Семинар
Үйлс 27–28


Үйлс 27–28

Бошиглогчийг дага

Шөнийн аянга цахилгаан, давлагаатай далайн хар шуурга

Төлөөлөгч Паул Иерусалимд болон Кайсарид хавчлага, хүчирхийлэлд өртөж, шоронд хилсээр хоригдсоныхоо дараа, Ромын Цезарьт давж заалдах хүсэлт гаргажээ. Паул мөн түүнтэй хамт байсан хүмүүс Ром орох замдаа аймшигт шуурга, усан онгоцны сүйрэл болон бусад гай зовлонтой тулгарав. Паул эдгээр нөхцөл байдалд хүн бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд тэдэнд урам зориг өгөн зөвлөж, сэрэмжлүүлсэн байна. Энэ хичээл танд бошиглогчийн зөвлөгөөг дагахын ач холбогдлыг мэдрэхэд тань туслах зорилготой.

Бошиглогчийг дагах

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (2011) товхимлоос гарсан бошиглогчдын зөвлөгөө эсвэл сэрэмжлүүлгийн талаарх дараах мэдэгдлийг унш.

“Гэр бүлийн гишүүддээ өдөр бүр хайраа үзүүл” (14-р хуудас).

“Боловсрол нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусалдаг Түүний төлөвлөгөөний чухал хэсэг юм. … Та нарын олж авах боловсрол энэ амьдралд болон ирэх амьдралд чухал үүрэгтэй” (9-р хуудас).

“Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэлтэй, садар самууныг сурталчилсан зүйлийг үзэх юм уу тийм үйл ажиллагаанд оролцох ёсгүй” (11-р хуудас).

“Хэрэв найз нөхөд тань танаас буруу зүйл хийхийг шаардвал ганцаар байсан ч үнэний төлөө зогс” (16-р хуудас).

  • Бошиглогчдын зөвлөгөөг дагаж байгаагаа харуулж буй хүмүүсээс та ямар өөр өөр хандлага олж харсан бэ?

  • Зарим өсвөр үеийнхэн бошиглогчдын зөвлөгөөнд яагаад анхаарал тавихгүй байхыг сонгож болох вэ?

  • Бошиглогчдын зөвлөгөөг дагахгүй байснаар ямар үр дагаврууд гарч болох вэ?

Та бошиглогчдын зөвлөгөө болон удирдамжид хэрхэн хариулахаа тунгаан бод. Та Үйлс 27-г судлахдаа, Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагах үүрэг амлалтаа бэхжүүлэхэд тань туслах сэтгэгдэл хүлээн авахын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс урам зориг эрэлхийл.

Паулын бошиглолын зөвлөгөө

Паул Цезарьт давж заалдахаар Ром орох замдаа аялагчдад аян замдаа аюулгүй явахад нь туслах зөвлөгөө болон сэрэмжлүүлгийг өгсөн байна.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ:

Эхлээд дөрвөлжин тус бүрийн дээрх мэдээллийг унших замаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ. Дараа нь Үйлс 27 дээрх дагалдах шүлгүүдийг унш. Уг түүхийг дөрвөлжин бүрийн голд тоймлон харуулсан энгийн зураг зур эсвэл Паулын үг, үйлдлийг хураангуйлан бич. Паулын зөвлөгөөнд хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийг мөн оруулсан байхад анхаар.

Ром руу аялсан Паулын аялал

Ромын цэргүүд Паулыг болон бусад хоригдлыг бараг 300 хүнтэй усан онгоцонд авчрав. Намрын сүүл сар болж, аймшигт шуурга үе үе дэгдэж байсан тул тэдний аялал удаан, хүнд хэцүү, аюултай байжээ.

Үйлс 27:9–13-ыг унших.

Аймшигт шуурганы үеэр усан онгоцыг засаж, ачааг нь хөнгөлөх хэд хэдэн оролдлого хийв.

Үйлс 27:20–26-г унших.

Аймшигт шуурганаас хойш 14 өдрийн дараа тэд эх газар луу дөхөж очихоор аз туршин оролдсон аж. Усан онгоц нь хад чулуу мөргөнө гэж бодож байсан тул далайчид зангуугаа буулгаж, усан онгоцыг орхихыг хүсжээ.

Үйлс 27:30–36-г унших.

Усан онгоцыг дахин хөнгөлснийхөө дараа тэд усан онгоцыг эрэг тийш газардуулахыг оролдов.

Үйлс 27:41–44-ийг унших.

  • Хэрэв та уг завин дээр байсан бол Паулын сургаалд ямар хариу үйлдэл үзүүлэх байсан гэж бодож байна вэ? Яагаад?

  • Та суралцсан зүйлээсээ ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  • Та бошиглогчдын зөвлөгөө, сургаалд итгэл төрүүлдэг, тэдний талаарх ямар зүйлийг мэдэх вэ?

Их Эзэн бошиглогчоор дамжуулан биднийг Өөрийнх нь дуу хоолойг сонсож (Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг үзнэ үү) мөн тэднээр дамжин Өөрийнх нь сэрэмжлүүлгүүд ирэх болно (Сургаал ба Гэрээ 1:1–4-ийг үзнэ үү) хэмээн заасан. Өнөө үед бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дэмжин баталдаг. Их Эзэн яагаад бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг вэ? Мөн энэ нь Тэрээр бидний талаар юу гэж боддог болохыг хэрхэн харуулдаг талаар тунгаан бодоход хэдэн хором зарцуул.

