Иохан 13
“Бие биенээ хайрлагтун”
Есүс Алгасал баярын зоогоос хүртсэнийхээ дараа шавь нарынхаа хөлийг угаажээ. Тэрээр тэдэнд бие биенээ хайрлаж, үйлчлэх талаар заасан байна. Энэ хичээл нь Есүсийн адилаар бусдыг хайрлаж, үйлчилснээр аз жаргалыг эрэлхийлэхийг танд уриалах болно.
Есүс шиг байхыг хичээх
“Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) дууг дуулах юм уу үгийг нь унш. Та дуулж, уншиж эсвэл үзэхдээ Есүс шиг байхыг хичээхийг хүсэж буй шалтгаануудаа бод.
-
Та ямар арга замаар Есүс шиг байхыг хичээж байна вэ?
-
Хүмүүсийг Есүс шиг байхыг хичээхэд амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсныг та олж харсан бэ? Таны амьдралын хувьд?
Энэ хичээлд оролцож байхдаа Аврагчийн жишээ, сургаалыг илүү сайн дагах урам зориг өгөх Ариун Сүнсний зааварчилгаанд анхаарлаа хандуул.
“Би ийм үлгэр дуурайл үзүүлэв”
Аврагч амьдралынхаа төгсгөлд, сүүлчийн Алгасал баярын зоогтоо төлөөлөгчдөө цуглуулжээ. Энэ оройн үйл явдлыг ихэвчлэн Сүүлчийн оройн зоог гэж нэрлэдэг.
Иохан 13:1–11 -ийг уншаад, Есүс төлөөлөгчидтэйгөө Алгасал баярын зоогийг барьсныхаа дараа юу хийсэн болохыг олж мэд.
Шинэ Гэрээний цаг үед хүмүүс ихэвчлэн бохир зам дээр сандаалтай алхдаг байсан тул маш бохир хөлтэй байсныг мэдэж байх нь тустай байж болох юм. Бусдын хөлийг угаах ажлыг ихэвчлэн хамгийн доод түвшний зарц нар гүйцэтгэдэг байжээ.
-
Та төлөөлөгчдийнхөө хөлийг угааж буй Есүсийн үйлдлээс Түүний ямар зан чанарыг олж харж байна вэ?
-
Хэрэв Есүс танд ийм төрлийн даруухан үйлчилгээ санал болгосон бол танд ямар санагдах байсан мөн та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?
Иохан 13:12–17 -г уншаад, Аврагчийн үгсээс олж авах боломжтой сургамжуудыг олж мэд.
-
Та эдгээр шүлэг дээрх Аврагчийн сургаалаас юу сурч мэдсэн бэ?
-
Хэзээ та Есүсийн үйлчлэлийн жишээг дагаснаар аз жаргалыг мэдэрсэн бэ?
“Бие биенээ хайрлагтун”
Төлөөлөгчдийнхөө хөлийг угаасныхаа дараа Аврагч тэдэнд заах цаг гаргажээ. Иохан 13:34–35 -ыг уншаад, Түүний заасан чухал номлолыг олж мэд.
-
Эдгээр шүлгийг уншиж, эргэцүүлж байхад танд ямар бодол, мэдрэмж эсвэл асуултууд төрсөн бэ?
Аврагч бусдад хайраа харуулсан тухай гардаг судрын түүхүүдийн талаар бодож үз.
-
Есүс Христ өөр өөр хүнд өөр өөр арга замаар хэрхэн хайраа харуулсан бэ?
Таныг хайрлах Есүсийн хайрыг хэзээ эсвэл хэрхэн мэдэрсэн талаараа эргэцүүлэн бодож, бичихэд цаг гарга. Тайвшраад, эдгээр үеийг бодож олоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүсэх талаар бод.
-
Таныг хайрлах Аврагчийн хайрыг мэдэрч, танин мэдэх нь бусдад хайраа харуулах хүсэлд тань хэрхэн нөлөөлж байна вэ?
1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Бусдад үйлчилж, бусдыг хайрлах Аврагчийн жишээг хэрхэн дагахаа мөн хэзээ үүнийг гүйцэлдүүлэх талаараа төлөвлөгөө гарга. Төлөвлөгөө гаргахдаа дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодох нь тустай байж болно.
-
Өнөөдөр гэр бүлийнхээ гишүүн, найз эсвэл эргэн тойрныхоо хэн нэгний төлөө ямар нэг зүйл хий.
-
Танаас өөр эсвэл тэр ч байтугай урьд өмнө тантай таардаггүй байсан хэн нэгэнд хайр, сайхан сэтгэлээ харуулахын тулд ямар нэг зүйл хий.
-
Илүү их хайр, хүндэтгэлээ үзүүлэх сэтгэгдэл төрүүлж буй хэн нэгнийг тодорхойл.
-
Өөрийн хүчин чармайлтад Аврагчийн хайрыг хэрхэн урьж болох талаар бодож үз.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Иохан 13:26 . Талхны хэлтэрхий гэж юу вэ?
Иохан 13:26 дээр дүрсэлсэн “талхны хэлтэрхий” гэдэг нь хооллож буй хүмүүс аяга тавгаасаа мах шөл ууж идэхдээ ашигладаг байсан талхны жижиг хэсэг байжээ. Гэрийн эзэн талхны хэлтэрхийг хоолонд дүрж, оройн зоогийн зочиндоо өгөх нь сайхан сэтгэл, хүндлэлээ харуулж буйн илэрхийлэл байсан тул Аврагч энэ үйлдлээрээ Иудаст нөхөрлөхийг санал болгож буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь төлөвлөсөн урвалтаасаа няцаасай хэмээн түүнд өгсөн эцсийн боломж байсан ч байж болох юм.
Бид бусдад үзүүлэх өөрсдийн үйлчлэлээр дамжуулан Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дараах түүхийг хуваалцжээ.
Би асрах төвийн ариун ёслолын цуглаанд оролцохоор томилогдов. Надаас ариун ёслол түгээхийг хүсэхэд, би ариун ёслолыг түгээх явц, няхуур нямбай байх талаар бодохын оронд ариун ёслол түгээж байхдаа ариун ёслолоос хүртэж буй ахмад настнуудын хүн нэг бүрийн царай руу харсан. Тэдний дунд олон хүн уйлж байхыг би харсан юм. Нэгэн эмэгтэй миний ханцуйнаас зуурч, дээш харан, чангаар “Баярлалаа, баярлалаа” гэж билээ.
Их Эзэн Өөрийнх нь нэрээр үйлчилсэн миний үйлчлэлийг адисалсан юм. Би тэр өдөр үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар биш, харин ийм гайхамшгийн төлөө, хайраар дүүрэн үйлчлэлээр минь дамжуулан хүмүүс Их Эзэний хайрыг мэдрээсэй гэж залбирсан байлаа. Энэ бол Түүний нэрээр бусдад үйлчилж, бусдыг адислахын түлхүүр юм байна гэдгийг би сурсан.
(Хэнри Б. Айринг, “Түүний нэрээр адислах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71)