Семинар
Иохан 14:15–31; 15:10–14


Иохан 14:15–31; 15:10–14

“Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь”

Есүс Петрт зааж байгаа нь

Аврагч төлөөлөгчидтэйгөө дээд өрөөнд Алгасал баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үедээ тэдэнд чухал үнэнүүдийг заажээ. Есүс Гетсеманид болон Калварид тамлагдан зовж шаналахаасаа өмнөхөн Өөрийн чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүст “Та нар Намайг хайрладаг бол зарлигуудыг минь сахь” (Иохан 14:15) гэсэн зааварчилгаа өгсөн байна. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн зарлигуудад дуулгавартай байх замаар Тэдэнд хайраа харуулахад тусална.

Та хайраа хэрхэн харуулж болох вэ?

  • Хэн нэгэн хүн өөрийг тань хайрладаг гэдгийг та яаж мэддэг вэ? Тэдний хайрыг ямар үг, үйлдэл эсвэл хандлага илэрхийлдэг вэ?

  • Та бусад хүнд хайртай гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

  • Та хэн нэгнийг хайрладаг боловч таны хандлага эсвэл үйлдэл заримдаа тэрхүү хайрыг тань харуулж чаддаггүй бол яах вэ? Та юу хийж чадах вэ?

Аврагч Сүүлчийн зоогийн үеэр төлөөлөгчдөдөө үргэлжлүүлэн зааварчилгаа өгөхдөө, биднийг хайрлах хайрынхаа талаар мөн бид Түүнд хэрхэн хайраа харуулж болох талаар заажээ.

Иохан 14:15, 21, 23–24 ба Иохан 15:10–14-ийг судлаад, бид Өөрт нь болон Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулахын тулд юу хийж болох талаар Аврагчийн юу гэж хэлснийг олж мэд.

  • Бид Түүнийг хайрладгаа хэрхэн харуулж чадах талаар Аврагч эдгээр шүлэгт юуг онцолсон бэ?

  • Эдгээр шүлэгт биднийг хайрлах Аврагчийн хайрын тухай юу зааж байна вэ?

  • Эдгээр шүлэг дээрх Аврагчийн заасан үнэнүүд ямар нөхцөл байдалд тус болж болох вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд байсан Кэрол М.Стэфэнс эгч бидэнд зарлиглах Бурханы сэдэл, тэдгээр зарлигт дуулгавартай байх бидний сэдлийн талаар заажээ.

 

4:2

Going to Grandma's

A grandmother plans to spend the day with her granddaughter, but can't get her to stay buckled in her car seat so they can leave.

Кэрол М.Стэфэнс

Заримдаа Бурханы хуулиуд бидний хувийн эрх чөлөөг боогдуулан, сонгох эрхийг авч, өсөлт хөгжлийг хязгаарлаж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ бид илүү сайн ойлголт авахаар эрэлхийлэн, Эцэгтээ заах боломж олгосноор Түүний хуулиуд биднийг хайрлах Түүний хайрын илрэл бөгөөд Түүний хуулийг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрын илэрхийлэл гэдгийг харж эхэлдэг.

(Кэрол М.Стэфэнс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган)

Таныг хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг илтгэн харуулж буй мэт санагдаж буй зарим хууль, зарлигийг жагсаа. Зарим зарлигийг бодож олохын тулд та Арван зарлигийг эргэн харж болно (Гэтлэл 20:3–17 эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлыг төлөө [товхимол, 2011]-г үзнэ үү).

  • Таны жагсаасан зарлигууд хэрхэн “биднийг хайрлах [Бурханы] хайрын илрэл” болох вэ?

  • Эдгээр зарлигт дуулгавартай байх нь хэрхэн “Түүнийг гэсэн [таны] хайрын илэрхийлэл” болох вэ?

Жагсаалт дээрх зарлигуудаасаа нэгийг сонго. Энэ нь таны сахихаар хичээж буй зарлиг эсвэл дагахаар сонгосон боловч зөрчих гээд байгаа зарлиг байж болно.

Дараах асуултууд нь Бурханы зарлигуудыг сахих сэдлээ үнэлэхэд танд туслах болно. Хариултуудынхаа талаар бодож байхдаа, танд зарлигуудыг сахих төрөл бүрийн шалтгаан байж болохыг мэдэж байх нь чухал. Өөрийнхөө одоогийн сэдлээс үл хамааран үргэлжлүүлэн дуулгавартай бай. Хайрынхаа улмаас дуулгавартай байх таны хүсэл цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх болно.

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Энэхүү зарлигийг сахих сэдлийг тань юу төрүүлдэг вэ?

  • Хайрынхаа улмаас дуулгавартай байх Их Эзэний жишээтэй харьцуулахад зарлигуудыг сахих гэсэн таны шалтгаанууд ямархуу санагдаж байна вэ?

