Семинар
197-р хичээл—Шалгалтад болон чадавх сорьсон төсөлд бэлтгэх: “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй”


“197-р хичээл—Шалгалтад болон чадавх сорьсон төсөлд бэлтгэх: ‘Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Шалгалтад болон чадавх сорьсон төсөлд бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

197-р хичээл: Хичээл сургуульдаа амжилттай сурах

Шалгалтад болон чадавх сорьсон төсөлд бэлтгэх

“Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй”

Шалгалт өгч буй суралцагчид

Боловсрол эзэмшихийн тулд бид ихэвчлэн хэцүү даалгавартай нүүр тулдаг. Өсвөр үеийнхнийг Есүс Христ рүү харж, сургуульд бэлтгэхийн тулд, тууштай байхын тулд өөрсдийн зүгээс хийх зүйлийг гүйцэтгэх үед Аврагч сурч боловсрох үүргээ биелүүлэхэд нь тэдэнд тусалж чадна. Энэ хичээл нь шалгалтад болон мэдлэг чадвар сорьсон ангийн төслийн ажилд амжилттай бэлтгэх арга замыг суралцагчдад ойлгуулна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шалгалтад болон мэдлэг чадвар сорьсон ангийн төслийн ажилд хүч чармайлт гаргах

Дараах жишээнүүдийг хуваалцан хичээлээ эхлүүл. Та жишээг бүхэлд нь хуваалцахын оронд эхний өгүүлбэрийг хуваалцаад, дараа нь Сам, Эмма хоёр яагаад ингэж боддог болсон байж болох шалтгааныг олохыг суралцагчдаас хүсэж болно.

Сам шалгалтаа сайн өгөхөд хэцүү байдаг болохоор сургууль дээрээ шалгалт өгөх дургүй байдаг. Тэрээр шалгалт өгөх бүрдээ сандардаг бас сурсан ихэнх зүйлээ мартчихдаг.

Эммад ангийн томоохон төслийн ажил эсвэл хичээлийн даалгавар хийхэд хэцүү байдаг. Түүнд хийх ёстой ажлынхаа тоонд дарагдсан мэт санагдаж, тухайн ажил, хичээлийн даалгавраа өгөхөөс нэг юм уу хоёр өдрийн өмнө хийхээр хойшлуулах хандлагатай байдаг. Үүний үр дүнд түүний хийсэн зүйлс ихэвчлэн бүрэн дуусаагүй эсвэл хангалтгүй байдаг.

Сам, Эмма хоёртой адил мэдэрч байсан үеэ санахад суралцагчдыг урь. Ялангуяа шалгалт, сорилт бэрхшээлтэй ангийн төслийн ажил оногдсон үед хичээл сургууль дээр өөрсдөдөө итгэхгүй байх явдал гарах нь хэвийн үзэгдэл юм гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцах нь насан туршийн үйл явц гэдгийг тэдэнд сануулах нь тустай байж болох юм. Бид энэ дэлхий дээр суралцаж, өсөж хөгжихийн тулд байгаа билээ.

Судлахдаа сургууль дээрх шалгалт, ангийн төслийн ажилд амжилттай оролцоход туслах сүнслэг үнэнүүд болон сэтгэгдлүүдэд анхаарлаа хандуулахад суралцагчдыг урь.

Судруудаас суралцах

Судруудад шалгалтад болон ангийн төслийн ажилд хэрхэн бэлтгэх талаар тусгайлан заагаагүйг тайлбарла. Гэвч бид судруудыг өөрсөдтэйгөө адилтгаснаар (1 Нифай 19:23-ыг үзнэ үү) боловсрол эзэмших үедээ сорилт бэрхшээлтэй тулгарах зэрэгт олон арга замаар бидэнд тусалж чадах үнэнийг олж чадна.

Дараах үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд ангийг бүлгүүдэд хуваа.

Шалгалт, ангийн төслийн ажилд амжилттай оролцох гэсэн хичээл зүтгэлд тань тусалж болох үнэнийг судраас хай. Та судрын хэсгүүдийг бие даан олж мөн дараах судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг судалж болно.

  • Та шалгалт, ангийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд туслах ямар үнэнүүдийг олж мэдсэн бэ?

    Нэг нэгэндээ заахад нь туслахын тулд олж мэдсэн зүйлээ самбарт жагсаан бичихэд суралцагчдыг урь.

    Суралцагчид судалсан судраасаа олон үнэнийг олж тогтоох чадвартай байх ёстой. Жишээлбэл: Ариун Сүнс миний оюуныг гэгээрүүлсэн (Сургаал ба Гэрээнүүд 6:15-ыг үзнэ үү); Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй (Сургаал ба Гэрээнүүд 38:9, 30-ийг үзнэ үү); Та нарын үйлийг та нарт ариулахын тулд, юун түрүүнд Христийн нэрээр Эцэгт залбирахаас өөр нэгээхэн ч зүйлийг та нар Их Эзэнд үйлдэх ёсгүй (2 Нифай 32:8–9-ийг үзнэ үү); Би Есүс Христээр дамжуулан бүх зүйлийг хийж чадна (Филиппой 4:13-ыг үзнэ үү).

