1 Коринт 10
Уруу таталтаас зайлсхийх
Та өөрт тулгарсан уруу таталтаас зайлсхийж чаддаг ч болоосой гэж хүсэж байсан уу? Төлөөлөгч Паул бидэнд уруу таталттай тулгарах үед маань туслах үнэ цэнтэй зарчмыг заасан. Энэ хичээл нь уруу таталтыг даван гарахын тулд Есүс Христэд итгэж найдахад танд туслах зорилготой.
Уруу таталт
Боломжтой бол соронз болон металл зүйл авчраад, уруу таталтыг эсэргүүцэх гэх ойлголтыг тайлбарлахад тэдгээрийг хэрхэн ашиглаж болох талаар бод.
ChurchofJesusChrist.orgАрван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын дараах мэдэгдлийг унш эсвэл дээрх “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл” видеог цагийн код 2:44-өөс 3:23 хүртэл үзнэ үү.
Зүйрлэн хэлбэл, уруу таталтад автах нь төмөр зүйл бариад соронзонд ойртохтой адил. Соронзын үл үзэгдэх хүч төмөр зүйлийг соронздон татаж, өөртөө хүчтэй наалдуулдаг. Соронз нь зөвхөн эд зүйлсийг хол байрлуулсан тохиолдолд л татах хүчгүй байдаг. Тиймээс, соронз нь хол байгаа төмөр эд зүйлсийг татах хүчгүй байдагтай адил уруу таталтыг сөрөн зогсоход уруу татах хүч суларч, бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг, улмаар үйлдлийг маань эзэмдэх хүчээ алддаг билээ.
(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)
1 Коринт 10-ыг судлахдаа өөрт тулгарсан уруу таталтыг эсэргүүцэхийн тулд юу хийхээ мэдэхэд танд туслах Ариун Сүнсний өдөөлтийг сонс.
Судрын зорилгуудын нэг бол нас барсан хүмүүсийн амьдрал, зовлон бэрхшээлээс суралцахад бидэнд туслах явдал юм (1 Коринт 10:6, 11; Мормон 9:31-ийг үзнэ үү). 1 Коринт 10-т цэдэглэснээр, Их Эзэн израилчуудтай аян замд нь хамт байсан гэдгийг коринтчуудад сануулахдаа Паул израилчуудын Улаан тэнгисийг гаталсан, цөлөөр аялсан үйл явдлыг жишээ болгон ашигласан (1 Коринт 10:1–4-ийг үзнэ үү).
4-р шүлэгт Их Эзэний израилчуудын төлөө юу хийснийг болон Түүнийг дүрслэхийн тулд ашигласан нэр цолыг анхаар.
-
Та Паулын 4-р шүлэгт ашигласан нэр цолоос Аврагчийн талаар юу сурч мэдэж болох вэ?
Их Эзэн израилчуудад гайхамшигтай арга замаар тусалж дэмжиж байсан ч тэд заримдаа уруу таталтад автагдаж байлаа. 1 Коринт 10:5–11-ийг уншаад, израилчуудыг өөрсдийн “сүнслэг Хад” болох Есүс Христээс нүүр буруулахад хүргэсэн уруу таталтуудыг олж мэд.
-
Таны бодлоор бидэнд тулгардаг нөхцөл байдлууд израилчуудын нөхцөл байдалтай юугаараа ижил төстэй байна вэ?
-
Аврагчаас нүүр буруулахад хүргэж болох ямар нийтлэг уруу таталтууд танд тулгардаг вэ?
Танд одоогоор тулгарч буй уруу таталтуудын талаар мөн тэдгээр нь таныг “Хад” болох Есүс Христээс нүүр буруулахад хэрхэн хүргэж болзошгүй болох тухай бод. Хэрэв та эдгээр уруу таталтыг даван туулах боломжтой байсан бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх байсан талаар эргэцүүл.
Аврагч уруу таталтыг даван гарахад бидэнд тусална
Уруу татагдах нь нүгэл биш боловч уруу таталтад бууж өгөх нь нүгэл гэдгийг санагтун. 1 Коринт 10:12–14-ийг уншаад, уруу таталтыг даван гарахад тань туслах зарчмуудыг олж мэд.
Бурхан бидэнд уруу таталтаас зайлсхийх арга замыг зааж өгөх ч бид өөрсдийгөө уруу таталтаас салгах сонголтыг хийх ёстой гэх мэт зарчмыг тодорхойлсон байж болно.
Судруудаар болон Өөрийн орчин үеийн бошиглогчдоор дамжуулан Аврагч бидэнд уруу таталтыг хэрхэн даван гарахыг заасан. Дараах судрууд, бошиглогчдын мэдэгдлийг уншаад, Аврагч руу хандаж, уруу таталтаас зайлсхийхийн тулд юу хийж чадахаа олж мэд. Та тэдгээрийг 1 Коринт 10:12–14-тэй холбож болно.
-
Еврей 4:15–16 (Жич: Эдгээр шүлэгт дурдсан дээд прист бол Есүс Христ юм)
-
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг:
Есүс Христэд итгэх итгэл маань биднийг наманчилж, Түүний зарлигуудыг дагахад хүргэдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг дагах замаар дуулгавартай байж, уруу таталтыг эсэргүүцдэг. Цаг нь болоход бидний мөн чанар өөрчлөгдөнө. Бид Бурханд дуулгавартай, илүү хайраар дүүрэн, жаахан хүүхэд адил болох болно. Хэрэв бид уг өөрчлөлтөө авч үлдэхийн тулд бүхнийг хийж чадвал энэ өөрчлөлт нь бидэнд Ариун Сүнсээр дамжин ирдэг бэлгүүдийг хүлээн авах шаардлагыг хангахад тусална. Харин дараа нь бид бат бөх хадан дээр аюулгүй байх болно.
