Семинар
206-р хичээл—Ариун сүмд бид бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ байгуулдаг: Бүхнээ зориулах хуулиар амьдрах нь Бурхантай адил болоход бидэнд тусалж чадна


“206-р хичээл—Ариун сүмд бид бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ байгуулдаг: Бүхнээ зориулах хуулиар амьдрах нь Бурхантай адил болоход бидэнд тусалж чадна,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Ариун сүмд бид бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ байгуулдаг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

206-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл

Ариун сүмд бид бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ байгуулдаг

Бүхнээ зориулах хуулиар амьдрах нь Бурхантай адил болоход бидэнд тусалж чадна

Ариун сүмд цагаа өнгөрөөж буй өсвөр үеийнхэн

Бид бэлэг буюу хишгийн нэг хэсэг болгон Их Эзэнээс Түүний ариун сүмүүдэд хүлээн авч болох ариун нандин гэрээнүүдийг байгуулдаг. Бидний Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг гэрээнүүдийн нэг нь бүхнээ зориулах хуулийг сахих гэрээ юм. Хишиг хүртсэн гишүүд цаг зав, авьяас чадвар, хүлээн авдаг бусад адислалаа дэлхий дээр Есүс Христийн Сүмийг өсгөн бэхжүүлэхэд зориулахаа амладаг. Энэ хичээл бидний дуулгавартай дагана хэмээн Бурхантай ариун сүмд гэрээ байгуулдаг, бүхнээ зориулах ариун нандин хуулийг ойлгоход нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Жорын дагуу

Жич: Энэ хичээл ариун сүмийн хишгийн ёслолын нэг хэсэг болгон бидний байгуулдаг гэрээнүүдийг танилцуулж, бүхнээ зориулах хуульд төвлөрнө. Семинарын бусад хичээлд бусад хуулийг авч үздэг.

Суралцагчдын идэх дуртай байж болох ямар нэг зүйлийн жорыг хайж олоход тэднийг урь. Жорын дагуу хийгээд, гарсан үр дүнг харуулсан дагалдах зургийг олоход тэднийг урамшуулан дэмж. Та суралцагчдаас жижиг бүлгүүдэд хуваарилагдаад, хайлт хийж, тайлагнахыг хүсэж болно. Хэрэв суралцагчид хичээл дээр жор, дагалдах зургийг хайх боломжгүй бол та дараах зургийг үзүүлээд, эцсийн үр дүнг харах нь тэдэнд хэрхэн жорын дагуу хийх сэдэл төрүүлж болохыг асууж болно.

Чимэглэсэн бялуу
  • Та нар жор ашиглан юу хийсэн бэ?

  • Жорын хажууд зураг эсвэл видео тавих нь хэрхэн тус болох вэ?

Бид ариун сүмүүдэд Бурхантай гэрээ байгуулдаг

Жорын дагуу хийж дуусгасан зүйлийн зурагтай эсвэл бичлэгтэй адил ариун сүмд хишгээ хүлээн авахын хүсүүштэй үр дүнг мэдэх нь тустай байдаг. Бид хишгийн ёслолын нэг хэсэг болгон таван өөр хуулийг дуулгавартай дагана хэмээн Бурхантай гэрээ байгуулдаг. Эдгээр хуулийн дагуу амьдрах нь жорын чухал алхам бүрийг дагахтай адил юм. Бидний дуулгавартай дагана хэмээн ариун сүмд байгуулдаг гэрээний хуулиуд нь биднийг Бурхантай илүү адил болоход тусалдаг бөгөөд биднийг селестиел хаант улсад Түүнтэй хамт амьдрахад бэлтгэдэг.

Дараах үгсийг самбарт бичээд (хаалтад байгаа үгсийг орхиж) мөн ариун сүмд хишгээ хүлээн авахдаа дагаж амьдрах гэрээ байгуулсан хууль бүрийг бичихийг суралцагчдаас хүс. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та тэднийг ChurchofJesusChrist.org дээрх Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь номын 27.2 дахь “Ариун сүмийн хишиг” рүү чиглүүлж өгч болно.

  1. (Дуулгавартай байдлын) хууль

  2. (Золиослолын) хууль

  3. (Есүс Христийн сайн мэдээний) хууль

  4. (Ариун явдлын) хууль

  5. (Бүхнээ зориулах) хууль

    Дараах үнэнийг самбарт бич. Бид ариун сүмийн хишгийн нэг хэсэг болгон бүхнээ зориулах хуулиар амьдрах гэрээг Бурхантай байгуулдаг.

