Лук 17:11–19
“Итгэл чинь чамайг эдгээлээ”
Галилаас Иерусалим орох замдаа Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээжээ. Тэдгээр эдгэсэн хүний нэг нь л буцаж ирээд, Есүст талархав. Энэхүү хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон бусдад талархаж, талархлаа илэрхийлэхэд тусална.
Одоо талархаж байгаа зүйлс
“Ихэвчлэн,” “заримдаа” эсвэл “хэзээ ч үгүй” гэсэн үгнүүдийг ашиглан, дараах мэдэгдлээр өөрийгөө үнэлж дүгнэ.
-
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт мөн бусад хүнд талархдаг.
-
Би талархлаа илэрхийлдэг.
-
Талархлаа илэрхийлэх нь миний амьдралд эергээр нөлөөлдөг.
Үргэлжлүүлэн суралцахдаа, талархаж байгаагаа харуулах нь таны амьдралыг хэрхэн адисалдгийг олж мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Уяман өвчин
-
Та уяман өвчний талаар юу мэдэх вэ?
Орчин үед бус, эрт дээр үед элбэг байсан уяман өвчин бол бие махбодыг эрэмдэг болгож, үхэлд хүргэдэг өвчин юм. Библийн цаг үед уяман өвчтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдаж, хэн нэгнийг дөхөж ирэх юм бол “Бохир!” хэмээн хашхиран сэрэмжлүүлдэг байжээ (Bible Dictionary, “ Leper ,” “ Leprosy ”-г үзнэ үү).
-
Библийн цаг үед амьдарч байсан уяман өвчтэй хүмүүс юу боддог, өдөр тутмын амьдрал нь ямар байсан байж болох вэ?
-
Орчин үед өсвөр насныханд яагаад үүнтэй адил мэдрэмж төрж болох вэ?
Лук 17:11–14 -ийг уншаад, уншсан зүйлээ сайн төсөөл. Анхааралтай уншин, нарийн ширийн мэдээлэлд анхаарлаа хандуулж, уншсан зүйлээ төсөөлөн бодох нь судраас суралцах үйл явцыг илүү утга учиртай болгоход тусална.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа, судруудыг харалгүйгээр Лук 17:11–14 дээрх мэдээллийн талаарх дараагийн таван асуултын аль болох бүгдэд хариулахыг оролд.
Анхааралтай уншаад, мэдээлэлд анхаарлаа хандуулах
-
Уяман өвчтэй хүмүүс Аврагчид хэр ойртсон байсан бэ?
-
Уяман өвчтэй хүмүүс Аврагчаас юу хүссэн бэ?
-
Аврагч тэдэнд юу гэж хэлсэн бэ?
-
Уяман өвчтэй хүмүүсийн дундаас хэд нь Аврагчийн хүссэн зүйлийг хийх итгэлтэй байсан бэ?
-
Уяман өвчтэй хүмүүс эдгэрэх үедээ юу хийж байсан бэ?
Уншсан зүйлээ төсөөлөх
Өөрийгөө цэвэршсэн уяман өвчтэй хүмүүсийн нэг гэж төсөөл.
-
Уяман өвчнөөс эдгэрэх ямар байх бол? Танд ямар мэдрэмж төрөх байсан бол?
-
Яагаад энэ цэдэгт өгүүлснээр, тэд “явах зуураа” эдгэсэн гэж та бодож байна вэ? ( 14-р шүлэг).
-
Та Аврагчийг өөрийг тань эдгээсэн гэж мэдээд, юу хийх байсан гэж бодож байна вэ?
Лук 17:15–19 -ийг анхааралтай уншаад, уншсан зүйлээ төсөөлж, чухал мэдээллийг хайж олох дадлагаа үргэлжлүүлэн хий.
-
Эдгээр шүлгийн ямар ямар мэдээлэл танд хамгийн чухал санагдаж байна вэ?
-
Талархаж байгаагаа харуулах мөн ингэснээр ирэх адислалын талаар юу олж мэдсэн бэ?
