалж байж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) үнэнч шударга байдлыг ийн тодорхойлжээ.

Ахлагч Жозэф Б.Вөртлин

Үнэнч шударга байдал гэдэг нь тэр даруй ямар үр дагавар гарахаас үл шалтгаалан дандаа зөв, сайн зүйлийг хийхийг хэлнэ. Энэ нь зөвхөн бид үйлдлүүддээ төдийгүй хамгийн чухал нь бодол, зүрх сэтгэлдээ бодгалийнхаа чин зүрхнийхээ угаас зөв шударга байна гэсэн утгатай. Хувийн үнэнч шударга байдал нь бид итгэлдээ эсвэл гэрээндээ хуурамч дүр эсгэж чадахгүй тийм итгэл даасан, зөв шударга байхыг хэлдэг. …

Дэлхийд үнэнч шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүс туйлын их хэрэгтэй байна. Бараг өдөр болгон бид залилан, төсвийн буруу зарцуулалт, хуурамч зар сурталчилгааг эсвэл хуурах, залилан мэхлэх замаар ашиг олох зорилготой бусад хэлцлийн талаар сонсдог. Их Эзэн ийм үйлдлийг жигшдэг. (Joseph B. Wirthlin, “Personal Integrity,” Ensign, May 1990, 30, 32)

  • Өнөөгийн дэлхийд шударга ёс байх хэрэгтэйг та яаж анзаарсан бэ?

Дараах зөвлөмж нь суралцагчдад боловсролдоо үнэнч шударга хандахын ач холбогдлын талаарх өөрсдийн бодол санааг үнэлэхэд тусалж чадна. Судлах тэмдэглэл дээрх хоосон хуудсан дээр “Мэдлэг боловсролдоо шударга хандах нь яагаад надад чухал вэ” гэж бичихэд тэднийг урь. Үнэнч шударга байх нь суралцагчдын хувьд чухал байх бүх шалтгааныг жагсаан бичихийг тэднээс хүс. Тэднийг бичиж дууссаны дараа цөөн суралцагч сайн дураараа зарим шалтгаанаа хуваалцаж болно.

Хичээлийн туршид өөрсдийн жагсаалтад санаа болон үнэнүүдийг мөн судруудыг үргэлжлүүлэн нэмж бичихэд суралцагчдыг урамшуул.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг үнэнч шударга үйлдээсэй гэж хүсдэг

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанар, сургаалыг ойлгох нь биднийг шударгаар үйлдэхэд өдөөдөг гэдгийг тайлбарла. Дараах үйл ажиллагааг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Дараах судруудыг уншиж, үнэнч шударга байдлаар үйлдэх илүү их хүслийг мэдрэхэд бидэнд туслах сургаалуудыг олж мэд. 3 Нифай 27:18; Ифер 3:11–12; Сургаал ба Гэрээнүүд 3:2; 51:9; 124:15, 20; Итгэлийн тунхаг 1:13.

  • Та эдгээр шүлгээс бидний амьдралд үнэнч шударга байдал ямар ач холбогдолтой талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

    Олж мэдсэн үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урь. Тэд дараахтай төстэй үнэнүүдийг тодорхойлж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр туйлын шударга. Бид үнэнч шударгаар үйлдэх үедээ Тэдэнтэй илүү адил болдог.

  • Биднийг мэдлэг боловсролдоо үнэнч шударга хандахад юу саад болж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн үнэнч шударга байдал нь бидний сүнслэг өсөлтөд хэрхэн нөлөөлж болох талаар ийн заасан.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Шударга байхын үр дагавар нь таагүй байж болох үед ч үнэн бөгөөд шударга хэвээр үлдэхэд агуу сүнслэг хүч оршдог. Та нарын хүн нэг бүр тийм шийдвэрүүдтэй тулгарна. Тэрхүү тодорхойлогч мөчүүд таны үнэнч шударга байдлыг сорих болно. Таныг нөхцөл байдал найдсаны тань дагуу болох эсэхээс үл хамааран шударга, үнэнийг сонгох үед эдгээр чухал шийдвэр таны сүнслэгээр өсөх хүч чадлын суурь багана болохыг та ухаарна. (Neil L. Andersen, “The Divine Standard of Honesty,” Ensign, Aug. 2017, 40)

  • Ажил, хичээл сургуульдаа үнэнч шударга байхын ач тус, адислал юу вэ?

Сурч боловсроход үнэнч шударга хандсанаар Их Эзэний адислалыг олж харсан туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урь. Үнэнч шударга байдлын жишээг харахад суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Honesty: You Better Believe It!” (4:46) видеог үзүүлж болно.

4:46

Сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүл

Хайраар дүүрэн тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүдийн хувьд тэдний бурханлаг мөн чанарыг суралцагчдад сануул. Энэ бол тэдний хэн бэ гэдгийн, тухайлбал хичээл сургуульдаа хэрхэн ханддагийн нэг хэсэг юм. Тэднийг Есүс Христийг дагаж, үнэнч шударгаар үйлдэх үед эдгээр зан чанар нь тэднийг дэлхийн бусад хүнээс ялгаатай болгоно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Таны үнэ цэнтэй мөн чанарт таны үнэ цэнтэй шударга байдал багтах ёстой! Үүнийг үнэлж баршгүй шагнал хэмээн хамгаал. (Russell M. Nelson, “Integrity of Heart” [Brigham Young University devotional, Feb. 23, 1993], 7, speeches.byu.edu)

Үнэнч шударга байдлаа хэрхэн хамгаалж, сайжруулах талаар бодоход суралцагчдад туслахын тулд судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд хариулахыг тэднээс хүс.

  • Та сурч боловсрохдоо үнэнч шударга хандах талаар санаж байхыг хүссэн юуг өнөөдөр сурсан бэ?

  • Та үнэнч шударга бус зүйл үйлдэхээр уруу татагдах үедээ өөрт тань туслах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авсан бэ?

  • Хичээл сургууль дээрээ үнэнч шударга байхын тулд та ямар нэгээс хоёр үйлдэл гаргах вэ?

Хариултаа хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчийг хуваалцахад урь. Ярилцсан үнэнүүдээ гэрчилж, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуул.