Суралцахуйгаа үнэлэх 6
Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла
Судлах тэмдэглэлдээ зүрхний дүрс зур. Зүрхний дотор эсвэл зүрхийг тойруулан Аврагчийг гэх хайрыг тань нэмэгдүүлсэн Түүний талаар сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ жагсаан бич. Боломжтой бол Аврагчийн юуг нь хайрладаг болохыг найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ асуугаад, үүнийгээ жагсаалтдаа нэм. Зурсан зүрхнийхээ доор дараах асуултуудад хариул.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрын талаар илүү ихийг судлах нь Тэднийг илүү их хайрлахыг хичээх сэдлийг хэрхэн төрүүлж байна вэ?
-
Таныг хайрлах Тэдний хайрын талаарх ойлголт бусдыг хайрлах хайраа өсгөн нэмэгдүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
Бид зарлигуудыг сахих замаар Түүнийг хайрладаг гэдгээ харуулдаг хэмээн Аврагчийн заасныг сана (Иохан 14:15-ыг үзнэ үү). Есүс Христ бүх зарлигийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулахын төгс үлгэр жишээг үзүүлсэн (Иохан 14:31-ийг үзнэ үү).
Та Иохан 14:15-ыг судлахдаа, зарлигуудыг сахих хүсэл, эрмэлзэл, сэдлээ эсвэл ийн үйлдэх шалтгаануудаа тэмдэглэлдээ бичсэн байх. Хэрэв тийм бол бичсэн зүйлээ эргэж харна уу.
Есүс Христийн Цагаатгалгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?
Есүс Христийн цагаатгагч золиослолын талаар Шинэ Гэрээнээс юу сурч мэдсэнээ бод. Таны хувьд Есүс Христ болон Түүний цагаатгагч золиос ямар утга учиртай болохыг хэдэн хормын турш тунгаан бод. Энэ хоёрын аль алингүйгээр таны амьдрал ямар байх байсныг бодож үз.
Хэсэг тунгаан бодоод, дараах асуултуудад хариулан, зарим бодол санаагаа бичиж тэмдэглэ. Хариултдаа утга учиртай мэдээллийг болон Есүс Христийн гаргасан золиослолын талаар танд нөлөөлсөн судрын хэсгүүдийг багтаа.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан:
Есүс Христ энэхүү золиосыг эртний Иерусалимд эр зориг гарган гүйцэлдүүлсэнд талархаад баршгүй билээ. … Есүс Өөрт нь итгэх итгэлээр дамжуулан нүглээ наманчилж, санваарын зохих эрх мэдлээр баптисм хүртэн, гишүүний баталгаагаар Ариун Сүнсний ариусгах бэлгийг хүлээн авч, бусад чухал ёслолыг хүлээн авснаар бид угаагдан, цэвэр болж болохын тулд Өөрийн хүслээр зовж шаналсан. Их Эзэний Цагаатгалгүйгээр эдгээр адислалын аль нь ч бидэнд боломжгүй бөгөөд бид Бурханы оршихуйд амьдрахуйц зохистой мөн бэлэн байж чадахгүй байх байсан.
(M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, May 2004, 85)
Есүс Христийн сайн сайхан мэдээг хуваалцах
Одоо та нар Есүс Христийн цагаатгагч золиосны ач холбогдлын талаар эргэцүүлэн бодсон болохоор ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншина уу.
Сайн мэдээ гэдэг нь “сайн сайхан мэдээнүүд” гэсэн утгатай. Сайн сайхан мэдээ нь Их Эзэн Eсүс Христ болон авралын тухай Түүний захиас юм гэж заажээ. Eсүс сайн мэдээг мөнх бус амьдралд гүйцэтгэсэн Өөрийн номлол, тохинууллаар харуулсан.
(Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Liahona, Nov. 2004, 81)