Иохан 10
“Сайн Хоньчин”
Есүс Өөрийгөө Сайн Хоньчин гэж заасан. Тэрээр Өөрийгөө мөн Өөртэй нь харилцах харилцааны талаар сонсогчдод илүү сайн ойлгуулах үүднээс энэхүү адилтгалыг ашиглажээ. Энэ хичээл Хоньчных нь хувиар Есүс Христэд илүү их итгэж найдан, дуу хоолойг нь сонсож, дагах хүсэл эрмэлзлээ өсгөн нэмэгдүүлэхэд танд тусална.
Есүс Христ бол Сайн Хоньчин
Хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг анхааралтай хараад, юу зааж байгааг эргэцүүлэн бод. Дараах асуултууд тусалж болох юм. Ямар учраас Хоньчин хургыг тэврэх вэ? Хоньдоо харж буй Хоньчны байр сууринаас та юуг ажигласан бэ?
Өнөөдөр та сайн хоньчны сургаалт зүйрлэлийг судална. Энэ сургаалт зүйрлэлд Есүс Христ Өөрийгөө хонин сүргээ хариулж, хамгаалдаг хоньчинтой зүйрлэдэг. Суралцах явцдаа Аврагчийн талаар олж мэдсэн зүйлдээ анхаарал хандуул.
Иохан 10 -т Есүс Өөрийгөө Сайн Хоньчин хэмээн заасан ( 11, 14-р шүлгийг үзнэ үү).
Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудасны дээд хэсэгт “Сайн Хоньчин” гэсэн нэр цолыг бич. Та энд Сайн Хоньчин болох Есүс Христийн тухай, Тэрээр хоньдынхоо төлөө юу хийдэг талаар олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээ жагсаан бичиж болно. Хүсвэл та доор харагдаж буйтай адил цаасан дээр энгийн нэгэн хонины зураг зураад, зургийн дотор талд олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ бичиж болно.
Иохан 10:1–5 -ыг уншаад, Есүсийн Сайн Хоньчны хувиар гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынхаа талаар заасан сургаалт зүйрлэлийг олж мэд.
“Сайн Хоньчин” видеог цагийн код 1:54-өөс 3:33 хүртэл үзнэ үү. Энэ видеонд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард хоньчид болон хоньдыг ажигласан туршлагынхаа талаар ярьсан. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Сайн Хоньчны талаар олж авсан аливаа ойлголтоо жагсаалтдаа нэм.
-
Энд дүрсэлсэн хоньчид болон хоньдын хоорондын харилцааны юу нь таны анхаарлыг татсан бэ?
Сонсож байсан хүмүүсийн зарим нь Есүсийн заасан сургаалт зүйрлэлийг ойлгоогүй ( Иохан 10:6 -г үзнэ үү). Есүс уг сургаалт зүйрлэл Өөрийнх нь талаар юу заасныг тайлбарлажээ. Иохан 10:7–18, 27–28 -ыг уншаад, Сайн Хоньчны хувьд гүйцэтгэдэг Есүсийн үүргийн талаарх нэмэлт ойлголтуудыг хайж ол. Ажигласан зүйлээ жагсаалтдаа нэм. (Жич: Хөлсний хүн гэдэг нь хөлсөөр ажиллах зорилготой хүн юм.)
-
Жагсаалтаа харахад, Сайн Хоньчны сургаалт зүйрлэл Есүс Христийн талаар юуг ойлгоход танд тусалж байна вэ?
-
Яагаад Түүнийг дагахыг хүсэх талаар та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ?
1. Дараах өгүүлбэрийг гүйцээж бичээд, судлах тэмдэглэлдээ доорх асуултад хариул.
Хэрэв би Сайн Хоньчныг дагавал … хүлээн авах болно.
-
Аврагч таныг Хоньчны хувиар халамжилж байгааг мэдэрч байсан ямар үйл явдал санаанд тань орж ирж байна вэ?
Та Сайн Хоньчны дуу хоолойг хэрхэн сонсож болох вэ?
Дараах асуултуудын талаар бод.
-
Танд Аврагчийн тусламж эсвэл удирдамж юунд хэрэгтэй вэ?
-
Та Аврагчийн хониндоо өгдөг ямар ямар адислалыг авахыг хүсэж байна вэ?
-
Та Сайн Хоньчны дуу хоолойг сонсох чадвараа яагаад сайжруулахыг хүсэж байна вэ?
Энэ сургаалт зүйрлэлд дурдсан Сайн Хоньчны хоньд гэж Түүний дуу хоолойг сонсож, дагадаг хүмүүсийг хэлж байгаа юм ( Иохан 10:3–5, 27 -г үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон Есүс Христийн дуу хоолойг сонсох талаар дараах ойлголтыг өгсөн.
