Ариун сүмийн бэлтгэл
7-р хичээл: Ариун сүмд орсноор ирэх адислалуудад үргэлжлүүлэн баясах


“7-р хичээл: Ариун сүмд орсноор ирэх адислалуудад үргэлжлүүлэн баясах,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 31–35

“7-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 31–35

7-р хичээл

Ариун сүмд орсноор ирэх адислалуудад үргэлжлүүлэн баясах

Зорилго

Ангийн гишүүдийн ариун сүмд орсон анхны туршлагыг асууж лавлан, тэдэнд насан туршдаа ариун сүмд орж, баяр баяслыг мэдрэхээр бэлтгэхэд нь туслах.

Бэлтгэл

  1. Энэ хичээлийг сэтгэгдлээ хуваалцах маягаар явуулахаар бэлд. Ангийн ихэнх гишүүн ариун сүмд анх орсон тухайгаа ярилцахыг хүсэж байгаа.

  2. Ангийн нэг гишүүнд Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг уншаад, энэ талаар бодол санаагаа хуваалцахад бэлдэж ирэхийг даалга.

  3. Ангийн нэг гишүүнд Ариун сүмд ороход бэлтгэх нь, 26–27-р хуудсанд байгаа Елиагийн тухай мэдээллийг тоймлон дүгнэж ирэхийг даалга.

  4. Ариун сүмд анх орох үед гарсан асуултуудад нь хариулахад бэлд. Гэхдээ ариун сүмээс гадуур ярих ёсгүй асуулт эсвэл мэдээллийн талаар ярилцаж болохгүй. Тиймэрхүү асуултууддаа хариулт авахын тулд тухайн хүнийг ариун сүмд ахин орохыг дэмж.

Хичээлийн толилуулга

Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.

Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадах чинээгээрээ цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.

Ариун сүмийн үйлчлэлийг хайрлан хүндлэх

  • Ариун сүмд байхад та нарт ямар мэдрэмж төрсөн бэ?

Ариун сүмд тогтмол орвол ариун сүмийн үйлчлэл амьдралыг тань адисалсаар байх болно гэдгийг тайлбарла. Ариун сүмд орсон мэдрэмж ой ухаанд нь сэргэг хэвээр байгаа үед тэмдэглэлийн дэвтэртээ бичихийг хүсэж болно гэдгийг тэдэнд хэл. Хэдийгээр тэд мэдрэмжүүдээ бичиж болох ч ариун сүмээс гадуур ярьдаггүй ариун сүмийн зарим ажлын талаар бичих ёсгүй гэдгийг нь сануулаарай.

  • Амьдралынхаа турш ариун сүмийн үйлчлэлийг хайрлан хүндэтгэж байхын тулд та нар юу хийж болох вэ?

Тэдний санааг самбар дээр бич. Мөн та дараах санаануудыг танилцуулж болно.

1. Ариун сүмд орсон туршлагаа өдөр бүр тунгаан бод.

Зарим хүн ариун сүмд бусдаас илүү их орох боломжтой байдгийг тайлбарла. Хэдий тийм боловч бид нэгэнт ариун сүм орж, Ариун Сүнсийг тэнд мэдэрсэн тул ариун сүмийн ёслолуудын тухай мөн тэнд байгуулсан гэрээнүүдийн талаар өдөр бүр бодож тунгаах хэрэгтэй. Үүнийг хийх нь өдөр бүр зөв шударга зүйлсийг бодож мөн үйлдэхэд маань урам зориг өгнө.

Бид ариун сүмийн тухай бүгдийг нь санах боломжгүй ч ариун сүмд орох болгондоо чадах бүхнээ санахыг хичээх хэрэгтэй. Мөн бид ариун сүмийн тухай өгүүлсэн судар болон бошиглогчдын хэлсэн үгсээс суралцах хэрэгтэй. Эдгээрийн заримыг энэхүү хичээлд толилуулсан.

Ангийн нэг гишүүнээс Ариун сүмд ороход бэлтгэх нь товхимлын 11-р хуудсанд байгаа үгийг тоймлон дүгнэхийг хүсэж болно.

