“1-р хичээл: Ариун сүм авралын агуу төлөвлөгөөний тухай заадаг,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 1–5
“1-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 1–5
1-р хичээл
Ариун сүм авралын агуу төлөвлөгөөний тухай заадаг
Зорилго
Ариун сүмд авралын төлөвлөгөө заагддаг гэдгийг ойлгоход ангийн гишүүдэд туслах.
Бэлтгэл
-
Хичээл эхлэхээс өмнө авралын төлөвлөгөөг харуулсан гүйцэд бус бүдүүвч зургийг самбар дээр зур эсвэл зурагт хуудас бэлтгэ (3-р хуудсыг үз). (Үүнтэй адил гүйцэд бус бүдүүвч зургийг ангийн гишүүн болгонд зориулан цаасан дээр зураад, хичээлийн ярилцлагын үеэр гүйцээн зуруулж болно.)
-
Ангийн гишүүн бүр судруудтай байгаа эсэхийг магадлаарай. Мөн Ариун сүмд ороход бэлтгэх нь товхимлыг ангийн гишүүн болгонд өг. Эдгээрийг хичээлийн материалын нэг хэсэг болгон захиалсан байх ёстой.
-
Хичээлийн хоёр дахь хэсэгт өөртөө туслуулахын тулд ангийн хэдэн гишүүнийг томилж болно. Авралын төлөвлөгөөний хэсэг бүрд (өмнөх амьдрал, Уналт г.м) дурдсан судрын эшлэлүүдийг ангийн гишүүнд өгч, эдгээр судар авралын төлөвлөгөөний талаар юу зааж байгааг нэгтгэн дүгнэж ярихаар хичээлд бэлтгэж ирэхийг түүнээс хүсэж болно.
-
Come unto Me видео хуурцаг (53146) байгаа бол та “Man’s Search for Happiness” 13 минутын бичлэгийг үзүүлж болно.
Хичээлийн толилуулга
Ариун сүм бол сүнслэг сургууль юм
Нээлтийн залбирал хийхэд хэн нэгнийг урь.
Хичээл болгонд судруудыг ашиглах болно гэдгийг тайлбарла. Хичээлд ирэхдээ судруудаа авчрахад нь ангийн гишүүдийг урамшуул.
Ангийн гишүүн бүрд Ариун сүмд орохын тулд бэлтгэх нь товхимлыг тарааж өг. Уг товхимол нь энэ хичээлийн суралцагчдад зориулсан нэмэлт материал гэдгийг тайлбарла. Энэхүү товхимол дээрх мэдээллийн талаар хичээл бүр дээр ярилцах бөгөөд ангийн гишүүн бүр хичээл орж байгаа хэдэн долоо хоногийн турш уг товхимлыг унших ёстой.
Ариун сүм нь авралын төлөвлөгөө, амьдралын зорилгын талаар илүү ихийг мэдэж авахад бидэнд тусалдаг сүнслэг сургууль мөн гэдгийг тайлбарласнаар хичээлээ эхэл.
Ариун сүмд бид юу сурдаг болохыг тайлбарласан дараах эшлэлүүдийг ангийн гишүүдээр уншуул.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ, ариун сүм “Бурханы эрхэм сайхан хийгээд ариун нандин зүйлсийн талаар зааварлах сургууль болдог. Ариун сүмд бид бүх үеийн охид хөвгүүддээ зориулсан хайрт Эцэгийн төлөвлөгөөг тоймлон үзүүлдэг. Энд мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас энэ дэлхийн амьдралаар дамжин ирэх амьдрал хүртэлх хүмүүний мөнхийн аяныг дүрслэн харуулдаг. Агуу үндсэн бөгөөд гол үнэнийг сонссон хэн боловч ойлгохоор энгийн, тодорхой заасан байдаг” (“The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 5–6) гэсэн.
Ерөнхийлөгч Бригам Янг хишиг хүртэх хэмээн нэрлэдэг ариун сүмийн ёслол нь мөнх амьдралд хэрэгтэй зааврыг бидэнд өгдөг болохыг заахдаа: “Таны хишиг хүртэх ёслол бол энэ амьдралын дараа Эцэгийн оршихуйд дахин алхах боломжийг олгох, танд зайлшгүй хэрэгтэй, Их Эзэний өргөөн дэх бүхий л ёслолуудыг хүлээн авах явдал юм” гэжээ (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 416).
Иохан 17:3-ыг ангийн гишүүдээр уншуул.
-
Бидний ойлгож авах ёстой хамгийн чухал мэдлэгийн талаар энэ судар юу гэж заасан бэ?
