Семинар
Үйлс 9:10–31


Үйлс 9:10–31

“Тэр бол нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав”

Зураг
Христ Ананиад Саулыг олж, түүнийг Христийн тухай номлох алсын хараатай болгохыг тушаасан.

Их Эзэн үзэгдлээр Ананиагаас Саулыг хайж олон, адислахыг хүсэхэд тэр “[Саул] хэчнээн их хор хүргэснийг” (Үйлс 9:13) сонссон тул эхлээд татгалзав. Есүс Христ Ананиад Саулыг Өөрийнхөө харах өнцгөөс харахад тусалсан. Энэ хичээл нь бусдын сул тал, өмнөх алдаанаас үл хамааран Их Эзэний тэднээс олж хардаг чадавхыг олж харахад танд туслах зорилготой.

Хоригдлууд ба ирвэсүүд

Америкийн шоронгийн нэгэн харгалзагч шоронгийн хоригдлуудыг энгийн амьдралд оруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг байж. Түүнд нэг удаа “Ирвэс байраа сольдоггүй гэдгийг мэдвэл зохино!” гэж хэлсэн байна (Томас С.Монсон, “Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

  • Та энэ хүнийг энэ үгээрээ юу хэлэхийг оролдсон гэж бодож байна вэ?

  • Та үүнтэй адил хандлагыг харж эсвэл ийм хандлагатай тулгарч байсан уу?

Шоронгийн харгалзагч “Би ирвэсүүдтэй ажилладаггүй. Би хүмүүстэй ажилладаг, хүмүүс өдөр бүр өөрчлөгддөг гэдгийг та мэдвэл зохино” гэж хариулсан гэдэг (“Бусдыг ирээдүйд ямар хүмүүс болсон байхаар нь харж сур,” 79).

  • Хүмүүс өөрчлөгдөж чадна гэдэгт итгэх нь яагаад чухал вэ? Үүнд итгэхэд юу нь хэцүү байдаг вэ?

Өнөөдрийн хичээлээр бид хүмүүс Саулыг хэрхэн хардаг байсныг Аврагчийн түүнийг хэрхэн хардаг байсантай харьцуулах болно. Саул Есүс Христийн дагалдагч байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг маш ихээр хяхан хавчиж байв. Та өөрийгөө болон бусдыг хардаг байдлынхаа талаар Аврагчаас юу сурч мэдэж болохоо олж мэд.

Есүс Христ Саулын залбиралд хариулсан

Саулыг Христийн Сүмийн гишүүдийг баривчлахаар Дамаск орох замд явж байхад Аврагч түүнд үзэгджээ. Энэ үйл явдал Саулыг хараагүй болгов. Тэр гурван өдөр юу ч идэж, уугаагүй бөгөөд Бурханаас тусламж хүсэн залбирав (Үйлс 9:1–9, 11-ийг үзнэ үү).

Үйлс 9:10–12-ыг уншаад, Бурхан Саулын залбиралд хэрхэн хариулахаар сонгосныг олж мэд.

  • Танд чухал санагдсан юуг та эдгээр шүлгээс ажигласан бэ?

  • Яагаад Бурхан Саулд хараа оруулахын оронд түүнд туслах хүнийг илгээсэн гэж та бодож байна вэ?

Үйлс 9:13–15-ыг уншаад, Ананиа, Их Эзэн хоёр Саулыг хэрхэн өөр өөрөөр хардаг байсныг хайж ол. (Ананиагийн Саулын талаар сонссон зүйл зөв байсан гэдгийг мэдэх нь чухал [Үйлс 8:3; 9:1–2-ыг үзнэ үү].)

Судлах тэмдэглэлдээ Саулыг төлөөлөх энгийн зураг зур. Зургийнхаа нэг талд Саулын үед Ананиа болон бусад хүн түүнийг хэрхэн хардаг байсныг хэдхэн үгээр нэгтгэн дүгнэж бич. Нөгөө талд нь Их Эзэн түүнийг хэрхэн хардаг байсныг цөөн хэдэн үгээр нэгтгэн дүгнэж бич.

Ананиа Их Эзэний Саулыг хардаг байдалд итгэсэн. Үйлс 9:17–27-г уншаад, дараа нь юу болсныг олж мэд.

Та ChurchofJesusChrist.org дээрээс “The Road to Damascus” видеог 1:55-аас 5:21 секунд хүртэл үзэж болно.

  • Есүсийн Саулыг харах өнцгийн юу нь чухал гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Бид энэ түүхээс Есүс Христийн талаар ямар зарчмуудыг мэдэж авч болох вэ?

Есүс Христ бидэнд бусдыг Түүний өнцгөөс харахад тусална

Та тогтмол харилцдаг хүмүүсээ хэрхэн хардгаа бодож үзэхэд хэдэн хором зарцуул. Доорх жагсаалт дахь хүмүүсийг хараад, хүн тус бүрийг хэрхэн хардгаа хоёр үг ашиглан дүрсэл.

  • Эцэг эх

  • Ах дүү

  • Багш

  • Найз

  • Би өөрөө

Бусад судар болон бошиглогчдын үг бидэнд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын хүн бүрийг хардаг өнцгийг илүү сайн ойлгоход тусална. 1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг мөн Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг уншина уу.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг 2018 оны 1-р сард авсан.

“Байгаагаараа л хүрээд ир” хэмээн хайрт Эцэг минь биднийг дууддаг бөгөөд “Байгаагаараа харин үлдэж болохгүй” гэж нэмж хэлдэг. Бид инээмсэглэн, Бурхан биднийг боддогоос маань илүү болгохоор шийдсэн гэдгийг санадаг.