    Өмнөх хичээлээр суралцагчид бүхнээ зориулах хуулийн талаар сурч мэдсэн байж болох юм. (“57-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 42:29–39: Их Эзэнд бүхнээ зориулах”-ыг үзнэ үү)

    Энэ хуулийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдын өмнөх мэдлэгийг үнэлж дүгнэх нь хичээлийн үеэр юун дээр анхаарал төвлөрүүлэхээ мэдэхэд тань тусална. Та суралцагчдад сурч мэдсэн зүйлээ илэрхийлэхэд нь туслахын тулд хичээлийн төгсгөлд эдгээр асуултаас заримыг нь дахин тавьж болно.

    • Та нар бүхнээ зориулах хуулийн талаар юу мэддэг вэ?

    • Та нарт бүхнээ зориулах хуулийн талаар ямар асуулт байсаар байна вэ?

Бүхнээ зориулах хуулийг ойлгохын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлж, ариун сүмд Бурхантай гэрээ байгуулахад бэлтгэх нь суралцагчдыг хэрхэн адисалж болох талаар мэдэхэд тэднийг урамшуулан дэмж.

тараах материалын дүрс зурагДараах тараах материалыг суралцагчдад өгөөд, бүхнээ зориулах хууль гэж юу болох, энэ хуулиар амьдрах нь бидэнд Бурхантай илүү адил болоход хэрхэн тусалдгийг олж мэдэхэд тэднийг урь. Нэмэлт мэдээлэл авахын тулд суралцагчид Сэдэв ба асуултаас “Бүхнээ зориулах” гэдгийг хайж харж болно.

Их Эзэний бүхнээ зориулах хууль

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарласан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Их Эзэний бүхнээ зориулах хууль (жишээ нь: С &ба Г 42:32, 53-ыг үзнэ үү) … эдийн засгийн үүргээсээ илүү энэ амьдралд болон ирээдүйд селестиел хуулийг хэрэгжүүлэх явдал юм (С &ба Г 105:5-ийг үзнэ үү). Өргөл болгох гэдэг нь аливаа зүйлийг нандин болгож, ариун зорилгод зориулахын тулд онцгойлон адислахыг хэлнэ. Энэ амьдралын жинхэнэ амжилт нь өөрсдийн амьдралыг, цагаа болон сонголтуудаа Бурханы зорилгод зориулан өргөл болгох үед л ирдэг (Иохан 17:1, 4; С &ба Г 19:19-ийг үзнэ үү). Энэ тохиолдолд Тэрээр биднийг хамгийн дээд хувь тавилангийнхаа оргилд хүрэх боломжтой болгодог билээ. (Д.Тодд Кристоффэрсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Золиослох, бүхнээ зориулах гэдэг нь дуулгавартай дагана хэмээн ариун сүмд гэрээлдэг тэнгэрлэг хоёр хууль юм. Энэ хоёр хууль ижил төстэй боловч хоорондоо адилгүй. …

Бүхнээ зориулах нь дор хаяж нэг чухал талаараа золиослолоос ялгаатай. Бид ямар нэг зүйлд бүхнээ зориулахдаа үүнийгээ тахилын ширээн дээр шатаж дуусгахаар үлдээдэггүй. Оронд нь бид үүнийг Их Эзэнд үйлчлэхэд ашигладаг. Бид үүнийг Түүнд болон Түүний ариун зорилгод зориулдаг. Бид бас Их Эзэний өгсөн авьяас чадварыг аваад, Их Эзэний хаант улсыг байгуулахад илүү их тус нэмэр болохын тулд тэдгээрийг хэд дахин хөгжүүлэхийг хичээдэг.

Бидний дундаас маш цөөн хүнээс Аврагчийн төлөө амиа золиослохыг хүссэн. Гэхдээ бид бүх хүнийг амьдралаа Түүнд бүхэлд нь зориулахад урьдаг. (Дийтр Ф.Угдорф, “Сэтгэлийнхээ угаас,” Лиахона, 2022 оны 4-р сар, 8)

Бүхнээ зориулах хууль гэж юу вэ? Энэ нь надад хэрхэн нөлөөлөх вэ?

