Иохан 17
Аврагчийн Өмгөөллийн залбирал
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хувь хүнийхээ хувьд таньж мэдэх
Өөрийн улс үндэстний түүхэн дэх чухал хүний тухай бод.
-
Та тэр хүний талаар юу мэдэх вэ?
-
Тухайн түүхэн хүний талаарх мэддэг зүйл, ойрын гэр бүлийн гишүүнээ сайн мэдэх хоёрын хоорондох ялгааг та хэрхэн тайлбарлах вэ?
Одоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэддэг гэж боддог зүйлээ судлах тэмдэглэл дээрээ цаг гарган бич. Энэ нь Тэдний тухай баримтан дээр суурилсан байна уу эсвэл түүнээс илүү хувийн шинж чанартай болж байна уу? Тэдний тухай бүр илүү хувийн түвшинд сурч мэдэх нь таны амьдралыг хэрхэн адисална гэж та бодож байна вэ?
Есүс шавь нарынхаа төлөө залбирав
Гетсемани дахь зовлон шаналал, урвалтын өмнөх мөн цовдлогдохын өмнөх шөнө Аврагч Өмгөөллийн агуу залбирал гэдгээр нь сайн мэдэх ариун нандин залбирлыг чангаар хэлсэн. Тэр Өөрийн шавь нарын төлөө, тэр тусмаа өнөө үед амьдарч буй дагалдагчдынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан гуйн залбирсан (Иохан 17:20-ийг үзнэ үү). Тэрхүү ариун нандин шөнө өөрсдийнх нь төлөө залбирч буй Есүсийг сонсоход төлөөлөгчдөд нь ямар байсныг төсөөлөхийг хичээ.
-
Гетсеманид зовж шаналан, баривчлагдахаасаа өмнө шавь нар болон бүх дагалдагчийнхаа төлөө залбирсан Аврагчийн жишээнээс бид Түүний талаар юу мэдэж авч болох вэ?
Иохан 17:1–3-ыг уншаад, Есүс Христийн шавь нарыгаа хүлээн аваасай хэмээн залбирсан адислалуудыг олж мэд.
-
Есүс Христ шавь нарынхаа төлөө юу хүсдэг вэ?
“Мөнх амь” ба “мөнхийн амь” (2–3-р шүлэг) гэсэн үг хэллэгүүдийг зүгээр л үүрд амьдрах гэсэн утгатай гэж буруу ойлгох нь түгээмэл. Аврагч биднийг түүнээс хавьгүй илүүг хүлээн аваасай хэмээн залбирч байжээ. “Мөнх амь” бол “Мөнхийн Эцэгийн маань амьдардаг амьдрал. … Мөнх амь буюу өргөмжлөл нь Бурханы оршихуйд амьдрах, гэр бүлийн хувиар үргэлжлэн орших явдал юм (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү)”. Энэхүү тодорхойлолтыг судар дээрээ, 3-р шүлгийн ойролцоо бичиж тэмдэглэх талаар бодож үз.
-
3-р шүлэгт цэдэглэснээр, мөнх амийг хүлээн авахад биднээс шаардагддаг зүйлсийн нэг нь юу вэ?
Мөнх амийг хүлээн авахын тулд бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэддэг байх ёстой гэсэн үнэнийг бид Аврагчийн залбирлаас мэдэж авч болно.
-
Бид яагаад мөнх амийг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг үнэхээр таньж мэддэг байх ёстой гэж та бодож байна вэ?
Далын ахлагч Майкл Жон Ү.Тэ Аврагчийг таньж мэдэхийн ач холбогдлыг ийн тайлбарласан.
Аврагчийг таньж мэдэх нь бидний амьдралын хамгийн чухал эрэл хайгуул гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бусад бүх зүйлээс нэн тэргүүнд тавигдах ёстой.
(Майкл Жон Ү.Тэ, “Бидний хувийн Аврагч,” Лиахона, 2021 оны 5-р сар, 101)
-
Аврагчийг таньж мэдэх нь яагаад бидний амьдралын хамгийн чухал эрэл хайгуул гэж та бодож байна вэ?
-
Аврагчийг таньж мэдэхийг амьдралынхаа бусад эрэл хайгуулаас дээгүүр тавихад юу саад болж болох вэ?
Гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ойр дотно харилцаа холбоо хэрхэн тогтоосноо эргэцүүлэн бодоход хэсэг хугацаа зарцуул. Та тэднийг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийсэн бэ? Тэднийг илүү сайн таньж мэдэхэд тусалсан чухал туршлагууд байсан уу? Уг харилцаа холбоог тогтооход хэр их хугацаа зарцуулсан бэ?
Аврагчийн залбирлаар дамжуулан Түүнийг таньж мэдэх
Аврагчийг таньж мэдэх нэг арга зам бол Түүний залбирлаар дамжуулан таньж мэдэх явдал юм. Аврагчийн юуны төлөө залбирсныг Иохан 17-оос судлах замаар Түүнийг илүү сайн таньж мэдэхэд хэдэн минут зарцуул. Та Иохан 17:4–11, 20–26 гэх мэт зарим шүлэгт анхаарлаа хандуулж болно.
Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой харилцах харилцааг тань Тэдэнтэй нэг болсон гэж дүрсэлж болохуйцаар ойр дотно байх нь ямар болохыг төсөөл. Энэ нь танд ямар санагдах бол? Таны амьдрал хэрхэн илүү сайхан болох вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг маш их хайрладаг бөгөөд тантай нэг байхыг хүсдэг. Есүс Христ таныг Өөрсөдтэй нь ойр дотно харилцаатай байхад туслахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан. Ийм харилцаа холбоотой болоход энэ болон дараагийн амьдралын туршид цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг сана.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийхэд бэлэн байгаагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ. Тэдэнтэй харилцах харилцаа тань илүү хүчирхэгжиж байгааг хэрхэн мэдэхээ мөн уг харилцаа холбоо таны амьдралыг хэрхэн адисална гэдэгт итгэж байгаагаа багтаа.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийж болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Та нар дотно хэдий ч хол байгаа хэн нэгэнтэй ойр байхыг хүсвэл юу хийх ёстойгоо мэднэ. Та нар тэдэнтэй ярилцах арга замыг олж, тэднийг сонсож мөн нэг нэгнийхээ төлөө ямар нэг зүйл хийх арга замуудыг эрж хайх болно. Энэ харилцаа хэр олон давтагдаж, хэр удаан үргэлжилнэ, та нарын хоорондын харилцаа төдий чинээ гүн гүнзгий байх болно. Хэрэв ярилцахгүй, сонсохгүй мөн хийх зүйлүүд хийгдэхгүй удвал харилцаа сулрах болно.
Бурхан бол төгс төгөлдөр, бүхнийг мэдэгч, харин та бид мөнх бус юм. Гэвч Тэр бол бидний Эцэг бөгөөд биднийг хайрладаг төдийгүй сайн найзын адилаар өөрт нь ойртох боломжийг бидэнд олгодог. Та нар ч бас адил арга замаар буюу ярьж, сонсож, үйлдэх замаар үүнийг хийх боломжтой.
(Henry B. Eyring, “To Draw Closer to God,” Ensign, May 1991, 66)
Далын ахлагч С.Скотт Грөү ийн тайлбарласан.
Залуу найзууд минь, бид Бурханыг залбирлаар дамжуулан таньж эхэлж болно. …
… Та нар өдөр бүр ганцаараа болон гэр бүлээрээ судраас судалснаар Сүнсний дуу хоолойг таньж суран, Бурханыг таньж мэддэг болно. …
Бид Бурханд болон нөхдөдөө итгэлтэй үйлчлэхдээ Түүний хүслээр үйлдэхийг эрэлхийлбэл хүлээн зөвшөөрч байгааг нь мэдэрч, Түүнийг жинхэнэ ёсоор мэддэг болдог.
Аврагч бидэнд Бурханыг таньж мэдэх хамгийн шилдэг арга бол Түүнтэй адил болох явдал хэмээн хэлсэн. Тэрбээр “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн заасан юм.
Зохистой байдал нь Түүнтэй адил болоход нэн чухал. …
Бурхан та нарыг мэддэг бөгөөд Өөрийг нь таньж мэдэхэд урьдаг. Эцэгтээ залбир, судраас судал, Бурханы хүслээр үйлдэхийг эрэлхийл, Аврагчтай адил болохыг хичээж, зөв шударга зөвлөгчдийг дага. Та ийнхүү үйлдсэнээр, Бурханыг болон Есүс Христийг таньж мэдэх төдийгүй мөнх амийг өвлөн авна.
(С.Скотт Грөү, “Энэ бол мөнхийн амь мөн,”2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112–115)