Ариун сүмийн бэлтгэл
Оршил


“Оршил,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), iv–vi

“Оршил,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, iv–vi

Оршил

Зорилго

Энэхүү зааварчилгаа хичээл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг ариун сүмийн эрхийн бичиг авахад болон ариун сүмд ороход бэлтгэхэд зориулагдсан юм. Урьд нь ариун сүмд орж байсан гишүүд ч гэсэн энэ хичээлд сууж, ариун сүмийн тухай илүү их зүйлийг мэдэж авч болно.

Оролцогчид

Энэхүү хичээлд оролцогчид нь ариун сүм рүү явах хүсэлтэй, ариун сүмийн эрхийн бичгийг авахуйц зохистой байх ёстой. Хэрэв тэд ариун сүмийн эрхийн бичгээ хараахан авч амжаагүй байгаа бол авахаар бэлтгэж байх ёстой.

Хэрвээ оролцогчид нь Сайн мэдээний зарчмууд гарын авлагаас суралцдаг Ням гаргийн ангид хараахан суугаагүй байгаа бол тэднийг энэ хичээлд оролцохоосоо өмнө уг ангид суухыг шаарддаггүй боловч суухыг зөвлөдөг. Энэхүү хичээлд суухын өмнө тэд сайн мэдээний сургаал, зарчмуудын талаар хангалттай сайн ойлголттой, ариун явдлын хууль, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, мэргэн ухааны үг, аравны нэгийн хууль зэрэг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад бэлэн байх ёстой. Зохистой байдал болон хувь хүний зөв шударга байх хичээл зүтгэл ариун сүмийн ёслолуудад оролцоход зайлшгүй шаардлагатай байдаг.

Бишоп, салбарын ерөнхийлөгчийн удирдлаган доор тойрог эсвэл салбарын зөвлөл нь гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх, эрэгтэйчүүдийг Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэхэд нь туслахаар тэдний хүчин чармайлтын хэсэг болгон энэхүү хичээлийг ашиглаж болох арга замуудыг ярилцаж болно.

Оролцогч бүр бишоп, салбарын ерөнхийлөгч эсвэл тойрог юм уу салбарын өөр нэгэн Мелкизедек санваарын удирдагчаас энэ ангид суух хувийн урилгыг хүлээж авсан байх ёстой.

Цаг хугацаа ба байршил

Энэ хичээлийн ангиуд хэмжээний хувьд янз бүр байх боловч ихэнхдээ тойргийн эсвэл салбарын түвшинд жижиг бүлгүүдээр заагдах ёстой. Хичээлийг цуглааны байранд эсвэл гэрт зааж болно. Хичээл заах газар, цаг, хэдэн удаа хичээллэх зэрэг нь оролцогчид болон багшид аль болох тохиромжтой байх ёстой.

Энэхүү сургалтын материал долоон хичээлээс бүрдэнэ. Гэсэн ч багш нар хичээл бүрд ангийн гишүүдийн хэрэгцээний дагуу аль болох их цагийг зориулах хэрэгтэй. Ингэхдээ хичээл бүрийг нэгээс олон удаагийн оролтоор заах шаардлага гарч болох юм.

Хичээлийн материалууд

Хичээл дээр ангийн гишүүн бүрд хүрэлцэх судартай байх ёстой. Мөн хүн бүр энэ хичээлийн суралцагчдад зориулсан нэмэлт материал болох Ариун сүмд ороход бэлтгэх нь (36793) товхимолтой байх ёстой. Хичээлүүд дээр энэ товхимлоос байнга эш татах бөгөөд уг хичээлийг зааж байгаа хугацааны турш үүнийг уншихыг ангийн гишүүдээс хүсэх хэрэгтэй.

Багш нар

Хувь хүмүүс эсвэл гэрлэсэн хосууд энэ хичээлийг заахаар дуудагдаж болно. Багш нар нь сайн мэдээний хүчирхэг гэрчлэлтэй мөн Сүнсний өдөөлтүүдэд мэдрэмжтэй байх ёстой. Тэд ариун сүмийн хишиг хүртсэн, ариун сүмд болдог зүйлүүдийн чухал ач холбогдол болоод ариун нандин байдлыг ойлгодог, ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байх ёстой.