  • Та Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгдөг зөвлөгөө болон сэрэмжлүүлгээс Түүний талаар юу олж мэдэж байна вэ?

  • Та эсвэл таны таньдаг хүмүүс бошиглогчийн зөвлөгөөг дагахыг эсвэл хэрэгсэхгүй байхыг сонгосноор ямар туршлага олж авсан бэ?

Хэдэн минут гарган, Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хамгийн сүүлд бидэнд өгсөн зөвлөгөө эсвэл сэрэмжлүүлгийг олж, судал. Сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үг, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол зэргээс хайж болох юм. Та хичээлийн эхэнд өгсөн бошиглогчдын хэлсэн мэдэгдлүүдийг оруулж болно.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Олж мэдсэн зүйлээ хураангуйлан бичээд, дараах асуултуудад хариул.

  • Их Эзэний бошиглогчийн энэхүү зөвлөгөө хэрхэн Их Эзэн таныг хайрлан халамжилж, санаа тавьж, нигүүлсэнгүй ханддагийн нотолгоо болж байна вэ?

  • Хэрэв та энэ зөвлөгөөг амьдралдаа дагасан бол Тэнгэрлэг Эцэг дуулгавартай байсны тань төлөө таныг хэрхэн адисалсан бэ?

  • Хэрэв та ямар нэгэн байдлаар энэ зөвлөгөөг үл тоомсорлож эсвэл дагаагүй бол хайраар дүүрэн Аврагч яагаад уг зөвлөгөөг дагахад таныг урьж болох вэ? Энэ нь таны амьдралыг хэрхэн сайжруулах вэ?

Бошиглолын зөвлөгөөг амьдралдаа дагах

  • Та ямар ямар шалтгаанаар бошиглолын зөвлөгөө, сэрэмжлүүлэгт талархдаг вэ?

Их Эзэн Өөрийнх нь бошиглогчдод дуулгавартай байгаад тань сэтгэл хангалуун байгаагаа харуулсан мөн таныг сайжрахад уриалан дуудсан арга замуудыг таньж мэдэхээр Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл. Санаанд орж ирсэн бодол санаа, сэтгэгдлээ жагсаан бичээд, тэдгээрийг дагах амлалт өг. Төрсөн сэтгэгдлээ гэр бүлийнхээ ойр дотнын гишүүн эсвэл Сүмийн итгэл олсон удирдагчтай хуваалцаад, хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд тань туслахад тэднийг урих нь тустай байж болох юм.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Бошиглогчдын зөвлөгөөг дагах нь надад хэрхэн нөлөөлөх вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дараахыг заасан:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг.

Гэвч бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх сонголт нь бидний зогсож буй байрыг өөрчилдөг. Энэ нь илүү аюултай болдог. Бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх нь ирээдүйд сүнслэг зөвлөгөө хүлээн авах хүчийг сулруулдаг. Ноад бүхээг барихад нь туслахаар шийдсэн хамгийн зөв цаг бол түүний анх асуусан үе байсан юм. Түүнийг дараа нь асуух болгонд хариулахгүй байсан явдал нь Сүнсийг мэдэрч сонсох мэдрэмжийг бууруулсан. Бороо орох хүртэл түүний хүсэлтүүд улам мунхаг санагдаж байв. Гэвч нэгэнт оройтсон байлаа.

Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамааралгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байсныгаа ухаарч байсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсоод, баттай болохыг нь залбирч мэдэж авсныхаа дараа үүнийг дагах бүрдээ аюулгүй газар луу явж байгаагаа мэддэг.

(Henry B. Eyring, “Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25)

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг.

Их Эзэн нигүүлсэнгүй учраас хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үйлчлэгчдийг дууддаг. Сэрэмжлүүлэх энэхүү дуудлага хэцүү ч гэсэн амин чухал юм. Учир нь үнэхээр бодитой аюулын тухай нэн чухал үнэ цэнтэй сэрэмжлүүлгийг хүмүүс тоохгүй байна.

(Henry B. Eyring, “A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 32)

Үйлс 27:9. “Мацаг барих үе ч өнгөрсөн байлаа” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Энэ тохиолдолд “мацаг барих” гэдэг нь хүчтэй шуургануудаас болж Газар дундын тэнгист аялах нь осолтой байдаг улирал эхэлж буйг тэмдэглэдэг Цагаатгалын өдөр гэгдэх Иудейн ариун өдрийг хэлж байж болно. Цагаатгалын өдөр нь ихэвчлэн есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр тохиодог байжээ.

Үйлс 27:28. Нэг “алд” гэдэг нь хэр их хэмжээ вэ?

Нэг алд гэдэг нь хоёр гараа дэлгэсэн үед нэг гарын хамгийн захын хуруунаас нөгөө гарын хамгийн захын хуруу хүртэлх зай юм. Нэг алд нь дөрвөн тохойтой тэнцэнэ.