Үйлс 10, 1-р хэсэг
“Бурхан бол нүүр тал хардаггүй”
Есүс амилсныхаа дараа шавь нартаа үзэгдэхдээ, тэдэнд сайн мэдээг бүх дэлхийд түгээхийг зарлиглажээ (Матай 28:19–20-ийг үзнэ үү). Урьд өмнө нь сайн мэдээг ихэвчлэн иудейчүүдтэй хуваалцдаг байсан ба Петр болон бусад шавь номлолын ажлаа тэдэн дээр үргэлжлүүлэн төвлөрүүлэв. Бурханыг хайрлаж, удирдамжийг нь эрэлхийлдэг Корнел гэгч харь хүнийг тэнгэр элч төлөөлөгч Петрийг хайж олоход чиглүүлжээ. Үүний зэрэгцээ, Петр Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн тухай юу гэж боддог талаар илүү сайн ойлгоход тусалсан үзэгдлийг харсан. Энэ хичээл танд бусад хүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил харахад тусална.
Та юу харж байна вэ?
Үүл рүү хараад (гадаа гарч эсвэл энэ зургаас), харж байгаа зүйлээ дүрсэл.
-
Яагаад хоёр хүн нэг үүл рүү хараад, хоёр өөр зүйл олж харж болох вэ?
-
Яагаад хоёр хүн нэг хүнийг хараад, тэр хүнийг өөр өөрөөр олж харж болох вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийг хэрхэн хардаг талаар юу мэдэх вэ?
Судалж байхдаа та хүмүүсийг харах өнцөг тань заримдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардаг өнцгөөс өөр байж болохыг санаарай. Та өөрийнхөө харах өнцгийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн харах өнцөгтэй бүрэн тааруулахын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгөх боломжийг Ариун Сүнсэнд олго.
Петр харь хүн Корнелд заав
Шинэ Гэрээний энэ цаг үед сайн мэдээг цөөн онцгой тохиолдлыг эс тооцвол, Аврагчийн зааварласнаар зөвхөн иудейчүүдэд номлосон байв (Mатай 10:5–6-г үзнэ үү). Христийн Сүмд, төрөхдөө л харийн хүн (иудей биш) гэгдсэн хэдэн гишүүн байсан боловч тэд Есүсийг дагахаасаа өмнө аль хэдийн Иудейн шашинд хөрвөгдсөн байжээ. Хэдий тийм ч Ариун Сүнсийг шавь нар дээр нь ирсний дараа тэд сайн мэдээг “дэлхийн хязгаар хүртэл” (Үйлс 1:8) номлох болно гэдгийг Аврагч тэдэнд мөн хэлсэн байв. Бид Үйлс 10-аас үүнийг хэрэгжүүлэхэд туслах том өөрчлөлт Сүмийн үйл ажиллагаагаа явуулах арга барилд гарсан талаар уншдаг.
Корнелын талаар олж мэдэхийн тулд Үйлс 10:1–8-ыг уншина уу. Тэнгэрлэг Эцэг түүнийг ямар өнцгөөс харж байсныг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс Корнелын тухай юу олж мэдсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэг Корнелын талаар юу гэж бодож байсныг илтгэх юуг та олж мэдсэн бэ?
Корнелын хүмүүс төлөөлөгч Петрийг олохоор замдаа явж байхад Их Эзэн бүх хүнийг ямар өнцгөөс хардаг талаараа Петрт зааж байв. Үйлс 10:9–16-г уншаад, Петрийн харсан үзэгдэл ямар байсан гэж бодож байгаагаа дүрслэн зур.
-
Уг үзэгдлээр өөрт нь хийхийг зааварласан зүйлийн талаар Петр яагаад санаа зовж байсан бэ?
Петр өсөх насандаа Мосегийн хуулийн зарлиг, уламжлалыг баримтлан дагадаг байжээ. Уг хуульд хүмүүсийн идэж болох, болохгүй зүйлсийн талаар хатуу заасан байдаг байв (Леви 11-ийг үзнэ үү). Иудейчүүдийн идэж болох амьтдыг “цэвэр” гэдэг байсан бол иудейчүүд идэж болохгүй хэмээн Бурханы хориглосон амьтдыг “бохир” гэдэг байв.
