Семинар
198-р хичээл—Өсөж хөгжих сэтгэлгээ: Бидний бодол санааны хэв маягийг сайжруулах хандлага, үйлдлийг хөгжүүлэх


“198-р хичээл—Өсөж хөгжих сэтгэлгээ: Бидний бодол санааны хэв маягийг сайжруулах хандлага, үйлдлийг хөгжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Өсөж хөгжих сэтгэлгээ,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

198-р хичээл: Хичээл сургуульдаа амжилттай сурах

Өсөж хөгжих сэтгэлгээ

Бидний бодол санааны хэв маягийг сайжруулах хандлага, үйлдлийг хөгжүүлэх

Аз жаргалтай өсвөр насны хүүхэд

Бид бүхэн суралцах, боловсрол эзэмших явцдаа саад бэрхшээлтэй тулгарах болно. Бид сэтгэлгээнээсээ хамааран эдгээр саад бэрхшээлийг биднийг зогсонги байлгах зүйл эсвэл сурч, хөгжих боломж гэж харж болно. Өсөж хөгжих сэтгэлгээгээр саад бэрхшээлийг даван туулахыг сонгох нь бидний Есүс Христэд итгэх итгэлийг харуулдаг. Энэ хичээл суралцахад саад болдог бэрхшээлийг даван туулах өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Суралцахад тулгарах саад бэрхшээл

Суралцагчидтай дараах жишээг хуваалцсанаар хичээлийг эхлүүл. Эсвэл та өсвөр үеийнхэнд суралцахад тулгардаг саад бэрхшээлийн жишээг суралцагчдаар зохиолгож болно. Дараа нь та сонгосон жишээг илүү хамаатай болгохын тулд асуултуудыг өөрчилж болно.

Каден ирэх хичээлийн жилд үзэх хичээлүүдээ хараад, математикийн хичээл үзэхээ мэдэв. Каден өмнө нь математикийн хичээлдээ тааруу байснаа саналаа. Тэрээр энэ математикийн хичээл дээр гарцаагүй унана гэж бодов.

  • Кадены энэ жишээнээс юу таны анхаарлыг илүү их татаж байна вэ?

  • Та түүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

Өсөж хөгжих сэтгэлгээ

Бидний сурч боловсрох явцад болон амьдралд хүнд хэцүү нөхцөл байдал тулгарвал тэдгээрийг бид нэг бол өсөж хөгжих сэтгэлгээ эсвэл хэвшмэл сэтгэлгээгээр харж болно гэдгийг тайлбарла.

Дараах тодорхойлолтуудыг үзүүлээд, ангийнхандаа уншиж өгөхөд хоёр суралцагчийг урь.

Өсөж хөгжих сэтгэлгээ: Өсөж хөгжих сэтгэлгээтэй хүмүүс Есүс Христээс суралцаж, хүч чадал авч чадна гэдэгт итгэдэг. Тэд суралцахдаа маш хурдан өөрчлөгдөж чаддаг. Тэд Есүс Христэд найдаж, аливаа зүйлс хэцүү байсан ч өөрсдийгөө шахаж чаддаг.

Хэвшмэл сэтгэлгээ: Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс суралцах чадвартаа эргэлздэг. Тэд бүтэлгүйтэхээс айдаг бөгөөд зарим зүйлийг сурч чадахгүй гэж итгэдэг.

Эдгээр сэтгэлгээг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлийг хуваалцахыг бод. Хосолсон жишээг харахад суралцагчдад туслахын тулд та багана бүрийн эхний мэдэгдлийг үзүүлж болно. Дараа нь та суралцагчдад хэвшмэл сэтгэлгээний талаарх бусад мэдэгдлийг өгч болно. Жижиг бүлгүүдэд хуваарилагдан, Аврагчид итгэх итгэлээ харуулсан өсөж хөгжих сэтгэлгээтэй хэн нэгний хэлж болох мэдэгдлийг бичихэд тэднийг урь.

Хэвшмэл сэтгэлгээ

Өсөж хөгжих сэтгэлгээ

Хэвшмэл сэтгэлгээ

“Миний алдаанууд намайг ухаантай биш гэдгийг харуулж байна.”

Өсөж хөгжих сэтгэлгээ

“Аврагчийн ачаар би алдаанаасаа суралцаж, сайжирч чадна.”

Хэвшмэл сэтгэлгээ

“Би шинэ зүйл туршиж үзэх дургүй, учир нь би бүтэлгүйтэх магадлалтай.”

Өсөж хөгжих сэтгэлгээ

“Есүс Христ миний өсөж хөгжихийн тулд гаргасан хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байдгийг мэдсэнээрээ би шинэ зүйлийг туршиж, сорилт бэрхшээлийг даван туулж чадна.”

Хэвшмэл сэтгэлгээ

“Би юм сурч чадахгүй.”

Өсөж хөгжих сэтгэлгээ

“Хэрвээ би ямар нэг зүйл сурахыг хүсвэл Их Эзэний тусламжтайгаар сурч чадна.”

Хэвшмэл сэтгэлгээ

“Би сэтгэлээр унасан үедээ бууж өгдөг.”

Өсөж хөгжих сэтгэлгээ

“Хүнд хэцүүг даван туулах нь намайг өсөн дэвжиж, Есүс Христтэй илүү адил болоход тусалдаг.”

Сорилт бэрхшээлийг өсөж хөгжих, хэвшмэл сэтгэлгээ хоёрын чухам алинаар нь харж байгаагаа бодоход суралцагчдыг урь. Тус болох үнэнийг олж мэдэхийн тулд үргэлжлүүлэн судалж, өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах Ариун Сүнснээс төрөх сэтгэгдэлд анхаарлаа хандуулахад тэднийг урь.

Өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд бидэнд туслах мөнхийн үнэнүүд

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Дэвин Ж.Дуррант ах Есүс Христийн шавь нар яагаад өсөх сэтгэлгээг хөгжүүлэх ёстойг ийн тайлбарласан.

Дэвин Ж.Дуррант ах

Тэнгэрлэг Эцэг бидний хайраар дүүрэн эцгийн хувьд биднийг агуу зүйлсэд, түүний дотор эцэст нь өргөмжлөлд хүрч чадна гэдэгт итгэдэг учраас бэлгүүдээ хөгжүүлж, өөрсдөө сайжрахыг эрэлхийлээсэй гэж хүсдэг. Тэр бол өсөж хөгжих сэтгэлгээтэй эцэг юм. Хэрэв бид Түүнтэй адил болохыг хүсвэл яг тийм сэтгэлгээг хөгжүүлж, Түүний хүсэн хүлээсэн бүх арга замаар өсөж хөгжиж сурах хэрэгтэй. (Devin G. Durrant, “Helping Children and Youth Develop a Growth Mind-Set,” Ensign, Feb. 2020)

  • Өсөж хөгжих сэтгэлгээ таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар ойлгоход энэ мэдэгдэл хэрхэн тусалж байна вэ?

  • Өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд юу тусална гэж та бодож байна вэ?

Шаардлагатай бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх үнэнийг ойлгож, тогтоох нь суралцагчдад саад бэрхшээлтэй тулгарах үед, тэр дундаа боловсролд нь бэрхшээл тулгарах үед өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална гэдгийг тайлбарла.

Эдгээр үнэний заримыг судраас олоход суралцагчдыг урь. Та тэднийг өөрсдийн мэдэх судруудыг олж тогтооход эсвэл дараах шүлгүүдээс суралцахад урьж болно.

Суралцагчдад үнэнийг олж мэдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь. Мөн тэд олсон үнэнээ самбар дээр бичиж болно. Бурханы хүчээр бид бүх зүйлийг хийж чадна гэсэнтэй төстэй үнэнийг тэд олж мэдэж болно.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх эдгээр үнэнийг санах нь танд сурч боловсрохдоо өсөж хөгжих сэтгэлгээтэй болоход хэрхэн тусалж чадах вэ?

  • Бурханд итгэх итгэлээ ашиглан сорилт бэрхшээлдээ өсөж хөгжих сэтгэлгээгээр ханддаг хүмүүсийн ямар жишээ байдаг вэ?

    Өмнөх асуултын талаар ярилцахдаа та Нифайн амьдралаас жишээ авахад суралцагчдыг урьж болно. Мөн та Лемен, Лемүел хоёрын хэвшмэл сэтгэлгээг харуулсан жишээг үзэхийг суралцагчдаас хүсэж болно.

    Эдгээр жишээ нь: Гуулин ялтаснуудыг олж авахаар Иерусалим руу буц гэсэн зарлигийн хариу (1 Нифай 3:4–7-г үзнэ үү); гуулин ялтаснуудыг авах оролдлого (1 Нифай 3:24–31; 4:1–6-г үзнэ үү); Лихайг амьдралын модны тухай үзэгдлээ хуваалцсаны дараах ах нарын үйлдэл (1 Нифай 10:17–19; 11:1–6; 15:1–3, 8–9-ийг үзнэ үү); Нифай нумаа хугалсан нь (1 Нифай 16:18–23, 30–32-ыг үзнэ үү); мөн Нифайд усан онгоц барихыг зарлиглав (1 Нифай 17:7–11, 17–18-ыг үзнэ үү).

  • Их Эзэн танд өсөж хөгжих сэтгэлгээтэй болж, боловсролд тань тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ мөн Их Эзэн танд хэрхэн тусалсан бэ?

Өөрийнхөө амьдралд тохиолдсон жишээг хуваалц.

Мөн та “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байгаа видеоны аль нэгийг үзүүлж болно.

Миний өсөж хөгжих сэтгэлгээ

Боловсрол олж авахад болон суралцахад тулгарч байгаа зарим саад бэрхшээлд өсөж хөгжих сэтгэлгээ хэрхэн тусалж болох тухай бодоход суралцагчдыг урь. Тэд эдгээр саад бэрхшээлийг судлах тэмдэглэлдээ бичиж болно. Тэд уншихад бэрх, хүнд хичээл эсвэл боловсролын боломж хомс байдлыг дурдаж болно. Дараа нь дараахын дагуу үйлдэхэд тэднийг урь.

Боловсрол олж авах, суралцах явцад гарч болзошгүй хоёр юм уу гурван бэрхшээлийг сонго. Саад бэрхшээл бүр дээр Аврагчийн таныг амжилттай байхад туслах чадварт итгэх итгэлээ харуулсан өсөж хөгжих сэтгэлгээний мэдэгдэл бич.

Бичсэн мэдэгдлээ хуваалцахад суралцагчдыг урь. Тэд дэргэдэх суралцагчтайгаа эсвэл өрөөгөөр явж бусадтай хуваалцаж болно.

Суралцагчдыг хуваалцсаны дараа, бодож олсон мэдэгдлээ дагах арга замыг тодорхойлоход тэднийг урамшуул. Өнөөдрийн ярилцсан үнэнүүдээ гэрчил. Боловсрол олж авахад тулгардаг саад бэрхшээлийг өсөж хөгжих сэтгэлгээгээр даван туулахыг хичээхэд суралцагчдыг урамшуул.