Семинар
205-р хичээл—Насан туршдаа ариун сүмд шүтэн бишрэх нь: Амьдралынхаа туршид ариун сүмд орох


“205-р хичээл—Насан туршдаа ариун сүмд шүтэн бишрэх нь: Амьдралынхаа туршид ариун сүмд орох,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Насан туршдаа ариун сүмд шүтэн бишрэх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

205-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл

Насан туршдаа ариун сүмд шүтэн бишрэх нь

Амьдралынхаа туршид ариун сүмд орох

Гишүүд ариун сүмээс гарч байгаа нь

Ариун сүмүүд хэзээ ч ийм олноороо сүндэрлэж байгаагүй сэтгэл хөдөлгөм цаг үед бид амьдарч байна. Их Эзэн Өөрийн ариун өргөөний адислалуудыг урьд хожид байгаагүйгээр хүртээмжтэй болгож байна. Энэ хичээл нь амьдралынхаа туршид ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх

Хичээлийн туршид кэйс судалгааг ашиглан ариун сүмд шүтэн бишрэх нь тэднийг насан туршид нь хэрхэн адисалж болохыг ойлгоход суралцагчдад тусал. Кэйс судалгааны явцад өөрсдийн амьдралын талаар бодоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол кэйс судалгааг суралцагчдынхаа шаардлагад нийцүүлэн тохируулан өөрчил. Үүнийг хаалтад байгаа үгсийг суралцагчдад хамаатай өөр зүйлээр орлуулахад суралцагчдыг урих маягаар гүйцэтгэж болно.

(Хозэс) нь (арван зургаан настай). Тэрээр Сүмийн гишүүн болоод (таван жил) болж байгаа. Түүнд сүнслэг туршлагууд байсан ч тэрээр Аврагч, Түүний сэргээгдсэн Сүмийн тухай илүү хүчтэй гэрчлэлтэй болохыг хүсдэг. (Хозэс) заримдаа (сургуульдаа сайн сурах дарамт шахалтад) ордог. Тэр (өөрийн ирээдүй болон ёс бус дэлхийд хэрхэн зөв шударга амьдрах) талаар санаа зовнидог.

  • (Хозэс) санааг нь зовоож буй нэг асуудлынхаа талаар та нараас зөвлөгөө авахыг хүссэн гэж төсөөл. Их Эзэнийг Түүний ариун сүмд шүтэн бишрэх нь яагаад тустай зөвлөгөө байж болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Их Эзэний бидэнд өгдөг тусламжийг олж мэд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа салгахгүй байцгаая. Тэрбээр ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна. Тэр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэршүүлэгдэх үйл явцыг улам хялбарчилж байна. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна. …

Хүндэт ах, эгч нар аа, та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай. Бурхан, Есүс Христ хоёрт өдөр бүр илүү ойртохын тулд өсөж хөгжихөөр та бүхнийг адисалж байна. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” Лиахона, 2022 оны 11-р сар, 121)

  • Энэ мэдэгдлийн юу нь та нарт онцгой санагдсан бэ?

  • Их Эзэн бошиглогчоороо дамжуулан ямар амлалт өгсөн бэ?

    Суралцагчдыг хариулж байх явцад дараахтай адил үнэнийг тодорхойлоход тэдэнд тусал. Их Эзэний ариун сүмд өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлснээр Тэрээр өөрөөр авах боломжгүй арга замаар биднийг адисална хэмээн амласан.

    Хэрэв танай суралцагчид ариун сүмд орох боломжгүй бол та тэдэнтэй ариун сүмд анхаарлаа төвлөрүүлж болох арга замуудын талаар ярилцаж болно. Жишээлбэл: Суралцагчид ариун сүмд орохуйц зохистой байхыг хичээж, гэр бүлийн түүхийн ажилд оролцож болно.

  • Их Эзэний ариун сүмд илүү их цаг зарцуулах нь өөр хаанаас ч хүлээн авах боломжгүй арга замаар хэрхэн биднийг адисалж болох вэ?