Петр анхандаа уг үзэгдлийн бүрэн утгыг ойлгоогүй. Түүнийг эргэцүүлэн бодож байх зуур Корнелын илгээсэн эрчүүд иржээ. Сүнс Петрээс тэр эрчүүдтэй хамт Корнелын гэр лүү явахыг хүссэн (Үйлс 10:17–20-ийг үзнэ үү).
Үйлс 10:25–29, 34–35-ыг уншаад, өөрийн харсан үзэгдлийн утга агуулгын талаар юу сурч мэдсэнийг олж мэд. Та “Peter’s Revelation to Take the Gospel to the Gentiles” (ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой) видеоны 3:29-өөс 5:29 минутын хоорондох үйл явдлыг үзэж болно.
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ ямар өнцгөөс хардаг талаар Петрийн сурч мэдсэн үнэнийг 34-р шүлгээс олно уу. Олсон үнэнээ тэмдэглэх талаар бодож үз.
Бурхан сайн мэдээг бүх хүнд заахыг хүссэн гэдгийг ойлгосноор Петр Есүс Христийн захиасыг Корнелд болон түүний гэр бүлийнхэн, найз нөхдөд номлосон (Үйлс 10:36–43-ыг үзнэ үү).
Та ChurchofJesusChrist.org дээрээс “Peter’s Revelation to Take the Gospel to the Gentiles” видеоны 5:30-аас 7:44 минутын хоорондох үйл явдлыг үзэж болно.
Петрийг Есүс Христийг гэрчилж байхад Ариун Сүнс Корнел болон түүний гэрийнхэн дээр буув. Үүний дараа Петр тэднийг баптисм хүртэхэд урьсан ( Үйлс 10:44–48-ыг үзнэ үү). Бурханы Петрт өгсөн илчлэлт Сүмийн зан үйлийг өөрчилсөн бөгөөд сайн мэдээ бүх хүнд номлогдож эхэлсэн юм.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христ хэнийг Өөрийн Сүм болон хаанчлалд хүлээн авах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм бүх хүнийг Өөр дээр нь ирэхийг урьдаг” [2 Нифай 26:33].
Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох эсвэл алдах нь арьсны өнгөнөөс тань биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.
(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)
Үйлс 10:45. “Ариун Сүнсний бэлэг” гэдэг нь ямар утгатай вэ?
Үйлс 10:45 дээрх “Ариун Сүнсний бэлэг” гэсэн үг хэллэг нь эдгээр харь хүн дээр буусан Ариун Сүнсний хүчийг хэлж байгаа болно. Энэ нь баптисмын дараах баталгааны ёслолоор дамжуулан бидний хүлээн авдаг Ариун Сүнсний бэлгээс өөр юм (Үйлс 8:14–17; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 111-ийг үзнэ үү).
Петрийн харсан үзэгдэл Сүмийн зан үйлийг хэрхэн өөрчилсөн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарласан.
Петрт тохиолдсон энэ үйл явдал, хүлээн авсан илчлэлтээр дамжуулан Их Эзэн Сүмийн зан үйлийг өөрчилж, шавь нартаа сургаалын талаарх илүү бүрэн дүүрэн ойлголтыг илчилжээ. Түүнчлэн сайн мэдээг тунхаглан заах ажил бүх хүн төрөлхтнийг хамран тэлсэн юм.
(Д.Тодд Кристоффэрсон, “Христийн сургаал,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93.)
Петрийн харсан үзэгдэл Сүмийн жишгийг хангасан бүх эрэгтэй гишүүнд санваар хүртээх илчлэлтэй юугаараа төстэй вэ?
Хэрэв та Сүмийн болзол хангасан бүх эрэгтэй гишүүнийг санваарт томилох талаарх Тэнгэрлэг Эцэгийн 1978 оны илчлэлтийн талаар илүү гүнзгий ойлгохыг хүсэж байгаа бол дараах эх сурвалж тус болж магадгүй.
-
Dallin H. Oaks, “Opening Remarks” [address given at “Be One—a Celebration of the Revelation on the Priesthood,” June 1, 2018], broadcasts.ChurchofJesusChrist.org
-
Elizabeth Maki, “‘I Will Take It in Faith’: George Rickford and the Priesthood Restriction,” Apr. 20, 2018, history.ChurchofJesusChrist.org