Иохан 4, 1-р хэсэг
Худаг дээрх эмэгтэй
Есүс Галил руу явах замдаа нэгэн самари эмэгтэйд Өөрийн өгдөг “амийн усны” талаар заасан. Тэр эмэгтэй Есүсийг Христ байсныг мэдсэн. Энэ хичээл танд Аврагч хэрэгтэйг мөн Түүний таныг гэх хайрыг мэдрэхэд туслах зорилготой.
Есүс Христийн тухай суралцах
Аврагч сүнслэг үнэнийг ихэвчлэн хүмүүст ойр, танил туршлага, эд зүйлийг ашиглан заадаг байсныг та судраас суралцахдаа анзаарсан байж болох юм. Дараах зургуудыг судлаад, усыг Аврагчтай харьцуулах замаар Түүний талаар мэдэж авч болох сүнслэг үнэнүүдийг эргэцүүлэн бод.
-
Ус ямар арга замаар Есүс Христтэй холбогдож мөн Түүний тухай зааж чадна гэж та бодож байна вэ?
Есүс Христ танд ямар хэрэгтэй болохыг эргэн харахад туслах дараах асуултуудыг тунгаан бод.
-
Есүс Христ таны амьдралд ус хэрэгтэй байдгийн адил хэрэгтэй юү эсвэл үүнээс ч илүү хэрэгтэй юү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
Энэ хичээлээр, Аврагчаас авах сүнслэг хэрэгцээ нь бие махбодынх нь усны хэрэгцээнээс илүү чухал болохыг ус авахаар ирсэн эмэгтэйд Аврагч ойлгуулж тусалсан цэдгийг судлах болно. Та суралцах явцдаа Аврагч танд хэрэгтэй гэдгийг мөн зөвхөн Түүний өгч чадах адислалуудаас таныг хүртээсэй гэсэн хүслийг нь таньж мэдэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Худаг дээрх эмэгтэй
Иудейгээс Галил руу явах замдаа Есүс Самаригаар дайрдаг ( Иохан 4:3–4 -ийг үзнэ үү). Хэрэв танд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэн гаргасан Хаан Жэймсийн Библийн хувилбар байвал Библийн газрын зургийн “ Ариун газрын зураг ” гэх 1-р зургийг ашиглан эдгээр байршлыг тодорхойлох нь тустай байж болох юм.
Аврагчийн амьдарч байсан цаг үед иудейчүүд Иудей, Галил хоёрын хооронд аялахдаа иудейчүүд, самаричуудын хоорондын үзэн ядалтаас болж Самаригаар дайран өнгөрөхөөс зайлсхийн, ихэвчлэн тойруу урт зам туулдаг байж. Есүс аян замдаа ядарч цуцан, цангасан тул өдрийн халуунд худгийн дэргэд суусан байх магадлалтай ( Иохан 4:6 -г үзнэ үү). Түүнийг сууж байхад нэгэн самари эмэгтэй бас ус авахаар ирдэг.
Иохан 4:5–14 дэх Есүсийн самари эмэгтэйд заасан сургаалыг судлаад, Аврагчийн тухай юу сурч болох зүйлийг хайж ол. Та мөн судраасаа уншиж байхдаа ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Teaches a Samaritan Woman” видео бичлэгийг цагийн код 0:00-оос 2:01 хүртэл үзэж болно.
-
Эдгээр шүлэгт тэрхүү эмэгтэйн Аврагчид хандсан байдлыг та хэрхэн дүрслэх вэ? Тэр яагаад ийн хандсан гэж та бодож байна вэ?
-
Есүс энэ эмэгтэйд амийн усыг өгнө гэснээр юуг заасан гэж та бодож байна вэ?
Иохан 4:15–26 -г уншаад, энэ эмэгтэйтэй үргэлжлүүлэн харьцахдаа Есүсийн түүнд үзүүлсэн хайр, энэрлийг олж мэд. Аврагчийн сургаал тантай ямар холбоотой болох талаар бод. Та мөн судраас суралцахаас гадна “Jesus Teaches a Samaritan Woman” видео бичлэгийг цагийн код 2:02-оос 4:11 хүртэл үзэж болно.
