“5-р хичээл: Бэлгэдлээр дамжуулан Их Эзэнээс суралцах,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 21–25
“5-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 21–25
5-р хичээл
Бэлгэдлээр дамжуулан Их Эзэнээс суралцах
Зорилго
Ангийн гишүүдийг ариун сүмд хэрэглэдэг бэлгэдлүүдийг ойлгож, талархахад нь туслах.
Бэлтгэл
-
Улсынхаа төрийн далбааг эсвэл зургийг нь авчир.
-
Ариун сүмийн өмсгөлийн талаарх асуултад Ах нарын нэг хэрхэн хариулсан тухай түүхийг дүгнэхийг ангийн гишүүнээс хүс. Уг түүх Ариун сүмд орохоор бэлтгэх нь товхимлын 23–24 ба 26-р хуудсанд байгаа.
Багшид анхааруулах нь: Ариун сүмийн ёслол, гэрээнүүд ариун нандин учир тэдгээрийн талаарх ярилцлага гол төлөв ариун сүм дотор өрнөдөг. Тийм учраас энэ талаар ангид ярилцахдаа энэ гарын авлагын тайлбараас илүү их зүйлийг ярилцах хэрэггүй.
Хичээлийн толилуулга
Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.
Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадах чинээгээрээ цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.
Бэлгэдлүүд нь бидний өдөр тутмын амьдралд чухал билээ
Бидний өдөр тутмын амьдралд бэлгэдлүүдийг үргэлж хэрэглэсээр ирснийг тайлбарла. Дараах бэлгэдлүүдийг эсвэл өөр тохиромжтой бэлгэдлүүдийг самбар дээр зур. Бэлгэдэл бүр юуг илэрхийлж байгааг ангийн гишүүдээс асуу.
Суралцагчдад улсынхаа төрийн далбааг эсвэл зургийг нь үзүүлж, энэ далбаа тэдний хувьд юуг илэрхийлж байгааг асуу.
-
Эх оронч байдлыг харуулдаг зүйлс эсвэл үйлдлүүдэд юу багтах вэ? (Дуу, дүрэмт хувцас, хувцас, баяр ёслолууд.)
Эдгээр бэлгэдэл нь эх оронч байдлыг илэрхийлдэг гэдгийг цохон тэмдэглэ.
-
Хайр, хүндэтгэлийг харуулдаг ямар бэлгэдлүүд байдаг вэ? (Бэлэг сэлт, бөгж, үнсэлт, дотно тэврэлт, зүрхэн хэлбэртэй зүйлс.)
-
Бүх хүн бэлгэдлүүдийг ижил байдлаар хүлээн авдаг уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
-
Бид яагаад бэлгэдлүүдийг хэрэглэдэг вэ?
Ангийн гишүүдийг энэ талаар хэлэлцүүл. Тэд доорх санаануудыг санал болгож магадгүй.
-
Бэлгэдлүүд бидэнд чухал зүйлсийг санахад тусалдаг.
-
Бэлгэдлүүд өөр арга замаар сурахад хэцүү ерөнхий үнэнүүдийг бидэнд заадаг.
-
Бэлгэдлүүд бидний мэдрэмжийг илэрхийлж чаддаг.
-
Бидний суралцах бэлэн байдлаас шалтгаалан бэлгэдлүүд өөр өөр зарчмуудыг зааж чаддаг.
Бэлгэдлүүд давтагдах үед бид тэдгээрийг илүү сайн ойлгодог гэдгийг тайлбарла.
Есүс Христ болон Түүний бошиглогчид бэлгэдлүүдийг ашигладаг байсан
Аврагч заахдаа бэлгэдлүүдийг ахин дахин хэрэглэдэг байсан гэдгийг тайлбарла.
-
Их Эзэн бэлгэдлүүдийг ашиглан заасан ямар ямар тохиолдол байдаг вэ?
Ангийн гишүүд алдагдсан хурга (Maтай 18:12–14-ийг үзнэ үү); гичийн үр (Maтай 13:31–32-ыг үзнэ үү) эсвэл их үнэтэй сувд (Maтай 13:45–46-г үзнэ үү) зэргийг дурдаж болох юм.
-
Аврагч заахдаа яагаад бэлгэдэл ашигладаг байсан гэж та нар бодож байна вэ?
