Иохан 11:1–46, 1-р хэсэг
Есүс Лазарыг үхлээс амилуулав
Мариа, Марта хоёр Есүсийг ирээд, өвчтэй ах Лазарт нь туслахыг хүсжээ. Есүс аяллаа хойшлуулж, Лазарыг нас барснаас дөрөв хоногийн дараа тэнд ирэв. Есүс хайр энэрлээ харуулж, эгч дүү хоёртой хамт уйлсан байна. Дараа нь Тэр Лазарыг үхлээс амилуулав. Энэ хичээл нь Есүс Христийн талаарх үнэн, амьдралын зовлон бэрхшээл дундуур удирдан залах зарчмуудыг тодорхойлоход танд тусална.
Гэр бүлийнхээ хэн нэгний талаар бод. Түүнийг амь насанд нь аюултай хүнд өвчин туссан гэж төсөөл.
-
Танд ямар мэдрэмж төрж байж болох вэ?
-
Та юу хийх вэ?
-
Танд ямар асуултууд байж болох вэ?
Иохан 11 -д Мариа, Марта, Лазар нар ийм нөхцөл байдалтай тулгарсан. Хэдийгээр тэдэнд тулгарсан үйл явдал өвчин болон үхэлтэй холбоотой ч бид тэдэнд тохиолдсон үйл явдлаас сурч мэдсэн зарчмуудаа ямар ч зовлон бэрхшээл тулгарахад ашиглаж болно.
1. Судлах тэмдэглэл дээрээ хийж гүйцэтгэ.
Цаасныхаа дээхнэ талд “Зовлон бэрхшээлтэй тулгарах үед мэдвэл зохих зүйлс” гэж бичнэ үү. Хичээлийн туршид өөрт тулгарч буй эсвэл тулгарч болзошгүй сорилт бэрхшээлийн талаар бод. Тэдгээр сорилт бэрхшээлийн туршид таныг удирдан залж, итгэл найдвар өгч болох Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх үнэнүүдийг тодорхойлохыг эрэлхийл. Төрсөн бодол санаагаа цаасан дээрээ бичиж тэмдэглэ. Таны тодорхойлсон үнэн нэг бүр Аврагчид өгөх хайрыг болон Түүнээс ирэх хайрыг мэдрэхэд тань хэрхэн тусалж буй талаар анхааралтай бодож үз.
Үнэнүүдийг олох
Зарчмуудыг тодорхойлоход тус болж болох судраас суралцах нэг чадвар бол чухал мэдээллийг олж харахдаа түр зогсож, дараахтай адил энгийн асуултуудыг тавих явдал юм. Үүнд:
-
Тэнгэрлэг Эцэг эдгээр шүлгээс юуг сурч мэдээсэй хэмээн надаас хүсэж байгаа вэ?
-
Энэ цэдэг Есүс Христийн талаар надад юу зааж байна вэ?
Иохан 11:1–7 -г уншаад, дээр дурдсан асуултуудыг өөртөө тавь.
Эдгээр шүлгээс таны олж мэдэж болох янз бүрийн зарчмууд бий. Зарим жишээг доор өгөв. Жишээ болгон өгсөн зарчим тус бүрийн хувьд, уг зарчмыг дэмжсэн үг хэллэг эсвэл мэдээллийг уншсан шүлгүүдээсээ олж тэмдэглэхийг бодож үз.
Есүс Христ биднийг хайрладаг хэдий ч бид сорилт бэрхшээлтэй тулгарах болно.
Бид Есүс Христийг үнэнчээр дагасан ч гэсэн бидэнд сорилт бэрхшээл тулгарсаар байна.
Бид сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлж болох бөгөөд Тэрээр Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар хариулна.
Эдгээр зарчмыг цаасан дээрээ бичих талаар бодож үз.
-
Эдгээр үнэнийг мэдэх нь танд хэрхэн тусалдаг вэ?
Аврагч Лазарын өвчний талаар сонссоноосоо хойш хоёр хоногийн дараа Лазарын гэрт очсон. Түүнийг ирэхэд Лазар булшинд дөрөв хоносон байв ( Иохан 11:17, зүүлт тайлбар a -г үзнэ үү).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) тухайн дөрөв хоногийн ач холбогдлыг ийн тайлбарласан.
Ялзрал ид явагдаад эхэлчихсэн, аль хэдийн үхсэн нь гарцаагүй, тодорхой болсон байв. … Иудейчүүдийн хувьд дөрөв хоногийн хугацаа чухал ач холбогдолтой байсан бөгөөд тэдний уламжлал ёсоор дөрөв дэх өдөр сүнс биеийнхээ хүрээнээс бүрмөсөн, эргэлт буцалтгүй оддог гэж итгэдэг байсан юм.
(Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973], 1:533)
Иохан 11:18–46 -г уншихдаа, зарчмуудыг тодорхойлох дадлагаа үргэлжлүүл. Эсвэл та “Lazarus Is Raised from the Dead” видеог цагийн код 2:04-өөс 7:43 хүртэл үзэж, судруудаа хамт харж болно. Үе үе зогсосхийн, Мариа, Марта хоёр Есүс Христэд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийсэн эсвэл Аврагч нөхцөл байдал бүрд ямар хариу үйлдэл үзүүлсэн зэрэг чухал мэдээлэлтэй тулгарахдаа өөртөө асуулт тавь. Олсон зарчмуудаа тэмдэглэлдээ нэмээд, чухал мэдээллийг тэмдэглэн авч, судартаа өөр тэмдэглэл үйлдэж болно.
-
Тэнгэрлэг Эцэг энэ цэдгээс юу сураасай хэмээн хүсэж байна вэ?
Энэ цэдэг Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ?
Та өөрөөсөө дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг асуугаад, тэдгээр нь тэмдэглэлдээ нэмж болох өөр зарчмуудыг олж харахад тусалж байгаа эсэхийг олж мэд.
-
Зовлон бэрхшээл тулгарах үед Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд Мариа, Марта хоёр юу хийсэн бэ?
-
Тэдэнд өгсөн Аврагчийн хариулт Түүний талаар танд юу зааж байна вэ?
-
Энэхүү цэдгийн ямар ямар хэсэг Аврагчид илүү их итгэж найдах талаар танд зааж байна вэ?
-
Чухал мэдээллийг олохдоо түр зогсон, асуулт тавих нь суралцах үйл явцад тань хэрхэн тусалсан бэ?
2. Судлах тэмдэглэлдээ дараах дасгалыг хийж гүйцэтгэ.
Хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарсан хэн нэгэнтэй ярилцах боломж танд олдсон гэж төсөөл. Иохан 11:1–46-аас тодорхойлсон зарчмуудынхаа нэгийг сонгоод, тухайн зарчим тэдэнд хэрхэн тусалж болохыг хуваалц. Энэ зарчим уг хүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мөн Тэд бидний төлөө юуг хүсдэг талаар ойлгоход хэрхэн тусалж болох талаарх өөрийн бодол санааг багтаа.
3. Судлах тэмдэглэлдээ дараах дасгалыг хийж гүйцэтгэ.
“Сорилт бэрхшээлтэй тулгарах үед мэдвэл зохих зүйлс” гэсэн цаасан дээрээ бичсэн зарчмуудаа гүйлгэн унш. Цаасныхаа доод хэсэгт дараах асуултуудад өгөх хариултуудаа нэмж бич.
-
Та яг одоо өөрийн амьдралд аль зарчим дээр нь илүү төвлөрөх хэрэгтэй вэ? Яагаад?
-
Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийг хайрлах хайрыг мэдрэхэд тусалсан болон Тэдний талаарх юу юуг та олж мэдсэн бэ?
-
Өнөөдөр олж мэдсэн, мэдэрсэн зүйл дээрээ тулгуурлан юу хийх хүсэл эрмэлзэл танд төрсөн бэ? Та үүнийг хэрхэн хийх вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Яагаад зөв шударга байхыг хичээж байхад надад зовлон бэрхшээл тулгардаг юм бэ?
Далын ахлагч Мэттью С. Холланд ийн заасан.
“Бүхий л дэлхийнхнээс илүү чадалтай” [1 Нифай 4:1] мөн “гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” [Ефес 3:20] Түүнээс илүү, та нарыг төгс ойлгох өөр хэн ч байхгүй гэдгийг мэдээрэй. Энэ үйл явц Христийн арга замаар Түүний хуваарийн дагуу өрнөх ч Тэрээр таны зовлон шаналлыг бүхий л талаар, өчүүхэн хэсгийг ч үлдээлгүй эдгээхэд үргэлж бэлэн байдаг.
Та нар Түүнд ийн үйлдэх боломж олгосноор зовлон шаналал тань дэмий хоосон зүйл байгаагүйг олж мэдэх болно. … Бурханы туйлын мөн чанар, дэлхий дээрх оршин тогтнох зорилго бол аз жаргал юм. Гэхдээ заримдаа бүх хүч чадал, нөөц бололцоог маань шавхан сорьдог туршлагагүйгээр бид бурханлаг баяр баясгалант төгс хүмүүс болж чадахгүй. Тэр ч бүү хэл Паулын хэлснээр, Аврагч Өөрийгөө мөнхөд “зовлонгоор төгс [буюу бүрэн] болгожээ” [Еврей 2:10]. Тиймээс та нар, сайн хүн байсан бол ийм сорилт ирэхгүй байх байсан гэх сатанлаг шивнээнээс болгоомжил.
Мөн үүнтэй холбоотой учирсан зовлон тань нэг адислалаас нөгөө рүү төвөггүй явах юм шиг харагддаг, Бурханы сонгогдсон хүмүүсийн хүрээллээс гадуур байгааг тань хэлж өгч байна гэсэн худал үгэнд та нар автахгүй байх ёстой. …
Ах, эгч нар аа, зөв шударга байдалд зовж шаналах нь та нарыг Бурханы сонгогдсон хүмүүсийн дундаас ялгах гэж биш, харин тавигддаг шаардлагад нь нийцэхэд тусалдаг.
(Мэттью С.Холланд, “Хүүгийн үлэмж хурц бэлэг,” Ensign, Nov. 2020, 46–47 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–51)