    Дараах асуултууд нь өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоход туслах зорилготой. Судлах тэмдэглэлдээ бичих нь суралцагчдад тус болж болох юм. Суралцагчид хүсвэл хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Та нарт амьдралынхаа туршид ариун сүмд тогтмол орох магадлал хэр өндөр вэ? Яагаад?

  • Та нар амьдралынхаа туршид ариун сүмд орохын тулд ямар саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй вэ?

Амлагдсан адислал

Их Эзэнийг Түүний ариун сүмүүдэд шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад хэрхэн тусалж болохоо бод. Ийн үйлдэх нэг арга зам нь Их Эзэнийг Түүний ариун сүмүүдэд шүтэн биширснээр хүлээн авах олон адислалыг тодорхойлоход суралцагчдад туслах явдал юм. Суралцагчид дараах судар, мэдэгдлүүдээс олж мэдсэн зүйлсээ самбарт жагсаан бичиж болно.

Дараах судар, мэдэгдлүүдийг уншаад, Их Эзэнийг өргөөнд нь шүтэн биширдэг хүмүүст Түүний амласан адислалуудыг олж мэд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Их Эзэний ариун өргөөнд Түүнд зориулан цаг гаргаарай. Та бүхний сүнслэг суурийг ариун сүмийн үйлчлэл, бишрэлтэй адилаар өөр юу ч хүчирхэгжүүлэхгүй. (Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” Лиахона, 2021 оны 11-р сар, 121)

Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх тавигдсан үед та айх хэрэггүй гэсэн миний үгэнд итгээрэй. Ариун сүмд байгуулсан гэрээндээ үнэнч байснаар та Түүний хүчээр хүчирхэгжих болно. Улмаар сүнслэг газар хөдлөлт болоход сүнслэг суурь тань бат бөх, хөдөлшгүй учраас та бат зогсож чадна. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 96)

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

18:1
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Олон өсвөр үеийнхэн цаг заваа гэр бүлийн түүхийн судалгаа, ариун сүмийн ажилд зарцуулах нь авралын төлөвлөгөөний талаарх таны гэрчлэлийг гүнзгийрүүлдэг гэдгийг олж мэдсэн. Энэ нь тэдний амьдралд Сүнсний нөлөөг нэмэгдүүлж, дайсны нөлөөг сулруулсан. Мөн гэр бүлдээ болон Их Эзэн Есүс Христэд илүү ойртоход нь тусалсан байна. Тэд бас энэ ажил нь зөвхөн нас барагсдыг биш харин бид бүгдийг авардаг гэдгийг мэдсэн (С ба Г 128:18-ыг үзнэ үү). (Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3)

  • Эдгээр адислал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та нарт юу зааж байна вэ?

  • Их Эзэн та нарыг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоны төлөө хэрхэн адисалж байсан бэ?

  • Тэдгээр адислал та нарыг одоо эсвэл амьдралынхаа туршид Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэхэд хэрхэн өдөөж болох вэ?

Амьдралынхаа туршид ариун сүмд шүтэн бишрэх

Дараах нөхцөл байдлын судалгаа нь амьдралынхаа туршид ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална. Нөхцөл байдлын судалгааны явцад ирээдүйгээ мөн амьдралынхаа туршид хэрхэн ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэх талаар бодоход суралцагчдыг урамшуул.

Та нөхцөл байдлын судалгааны өөр өөр хэсэг бүхий суралцах янз бүрийн хувилбарыг ашиглаж болно. Суралцагчид хэсгүүдийг ангиараа, ганцаараа болон бүлгээрээ судалж болно.

Хэсэг бүрийг хийж гүйцэтгэсний дараа түр зогсон дараах асуултуудын дагуу ярилцаж болно.

  • (Хозэс), (Изабел) хоёр ариун сүмд шүтэн бишрэхгүй байх ямар шалтаг тоочиж болох вэ?