Өнөөдөр бид өөр өөр арга замаар энэ хуулиар амьдарч байна. Жишээлбэл: Бид бусдад үйлчилж, дуудлага болон Сүмийн үүрэг даалгавар хүлээн авч, чадах бүхнээ хийж, аравны нэгээ бүрэн төлж, мацгийн өргөлөө өгөөмрөөр өргөдөг. Бид Бурханы хаант улсыг өсгөн бэхжүүлж, тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд бошиглогчдын болон Ариун Сүнсний биднийг чиглүүлсэн зүйлийг хийдэг байвал бүхнээ зориулах хуулийн дагуу амьдарч байгаа хэрэг юм. (“Бүхнээ зориулах хууль гэж юу вэ? Энэ нь надад хэрхэн нөлөөлдөг вэ?,Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 4-р сар, 31)

  • Бүхнээ зориулах хуулийн талаарх та нарын ойлголт дээр үндэслэвэл, энэ нь хэрхэн Бурханы адислал болж байна вэ?

  • Бүхнээ зориулах хуулиар амьдрах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр шиг болоход бидэнд хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Бүхнээ зориулах хуулиар амьдарна гэдэг нь юу болох талаар

Сурч мэдсэн зүйлээ харуулахад нь суралцагчдад туслахын тулд та тэднийг ганцаараа, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан дараах үйл ажиллагааг хийхэд урьж болно. Хэрэв суралцагчид эхний хоёр зөвлөмжийн аль нэгийг сонговол зураг, зурагт тайлбарууд оруулахад тэднийг урамшуулан дэмж.

Хэрэв суралцагчдад эхний сонголтод тохирох судрын жишээнүүдийг олоход тусламж хэрэгтэй бол та Maтай 4:23; 26:36–44; Лук 8:1–3; 10:30–37; Үйлс 3:2–8; 4:32-ыг санал болгож болно.

Бүхнээ зориулах хуулийн талаар чухал нарийн ширийн зүйлийг тайлбарлахад та нарт туслах ямар нэгэн зүйлийг бүтээхдээ дараах сонголтуудын аль нэгийг ашигла. Та нарыг Их Эзэнээс хишгээ хүлээн авахад өөрийгөө бэлтгэх үед та нарын бүтээсэн зүйл мөн сануулга болж чадна.

  1. Өсвөр насны хүүхдэд бүхнээ зориулах хуулийг тайлбарласан хоёр юм уу гурван өгүүлбэр бич. Есүс Христ эсвэл Түүний шавь нар цаг зав, авьяас чадвар, бусад адислалаа бусадтай хуваалцсанаар энэ хуулийн дагуу амьдардгаа харуулсан судрын зарим жишээг оруул.

  2. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд богино нийтлэл бич. Та захиасаа Их Эзэнээс хувийн хишгээ хүлээн авахаар бэлтгэж буй өсвөр насны хүүхдүүдэд туслахад төвлөрүүлж болно.

  3. Бүхнээ зориулах хуулиар амьдрах арга замуудыг харуулах богино хэмжээний дүрийн тоглолт эсвэл хөгжилтэй тоглоом зохио. Энэ хуулиар амьдрахаар сонгосон өсвөр насны хүүхдүүдэд хамаатай жишээнүүдийг оруулахыг хичээ.

    Бэлтгэсэн зүйлээ хуваалцан бүхнээ зориулах хуулийн талаарх ойлголтоо харуулах боломжийг суралцагчдад олго. Та ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь эсвэл тэд жижиг бүлгүүдэд хуваарилагдан нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.

    Бүхнээ зориулах хуулийн зарчмуудаар амьдарч эхлэх нь тэднийг болон бусдыг яг одоо хэрхэн аль хэдийн адисалж болох талаар хуваалцахад суралцагчдыг урь. Та дараах асуултуудыг харуулж, аль нэг асуултад хариулахыг суралцагчдаас хүсээд, ангийг ярилцлагад урьж болно. Та мөн суралцагчдын хуваалцаж байгаа зүйл дээр гэрчлэлээ нэмж болно.

    • Өнөөдөр та нар ариун сүмд орж, Их Эзэнээс хишгээ хүлээн авахад бэлтгэхэд туслах юуг сурч мэдсэн бэ?

    • Бүхнээ зориулах хуулиар амьдрах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлнө гэж та нар бодож байна вэ?