Ангийн гишүүдийг энэ талаар хэлэлцүүл. Тэгээд дараах мэдэгдлийг нэгтгэн дүгнэ.
“Агуу Багш Их Эзэн дагалдагчдадаа сургаалаа байнга сургаалт зүйрлэлээр заадаг байсан бөгөөд өөр аргаар заахад ойлгоход хэцүү байж болох зүйлсийг бэлгэдлээр төлөөлүүлэн, аман яриан аргаар заадаг байсан. Тэрээр шавь нарынхаа амьдралын нийтлэг туршлага дээр үндэслэн ярьдаг байсан ба эм тахиа болон дэгдээхэй, шувуу, цэцэгс, үнэг, мод, заль мэхтэн, хулгайч, их замын дээрэмчин, нар жаргах, ядуу ба баян хүн зэрэг олон өөр зүйлийн тухай ярьдаг байсан.… Тэрээр гичийн үр мөн сувдны тухай ярьсан. Есүс Өөрийн сонсогчдод заахыг хүсэж байсан тул бэлгэдлийн аргаар энгийн зүйлсийн талаар ярьдаг байв. Эдгээр зүйлийн аль нь ч учир битүүлэг буюу ойлгомжгүй зүйлс биш ба бүгд бэлгэдлүүд юм” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 10–11).
Бошиглогч, төлөөлөгчид Есүс Христ, Түүний цагаатгагч золиосын тухай заахдаа бэлгэдлийг олонтоо ашигласан гэдгийг тайлбарла. Есүс Христийн Цагаатгал нь сайн мэдээний болон бидний хүлээн авдаг бүх адислалын үндэс суурь юм. Энэ нь авралыг боломжтой болгодог. Тийм учраас л судрууд дахь ихэнх бэлгэдэл Аврагчийн талаар болон Түүний золиосын тухай бидэнд заадаг.
Moсе 6:63-ыг уншихыг ангийн гишүүдээс хүс.
-
Дэлхий дээрх ямар зүйл Аврагчийн тухай гэрчилдэг вэ?
Aлма 13:16-г уншихыг ангийн гишүүдээс хүс.
-
Санваарын ёслолууд ямар арга замаар Аврагчийн тухай гэрчилдэг вэ?
Аврагчийг Цагаатгал хийхээс өмнө Түүний гэрээт хүмүүс Түүний цагаатгагч золиосыг бэлгэдэн, мал амьтнаар өргөл өргөж золиосолдог байсныг онцолж ярь (Moсе 5:4–8-ыг үзнэ үү). Тэрхүү заншил нь Аврагчийн үхэл ба Амилалтын дараа эцэс болсон юм. Одоо Их Эзэн бидэнд “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг [Өөрт нь] өргөл болгон өргө” хэмээн зарлигладаг (3 Нифай 9:20). Мөн санваарын ёслолууд бидэнд Аврагчийн цагаатгагч золиосыг санахад тусалдаг. Ахлагч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.
“Сайн мэдээний хамгийн чухал ёслолууд нь Цагаатгалыг бэлгэддэг юм. Усанд умбуулах баптисм нь үхэл, оршуулга, Гэтэлгэгчийн Амилалтыг бэлгэддэг. Ариун ёслолоос хүртэх нь баптисмын гэрээг мөн бидний төлөө урсгасан Аврагчийн цус болон шархадсан биеийн тухай бидний дурсамжийг шинэчилдэг. Ариун сүмийн ёслолууд бидний Их Эзэнтэй хийсэн эвлэрлийг мөн гэр бүлүүд мөнхөд хамтдаа холбогдохыг бэлгэддэг” (Conference Report, Oct. 1996, 47; or Ensign, Nov. 1996, 35).
Бид сүнслэг байдалд мэдрэмжтэй байх аваас бэлгэдлүүд бидэнд үнэнийг заадаг
Аврагчийг энэ дэлхийд амьдарч байхад Түүний дагалдагчид Түүнээс яагаад сургаалт зүйрлэлээр заадаг болохыг нь асуужээ. Сургаалт зүйрлэлүүд бол бэлгэдлийн үг хэллэгээр чухал үнэнийг заадаг түүхүүд юм. Maтай 13:10–12-ыг уншиж, Аврагчийн хэлсэн зүйлийн талаар суралцахыг ангийн гишүүдээс хүс.
