“6-р хичээл: Ариун сүмд орохоор бэлтгэх,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 26–30
“6-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 26–30
6-р хичээл
Ариун сүмд орохоор бэлтгэх
Зорилго
Ариун сүмд зохистойгоор ороход нь ангийн гишүүдийг бэлтгэх.
Хичээлийн толилуулга
Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.
Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадах чинээгээрээ цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.
Ариун сүмд орохын тулд хүн бүр бэлдэх ёстой
Хүн бүр ариун сүмийн бүрэн адислалууд руу хөтлөх алхмуудыг өөрсдөө хийх үүрэгтэй гэдгийг тайлбарла.
Дараах таван санааг товчхон ярилц. Эдгээр нь бүгд ариун сүмд ороход бидний бэлдэх ёстой арга зам юм. Та энэ санаануудын талаар ярилцахдаа самбар дээр жагсаан бичиж болно.
1. Хүн бүр зохистой байх ёстой.
Сургаал ба Гэрээ 97:15–17-г уншихыг ангийн гишүүдээс хүс.
-
Ариун сүмд орохын тулд зохистой байхын ач холбогдлын талаар энэ хэсэг танд юу зааж байна вэ?
“Көртландын гэгээнтнүүд ариун сүм барихаар бэлтгэж байсан үед Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан тэдэнд өгсөн зөвлөгөөндөө хандлага, зөв шударга зан төлөвийг онцолсныг” эргэцүүлэн бодохыг ерөнхийлөгч Ховард В.Хантэр биднээс хүссэн байдаг.
Энэхүү зөвлөгөөг Сургаал ба Гэрээ 88:119-өөс олох боломжтой. Ангийн гишүүдээс уг хэсгийг уншихыг хүс.
Мөн тэднээс ерөнхийлөгч Хантэрын “Эдгээр зан чанар, хандлага нь чухамдаа бидний хүн нэг бүр юу хүсэж, юуг эрэлхийлж буйн тусгал мөн үү?” хэмээн асуусан талаар тунгаан бодохыг хүс. (“The Great Symbol of Our Membership,” Ensign, Oct. 1994, 2).
2. Хүн бүр даруу байх ёстой.
Хүн бүр ариун сүм рүү даруухнаар, “дээрээс” заалгах хүсэлтэйгээр орох ёстой.
-
Даруу байдал нь ариун сүмд үйлчилж, суралцахад яагаад тийм чухал вэ?
Сургаал ба Гэрээ 136:32–33-ыг ангийн гишүүдээр уншуул.
-
Энэ сударт даруу байдлын ач холбогдлын тухай юу заадаг вэ? Та анх удаа ариун сүмд орохдоо энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
3. Мөнх амьдралыг олж авахын тулд ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг хүн бүр ойлгох ёстой.
Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Ариун сүмийн ёслолууд нь та нарыг мөн намайг Бурханы болон Христийн амьдардаг селестиел хаант улсын өргөмжлөлд тэнцүүлэхийн тулд амьдралын маань туршид удирдамж мөн хамгаалалт болгон хожмын өдрүүдэд бидэнд илчилсэн ухаалаг Тэнгэрлэг Эцэгээр зохиогдсон юм” хэмээн хэлсэн (“Enter a Holy Temple,” Improvement Era, June 1967, 144).
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Эдгээр адислал нь Их Эзэнээс бидэнд санал болгосон агуу их үнэт сувд, итгэлтэй байдлаар маань дамжин ирдэг бөгөөд бидний амьдралдаа хүлээн авах хамгийн агуу адислалууд юм гэжээ. Сүмд ирэх нь гайхалтай хэрэг боловч Их Эзэний өргөөнд гэрээнүүдийг байгуулж, дэлхий дээр өөр хаана ч хүлээн авч чадахгүй зөвхөн ариун сүмд хүлээн авдаг түлхүүр, эрх мэдлүүдийг авахгүй л бол та өргөмжлөлийг хүлээн авч чадахгүй” гэж хэлсэн (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:253).
4. Хүн бүр ариун сүмийн өмсгөл өмсөхийн чухлыг ойлгох хэрэгтэй.
Ариун сүмийн ёслолуудад оролцсон хүмүүс ариун санваарын өмсгөл өмсөх эрхтэй болдог гэдгийг тайлбарла. Сүмийн мэдэгдэлд Тэргүүн Зөвлөл хэлэхдээ:
“Ариун сүмийн өмсгөлөөр хувцасласан гишүүд бүх амьдралынхаа туршид үүнийг өмсөх гэрээ байгуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ариун сүмийн өмсгөлийг дотуур хувцас болгож, өдөр шөнийн бүх цагт өмсөх ёстой.
Ариун сүмийн өмсгөлийг байнга өмсөж, тайлахгүй байх нь үндсэн зарчим байх ёстой гэсэн үг юм. … Өмсгөлийг тайлах шаардлага гарсан үед аль болох хурдан буцааж өмсөх ёстой.
Даруу байх болон биеэ зохих ёсоор авч явах зарчим нь гэрээгээр дамжин хэрэгжих бөгөөд ямар хувцас өмсөхөө шийдэхэд чинь туслах болно. Ариун сүмд хишгээ хүртсэн гишүүд өмсгөлөө байнга өмсөх нь Их Эзэнтэй тэдний байгуулсан ариун гэрээнүүдийг сануулагч мөн уруу таталт, нүгэл хилэнцийн эсрэг хамгаалалт болдог. Өмсгөлөө хэрхэн өмсөж байгаа нь тухайн хүний Аврагчаа дагах дотоод амлалтын гаднах илэрхийлэл мөн” гэжээ (First Presidency letter, 10 Oct. 1988).
5. Хүн бүр хувийн болон ариун нандин шүтлэг бишрэлд зориулан бэлтгэлээ хангах ёстой.
Ариун сүмд ёслолуудын өмнө, явцад болон дараа нь хувь хүн тунгаан бодох мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртох боломжтой байдаг. Хүн бүр хариулт хэрэгтэй асуултууд, хөнгөлөх шаардлагатай ачаа дарамтууд, шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудтай тулгардаг. Олон хүн ариун сүмийг энэ дэлхийгээс холдуулж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах газар гэж үздэг . Олон хүн ариун сүмд орсноор хариултуудаа болон амар амгалан, баяр баясгаланг олдог.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийнхүү хэлсэн. “Ариун сүмүүд бол хувийн илчлэлт хүлээн авдаг газар юм. Надад асуудал тулгарах юм уу хэцүү байгаа үед би хариулт авахын тулд зүрх сэтгэлдээ залбиралтайгаар Их Эзэний өргөө рүү очдог. Надад хариултууд нь тод томруунаар, гайхалтай арга замуудаар ирдэг” (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Ensign, Aug. 1985, 8).
Ариун сүмд бид онцгой хэрэгцээтэй хүмүүсийн нэрсийг авчирснаар ариун сүмд орж байгаа хүмүүс тэр хүмүүсийн тусын тулд өөрсдийн итгэл болоод залбирлаар нэгдэж чадна гэдгийг тайлбарла.
Ариун сүмд анх ороход зориулсан тусгай бэлтгэлүүд
Дараах мэдээлэл ариун сүмд анх орж байгаа хүмүүст зайлшгүй шаардлагатай бэлтгэлүүдээ базаахад мөн энэ анхны айлчлал нь сайхан туршлага болоход тусална. Энэ мэдээлэл тэдний нөхцөл байдалтай тохирсон эсэхийг ангийн гишүүдтэй ярилц.
-
Ариун сүмийн эрхийн бичиг. Ариун сүмийн эрхийн бичиг авах. Ариун сүмд зөвхөн хүчинтэй ариун сүмийн эрхийн бичгээр ордог тул ариун сүм явахдаа эрхийн бичгээ авч явах хэрэгтэй. Та зохистой амьдрах аваас ариун сүмийн эрхийн бичиг дараагийн хоёр жилийн турш танд хүссэн үедээ Сүмийн аль ч ариун сүмд орох боломжийг олгодог. Та ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлэхийн тулд бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй мөн гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй ярилцлагад орох ёстой.
-
Ариун сүмийн айлчлалаа төлөвлөн, товлох. Ариун сүмд орж хишиг хүртэх болон лацдах ёслолуудыг хүлээн авахаасаа өмнө ариун сүм рүү утасдаж цаг тохирох хэрэгтэй. Ариун сүмд хэзээ очих, очоод хэр удах болон юу авч явах хэрэгтэйгээ мэдэж ав. Хэрэв шаардлагатай бол орчуулгын тусламж хүсэж болно.
-
Аяллын төлөвлөгөө. Хэрэв та ариун сүмээс хол амьдардаг бол дараах зүйлсийг бодолцвол зохино. Үүнд:
-
Унаа, байр, хоол хүнснийхээ зохицуулалтыг урьдчилан хий. Боломжтой бол бүлгээрээ аялах нь давуу талтай байж болох юм.
-
Шаардлагатай бол мөнгөө ариун сүм байдаг орны мөнгөн тэмдэгт рүү солиулах зохицуулалтыг хий.