(Жэффри Р.Холланд, “Дуулсан ба дуулаагүй дуунууд,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36)

Өөрийн сурч мэдсэн зүйл дээр үндэслэн хүмүүсийн жагсаалтыг эргэн хараад, одоо хоёр үг ашиглан хүн нэг бүрийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардаг өнцгөөс харж дүрсэл.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардаг өнцгөөс харахын тулд юу хийж болох вэ?

  • Яагаад Аврагчийн хардаг өнцгөөс бусдыг үргэлж харахад хэцүү вэ?

  • Яагаад энэ арга замаар бусдыг харахыг хичээх нь чухал вэ?

Хэн нэгэн Есүс Христийг дагахаар сонгож, өөрчлөгдсөн байлаа ч заримдаа үнэхээр өөрчлөгдсөн гэдэгт итгэхэд хэцүү. Зарим хүний хувьд Саул Христэд итгэгчдийг хяхан хавчдаг байснаа, дараа нь өөрөө Есүс Христийн шавь болсонд итгэхгүй байв.

Үйлс 9:20–22, 26–27-г уншаад, Есүс Христийн сайн мэдээг номлох болсонд нь Саулд хүмүүс хэрхэн хандаж байсныг олж мэд.

  • Та хүмүүсийн хандлагаас юу ажигласан бэ?

  • Энэ жишээн дээрх Барнабаас та юу олж мэдсэн бэ?

2. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ:

Өнөөдөр судалсан зүйл дээрээ үндэслэн юу хийхийг эсвэл юу санаж явахыг хүсэж байгаагаа бичиж тэмдэглэ. Үүнд бусдыг Их Эзэний өнцгөөс илүү сайн харахын тулд хийх зүйлээ багтааж болно.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Үйлс 9:15-17. Өөрсдийгөө болон бусдыг Тэнгэрлэг Эцэгийн өнцгөөс харах нь биднийг хэрхэн илүү даруусгадаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд энэ асуултад хариулахад туслах үүднээс дараах түүхийг хуваалцжээ:

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2016 оны 1-р сар.

Хэдэн жилийн өмнө Көртис нэртэй нэгэн гайхамшигтай залуу номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Тэр бол номлолын ерөнхийлөгч бүрийн залбирдаг тийм сайн номлогч байсан төдийгүй ажилдаа үнэхээр төвлөрч, шаргуу ажилладаг нэгэн байлаа. Нэг удаа тэрээр томоожоогүй, бусадтай харьцахдаа эв хавгүй, ялангуяа ажилдаа туйлын идэвх санаачилгагүй ханддаг нэгэн номлогчийн хамтрагчаар дуудагдав.

Нэгэн өдөр Көртис хамтрагчтайгаа дугуйтай явж байгаад, хамтрагчаа ямар ч тайлбар хэлэлгүй дугуйнаасаа буугаад, алхахыг харжээ. Көртис “Аливаа зүйлийг хийхэд асар их урам зориг шаардагдах ийм хамтрагчтай байна гэдэг ямар их бэрхшээл вэ” гэж намуухнаар Бурханд бухимдлаа илэрхийлсэн байна. Гэтэл хэдэн мөчийн дараа “Көртис өө, надтай харьцуулбал та хоёр хоорондоо тийм ч их ялгаатай биш шүү дээ” хэмээн яг л Бурхан хэлэх шиг тийм гүн мэдрэмж төржээ.

(Дэйл Г.Рэнланд, “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43)

Үйлс 9:26–27. Би өөрчлөгдөхийг хүсэж байгаа хүнд хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг 2018 оны 1-р сард авсан.

Хүмүүст наманчлах боломж олгоё. Хүмүүст өсөж хөгжих боломж олгоё. Хүмүүс өөрчлөгдөж, төгөлдөржиж чадна гэдэгт итгээрэй. Энэ итгэл мөн үү? Тийм ээ! Энэ найдвар мөн үү? Тийм ээ! Энэ энэрэл мөн үү? Тийм ээ! Хамгийн гол нь энэ бол энэрэл, Христийн цэвэр хайр юм. Ямар нэг зүйл өнгөрсөн үед булшлагдсан бол түүнийг булшилсан чигээр нь орхи. Элсний жижигхэн хувингаа газар ухах хүрзтэй хамт авч очоод, наран шарлагын газрыг ухаж, гараараа даллан, хэн нэгэн рүү элс цацаад, “Хөөе! Чи нөгөөх явдлаа санаж байна уу?” гэж хэлэн, цочролд оруул. Цүл пал!

Юу болох бол? Энэ нь таныг хогийн савнаасаа өнгөрсөн үеийн аймшигтай хэргийг ухан гаргаж ирэхэд хүргэж, нөгөө хүн чинь “Тийм ээ, би санаж байна. Чи тэгж байснаа санаж байна уу?” гэх вий. Цүл пал!

Тэгээд хоёул бие биеэ үзэшгүй муухайгаар дайрч, аймаар царай гарган, ямар ч баяр баясалгүй, бие биедээ гомдохын ихээр гомдон гутрах болно. Гэтэл Тэнгэр дэх бидний Эцэг биднээс цэвэр ариун, өрөвч нинжин сэтгэлтэй, аз жаргалтай, эдгэрч сайжирдаг байхыг хүсэн хүлээдэг шүү дээ.

Ийнхүү өнгөрсөн үедээ, түүний дотор өнгөрсөн алдаа дутагдлаар амьдрах нь зөв зүйл огт биш! Энэ бол Есүс Христийн сайн мэдээ биш.

(Jeffrey R. Holland, “The Best Is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 26–27)

Хэвлэх