-
Буцаж ирсэн хүнд өгсөн Түүний хариултаас бид Есүс Христийн талаар юу олж мэдэж болох вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг адислахыг хүсдэг мөн үүнийгээ олон арга замаар гүйцэтгэдэг. Тэрээр мөн Аврагч Есүс Христийг илгээсэн бөгөөд Аврагчаар дамжуулан хүүхдүүдээ адисалдаг. Энэ цэдгээс Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёроос хүлээн авсан адислалдаа талархаж явдгаа илэрхийлснээр бид бүрэн эдгэрэх болно гэх үнэнийг мэдэж авч болно.
Уяман өвчтэй хүмүүс эдгэрэх л юм бол Мосегийн хуулийн дагуу өөрсдийгөө тахилчид харуулж, тэдний цэвэр болохыг зарласных нь дараа гэр орондоо төдийгүй нийгэмд эргэж ордог байсныг мэдэж авах нь тустай байж болох юм ( Леви 14 -ийг үзнэ үү). Үлдсэн есөн хүн ямар шалтгаанаар эргэн ирж талархлаа илэрхийлээгүйг бид мэдэхгүй. Тэд Аврагчид итгэлээ харуулж, дуулгавартай байж, эдгэсэн боловч эргэн ирж талархлаа илэрхийлсэн хүн нь самари хүн байсан бөгөөд Аврагч түүнд итгэл нь түүнийг “эдгээлээ” ( Лук 17:19) хэмээн хэлсэн.
-
Уяман өвчнөөс эдгэрэх, бүрэн эдгэрэх хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
-
Аврагчтай харилцах харилцаанд тань нөлөөлөх юуг та энэ цэдгээс олж мэдсэн бэ?
-
Анхааралтай уншиж, нарийн ширийн мэдээллийг олж харан, шүлгүүдийг төсөөлөх нь таны суралцах туршлагад хэрхэн нөлөөлсөн бэ?
Бошиглогчдын дараах мэдэгдлүүдийг уншаад, талархлын талаарх эдгээр сургаал тухайн уяман өвчтэй хүнд болон таны амьдралд хэрхэн хэрэгжсэнийг эргэцүүлэн бод.Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.
Чин сэтгэлээсээ талархах нь адислалуудаа хүлээн зөвшөөрөхөд төдийгүй тэнгэрийн үүдийг нээж, Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг.
(Томас С.Монсон, “Талархлын тэнгэрлэг бэлэг,” Ensign, Nov. 2010, 87 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93)
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэнд талархахын үнэ цэнийг онцолсон. “President Russell M. Nelson on the Healing Power of Gratitude” видеог цагийн код 3:42-оос 4:28 хүртэл үз эсвэл доорх бичвэрийг унш.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Лук 17:14 . Буцаж ирсэн уяман өвчтэй хүн самари хүн байсан нь чухал байсан уу?
Самаричууд Самарид амьдардаг хүмүүс байсан бөгөөд “иудейчүүдийн шашны болон үнэн Бурханыг мэддэггүй шашны итгэл бишрэл, зан үйл аль алийг дагадаг хүмүүс байв” (Судруудын удирдамж, “ Самаричууд ”-ыг үзнэ үү). Тэднийг ихэнх иудей хүн дорд үздэг байжээ. Яагаад Лук талархсан уяман өвчтэй хүн самари хүн байсныг дурдсан талаар бод. Энэ мэдээлэл энэхүү түүхийн талаарх таны ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж байна вэ? Энэ нь танд Аврагчийн тухай юу зааж байна вэ?
Талархал нь баярлалаа гэж хэлэхээс юугаараа ялгаатай вэ?
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй талархал ба баярласан сэтгэлийн талаар ийн заасан.
Талархал бол зүгээр нэг баярлахаас илүү чухал зүйл юм. Баярлах нь талархлын эхлэл мөн. Талархал бол баярласны гүйцэд хэлбэр мөн. Баярласнаа зөвхөн үгээр илэрхийлж болно. Талархлыг үйлдлээр харуулдаг.
(David O. McKay, “The Meaning of Thanksgiving,” Improvement Era, Nov. 1964, 914)
Талархал миний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
Дараах видеонуудад талархлын үр нөлөөг харуулдаг.