Ариун сүмд бид Тэнгэрлэг Эцэгийн талаар болон Есүс Христийн тухай илүү ихийг мэдэж авч мөн Тэдэнтэй илүү ойртох боломжтойг тайлбарла. Авралын төлөвлөгөө эсвэл гэтэлгэлийн төлөвлөгөө хэмээн судруудад өөр өөрөөр нэрлэсэн байдаг, бидэнд зориулсан Тэдний төлөвлөгөөний талаар бид мэдэж авдаг.
-
Өнөөг хүртэл амьдралдаа авралын төлөвлөгөөний тухай суралцахад тань юу тус болсон бэ?
-
Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг тань таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
Ариун сүмд бид авралын төлөвлөгөөг заалгадаг
Ариун сүмийн хишиг хүртэх ёслолын нэг хэсэгт авралын төлөвлөгөөний талаар заадаг болохыг тайлбарла. Хичээлийн энэ хэсэг ариун сүмд заадаг эдгээр зүйлийн талаар ойлгоход бэлтгэхэд нь ангийн гишүүдэд туслах болно.
Самбар эсвэл зурагт хуудас дээрх гүйцэд бус бүдүүвч зургаа харуулаад, санаануудыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд судруудыг ашиглан, дараах мэдээллийг нэгтгэн дүгнэ. Судруудын талаар ярилцахдаа тэдгээрийг хүснэгтийн зохих мөрөнд бич (5-р хуудасны гүйцээн зурсан хүснэгтийг үзнэ үү). Хэрэв ангийн гишүүдэд уг хүснэгт байвал судрын эшлэлүүдийг өөрсдийн хүснэгтэд бичихийг тэднээс хүс.
Та өөртөө туслуулахаар ангийн гишүүдийг томилсон бол авралын төлөвлөгөөний талаарх мэдээллээ танилцуулахыг тэднээс хүс. Ярилцлага нь дараах асуултуудад төвлөрөх болно гэдгийг тайлбарла. Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энэ дэлхийд амьдарч байгаа вэ? Энэ амьдралын дараа бид хаачих вэ?
Мөнх бус байдлын өмнөх амьдрал
-
Бид Бурхан, Тэнгэрлэг Эцэгийнхээ сүнсэн хүүхдүүд бөгөөд энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүнтэй хамт амьдарч байсан (Ром 8:16–17-г үзнэ үү).
-
Тэнгэрлэг Эцэг тэнгэрт агуу зөвлөлийг дуудсан (Aбрахам 3:22–23-ыг үзнэ үү). Тэрээр бидний мөнхийн өсөлт хөгжил болон аз жаргалын төлөөх төлөвлөгөө болох авралын төлөвлөгөөг танилцуулсан юм. Бид Түүний төлөвлөгөөг дагахыг сонгосон.
-
Төлөвлөгөөний дагуу Тэнгэрлэг Эцэгийн Ууган Хүү Есүс Христ саналаараа бидний Аврагч болсон (Moсе 4:2; Aбрахам 3:27-г үзнэ үү).
-
Бурханы өөр нэгэн хүү Люсифер Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг босож, “хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн.” Тэр болон түүнийг дагагчид тэнгэрээс хөөгдсөнөөр, бие махбодтой болж мөнх бус байдлын туршлагыг хүлээн авах эрхгүй болсон. Люсифер хэмээн эдүгээ дуудагддаг Сатан нь бүх үеийн турш хүн төрөлхтнийг өөр шигээ зовлонт болгохын тулд ёсон бус байлгахаар уруу татсаар ирсэн (Mосе 4:1, 3–4; 2 Нифай 2:17–18-ыг үзнэ үү).
Уналт
-
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээс Адам, Ева хоёр энэ дэлхийд хамгийн түрүүнд ирэхээр сонгогдож, тэднийг Еденийн цэцэрлэгт байрлуулжээ. Тэр үед тэдний бие үхэшгүй байв (Moсе 3:7–8, 21–23-ыг үзнэ үү).
-
Адам, Ева хоёр Бурханы идэхийг хориглосон жимсийг идэхээр сонгосон. Үүний үр дүнд, тэд Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан билээ. Энэхүү тусгаарлалтыг сүнсний үхэл хэмээн нэрлэдэг. Тэд мөнх бус болсон бөгөөд энэ нь тэдний бие махбод хэзээ нэгэн цагт үхэх болно гэсэн үг юм. Тэд түүнчлэн үр хүүхэдтэй болох боломжтой болсон. Мөнх бус байдлын энэ өөрчлөлтийг Уналт хэмээн нэрлэдэг (2 Нифай 2:19–25; С ба Г 29:40–41-ийг үзнэ үү).
Мөнх бус амьдрал
-
Мөнх бус амьдралын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахыг сонгогчид нь энэ дэлхийд төрснөөр бие махбодыг хүлээн авах боломжтой болсон. Мөнх бус амьдралынхаа туршид бид Түүнтэй хамт байхгүй байхдаа итгэлтэйгээр амьдрах хүсэлтэй эсэхээ мөн Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад дуулгавартай байх эсэхээ шалгуулдаг (Aлмa 34:32; Aбрахам 3:24–26-г үзнэ үү).