  • Таны дуулгавартай байдлын цаадах шалтгаанууд (таны сэдэл) яагаад чухал байж болох вэ?

  • Хайрынхаа улмаас Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хүсэж буй хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Аврагчийн маань хайрын жишээ

Есүс Христ цэвэр ариун хайрынхаа улмаас Бурханы хууль, зарлигуудад хэрхэн дуулгавартай байхын төгс жишээг бидэнд үзүүлсэн. Сүүлчийн оройн зоогийн дараа Тэрээр “Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ” (Иохан 14:31) хэмээн хэлжээ. Дараа нь Есүс бидний гэм нүгэл, “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудын” (Алма 7:11) өмнөөс Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр тарчлан зовохоор явсан юм.

  • Аврагч яагаад Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад бэлэн байсан бэ? (Иохан 15:13; Еврей 12:2-ыг үзнэ үү.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн хайр биднийг юу хийхэд уриалдаг талаар анхааралтай бодож үзэхэд урьсан. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Миний хайр дотор бай” видеог цагийн код 14:27-оос 14:50 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.

15:8

“Abide in My Love”

Elder Christofferson explains that God’s love is infinite and eternal but His greater blessings are conditioned on obedience.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Эхэлж таныг хайрласан Түүнийг та хайрлах уу? [1 Иохан 4:19-ийг үзнэ үү]. Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 14:15-ыг үзнэ үү]. Найзынхаа төлөө Өөрийнхөө амьдралыг өгсөн Түүнтэй та найзлах уу? [Иохан 15:13-ыг үзнэ үү]. Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 15:14-ийг үзнэ үү]. Та Түүгээр хайрлуулж, өгөөмрөөр санал болгож байгаа бүхнийг нь хүлээн авах уу? Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 15:10-ыг үзнэ үү].

(Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40)

тэмдэглэл хөтлөх дүрс 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул.

  • Хайранд тулгуурласан, илүү дуулгавартай байх гэсэн таны үүрэг амлалт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ? (Мозая 5:13-ыг үзнэ үү.)

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайрынхаа улмаас зарлигуудыг сахихаар хичээх үедээ өөрийг тань хайрлах Тэдний хайр нэмэгдэхийг мэдрэх болно (Иохан 14:21-ийг үзнэ үү). Хэрэв та дуулгавартай байхыг хичээж эсвэл улам бүр дуулгавартай байхыг хүсэж, Түүнээс зүрх сэтгэлийг тань өөрчилж өгөхийг даруухнаар хүсвэл Тэнгэрлэг Эцэг танд туслах болно. Зарлигуудын нэг нь наманчлах бөгөөд бид өөрсдийн сул талыг даван туулахаар ажиллахдаа энэ зарлигийг сахиж чадна гэдгээ санагтун.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Яагаад Бурхан биднээс зарлигуудад нь дуулгавартай байхыг шаарддаг вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бурхан биднээс зарлигуудыг нь сахихыг шаарддаг. Учир нь зөвхөн тэрхүү дуулгавартай байдал болон наманчлалаар дамжуулан бид Түүний оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил төгс болох боломжтой.

(Даллин Х.Өүкс, “Хоёр агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78)

Яагаад зарлигуудад дуулгавартай байдаг маань чухал вэ?

Яагаад бид Бурханы тушаалуудад дуулгавартай байдаг талаар хүн бүр өөрөөсөө асуух ёстой. Бид шийтгэлээс айдаг болохоор уу? Бид сайн сайхан амьдарсныхаа төлөө шагнал хүссэн учраас уу? Бид Бурханд болон Есүс Христэд хайртай бөгөөд Тэдэнд үйлчлэхийг хүссэн учраас уу?

Тушаалуудад огт дуулгаваргүй байснаас, шийтгэлээс айн дуулгавартай сахих нь хавьгүй дээр. Хэрэв бид Бурхандаа хайртай мөн дуулгавартай байхыг хүссэн учраас Түүнд дуулгавартай байх юм бол илүү аз жаргалтай байх болно. Бид Түүнд чөлөөт хүсэл зоригоор дуулгавартай байх аваас Тэр биднийг мөн чөлөөт хүсэл зоригоороо адислах болно. Тэр “Их Эзэн бибээр … зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ” (Cургаал ба Гэрээ 76:5) гэж хэлсэн байдаг. Дуулгавартай байдал биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болоход мөн өсөж хөгжихөд тусалдаг. Гэхдээ тушаахаас нааш юу ч хийдэггүй, дараа нь тушаалуудыг ямар ч хүсэлгүй сахидаг хүмүүс өөрсдийн шагналыг алддаг (Cургаал ба Гэрээ 58:26–29-ийг үзнэ үү).

(Сайн мэдээний зарчмууд [2009], 221–223)