Тодорхой бус байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Түүний Хүүг сонсох явдал гэдгийг Тэнгэрлэг Эцэг маань мэддэг.
Яагаад гэвэл, бид Түүний Хүүг үнэхээр сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно.
… “Түүнийг Сонс” гэсэн—[тэрхүү] хоёр үгэнд—Бурхан энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загварыг өгчээ. Бид Их Эзэний үгийг сонсож, анхаарч, бидэнд хандан Түүний хэлсэн зүйлсийг дагах ёстой.
Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үг, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
(Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign, May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)
-
Сайн Хоньчны дуу хоолойг ямар ямар арга замаар сонсож болох вэ?
Боломжтой бол Сүмийн удирдагчид Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаарх жишээг сонсохын тулд “How I #HearHim: Elder David A. Bednar” (1:15) мөн “How I #HearHim: Sister Joy D. Jones” (2:45) гарчигтай видеонуудыг үзүүл. Эдгээр видео нэмэлт жишээтэй хамт ChurchofJesusChrist.org дээр байгаа.
2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Есүс Христийн дуу хоолойг сонсох нь таны хэрэгцээ шаардлагад хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
-
Сайн Хоньчных нь хувьд Есүс Христийн гүйцэтгэдэг үүрэг хариуцлагын талаар судалснаар та Түүний талаар юу сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Иохан 10:7 . Яагаад Есүс “Хонины үүд нь Би байгаа юм” хэмээн хэлсэн бэ?
Израилын хоньчид хонины хашааны үүдэнд зогсож, хонь болгоныг ороход нь шалгаж, шаардлагатай бол гэмтсэн нэгнийг нь эмчилдэг байжээ. Шөнөдөө хоньдыг хонины хашаанд хашсаны дараа хоньчин үүдэнд нь араатан эсвэл хулгайч орж, хонин сүрэгт хохирол учруулахгүй байх үүднээс хаалгыг нь хааж хонодог байсан. “Үүд нь Би байгаа юм” хэмээх Аврагчийн мэдэгдэл нь Тэрээр “хоньдын төлөө амиа өгөхөд” бэлэн ( Иохан 10:7, 15) бөгөөд тэнгэрийн хаанчлалд хэн орохыг ганцаараа шийдэх юм гэдгийг тодорхой харуулдаг. Мормоны Номын бошиглогч Иаков үүдтэй төстэй дүрс ашиглан, “Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул” бөгөөд “тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг” ( 2 Нифай 9:41) хэмээн тунхагласан.
Сайн Хоньчин, хөлсний хүн хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.
Гэсэн хэдий ч заримдаа өлсгөлөн зэрлэг амьтад хашаан дээгүүр үсрэн, хоньдын дунд орж, тэднийг үргээдэг байв. Ийм нөхцөл байдалд хонио хайрладаг жинхэнэ хоньчин мөнгөний төлөө ажилладаг хөлсний хоньчноос ялгаатай нь харагддаг.
Жинхэнэ хоньчин хониныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг. Тэр хоньдынхоо дунд орж, тэдний төлөө тэмцдэг. Харин хөлсний хоньчин өөрийнхөө аюулгүй байдлыг хониныхоо аюулгүй байдлаас дээгүүр тавьж, аюул тулгарахад ихэвчлэн зугтдаг.
Есүс [Өөрийгөө] Сайн Хоньчин, Жинхэнэ Хоньчин байсан гэдгийг харуулахын тулд энэхүү нийтлэг жишээг ашигласан ажээ. Тэр ах, эгч нартаа хайртай учраас Өөрийн амийг тэдний төлөө сайн дураараа, хүслээрээ өгсөн юм. ( Иохан 10:17–18 -ыг үзнэ үү.)
(Ezra Taft Benson, “A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, May 1983, 43)
Иохан 10:30 . Есүс “Би болон Эцэг нэг юм” хэмээн хэлэхдээ юуг илэрхийлсэн бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн анхдагч бөгөөд үндсэн итгэлийн тунхаг бол “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг явдал юм” [ Итгэлийн тунхаг 1:1 ]. Бид эдгээр бурханлаг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл Бурхан Тэргүүтнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл, хайр, шударга ёс, ач ивээл, тэвчээр, уучлал, гэтэлгэлийн бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж л чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв боловч нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт итгэх Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь сударт хэзээ ч тавигдаж байгаагүй юм.
(Jeffrey R. Holland, “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 40)