  • Их Эзэнийг өргөөнд нь шүтэн биширснээр ирэх ямар ямар адислал (Хозэс), (Изабел) хоёрт тус болох вэ?

  • Их Эзэнийг ариун сүмд тогтмол шүтэн бишрэхийн тулд (Хозэс), (Изабел) хоёр ямар золиослол гаргах хэрэгтэй байж болох вэ?

20-иод насандаа

Бүрэн цагийн номлолд үйлчилж, гэртээ эргэж ирснийхээ дараа (Хозэс) (орон нутагтаа техник мэргэжлийн сургуульд) боловсролоо дээшлүүлэхээр болов. Тэрээр (институтэд сурч) байхдаа (Изабел) гэдэг бүсгүйтэй танилцаж, гэрлэжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа (Хозэс) (өөрийн бизнесийг эхлүүлэв). Тэр (гэр бүлээ тэжээх тал дээр) санаа зовж байлаа. (Изабел) тэр хоёр гэр бүл зохиож, (гурван) хөөрхөн хүүхэдтэй болжээ. Тэр хоёр гэр бүл, (ажил төрөл), Сүмийн дуудлагуудын хооронд цаг заваа зохицуулахаар чадах бүхнээ хийдэг. Тэдний нэг хүүхэд (дөрвөн) настайдаа (ослын улмаас хүнд бэртсэн) байна.

30-аад насандаа

(Хозэс), (Изабел) хоёр гэр бүлээ авч явахын тулд (бизнесээ эрхлэн) шаргуу хөдөлмөрлөдөг. Тэд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, (Есүс Христийн тухай гэрчлэлтэй болоход) нь тэдэнд туслахдаа олон сорилттой тулгарна. (Хозэс) гэр бүл, (бизнес), (багш нарын чуулгын зөвлөхийн) дуудлагадаа цагаа тэнцвэртэй зарцуулахыг хичээдэг. Изабел (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр) үйлчилж, (гэр бүлийнхээ бизнест) туслахыг хичээж, хүүхдүүдийнхээ төлөө байхыг хичээнэ.

60-аас дээш насандаа

(Хозэс), Изабел хоёрын хүүхдүүд (өөрсдийн гэсэн гэр бүлтэй) болжээ. (Хозэс), (Изабел) хоёр гэр бүлдээ хайртай ч (ач, зээ нар нь Есүс Христийг дагаж, зөв ​​шийдвэр гаргах эсэхэд) санаа зовдог. Нас ахихын хэрээр (Хозэсын эрүүл мэнд улам бүр муудав).

“Одоо болон ирээдүйд ариун сүмд шүтэн бишрэхийг хэрхэн эн тэргүүнд тавьж болох вэ?” гэсэн асуултад хариулах “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг унш. Уг мэдэгдэл бидний амьдралд болон дээрх нөхцөл байдлын судалгаанд хэрхэн хамаатай тухай ярилц.

Өөртөө зориулан бичсэн захидал

Их Эзэнийг Түүний ариун сүмд шүтэн бишрэхийн ач холбогдлын талаар ирээдүйн өөртөө урам хайрласан захидал бичихэд суралцагчдыг урь. Суралцагчид захидлыг нээх огноог дугтуйн дээр бичиж, тухайн өдөр нээх дугтуйндаа захидлыг хадгалж болох юм.

Тэд дараах зүйлсийн талаар бичиж болно. Үүнд:

  • Ариун сүмтэй холбоотой өнөөгийн туршлага

  • Ариун сүмд тогтмол орох шийдвэр тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох

  • Ариун сүмд тогтмол орох шийдвэр нь тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлөх

  • Одоо болон ирээдүйд ариун сүмд шүтэн бишрэхийг эн тэргүүнд тавих арга зам

Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлтийн дагуу үйлдэж, төрсөн өөр бодлуудаа бичихийг суралцагчдад сануулах гэх мэт.