-
Үүнийг хэлэхдээ Аврагч юуны талаар өгүүлсэн гэж та нар бодож байна вэ?
Их Эзэн ойлгоход бэлэн сүнслэг хүмүүст үнэнийг илчилдэг гэдгийг тайлбарла. Үнэнийг итгэлтэй мөн дуулгавартайгаар хүлээн авдаг хүмүүс үргэлжлүүлэн илүү их үнэнийг хүлээн авдаг. Сүнслэг байдлаараа бэлтгэгдээгүй хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй эсвэл эргэлзсэн зүрх сэтгэлээр хүлээн авдаг тул яваандаа үнэнээ гээдэг.
Бэлгэдлийн түүхүүд нь уг бэлгэдлийн утгыг ойлгоход сүнслэг байдлаар бэлтгэгдсэн хүнд үнэнийг заадаг юм. Сүнслэг байдлаар бэлтгэгдээгүй хүмүүс утгыг нь ойлгодоггүй.
Аврагчийн үед амьдарч байсан хүмүүсийн зарим нь Түүний сургаалт зүйрлэлүүдийн захиасыг ойлгодог байсан ч олон нь ойлгоогүй. Өнөө үед ч мөн адил. Сүмийн зөв шударга гишүүдийн сүнслэг ойлголтын түвшин ч янз бүр байдаг.
Ангийн гишүүдээр 2 Нифай 28:30 ба Сургаал ба Гэрээ 42:49–50-ийг уншуул.
-
Бид Бурханаас үнэнийг хэрхэн мэдэж авдаг тухай эдгээр сударт юу гэж заадаг вэ?
Бид бүгд сайн мэдээнд болон судруудад, ялангуяа ариун сүмд хэрэглэдэг бэлгэдлүүдийн утгыг ойлгох түвшинд хүртэл сүнслэг байдлаа хөгжүүлэх боломжтой гэдгийг тайлбарла.
Хамгийн ариун нандин бэлгэдлийн сургаалуудыг ариун сүмд хүлээн авдаг
Энэ дэлхий дээрх хамгийн ариун нандин бэлгэдлүүдийг ариун сүмд хүлээн авдаг гэдгийг тайлбарла. Ариун сүмийн сургаал, дэг жаягууд нь бэлгэдлийн замаар биднийг мөнх амьдрал руу аялах аянд хөтөлж, Бурханы оршихуйд бэлгэдлийн хаалгаар орсноор төгсдөг билээ. Дүрсэлж байгаа хүн, бодит орчин, өмссөн хувцас, өгч байгаа дохионууд болон ариун сүмд ярьж мөн хийгддэг бүх үйл явц бэлгэдлийн чанартай юм. Эдгээрийг ойлгосон үед энэ нь хүн бүрд үнэнийг таньж мэдэн, сүнслэг байдлаараа өсөж хөгжихөд тусалдаг.
Зарим нэг бэлгэдэл шууд утгатай буюу утга нь илэрхий харагдаж байдаг. Ариун сүм өөрөө ч бас бэлгэдэл юм.
“Хэрвээ та бүрэн гэрэлтсэн ариун сүмийг шөнийн цагаар харвал хэчнээн сүрлэг сайхан харагддагийг мэдэх болно. Гэрэлд умбан, харанхуйгаас цойлон харагдах Их Эзэний өргөө Есүс Христийн сайн мэдээний хүч, сүнслэг нөлөөний бэлгэдэл болж, сүнсний харанхуй дахь гэрэлт цамхаг адил сүндэрлэдэг билээ” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 11).
Ариун сүмийн өмсгөл ч мөн бэлгэдлийн шинж чанартай. Бид ариун сүмд орохдоо энгийн хувцсаа цэвэр ариуныг бэлгэдсэн ариун сүмийн цагаан хувцсаар сольдог. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст:
“Ариун сүмийн шүтлэг бишрэлийн үндэс нь ‘Бурхан бол нүүр тал хардаггүй’ гэдэг зарчим юм. [Үйлс 10:34.] Ариун сүмийн ариун нандин ханануудын дотор албан тушаал, эд хөрөнгө, нэр хүнд, арьс өнгө, боловсролын ялгаа гэж үгүй билээ. Бүх хувцас нь цагаан байдаг. Бүх хүн ижил заавар хүлээн авдаг. Мөн яг ижил гэрээ байгуулж, ижил амлалтуудыг авдаг. Хэрэв тэдгээрийг авахаар зохистой бол эрхэм дээд, мөнхийн адислалуудыг бүх хүн хүлээн авдаг. Бүтээгчийн өмнө бүгд тэгш эрхтэй” гэж хэлсэн (Conference Report, Apr. 1997, 23; or Ensign, May 1997, 20).