(Henry B. Eyring, “As a Child,” Liahona, May 2006, 16)
-
Уруу таталтаас зайлсхийхийн тулд Аврагчид хандах сэдлийг танд төрүүлэх юуг та эдгээр судраас болон энэхүү мэдэгдлээс олж мэдсэн бэ?
-
Уруу таталтаас зайлсхийх ямар арга замыг Бурхан өгөх вэ?
-
Бид Бурханы өгсөн арга замыг таньж мэдэж, ашиглахын тулд юу хийж болох вэ?
Дараахаас хоёрыг нь эсвэл үүнээс олныг нь хийж гүйцэтгэ.
-
1 Коринт 10:14-ийн “хайртууд минь” гэсний дараа өөрийн нэрийг оруулж, “шүтээн шүтлэг” гэдгийн оронд өөрт тулгарч буй уруу таталтыг орлуулж тавих замаар өөрчлөн бич.
-
Аврагч танд уруу таталтаас зайлсхийхэд тань тусалж байсан туршлагаа бичиж тэмдэглэ. Энэхүү туршлага нь одоогийн уруу таталтаасаа зайлсхийхэд хэрхэн танд туслах вэ?
-
Есүс Христэд итгэж найдан, өөрт тулгарч буй уруу таталтыг эсэргүүцэхийн тулд хийх тодорхой алхмуудаа бичиж тэмдэглэ.
Дараах асуултуудад хариул. Та өөрт тулгарсан тодорхой уруу таталтаа хуваалцах шаардлагагүй.
Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Есүс Христ, Ариун Сүнс хоёр хэрхэн надад уруу таталтыг даван гарахад туслах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.
Уруу таталтын эсрэг тэмцэх нь насан туршдаа хичээнгүй, итгэлтэй байхыг шаардана. Гэхдээ хувийн хичээл зүтгэлд маань Их Эзэн туслахад бэлэн байдаг бөгөөд хэрэв бид эцсээ хүртэл тэвчиж чадах юм бол гайхамшигт адислалуудыг өгөхөөр амласан гэдгийг мэдээрэй. …
Хайрт ах, эгч нар аа, бид авралын хад чулуу болох бодгалийн Аврагчдаа итгэж найдан, Моронайн зөвлөгөөг дагах юм бол бодол санаагаа хянах чадвар маань илт өсөн нэмэгдэх болно гэдгийг би гэрчилж байна. Бид сүнслэг байдлаараа илүү хурдтай төлөвшин, зүрх сэтгэл маань өөрчлөгдөж, биднийг Есүс Христтэй улам илүү адилхан болгоно гэдгийг би баталж байна. Үүнээс гадна бидний амьдралд Ариун Сүнс илүү хүчтэй, тасралтгүй нөлөөлсөөр байх болно. Үүний дараа дайсны уруу татах хүч бага багаар суларч, бидний амьдрал илүү аз жаргалтай, ариун болох болно.
Ямар нэгэн шалтгаанаар уруу татагдаж, зөв шударга бус үйлдлээсээ салж чадахгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар эргэн ирэх боломжтой бөгөөд Христэд найдвар оршин байдаг гэдгийг би баталж байна.
(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 90)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.
Өөрийгөө захирах чадвараа хөгжүүлэн, зөв шударга амьдрах нь мөнхийн өсөлт хөгжлийн зарчим юм. Энэ нь сүнслэг, материаллаг асуудлын аль алинд нь хамаатай. …
Бид Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөний нэгэн хэсэг болох Ариун Сүнсний бэлгээр адислагдсан. … Түүнчлэн Тэрээр хилэнцийн эсрэг сэргийлж, аюулаас хамгаалах дуу хоолой болдог. Амьдрал гэх далайгаар аялах үед Ариун Сүнсний өдөөлтийг дагаж байх нь нэн чухал юм. Сүнс нь биднийг уруу таталт, аюулаас зайлсхийхэд тусалж, хэцүү үед тайтгаруулан, удирдан залдаг.
(Квинтин Л.Күк, “Нямбай, Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25–26)
Би уруу таталтаас зайлсхийхийн тулд хэрхэн өөрийгөө урьдчилан бэлтгэх вэ?
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) ийн заасан.
Туйлын зорилгоо санаж, шийдвэрээ урьдчилан гаргасан байвал бидэнд зөв шийдвэр гаргахад амархан байх болно. Энэ нь бидний хүндээр соригдох үедээ шийдвэр гаргахаар шаналан зовох цагийг багасгадаг. …
Та нар хувийн сахилга батыг хөгжүүлснээр, адил зүйлд ахин дахин уруу татагдах үедээ хэрхэх талаар олон удаа шийдвэр гаргах шаардлага багасдаг. Та нар зарим зүйлийг нэг л удаа шийдэх хэрэгтэй байдаг! …
Гэм нүглийн замаа орхих цаг энэ зам дээр гарахаас ч өмнө байдаг. Сайхан амьдралын нууц нь хамгаалах, сэргийлэхэд оршдог. Хилэнцэд бууж өгдөг хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө хамгаалалт муутай орчинд байлгасан хүмүүс байдаг.
(Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 108–9)