-
Бүх зардлаа төлөх хангалттай мөнгө авч яваарай. Танд илүү өмсгөл худалдан авах, ариун сүмийн хувцас түрээслэх болон аялал, байрандаа мөнгө төлөх шаардлага гарч магадгүй юм. (Олон ариун сүмд түрээслэх хувцас байдаггүй гэдгийг анхаарна уу. Тэргүүн Зөвлөлөөс бүх гишүүнийг өөрийн гэсэн ариун сүмийн хувцас худалдан авахыг хөхиүлэн дэмждэг.)
-
-
Хувцас. Ням гаргийн цуглаанд оролцдог шигээ хувцаслана гэж төлөвлө. Эмэгтэйчүүд ариун сүм рүү өмд өмсөж очиж болохгүй.
-
Хөтөч. Ариун сүм рүү анх удаа явж байгаа бүх хүн тэднийг харгалзах хөтөчтэй явж болох юм. Хөтөч нь урьд нь ариун сүм явж байсан, адил хүйсийн танай хамаатан эсвэл найз тань байж болно. Аль эсвэл ариун сүмийн ажилтны нэг нь танд тусалж болох юм. Ариун сүм дэх ажилтнууд үргэлж нөхөрсөг тусламж үзүүлдэг.
-
Лацдан холбох ажил. Хэрэв та нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс лацдуулахаар төлөвлөсөн бол бөглөж дуусгасан гэр бүлийнхээ бүртгэлүүдийг ариун сүм рүү хамт авч явах ёстой. Хэрэв та ханьтайгаа эсвэл хүүхдүүдээ өөртэйгөө лацдуулах гэж байгаа бол өөрийн тань гэр бүлийн бүртгэл байх ёстой. Хэрэв та гэрлэхээр явж байгаа бол орон нутгийнхаа хуулийн дагуу бүгдийг гүйцэтгэсэн, хүчинтэй гэрлэлтийн баталгаагаа авчрах ёстой. Ариун сүмийн ёслолуудыг амьд ба нас барсан хүмүүсийн төлөө хийх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Member’s Guide to Temple and Family History Work-оос (34697) анхааралтай унш. Мөн та очих гэж буй ариун сүмийнхээ бүртгэл хөтлөгчтэй холбогдож болно.
-
Хүүхдүүдийг халамжлах. Хэрэв хүүхдүүд лацдан холбогдох ёслолд оролцохоор ариун сүмд ирсэн бол холболтын өрөөнд та нартай нэгдтэлээ ариун сүмийн хүүхдийн өрөөнд байх болно. Ёслолд зориулж хүүхдүүдэд цагаан хувцас өмсгөнө. Лацдах ёслол дууссаны дараа тэд хүүхдийн өрөө рүү буцан очиж, та нарыг хүлээнэ. Лацдуулах ёслолд оролцоогүй хүүхдүүдийг ариун сүмд харах хүн байхгүй.
-
Ариун сүмийн өмсгөл. Ариун сүмд орохоос өмнө та нэгээс хоёр хос өмсгөл худалдан авах хэрэгтэй. Ариун сүмд орохоос өмнө өмсгөлийг өмсөж болохгүй. Хишгээ хүлээн аваад, хүссэн хэмжээ болон материалаа сонгосны дараа нэмэлт хос өмсгөл худалдан авч болно. Зарим хүн шинээр нэмж авахынхаа өмнө, анхны авсан өмсгөлөө угааж үзсэний дараа таарч буй эсэхийг шалгадаг. Ариун сүмийн өмсгөл нь Сүмийн захиалгаар үйлдвэрлэгддэг бөгөөд дэлхий даяарх Сүмийн хангамжийн төвүүдээр худалдаалагддаг.
-
Ариун сүмийн хувцас. Тэргүүн Зөвлөлөөс гишүүдийг өөрийн гэсэн ариун сүмийн хувцас худалдан авч хэрэглэхийг хөхиүлэн дэмждэг. Зарим ариун сүмд ариун сүмийн хувцсыг хямдхан түрээслүүлдэг ч гишүүдэд өөрийн гэсэн ариун сүмийн хувцастай байхыг зөвлөдөг. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч энэ хувцсыг хаанаас худалдан авч болох талаар мэдээллийг өгч чадна.
Эгч нар ариун сүмд лацдуулахдаа хуримын даашинзаа өмсөж болох боловч энэ даашинз нь цагаан өнгөтэй, урт ханцуйтай, даруухан загвар, энгийн материалтай, чамин хийц чимэглэлгүй байх ёстой.
Дүгнэлт
Ариун сүмийн ажлын ариун нандин байдлын талаарх гэрчлэлээ хуваалц. Ариун сүмд орохоор бэлдэж байгаа ангийн гишүүдийг хараад баярлаж байгаагаа илэрхийл.
Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.
Боломжтой газруудад энэ хичээлийн дараа суралцагчид болон багш нар хамтдаа ариун сүм орох хэрэгтэй.