-
Мөнх бус амьдралдаа хүн бүр Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ сонгох эрхтэй байдаг (2 Нифай 2:27-г үзнэ үү).
Үхэл ба Амилуулалт
-
Биднийг үхэхэд сүнс маань сүнсний дэлхийд очиж, харин бие махбод маань газар дэлхий дээр үлддэг. Энэхүү тусгаарлалтын үе биднийг амилах хүртэл үргэлжлэх болно. Зөв шударга хүмүүсийн сүнс диваажин гэж нэрлэгддэг амар амгалан, аз жаргалын байдалд орно. Ёс бусчуудын сүнс гадаад харанхуй буюу заримдаа сүнсний шорон хэмээн нэрлэгддэг газар хаягдах болно (Aлма 40:9–14; 1 Петр 3:19-ийг үзнэ үү).
-
Есүс Христийн Цагаатгал ба Амилалт нь бүх хүн төрөлхтөнд амилуулалтаар дамжуулан бие махбодын үхлийг даван туулах замыг өгдөг. Амилуулалт гэдэг нь бидний сүнс, төгс болсон бие хоёр үүрд дахин нэгдэхийг хэлдэг (1 Коринт 15:22; 2 Нифай 9:10–13; Aлма 11:42–44-ийг үзнэ үү).
-
Есүс Христийн Цагаатгал нь мөн бидэнд нүглүүдээсээ цэвэршигдэж, өршөөгдөн, Бурханы оршихуйд амьдрах арга замыг олгодог. Аврагч бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр зовж шаналсан. Түүний Цагаатгалын үр дүнд бид нүглээ наманчилж, өршөөлийг хүлээн авч чадна. Бид сайн мэдээний дагуу амьдарснаар мөнх амьдралын бэлгийг хүлээн авах шаардлагыг хангаж, Түүнтэй илүү адил болдог (Moзая 3:5–12-ыг үзнэ үү).
Алдар суугийн Хаант улсууд
Амилуулалтын үеэр хүн бүр алдар суугийн хаант улсад хуваарилагдах болно. Зөв шударга хүмүүс Бурханы зарлигуудад дуулгавартай байгаагүй хүмүүсээс илүүтэйгээр баяр баясгалан, адислалуудыг өвлөн авах болно (1 Коринт 15:35, 40–42-ыг үзнэ үү).
-
Телестиел алдар суу нь Есүс Христийн сайн мэдээг эсвэл Есүсийн болон Бурханы бошиглогчдын тухай гэрчлэлийг хүлээн аваагүй, нүгэлт амьдралаар амьдарсан хүмүүст зориулагдсан юм (С ба Г 76:81–88, 98–103-ыг үзнэ үү).
-
Террестриел алдар суу нь хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга хүмүүст мөн Есүс Христийн талаар хүчтэй биш гэрчлэлтэй хүмүүст зориулагдсан юм (С ба Г 76:71–79-ийг үзнэ үү).
-
Селестиел алдар суу нь зарлигуудад дуулгавартай байж, ёслолуудыг хүлээн авсан, бүх зүйлийг Есүс Христэд итгэх итгэлээр дийлж, цэвэр ариун зүрх сэтгэлтэй болсон хүмүүст зориулагдсан байдаг (С ба Г 76:50–70-ыг үзнэ үү).
Ангийн гишүүдийг дараах асуултуудад хариулахыг хүс.
-
Авралын төлөвлөгөөний тухай өмнө нь мэдээгүй байсан ямар зүйлийг та мэдэж авсан бэ?
-
Та энэхүү агуу төлөвлөгөөн дэх Есүс Христийн үүргийн талаар бодохдоо юу мэдэрдэг вэ?
-
Тэдний төлөвлөгөөнд талархаж явдгаа Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд бид хэрхэн харуулж чадах вэ?
Авралын төлөвлөгөөн дэх Аврагчийн Цагаатгалын агуу ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн тулд бөглөж дууссан хүснэгтийн доор итгэлийн гурав дахь тунхгийг энд харуулсанчлан бич.
Дүгнэлт
Энэ төлөвлөгөөний тухай мэдлэгийг ариун сүм бидэнд өгдөг бөгөөд бидний амьдралд агуу адислалуудыг авчирдаг гэдгийг онцлон хэл. Авралын төлөвлөгөөг ойлгож, сайн мэдээний зарчмуудын дагуу амьдардаг учраас хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалц.
Та “Man’s Search for Happiness” видео бичлэгийг үзүүлж, хичээлээ дуусгаж болно.
Хэн нэгнийг хаалтын залбирал хэлэхэд урь.