    Дараах асуултуудын эхний асуултад хариулахад хэд хэдэн суралцагчийг урь. Та самбар дээрх зарим үнэнийг зааж, тэдгээрийг бичсэн суралцагчдыг тухайн үнэнийг бодож асуултад хариулахад урьж болно.

  • Таны олж мэдсэн үнэнүүд сургуулийн шалгалт, төслийн ажлуудад тань хэрхэн тусалж чадах вэ?

  • Эдгээр үнэнийг хичээлдээ хэрэгжүүлэх үед Их Эзэн таны хичээл номд ямар арга замаар тусалж чадах вэ?

Өмнөх асуултуудын талаарх ярилцлагынхаа нэг хэсэг болгон хичээлээ хийх үедээ Их Эзэний тусламжийг хэрхэн хүлээн авсан тухай жишээгээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Эдгээр туршлага нь Аврагчийн талаарх тэдний мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад тэднийг урь.

Зөвлөгөө өгөх

Хичээлийн энэ хэсэг нь шалгалт, ангийн төслийн ажлаа амжилттай давахад бэлтгэх тодорхой арга замуудыг бодоход нь суралцагчдад туслах зорилготой. Үүний тулд та дараах зааврыг үзүүлээд, суралцагчдад хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ хариугаа бичих цаг гаргаж өгч болно.

Танд Сам, Эмма хоёр шиг хэн нэгэнд шалгалтаа төдийгүй мэдлэг чадвар сорьсон ангийн төслийн ажлуудаа хэрхэн амжилттай давах талаар зөвлөгөө өгөх боломж байсан гэж төсөөл. Өгөх байсан зөвлөгөөгөө бич. Хэрэгтэй байж болох үг хэллэгүүдийг судруудаас оруул. Дараах асуултууд таны хариултыг удирдан чиглүүлж болно.

  • Сурч мэдсэнээ санаж, ашиглахад танд юу туслах вэ?

  • Судалж байхдаа анхаарлаа сарниулахгүйн тулд та юу хийх хэрэгтэй вэ?

  • Хойшлуулахгүй байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

  • Тодорхой сайн бодох чадвараа сайжруулахад танд юу туслах вэ?

  • Бэлтгэхдээ Их Эзэнийг оролцуулахын тулд та юу хийж болох вэ?

Суралцагчдад хариултаа бичих хангалттай цаг гаргаж өгсний дараа хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс. Та хуваалцсан санаануудыг самбарт бичиж, өөрсдийн бодож байгаагүй зөвлөгөөг судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урамшуулж болно. Мөн та эдгээр зөвлөмжийн зарим нь тэдэнд хэрхэн тус болсон талаар хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Хэрэв суралцагчдад санаа бодож олоход туслалцаа хэрэгтэй гэж үзвэл дараах зөвлөмжийг санал болгох талаар бодож үз.

  • Хичээл дээр суралцаж байгаа зүйлээ тэмдэглэн авч, байнга давт. Ангийнхандаа болон гэр бүлийн гишүүндээ эсвэл найздаа юу сурч байгаагаа тайлбарла.

  • Хичээлээ хийж байхдаа утсаа холдуулж, анхаарал сарниулах интернэт сайт руу нэвтрэх эрхээ хаа.

  • Олон долоо хоног эсвэл өдрөөр хичээлээ хуваарилж хий. Хуваарь гаргаж, түүнийгээ чанд баримтал. Хичээлээсээ хоцорвол, гүйцэхийн тулд сүүлийн хугацааг битгий хүлээ.

  • Хичээл давтах чимээгүй газар олж, өдрийн цагаар ядраагүй үедээ хичээлээ давт. Эрүүл хооллох, сайн унтаж амрах, тогтмол дасгал хийх зэргээр бие махбоддоо анхаарал тавь.

  • Судар судлах замаар сүнсээ сургаж, бэлтгэхэд цаг гарга. Тусламж, удирдамж авахын тулд залбирч, үе үе мацаг барь.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс хичээлийн шалгалтад туслах янз бүрийн санаануудыг олж болно.

Сурч мэдсэн зүйлийнхээ талаар бод

Энэ хичээлээр суралцагчдын амьдралд тус болох сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодоход тэднийг урь. Ийн үйлдэх нэг арга нь судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулах юм.

  • Та өнөөдөр санаж явахыг хүсэж байгаа юуг судалж, мэдэрсэн бэ?

  • Та өнөөдөр сурсан ямар аргаа хичээлдээ ашиглахыг хүсэж байна вэ?

Амжилттай суралцагч болоход цаг хугацаа, бэлтгэл, тэвчээр, дадлага шаардагддаг гэдгийг суралцагчдад сануул. Аврагчаас тусламж, удирдамж авахын тулд үргэлжлүүлэн найдахад тэднийг урамшуул.