“Анх удаа ороод, ариун сүмийн ёслолыг бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Зөвхөн заримыг нь ойлгох болно. Ахин дахин, эргэн оч. Суралцахаар эргэн очигтун. Ухаж ойлгоход төвөгтэй буюу учир битүүлэг зүйлүүд танд ойлгогдож эхэлнэ. …

Ариун сүмийн хишиг хүртэх хэсэгт оролцох эсвэл лацдан холболтын гэрч болох боломж та нарт гарсан үед эдгээр ёслол таны өмнө юуг илтгэн харуулж байгааг тунгаан бодоорой. Ариун сүмд орсны дараах өдрүүдэд эдгээр зүйлийн талаар эргэцүүлэн бодогтун мөн нам гүм байдалд залбирч, тэдгээрийг дахин цэгнэж үзвэл мэдлэг тань өргөжин тэлнэ.

Ариун сүмийн туршлагын агуу үнэ цэнийн нэг нь энэ дэлхийтэй холбоотой Бурханы зорилгуудын өргөн, далайцтай цар хүрээг төлөөлдөг явдал мөн. Бид ариун сүмд орсныхоо (бид энд эргэн ирж, дурсамжаа сэргээж болно) дараа амьдралын үйл явдлууд Бурханы төлөвлөгөөтэй зохицдогийг ойлгодог. Бид Бурханы төлөвлөгөөний яг хаахна байгааг болон юун дээр алдаж байгаагаа харж чадна.”

2. Ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн гол төв нь Аврагч Есүс Христ гэдгийг сана.

Ариун сүм барих нэг чухал шалтгаан нь “Хүний Хүү өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд” (С ба Г 109:5) хэмээн судруудад заадаг. Ариун сүмийн бэлгэдэл, зан үйлүүд биднийг Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Көртландын ариун сүмд Аврагч Өөрийгөө харуулсан гэдгийг тайлбарла. Тэрээр ариун сүмийг Өөрийн өргөө хэмээн хүлээн зөвшөөрч, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн. Энэ айлчлал нь Сургаал ба Гэрээ 110:1–10-т цэдэглэгдсэн байдаг. Даалгавар өгсөн ангийн гишүүнээс энэ хэсгийг уншаад, саналаа хэлэхийг хүс.

  • Ариун сүм барьж, ариун сүмд ордог хүмүүст Аврагч ямар адислалуудыг амласан бэ?

Ариун сүмд гэр бүлүүд мөнхөд хамтдаа лацдан холбогддог

Maлахи 4:5–6-г уншихыг ангийн гишүүдээс хүс.

Даалгасан ангийн гишүүнээсээ Ариун сүмд ороход бэлтгэх нь товхимлын 26–27-р хуудсанд байгаа Елиагийн тухай мэдээллийг тоймлон дүгнэхийг хүс.

Ариун сүмд гэр бүлүүд мөнхөд хамтдаа лацдан холбогдохын тулд Елиа санваарын түлхүүрийг эргүүлэн өгч сэргээсэн болохыг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 110:13–16-г ангийн гишүүдээр тоймлон дүгнүүл. Тэгээд Ариун сүмд ороход бэлтгэх нь товхимлын 31-р хуудсанд байгаа дараах мэдэгдлийг уншихыг ангийн нэг гишүүнээс хүс.

“1836 оны 4-р сарын 3-ны тэр өдрөөс эхлэн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн ёслолууд нь цаг зуурын биш, харин үүрдийнх боллоо. Лацдан холбох хүч бидэнд байлаа. Энэ хүчнээс илүү эрх мэдэл гэж үгүй юм. Энэхүү хүч нь амьд байгаа болон нас барагсдын төлөө аль алинд зохих эрх мэдлийн дагуу гүйцэтгэдэг бүх ёслолыг гүн гүнзгий утга учиртай, мөнхийн чанартай болгодог билээ.”

Maтай 16:19-д цэдэглэсэнчлэн Аврагч Өөрийн төлөөлөгч Петртэй ярихдаа лацдах хүчийг тодорхойлон дүрсэлжээ. Ангийн гишүүдээр энэ шүлгийг уншуул.