Боломжтой бол багш нар суралцагчдыг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад нь дагалдан явах хэрэгтэй.

Багшид зориулсан санаанууд

Сүмийн гишүүд ариун сүмд орохоосоо өмнө сүнслэг байдлын хувьд бэлэн байх ёстой. Энэхүү бэлтгэлийн нэг хэсэг болгож тэд авралын төлөвлөгөө, ариун сүмийн ажилтай холбоотой сургаалуудын талаар хангалттай ойлголттой болсон байх ёстой. Амьдралынхаа хамгийн ариун нандин үйл явдлуудын нэгд бэлтгэхэд нь бусдад туслах боломж танд байна. Та Сүнсний өдөөлтүүдэд мэдрэмжтэй байснаар суралцагчдад хамгийн сайн арга замаар хичээлийн материалыг танилцуулж чадна. “Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” (С ба Г 42:14) хэмээх Их Эзэний зөвлөгөөг санагтун.

Энэ гарын авлагыг эхний хичээлийг заахаас өмнө эхнээс нь дуустал уншсанаар та хичээлийн материал хэрхэн хоорондоо зохицож буйг ойлгох болно. Санаануудыг ойлгож, тэдгээрийг илүү сайн заахын тулд хичээл бүрийг урьдчилан сайн бэлтгэ. Хичээлээ зааж байхдаа цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчид уг санаануудыг бүрэн ойлгож байгаа эсэхэд анхаар. Хичээлүүдийг зааж дуусгахад бүү яар. Тэвчээртэй байж, захиасын талаар тунгаан бодох боломжийг суралцагчдад олгон, асуултуудад нь хариул.

Хичээл бүрийн эхэнд мөн хичээлийн явцад ангийн гишүүдэд асуулт тавьж, санаануудыг ярилцах боломж олго. Ойлгож мэдсэн зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тэдэнд тусал. Судар, хожмын үеийн бошиглогчдын сургаалууд болон Их Эзэний Сүнсний удирдамжийг ашиглан, асуултуудад хариул.

Энэхүү хичээлийн туршид ариун сүмийн ёслолуудын ариун нандин байдлыг санагтун. Доор дурдсан мэдэгдэлд тайлбарласнаар, ариун сүмийн ажлын зарим зүйлийн тухай ариун сүмээс гадуур ярилцаж болдоггүй.

“Бид ариун сүмийн ёслолуудын талаар ариун сүмийн гадуур ярьж болохгүй. Ариун сүмийн ёслолуудын тухай мэдлэг сонгогдсон цөөн тооны хүнээр хязгаарлагдаж, бусад хүнд ёслолуудын тухай огт ярихгүй байх нь хэзээ ч Бурханы зорилго байгаагүй. Харин ч үнэн хэрэгтээ үүний эсрэг юм. Бид асар их хүчин чармайлт гарган, бодгаль бүрийг ариун сүмийн ёслолуудад бэлтгэн, бүрэн бэлтгэгдэх шаардлагыг хангахад уриалж байна. …

Ариун сүмийн ёслол, зан үйлүүд энгийн бөгөөд эрхэм сайхан. Эдгээр ёслол ариун нандин. Бэлтгэгдээгүй хүмүүст өгөхгүйн тулд ёслолуудыг нууцалдаг.” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 2).

Ариун сүмийн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн төлөө ажилла, мөн зааж буй зарчмууд үнэн талаарх гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалц. Түүнчлэн тохиромжтой үед ангийн гишүүдэд гэрчлэлээ хуваалцах боломжийг олго.

Ариун сүмийн ажлын амин чухал ач холбогдлыг үргэлж санаж байгаарай. Ахлагч Боид К.Пакэр: “Ёслолууд болон гэрээнүүд нь Түүний оршихуйд орох зөвшөөрлийг авах бидний гэрчилгээ болдог. Тэдгээрийг хүлээн авах зохистой байна гэдэг нь амьдралын зорилго билээ. Харин хүлээн авсныхаа дараа сахина гэдэг нь мөнх бус байдлын сорилт болдог” гэж хэлжээ (Conference Report, Apr. 1987, 27 эсвэл Ensign, May 1987, 24).