-
Түүний өгөх амийн ус өөрт нь хэрэгтэй гэдгийг Аврагч хэрхэн уг эмэгтэйд ухааруулан ойлгуулж тусалсан гэж та бодож байна вэ?
-
Тэр эмэгтэй төгс төгөлдөр бус байсан ч Аврагчийн түүнд туслахад бэлэн байсан байдлаас та юу сурч болох вэ?
-
Аврагч биднийг дутагдалтай байсан ч гэсэн хүн нэг бүрийг маань хэрхэн бодож байгааг ойлгоход энэ түүх бидэнд хэрхэн туслах вэ?
Иохан 4:28–30 -ийг уншаад, Есүсийг Өөрийгөө Мессиа хэмээн хэлсний дараа самари эмэгтэй Түүнд хэрхэн хандсаныг олж мэд.Та дөнгөж сая уншсан зүйлээ, тэднийг анх ярилцах үед уг эмэгтэй эхлээд Есүст хэрхэн хандсан байдалтай харьцуул.
-
Есүстэй харьцаж байхад юу түүнийг өөрчлөгдөхөд хүргэсэн гэж та бодож байна вэ?
-
Есүс Христ таны бодлыг хэрхэн өөрчилж эсвэл өөрчлөгдөхөд нөлөөлсөн бэ?
-
Өнөөдөр та Есүс Христтэд илүү ойртоход туслах ямар сонголтыг хийж чадах вэ?
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Робэрт К.Гэй энэ цэдгээс сурч болох зарим үнэний талаар хуваалцсан. Та “Taking upon Ourselves the Name of Jesus Christ” видео бичлэгийг цагийн код 7:41-ээс 9:23 хүртэл үзэж болох юм. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Иохан 4:4 . Есүс Самаригаар дайрч аялсан нь яагаад чухал ач холбогдолтой вэ?
Иудейчүүд, самаричуудын хоорондох дайсагналаас болж иудейчүүд ихэвчлэн Самариг дайран өнгөрөхгүй тойрч явдаг байжээ. “Самаричууд израилчуудын шашнаас урвасан учраас” иудейчүүд, самаричуудын хооронд асар их үзэн ядалт үүссэн (Судруудын удирдамж “ Самаричууд ,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн Bible Dictionary, “ Samaritans ”-ыг үзнэ үү). Гэсэн ч Иохан Есүс Христийг “Самаригаар дайрч явах хэрэгтэй” ( Иохан 4:4) болохыг онцолж, Аврагчийн тэнд ажиллах зорилгыг тодорхой харуулсан.
Иохан 4:24 . Бурхан сүнс мөн үү?
Иохан 4:24 -т Бурхан бол сүнс хэмээн хэлсэн Есүсийн мэдэгдэлд зарим хүн төөрөлдөж болох юм. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга маш чухал тодруулгыг хийсэн байдаг. “Бурхан өөрийн Сүнсийг [үнэн итгэгчдэд] амласан билээ” (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 4:26 [ Иохан 4:24 , зүүлт тайлбар а]). Хожмын үеийн илчлэлт Бурхан махан хийгээд ясан биетэй гэдгийг заадаг ( Сургаал ба Гэрээ 130:22–23 ; Эхлэл 5:1–3 ; Еврей 1:1–3 -ыг үзнэ үү).
Есүс Христтэй харилцсан нь худаг дээр таарсан эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон ийн заасан.
Христ [худаг дээр таарсан эмэгтэйг] болон түүнд юу хэрэгтэй байсныг сайн мэдэж байв. Тэрээр эмэгтэйн байсан газарт очиж, түүний мэдэх энгийн зүйлийн талаар ярьж эхэлсэн. Тэгээд Тэр яриагаа үүгээр дуусгасан бол энэ нь эерэг уулзалт байх байв. Хэрэв тэгсэн бол тэр эмэгтэй хот руу явж, “Ирж үзэгтүн. Тэр Христ биш үү?” гэж зарлахгүй байх байсан. [Иохан 4:29]. Ярилцаж байхдаа тэрээр Есүс Христийн талаар мэдэж авсан бөгөөд өнгөрсөн дэх үйлээсээ үл хамааран гэрэлт зэмсэг болж, бусдын замыг гэрэлтүүлсэн юм.
(Бонни Х.Кордон, “Тэд харж болохын тулд,” Ensign, May 2020, 79 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96)