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулсан гишүүд насан туршдаа онцгой өмсгөлийг (дотуур хувцас) өмсдөг гэдгийг тайлбарла. Дараах мэдэгдлийг унш.
“Өмсгөл нь ариун гэрээнүүдийг төлөөлдөг. Энэ нь даруу төлөв байдлыг хөхиүлэн дэмждэг бөгөөд өмссөн хүнийхээ бамбай буюу хамгаалалт болдог. … Бидний биеийг халхалдаг өмсгөл нь [ариун сүмд байгуулсан гэрээнүүдийн] нүдэнд харагдаж, биед мэдрэгдэх сануулагч юм. Сүмийн олон гишүүний хувьд өмсгөл нь уруу таталтын эсрэг бамбай болж хамгаалдаг. Өөр бусад олон зүйлийн адил өмсгөл нь Бурханы хуулиудыг, тухайлбал ёс суртахууны жишгийг гүнээ хүндэтгэдгийг бидэнд бэлгэдэн харуулдаг” (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 23, 26).
Ах нарын нэг нь ариун сүмийн өмсгөлийн зорилгын тухай хэрхэн дүрслэн ярьсныг тоймлон дүгнэхийг урьд нь даалгасан ангийн гишүүнээс хүс (Ариун сүмд ороход бэлтгэх нь, 23–24, 26-г үзнэ үү).
Ариун сүмийн ёслол бараг бүх талаараа бэлгэдлийн чанартай байдаг гэдгийг тайлбарла. Энэ нь ариун сүмийн хишгийн бэлгэдлийн мөн чанарт хүн бүр аль болох сүнслэг мэдрэмжтэй байхаар бэлтгэгдэх хэрэгтэй гэсэн үг.
-
Ариун сүмд сүнслэг мэдрэмжтэй байхад хүмүүст юу саад болдог вэ?
Ангийн гишүүд дараах хариултуудыг дурдаж болох юм. Үүнд:
-
Тухайн хүн зохисгүй байж болно. Чин сэтгэлээсээ наманчлаагүй, ариун сүмийн төлөө даруухнаар, залбиралтайгаар бэлтгэгдээгүй хүмүүст бэлгэдлүүд утгагүй мэт санагдах бөгөөд тэдгээрийн утга учир далдлагдах болно.
-
Тухайн хүнд итгэл дутсан байж болно. Есүс Христэд болон ариун сүмийн ёслолуудад итгэлгүй хүн ариун сүмийн хишгийг ойлгоход шаардлагатай Ариун Сүнсний илчлэлтийг хүлээн авдаггүй.
-
Тухайн хүн ёслолуудын гаднах байдалд анхаарлаа хэт төвлөрүүлснээс болж бэлгэдлээр өгөгдөж буй хүчирхэг сургаалуудыг ойлгохгүй өнгөрч болох юм.
-
Ариун сүмд сүнслэг мэдрэмжтэй байхын тулд бид хэрхэн бэлдэж болох вэ?
Дүгнэлт
Ариун сүм рүү анх удаа явж байгаа хүмүүс олон шинэ зүйлийг сурч, Их Эзэний Сүнсний хүчийг мэдэрч чадах болно гэдгийг онцлон хэл. Ариун сүмд орохын тулд өөрсдийгөө сүнслэгээр бэлдэхэд нь ангийн гишүүдийг урамшуулан дэмж. Ариун сүмд ганцхан удаа ороод бүх зүйлийг ойлгохгүй гэдгийг тэдэнд сануулаарай. Үргэлжлүүлэн суралцаж, сүнслэг мэдрэмжээ шинэчилж байхын тулд тэд ариун сүмд аль болох тогтмол орох ёстой.
Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.