Энэ түлхүүрүүдийг өнөө үед бошиглогч Сүмийн ерөнхийлөгч атгадаг болохыг тайлбарла. “Лацдан холболтын энэхүү ариун хүч эдүгээ Сүмд байдаг. Энэхүү эрх мэдлийн ач холбогдлыг мэддэг хүмүүсийн бясалгалаас илүү ариун зүйл гэж үгүй билээ. Өөр юу ч ийм эрхэм дотно биш юм. Лацдан холбох энэхүү хүчийг итгэмжлэн даалгасан эрчүүд аль ч цаг үед дэлхий дээр харьцангуй цөөн байсан бөгөөд ариун сүм бүрд лацдан холбох хүчийг цөөн ахад өгчээ. Үүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч мөн үүнийг бусдад хүртээхээр түүний томилсон хүмүүсээс өөр хэн ч авч чадахгүй” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 26, 28).

Лацдан холбох ёслолуудад эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох мөн эцэг эхийг хүүхдүүдтэй нь лацдан холбох ёслол багтдаг гэдгийг тайлбарла. Ариун сүмд лацдан холбогдсон эцэг эхээс төрсөн хүүхдүүд эцэг эхийнхээ лацдан холболтын гэрээнд төрдөг бөгөөд эцэг эхтэйгээ дахин лацдуулах шаардлагагүй.

  • Ариун сүмд хамтдаа лацдан холбогдох нь гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын бодол санаа, үйлдлүүдэд хэрхэн нөлөөлдөг гэж та нар бодож байна вэ?

  • Ариун сүмд лацдан холбогдсоноор гэр бүлүүдэд ямар адислалууд ирдэг гэж та нар бодож байна вэ?

Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли ийнхүү хэлсэн. “Өөрсдийнх нь харилцаа булшнаас цааш үргэлжлэхийн төлөө залбирдаггүй, эмэгтэй хүнийг үнэхээр хайрладаг эр хүн эсвэл эрэгтэй хүнийг үнэхээр хайрладаг эмэгтэй хүн ер нь байсан уу? Эцэг эх нь хайртай үрээ ирэх дэлхийд тэднийх байгаасай гэж найдалгүйгээр оршуулж байсан гэж үү? Тэнгэрийн Бурхан хөвгүүд, охиддоо бэлэглэсэн амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл болох гэр бүлийн харилцаанд илэрдэг хайранд эргэлздэг хүн мөнх амьдралд итгэж чадна гэж үү? Үгүй, үхлийн дараа ч гэр бүлийн харилцаа үргэлжлэх болно гэдгийг энэхүү учир шалтгаан шаарддаг. Хүмүүний зүрх сэтгэл үхлийн дараа амьдрал үргэлжлэхийг эгээрэн хүсдэг бөгөөд тэнгэрийн Бурхан үүнд хүрэх арга замыг илчилсэн юм. Их Эзэний өргөөний ариун нандин ёслолууд үүнийг хангаж өгдөг” (“Why These Temples?” Temples of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1988], 4).

Ариун сүмүүд бидэнд нас барагсдын төлөө үйлчлэх боломжийг өгдөг

Oбадиа 1:21-ийг ангийн гишүүдээр уншуул.

Бошиглогч Иосеф Смит Сүмийн гишүүд хэрхэн Сион уулан дахь аврагчид болох талаар ийн тайлбарласан байдаг.

“Гэхдээ [гэгээнтнүүд] хэрхэн Сион уулан дээрх аврагчид болж чадах вэ? Ариун сүмүүдээ барьж, баптисмын усан сангуудаа байгуулж мөн урагш явж, баптисм, гишүүнээр батлуулах болон бүхий л ёслолуудыг хүлээн авч, угаалга, тосолгоо, томилгоонууд болон лацдах хүчийг өөрсөд дээрээ болон өвөг дээдсийнхээ төлөө хүлээн авч, тэднийг анхны амилалтаар амилуулахын хамт сүр хүчит хаадын суудалд хамт суухын тулд тэднийг аварч, эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдтэй нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүдтэй нь холбож, Елиагийн даалгаврыг гүйцэлдүүлнэ” (History of the Church, 6:184).

