Семинар
Төгс эзэмших сургаал—Иохан 17:3


Төгс эзэмших сургаал—Иохан 17:3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэж авах

Зураг
Судар уншиж буй залуу эмэгтэй

Өмнөх хичээл болох “Иохан 17”-оос бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдсэнээр мөнх амьтай болохоор өсөж хөгжих боломжтой гэдгийг олж мэдсэн. Энэ хичээл нь танд Иохан 17:3 дээрх төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусална.

Цээжлэх ба тайлбарлах

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл болох Иохан 17:3-ыг болон түлхүүр үг хэллэгийг нь хэд хэдэн удаа цээжээр чанга унш. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” Тусдаа цаасан дээр Иохан 17:3-ын эшлэлийг болон шүлэг дээрх үг бүрийн эхний үсгийг бич. Тухайлбал: Ц г ү Б Т б Т и Е Х м м а м. Шүлгийн зөвхөн эхний үсгүүдийг ашиглан эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэх гэж оролд. Өөртөө илүү итгэлтэй болсныхоо дараа эшлэл, үг хэллэгийг цээжээр хэлэхийг хичээ.

1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Энэ судрын утга агуулгыг илүү сайн ойлгохын тулд Иохан 17:3-т заасан үнэнүүдийг өөрийн үгээр тайлбарла. Дараах зүйлсийг оруулсан байхад анхаар. Үүнд:

  1. “Мөнхийн амь” гэсэн үг хэллэгийн утга

  2. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж “мэдэх” зарим арга зам

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг авч үз. Та эдгээр зарчмыг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хүнд хэрхэн тайлбарлаж болохоо бод.

Дараах жишээг унш.

Мацгийн болон гэрчлэлийн цуглааны дараа та өөрийн найз Жулиаг гунигтай байгааг анзаарчээ. Түүнтэй хамт гэр лүүгээ алхаж байхад тэр өнөөдрийн цуглааны үеэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бодож байсан шиг нь сайн мэддэггүй юм байна гэдгээ ойлгосон гэж хэлэв. Тэр ганцаардаж байгаагаа мөн гэрчлэлээ хуваалцсан зарим хүнээс мэдэрсэн шиг Тэдэнтэй тийм сайхан харилцаатай байхыг хүсэж байгаагаа тайлбарлажээ. Та Жулиад хэрхэн тусалж болох талаар дараагийн хэдэн өдөр бодож, залбирахаар үнэн сэтгэлээсээ шийдэв.

Та Жулиад туслахын тулд юу хийж, юу хэлэх ёстойгоо мэдэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмууд болон дараах асуулт, үйл ажиллагаануудыг ашиглаарай. Та бэлдэж байхдаа сурч мэдсэн мөн төрсөн аливаа сэтгэгдлээ бичиж болох юм.

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг Түүнийг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдээсэй гэж хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Та яагаад Тэднийг энэ амьдралынхаа туршид аль болох сайн таньж мэдэхийг хүсэж байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Иохан 17:3 дээрх Аврагчийн залбирлыг судлах нь Жулиагийн хүссэн зүйлд хэрхэн тусалж чадах вэ?

Жулиад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхэд туслах зарим сайн эх сурвалжийн жагсаалтыг гарга.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхэд тус болох боломжит эх сурвалжуудыг Жулиа хэрхэн ашиглаж болох вэ? (Жишээлбэл: Тэр Судруудын удирдамж эсвэл Gospel Library аппликэйшндээр ямар түлхүүр үгсийг ашиглан хайж болох вэ?)

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар илүү их зүйлийг сурч мэдэн, Тэднийг илүү сайн таньж мэдэхийн тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг судлахад хэдэн минут зарцуул.

Итгэлээр үйлдэх

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах нь хэрхэн итгэлээр үйлдэх жишээ болдог вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн танин мэдэхийн тулд хийсэн ямар зүйлээ Жулиад санал болгож болох вэ?

  • Та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөрөөс, зөв зүйл хийж байгаа ч Бурхантай ойр дотно гэдгээ мэдрэхгүй байгаа хүнд туслах ямар үг хэллэгийг олсон бэ?

2. Та найз Жулиадаа туслахын тулд хуваалцаж болох зүйлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Мөнх амь гэж юу вэ?

Мөнх амь гэдэг нь Мөнхийн Эцэгийн амьдардаг амьдралын хэв маягийг тодорхойлоход сударт ашиглагддаг үг хэллэг юм. … Мөнх амь эсвэл өргөмжлөл нь Бурханы оршихуйд амьдарч, гэр бүлээрээ үргэлжлүүлэн орших явдлыг хэлнэ (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү).

(Gospel Topics, “Eternal Life,” topics.ChurchofJesusChrist.org)

Бид Эцэг, Хүүг өөрсдөө хэрхэн танин мэдэж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) энэ асуултад хариулсан.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн 2003 онд авхуулсан албан ёсны хөрөг зураг

Хувийн илчлэлтээр дамжуулан мэдэж авна. Хувийн илчлэлт бол Түүнийг болон Түүний Хүүг танин мэдэх, сайн мэдээг судалж, үүний дагуу амьдрах, зөв шударга байж, эцсээ хүртэл тэвчих, Тэдний оршихуйд эргэн очиж, мөнх амийг хүртэх болзлыг хангахад бидэнд тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн арга зам юм.

(Robert D. Hales, “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Liahona, Nov. 2007, 87)

Би Бурханд итгэдэг эсэхээ сайн мэдэхгүй бол юу хийх ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) ийн хэлсэн.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2003 он.

Хэрэв та Бурханд итгэж байснаа санахгүй, итгэхээ больсон эсвэл итгэдэг ч жинхэнээсээ итгэж үнэмшдэггүй бол би таныг яг одоо Бурханы талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд урьж байна. …

… Бурханы талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болсноор та гэр бүл, үр удам, найз нөхөд, өөрийн амь амьдрал, хайрладаг бүхнээ адисалж чадна. Бурханы талаарх таны хувийн мэдлэг таны урьд хожид өгч чадах хамгийн агуу бэлэг байхын зэрэгцээ авч болох хамгийн агуу баяр баясгаланг авчрах болно.

… Та болон таны хайртай хүмүүс Түүнийг төлөв даруу, чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн эрэлхийлэх юм бол баттай мэдэж авах болно гэдгийг би танд амлаж байна. Танд гэрчлэл ирэх болно.

(Робэрт Д.Хэйлс, “Бурхан, Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг мэдэхийг эрэлхийлэх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36)

Хэвлэх