Тэнгэрлэг Эцэг маань сайн мэдээний ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүс эдгээр ёслолыг хүлээн авах замыг Авралын төлөвлөгөөний нэг хэсэг болгон бэлдсэн гэдгийг тайлбарла. Сүнсний дэлхийд байгаа хүмүүс сайн мэдээг сонсох боломжтой. Тэнд тэд сайн мэдээг хүлээн зөвшөөрч чадах ч өөрсдийнхөө төлөө сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч чадахгүй. Их Эзэн бидэнд ариун сүмд тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэ гэж зарлигласан. Бид гэр бүлийн түүхийн ажлаа хийхийн тулд хүчин чармайлт гарган, өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг хүлээн авах ёстой.

Нас барагсдын төлөө ариун сүмд хийгддэг ёслолуудад баптисм, гишүүний баталгаа, санваарын томилгоо, хишиг хүртэх, эхнэр нөхөр хоёрын болон эцэг эх нь хүүхдүүдтэйгээ лацдан холбогдох зэрэг нь ордог.

Бид боломжийнхоо хэрээр ариун сүмд ойр ойрхон орж, нас барагсдын төлөөх ёслолуудыг гүйцэтгэн, тэдэнд үйлчлэх ёстой. Бид ингэж үйлчилснээр тэдний амьдралыг адислаад зогсохгүй өөрсдийн амьдралыг ч мөн адислах болно. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын гишүүний гарын авлага (34697) дээр хэрхэн гэр бүлийн түүхийн ажлыг хийж, өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэх тухай мэдээлэл байгаа.

Ерөнхийлөгч Томас С.Монсон:

“Ариун сүмийн хишиг хүртэх болон лацдан холбох ёслолуудад талархах байдал нь гэр бүлийн гишүүдийг улам ойр дотно болгож, эдгээр адислалыг нас барсан хайртай хүмүүсийнхээ гэр бүлүүдэд аль болох хурдан боломжтой болгох хүслийг төрүүлэх болно. …

Ариун сүмд хийгддэг энэ хариуцлагатай ажлыг Агуу Багшийн адил аминч бус өөрийгөө золиосолдог сүнсээр хийх ёстой. Түүнийг дурсан санах үед энэ амин чухал ажилд хувь нэмрээ оруулахад бидэнд илүү амар болдог юм. Бид эдгээр ариун өргөөг харах бүрдээ өөрсдийнхөө төлөө мөн нас барагсдынхаа төлөө тэнд хийгддэг мөнхийн боломжуудын тухай санаж байх болтугай” хэмээн хэлсэн (Pathways to Perfection 1973, 206–7).

Дүгнэлт

Ариун сүмд орсноор бид бусдад үйлчилж, сүнслэг мэдлэгийг илүү ихээр олж авдаг гэдгийг онцлон хэл. Дараах мэдэгдлийг хуваалц.

“Сүмийн ивээн тэтгэж, дэмждэг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаас илүү энэ Сүмд хамгаалалт болдог ажил байхгүй. Сүнслэг байдлыг үүнээс илүү бэхжүүлдэг ажил гэж үгүй. Бидэнд үүнээс илүү хүч чадал өгдөг ажил гэж үгүй. Зөв шударга байдлын илүү өндөр жишгийг биднээс шаарддаг өөр ажил ч гэж үгүй юм. …

Хэрэв бид ариун сүмийн ёслолын ажлын талаар илчлэлт хүлээн авбал, хэрэв бид шалтаг тоочилгүй, өөрийгөө зөвтгөлгүйгээр гэрээ байгуулбал Их Эзэн биднийг хамгаалах болно. Бид амьдралын бэрхшээлүүдийг давах хангалттай сүнслэг нөлөөг хүлээн авах болно. …

Иймээс ариун сүмд ирцгээ, адислалуудаа авцгаа. Энэ бол ариун ажил” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 41).

Гэрчлэлээ хуваалцан, хичээлээ өндөрлө. Их Эзэний Сүнсээр заалгахын тулд ариун сүм рүү аль болох тогтмол ороход ангийн гишүүдийг урамшуулан дэмж.

Ангийн гишүүдэд Сүмийн хангамжийн төвөөс Mountain of the Lord видео толилуулгыг авч, гэртээ үзэж болно гэдгийг та дурдаж болно. Энэхүү 1 цаг 13 минутын толилуулгад Солт Лэйк ариун сүмийн барилгыг хэрхэн барьсан тухай түүхийг өгүүлдэг.

Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.